Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1319

 

 

 

 

  2023        10           24                                   2023/ШЦТ/1319

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж,

улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,   

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

хохирогч Б.М,

шүүгдэгч Ө.Бнарыг оролцуулан тус шүүхийн “Ё” танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ц б овогт Ө.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2306 00000 2696 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ө.Бнь 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо, 000 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Б.Мг гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас биеийн зүүн хэсэгт цэнэглэгчээр ороолгох, хамар хэсэгт гараараа цохих, толгой, нүүр, чих хэсэгт гараараа цохих зэргээр халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ө.Бнь 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо, 00 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Б.Мг гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас биеийн зүүн хэсэгт цэнэглэгчээр ороолгох, хамар хэсэгт гараараа цохих, толгой, нүүр, чих хэсэгт гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь: хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай нөхөр Ө.Бнь надтай анх танилцах үедээ хүртэл писи тогтлоом тоглодог байсан бөгөөд бусдаас мөнгө нэхэж тоглох гээд байдаг бөгөөд нэг тоглохоороо хоногоор тоглодог. Би одоогоор хадам ааж ээжийнхээ гэрт нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд манай нөхөр өнөөдөр өглөө 1 цаг орчим над руу уурлаад мөнгө өг би гарч тогломоор байна гэж надад хэлэх үед би хариу хэлэхдээ үгүй гэхэд нөхөр чи утсаа өг би зараад тогломоор байна мөнгө олмоор байна гэж надад хэлсэн бөгөөд би мөн адил үгүй гэж хэлсэн. Тэгээд орноосоо босоод би гар утасныхаа цэнэглэгчийг авах үед надаас цэнэглэгч булааж аваад миний биеийн зүүн хэсэгт авсан цэнэглэгчээрээ 3 удаа шавхуурдсан бөгөөд араас нь шууд миний хамар хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисон энэ үед миний хамраас цус гараад доошоо сууж байгаад босоод гал тогооны өрөө ороод өөрийн гар утсаа нуугаад 00-ын өрөө ороод хамраас гарсан цусаа угаасан. Тэгэхгүