Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2022/00733

 

           “ГФ” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2020/00437 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1449 дүгээр магадлалтай,

“ГФ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“К Б” ХХК дахь банкны эрх хүлээн авагч, “Г С” ХХК-д тус тус холбогдох

Нэмэлт ажлын хөлс 405,450,600 төгрөг, алданги 199,076,244 төгрөг, нийт 604,526,844 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамсүрэнгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамсүрэн, “К Б” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр, хариуцагч “Г С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ган-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “ГФ” ХХК нь “К Б” ХХК дахь банкны эрх хүлээн авагч, “Г С” ХХК-д холбогдуулан нэмэлт ажлын хөлс 405,450,600 төгрөг, алданги 199,076,244 төгрөг, нийт 604,526,844 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2020/00437 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан “Г С” ХХК-аас 604,526,844 төгрөг гаргуулах тухай “ГФ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг, “К Б” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлөхийг хойшлуулсан болохыг дурьдаж, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 3,180,548.22 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1449 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2020/00437 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 5935 дугаар захирамжаар нэхэмжлэгч “ГФ” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 3 180 585 төгрөгийг уг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаагаар хойшлуулсан болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамсүрэн хяналтын гомдолдоо: Магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй буюу буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь уг шүүхийн магадлалд буюу хянавал хэсэгт хууль зүйн хувьд алдаатай, шаардлага хангасан нотлох баримтуудыг үнэлээгүй, буруу дүгнэлт өгсөн хэд хэдэн асуудал байна. 1. Хэрэгт авагдсан баримтаар нэмэлт ажлын хөлсийг харилцан тохиролцон улмаар талууд бичгээр баталгаажуулж гэрээнд тусгасан, гэрээний 7.5-д заасан нөхцөлийг бичиг баримтын шаардлагын хувьд хангаагүй бодит байдалд нэмэлтээр ажил хийсэн нь тогтоогдоогүй гэж дүгнэсэн. Хэрэгт авагдсан баримтууд нь 2 талын тохиролцсон бус “ГФ” ХХК-ийн үйлдсэн баримтууд байна гэж дүгнэсэн. 2. Санхүүжилтийн тайланд захиалагчийг төлөөлж “Г С” ХХКомпаний менежер Э.Анхбаяр нь тооцоо нийлж гарын үсэг зурсан боловч Э.Анхбаяр нь гэрчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо тус компанид ажил эрхэлдэггүй санхүүгийн баримтанд гарын үсэг зурах эрх бүхий хүн биш гэж мэдүүлсэн нь хариуцагч компанийг төлөөлөх эрх бүхий этгээд гэх байдал баримтаар нотлогдсонгүй. 3. Хөөн хэлэлцэх хугацааг 2015.07.13-ны өдрөөс тооцсон буюу буруу тооцсон. “ГФ” ХХК 2014.06.18-ны өдөр “Г С” ХХКомпанитай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахдаа гэрээний хавсралтад заагдсан 38-н төрлийн ажлыг 700 мянган төгрөгөөр хийж гүйцэтгэсэн боловч ажил эхэлснээс 7 хоногийн дараа барилгын суурь зооринд цууралт үүссэнийг “Г С” ХХК-д мэдэгдсэнээр “Г С” ХХК нь өөрсдийн зөвлөх инженерээр зөвлөгөө авхуулан өөрсдөө хүчитгэлийн зургийг нэмж гаргуулан бидэнтэй үнийн санал тохирон хийж гүйцэтгүүлсэн байдаг. Мөн дулаан нь төвийн холболттой байсан боловч станц нь ажиллаагүйн улмаас нэмэлтээр ТПП уурын зуух бариулсан, гадна фассатыг шавардлага байсныг өөрчилж өнгөлгөөний тоосгоор хийлгэсэн зэрэг нэмэлт ажлуудын төлбөр тооцоог өгөөгүйгээс үүдэн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Дээрх үйл баримт, цаг хугацааны талаар дүгнэлт өгөхдөө хэрэгт авагдсан нэхэмжлэгч болон хариуцагч нарын гаргасан нотлох баримтыг үнэлэхдээ хэтэрхий нэг талыг барьсан буюу нэхэмжлэгч талаас гаргасан зарим нотлох баримтыг огт дурдаагүй түүний талаар дүгнэлт өгөгдөөгүй байдаг. Үүнд: Фото зургууд, 2014.04.13-нд өгсөн “Мэдэгдэл”, 04.15-нд мэдэгдлийн хариу болгож “Г С” ХХК-иас “Харилцан ойлголцож хамтран ажиллах санамж бичиг” хүргүүлэн цаашид ажлаа үргэлжлүүлсэн тухай (шинжлэн судлуулсан), “Г С” ХХКомпаниас нэмэлт ажлуудыг зөвшөөрсөн талаарх “Г С” ХХК-ийг төлөөлж менежер Э.Анхбаяр, хөрөнгө оруулагчийг төлөөлж Б.Ширчин гэх мэт. Хэрэгт авагдсан баримт бол 2 тал харилцсан тохиролцсон бус “ГФ” ХХК-ийн талаас үйлдэж байсан баримтууд байна. Үүнийг хариуцагчдаа харилцан тохиролцсон гэж үзэхгүй гэж тайлбарласан. “Г С” ХХК-тай барилга угсралтын ажлын гэрээ байгуулснаас 7 хоногийн дараа нэмэлт ажлууд нь хийгдэж барилга дуустал үргэлжилсэн. Энэ хугацаанд “Г С” ХХК-иас гаргаж тавьсан үнийн саналын дагуу бид гүйцэтгэсэн. “Г С” ХХК-ний зөвлөх инженерийн зөвлөгөө, “Г С” ХХК-иас гаргасан нэмэлт ажлуудтай холбоотой батлагдсан зургуудыг өгч байсан зэрэг нь “Г С” ХХК-иас нэмэлт ажлуудыг хүлээн зөвшөөрч хийлгэснийг нотлох нотолгоонууд юм. Мөн манай компаниас сар бүрийн хийсэн ажлын талаарх тайлангаар нэмэлт ажлын тухай бичгээр өгч “Г С” ХХКомпани нь хүлээн зөвшөөрч байгаагаа нотолж сар бүрийн санхүүжилтээ өгч байсан нь нотолгоо болно. Өнөөдөр энэ барилга байгууламж нь баригдаж дуусаж захиалга авч хүн амьдарч байгаа нь уг нэмэлт ажлууд зүй ёсоор хийгдэж дууссаныг нотолж байна. 2014.06.18-нд гэрээ байгуулан ажил эхэлснээс хойш 2014.07.05-аас эхлэн нэмэлт ажлууд эхэлснээс барилгын ажил дуустал бүх нэмэлт ажлуудтай холбоотой фото зургуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Эдгээрийг шүүх огт үнэлээгүй хирнээ хариуцагч талын баримтыг үнэлээд хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөөд байгааг захиргааны хэргийн шүүхүүд төрийн эрх бүхий байгууллагуудын байцаагч нарын дүгнэлтүүд харуулж байна. “Г С” ХХК-ний захирал Г.Бүд 2016.12-сард Э.Анхбаяртай очиж тооцоо нийл гэж хэлсний дагуу Э.Анхбаяртай тооцоо нийлсэн. Гэтэл Э.Анхбаяр нь гэрчийн мэдүүлэгтээ “тооцоо нийлсэн боловч гарын үсэг зураагүй “Г С” ХХКомпанид ажиллаж байгаагүй” гэж хэлсэн байдаг. Э.Анхбаяр нь барилгын ажил эхлэхээс дуусах хүртэл уг барилгыг хариуцаж байсан нь доорх баримтуудаар нотлогдсон байдаг. Үүнд: - 2014.07.19-нд гадна фассатны нэмэлт ажилд зөвшөөрч байна гэж захиалагчийг төлөөлж Э.Анхбаяр гэж гарын үсэг зурсан байдаг. - Төрийн байгууллагуудад буюу Дорноговь аймгийн Барилга хот байгуулалтын газарт улсын комисс ажиллуулах хүсэлтийг 2015.09-сард 2-удаа гаргаж 1 удаа хариу авч байсан. - Материал санхүүтэй холбоотой барилгын явцын нэхэмжлэл, материалын дээж хүлээн авах, барилгын ажлын актууд гэх мэт бичиг баримтуудад Э.Анхбаяр нь гарын үсэг зурж “Г С” ХХК-г төлөөлж байсан. - 2019.04.06-нд хохирогчдын холбоонд гаргасан хүсэлтэд Э.Анхбаяр нь уг барилга байгууламжийн 35%-ийг эзэмшдэг талаар дурдсан байдаг. (шинжлэн судлуулж нотлох баримтаар бэхжүүлж авсан) -2016.09.15-ны өдөр хууль бусаар улсын комисс ажиллахад Э.Анхбаяр нь уг барилгатай холбоотой бүх бичиг баримтуудыг бүрдүүлж архивт хүлээлгэн өгч байсныг архивын эрхлэгч Ч.Чулуунцэцэг 2017.09.04-ний өдөр Дорноговь аймгийн захиргааны хэргийн шүүхэд гэрчээр мэдүүлэг өгч байсан. Дээрх бүх баримтуудад хариуцагч компанийг төлөөлж гарын үсэг зурсан байхад шүүх үүнийг огт үнэлээгүй. Шүүх хөөн хэлэлцэх хугацааг 2015.07.13-ны өдрөөс тооцсон байдаг. 2015.04.13-ны өдөр манай компани ажил зогсоох мэдэгдэл хүргүүлсэн 2015.04.15-н буюу 2 хоногийн дараа “Г С” ХХКомпаниас хүсэлт тавьснаар харилцан ойлголцож хамтран ажиллах санамж бичгийг үйлдэн 100 сая төгрөгийг ажлын хөлсөнд эхний ээлжинд өгч үлдэгдэл мөнгийг банкны санхүүжилт ирээгүй байгаа тул улсын комисс ажилласны дараа өгөхөөр тохирч ажлын цааш үргэлжлүүлсэн. (хамтран ажиллах санамж бичгийг шүүхэд шинжлэн судлуулж нотлох баримтаар бэхжүүлсэн) Хамтран ажиллах санамж бичиг үйлдсэний дараа -2015.04.28-нд 50 сая төгрөг, -2015.05.03-нд 5 сая төгрөг, -2015.06.08-нд 40 сая төгрөгийг компаний дансаар тус тус өгч ажлыг цааш үргэлжлүүлсэн байдаг. Иймд бидний эрх ашиг Улсын комисс ажилласны дараа буюу 2016.09.15-ны өдрөөс хөндөгдөж эхэлсэн. Иймд шүүх дээрх 2 баримтын эхний баримтыг үндэслэж хөөн хэлэлцэх хугацааг буруу тайлбарласан. (үүнтэй холбоотой нотлох баримтуудыг шүүхэд өгсөн) Шүүхэд хариуцагч компаний захирал асан Б.Бүд гэрчийн мэдүүлэг өгөхдөө “бид санхүүгийн маргаантай байсан нуух зүйл байхгүй нэмэлтээр дээрх ажлуудыг хийлгэсэн” гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. “К Б” ХХК 2016.02.20-нд “Г С” ХХК-г эрх шилжүүлэх гэрээгээр 100% ийн хувьцааг нь шилжүүлэн авсан байдаг. Энэ үед зээлийн төлбөр барагдуулах гэрээ гэж хийгдсэн. Үүнтэй холбоотойгоор 2017.01.10-нд “тайлбар хүргүүлэн тухай” албан бичигт К Бийг төлөөлж И.Түвдэндорж гарын үсэг зурж тамга дарснаар “Г С” ХХКомпаний Дорноговь аймгийн Замын Үүд дахь барилга байгууламжийг ашиглалтад оруулах, хүлээн авахтай холбоотой зардал, мөн өр төлбөрийг төсөл хэрэгжүүлэгч К Б хариуцах болсныг одоогийн удирдлагууд бүрэн хүлээн зөвшөөрч байна гэсэн байдаг. Б.Бүд шүүхэд мөн гэрчийн мэдүүлэг өгөхдөө К Бны захирал Ариунболд болон бусад удирдлагууд нь байлцаж байж энэ албан бичгийг надад өгсөн. Энэ үед “Г С” ХХКомпаний тамга тэмдэг нь К Банд байсан гэж хэлж байжээ. Мөн гэрчээр “Бишрэлт пропертиз” ХХК-ийн захирал Г.Ганзориг намайг хүлээж авахад уг орон сууцанд тодорхой айлууд орж үйл ажиллагаа нь жигдэрсэн байсныг гэрчилсэн байдаг. 2014.04.13-нд өгсөн мэдэгдэл бүхий албан бичигт үлдэгдэл бүхий мөнгийг тодорхой бичиж (тухайн үед 441,360,000 төгрөг) байсныг “Г С” ХХК хүлээн зөвшөөрч цаашид Харилцан ойлголцож хамтран ажиллах санамж бичгийг үйлдэж ажлыг цааш үргэлжлүүлж байсан. Иргэний хуулийн зорилт бол иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх ашиг, бие даасан байдал зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэдэг. Иргэний хуулийн 343-р зүйл буюу ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн байдаг энэ тохиолдолд үр дүн нь биет объект буюу 65-н айлын орон сууц юм. Иймд магадлалыг хүчингүй болгож уг барилгын ажлын гүйцэтгэлийн хөлс болох 604,526,844 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж үзэв.

6. Нэхэмжлэгч “ГФ” ХХК, хариуцагч “К Б” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч, “Г С” ХХК-д холбогдуулан ажлын хөлсний дутуу 405,450,600 төгрөг, алданги 199,076,244 төгрөг, нийт 604,526,844 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийг хэрэглэх урьдчилсан нөхцөл хангагдсан эсэхийг анхаараагүй, нотлох баримтыг үнэлж маргааны үйл баримтыг тогтоох үүргээ хангалттай биелүүлээгүй байх тул хэргийг дахин хянан хэлэлцүүлэх үндэслэлтэй байна.

7. Нэхэмжлэлийн үндэслэл болж буй 2014.06.17-ны өдрийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээгээр нэхэмжлэгч “ГФ” ХХК нь хариуцагч “Г С” ХХК-ийн захиалгаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт баригдах үйлчилгээний 65 айлын орон сууцны барилга угсралт, дотор гадна засал, хүчит төхөөрөмж, халаалт салхивч, цахилгаан, цэвэр бохир усан хангамж, холбоо дохиолол, гадна тохижилт, зам талбай, гадна инженерийн шугам сүлжээ, өндөржилт, парпедын өрлөг, шавардлага, гадна тагтны тавцан цутгах ажлыг 700,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирсон, хариуцагч нь нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөд 2014.06.19-2014.12.31 хүртэл хугацаанд нийт 739,843,000 төгрөг төлсөн, нэхэмжлэгч нь нэмэлт ажил гүйцэтгүүлсний хөлсийг төлөөгүй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ. К Б 2016.02.20-ны өдөр эрх шилжүүлэх гэрээгээр “Г С” ХХК-ийн бүх хувьцааг шилжүүлэн авч, барилга байгууламжийг ашиглалтад оруулах, хүлээн авахтай холбоотой зардал, өр төлбөрийг хариуцах болсныг зөвшөөрсөн гэж “К Б” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийг хамтран хариуцагч гэж нэхэмжлэгч үзсэн байна.

8. Гэрээний талууд нэмэлт ажлыг гүйцэтгэхдээ гэрээний 7.5-д заасан журам, Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дах хэсэгт заасан ажлын төсөв буюу хөлсний хэмжээ нэмэгдэхээр бол захиалагч талд нэн даруй мэдэгдэх журмыг зөрчсөн, ямар нэмэлт ажил гүйцэтгэсэн, ажлын хөлсний хэмжээ, хөлс төлөх хугацаа зэрэг нөхцөлүүдийг гэрээгээр тохиролцож баталгаажуулаагүй, нэмэлт ажлын төсөвгүй байхаас гадна нэхэмжлэгчийн нэмэлтээр хийсэн ажил нь үндсэн гэрээний дагуу гүйцэтгэх ажилд хамааралгүй болохыг нотолсон баримтгүй, хэрэгт авагдсан баримтууд 2 талын бус зөвхөн “ГФ” ХХК-ний өөрийнх нь үйлдсэн баримтууд байна гэж хоёр шатны шүүх дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болжээ.

Гэрээний 7.5-д зааснаар “талууд нэмэлтээр хийх ажил гарсан бол гүйцэтгэгч нь захиалагчид бичгээр мэдэгдэнэ, шаардлагатай бол нэмэлт ажлын үнийн саналыг бичгээр гаргах, нэмэлт ажлын хөлсийг харилцан тохиролцсон тохиолдолд бичгээр баталгаажуулж гэрээнд тусгах”-аар тохиролцсон хэдий ч энэ нөхцөлийг болон хуулийг баримтлаагүй нь нэмэлт ажил гүйцэтгэсэн үйл баримтыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, шүүх ажил гүйцэтгэгч ямар нэмэлт ажил хийсэн, энэ талаарх баримтыг дүгнэх учиртай.

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...санхүүжилтийн тайланд захиалагчийг төлөөлж “Г С” ХХКомпаний менежер Э.Анхбаяр нь тооцоо нийлж гарын үсэг зурсан, энэ хүн бидэнтэй харьцаж байсан, шүүх хөөн хэлэлцэх хугацааг 2015.07.13-ны өдрөөс буруу тооцсон, “ГФ” ХХК 2014.06.18-ны өдөр “Г С” ХХКомпанитай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахдаа гэрээний хавсралтад заагдсан 38-н төрлийн ажлыг 700 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн боловч ажил эхэлснээс 7 хоногийн дараа барилгын суурь зооринд цууралт үүссэнийг “Г С” ХХК-д мэдэгдсэнээр “Г С” ХХК нь өөрсдийн зөвлөх инженерээр зөвлөгөө авхуулан өөрсдөө хүчитгэлийн зургийг нэмж гаргуулан бидэнтэй үнийн санал тохирон хийж гүйцэтгүүлсэн, мөн дулаан нь төвийн холболттой байсан боловч станц нь ажиллаагүйн улмаас нэмэлтээр ТПП уурын зуух бариулсан, гадна фассатыг шавардлага байсныг өөрчилж өнгөлгөөний тоосгоор хийлгэсэн зэрэг нэмэлт ажлуудыг гүйцэтгүүлсэн. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ фото зургууд, 2014.04.13-нд өгсөн “Мэдэгдэл”, 04.15-нд мэдэгдлийн хариу болгож “Г С” ХХКомпаниас “Харилцан ойлголцож хамтран ажиллах санамж бичиг” ирүүлсэн, “Г С” ХХКомпаниас нэмэлт ажлуудыг зөвшөөрсөн талаарх “Г С” ХХК-ийг төлөөлж менежер Э.Анхбаяр, хөрөнгө оруулагчийг төлөөлж Б.Ширчин оролцсон, “Г С” ХХКомпаний зөвлөх инженерийн зөвлөгөө, “Г С” ХХКомпаниас гаргасан нэмэлт ажлуудтай холбоотой батлагдсан зургуудыг өгч байсан, манай компаниас сар бүрийн хийсэн ажлын талаарх тайлангаар нэмэлт ажлын тухай бичгээр өгч “Г С” ХХКомпани нь хүлээн зөвшөөрч байгаагаа нотолж сар бүрийн санхүүжилтээ өгч байсан, захиргааны хэргийн шүүхүүд, төрийн эрх бүхий байгууллагуудын байцаагч нарын дүгнэлтүүд, Э.Анхбаяр нь барилгын ажил эхлэхээс дуусах хүртэл уг барилгыг хариуцаж байсан нь 2014.07.19-нд гадна фассатны нэмэлт ажилд зөвшөөрч байна гэж захиалагчийг төлөөлж Э.Анхбаяр гэж гарын үсэг зурсан, Барилга хот байгуулалтын газарт улсын комисс ажиллуулах хүсэлтийг 2015.09-сард 2-удаа гаргаж 1 удаа хариу авч байсан, барилгын явцад материалын дээж хүлээн авах, барилгын ажлын актууд гэх мэт бичиг баримтуудад Э.Анхбаяр нь гарын үсэг зурж “Г С” ХХК-г төлөөлж байсан, 2019.04.06-нд хохирогчдын холбоонд гаргасан хүсэлтэд Э.Анхбаяр нь уг барилга байгууламжийн 35%-ийг эзэмшдэг талаар дурдсан байдаг, 2016.09.15-ны өдөр хууль бусаар улсын комисс ажиллахад Э.Анхбаяр нь уг барилгатай холбоотой бүх бичиг баримтуудыг бүрдүүлж архивт хүлээлгэн өгч байсныг архивын эрхлэгч Ч.Чулуунцэцэг 2017.09.04-ний өдөр Дорноговь аймгийн захиргааны хэргийн шүүхэд гэрчээр мэдүүлсэн байхад шүүх баримтуудыг огт үнэлээгүй, Э.Анхбаярыг “Г С” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд гэж дүгнэсэн, 2015.04.13-ны өдөр манай компани ажил зогсоох мэдэгдэл хүргүүлсэн 2015.04.15-нд буюу 2 хоногийн дараа “Г С” ХХКомпаниас хүсэлт тавьснаар харилцан ойлголцож хамтран ажиллах санамж бичгийг үйлдэн 100 сая төгрөгийг ажлын хөлсөнд эхний ээлжинд өгч үлдэгдэл мөнгийг банкны санхүүжилт ирээгүй байгаа тул улсын комисс ажилласны дараа өгөхөөр тохирч ажлын цааш үргэлжлүүлсэн., 2015.04.28-нд 50 сая төгрөг, 2015.05.03-нд 5 сая төгрөг, 2015.06.08-нд 40 сая төгрөгийг компаний дансаар тус тус өгч ажлыг цааш үргэлжлүүлсэн, бидний эрх ашиг Улсын комисс ажилласны дараа буюу 2016.09.15-ны өдрөөс хөндөгдөж, захиргааны хэргийн шүүхэд хандсан тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, хариуцагч компаний захирал асан Б.Бүд гэрчийн мэдүүлэг өгөхдөө “бид санхүүгийн маргаантай байсан нуух зүйл байхгүй нэмэлтээр дээрх ажлуудыг хийлгэсэн” гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг, “К Б” ХХК 2016.02.20-нд “Г С” ХХК-г эрх шилжүүлэх гэрээгээр 100% ийн хувьцааг нь шилжүүлэн авсан байдаг. Энэ үед зээлийн төлбөр барагдуулах гэрээ гэж хийгдсэн. Үүнтэй холбоотойгоор 2017.01.10-нд “тайлбар хүргүүлэн тухай” албан бичигт К Бийг төлөөлж И.Түвдэндорж гарын үсэг зурж тамга дарснаар “Г С” ХХКомпаний Дорноговь аймгийн Замын Үүд дахь барилга байгууламжийг ашиглалтад оруулах, хүлээн авахтай холбоотой зардал, мөн өр төлбөрийг төсөл хэрэгжүүлэгч К Б хариуцах болсныг одоогийн удирдлагууд бүрэн хүлээн зөвшөөрч байна гэсэн байдаг, “Бишрэлт пропертиз” ХХКомпаний захирал Г.Ганзориг “намайг хүлээж авахад уг орон сууцанд тодорхой айлууд орж үйл ажиллагаа нь жигдэрсэн байсан” гэж гэрчилсэн байдаг, Иргэний хуулийн 343-р зүйл буюу ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн байдаг энэ тохиолдолд ажлын үр дүн нь 65-н айлын орон сууц байсан”, иймд магадлалыг хүчингүй болгож уг барилгын ажлын гүйцэтгэлийн хөлс, алданги нийт 604,526,844 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэсэн.

10. Хоёр шатны шүүхийн шийдвэр, магадлалд нэхэмжлэгчийн гомдолд дурдсан дээрх баримтыг бусад баримттай харьцуулан хэрхэн үнэлсэн талаар тусгагдаагүй байх ба талуудын гэрээгээр тохирсон ажил, нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлыг харьцуулж нэмэлт ямар ажлыг гүйцэтгэсэн, нэхэмжлэгчийн гаргасан тайланг үндэслэн санхүүжилт өгсөн эсэх, уг тайланд нэмэлт ажлууд тусгагдсан эсэх, хэрэгт авагдсан санамж бичгийг хариуцагч талаас ирүүлсэн эсэх, нэхэмжлэгч хүлээн авснаар хэрхэн хариу хүргүүлсэн, Э.Анхбаяр захиалагчийг төлөөлөх эрхтэй эсэх, нэхэмжлэгчийн зүгээс барилгыг хүлээлгэн өгөхөөр Улсын комисст хэдэн удаа хандсан, Улсын комисс яагаад хүлээж аваагүй, ямар ажлуудыг дутуу гэж үзсэн, 2015.04.13-ны өдөр нэхэмжлэгчийн зүгээс гаргасан мэдэгдлийг хариуцагч “Г С” ХХКомпанид хэрхэн хүлээлгэн өгсөн, уг мэдэгдэл дэх ажлын үр дүнгийн тухай мэдээллүүд, мөн ажлын үр дүнгийн талаарх фото зургууд, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан эсэх зэрэг ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулж, энэ асуудлаар талууд мэтгэлцсний үндсэн дээр шүүх дүгнэлт хийх шаардлагатай байжээ.

11. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан “ажлын үр дүн” бий болсон эсэх, мөн хуулийн 345 дугаар зүйлийн 345.2-т заасан “төсвийн хэмжээ нэмэгдэх буюу нэмэлт ажил хийгдэх шаардлага үүссэн” эсэх шаардах эрхийн урьдчилсан нөхцөлүүдийн талаар талууд бүрэн мэтгэлцэж чадаагүй, маргааны нөхцөл байдал тодорхой бус тул хяналтын шатны шүүх хууль хэрэглээний асуудлаар дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2020/00437 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1449 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                        Б.МӨНХТУЯА

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Г.АЛТАНЧИМЭГ

                                  ШҮҮГЧИД                                                        Г.БАНЗРАГЧ

                                                                                                           П.ЗОЛЗАЯА

                                                                                                           Х.ЭРДЭНЭСУВД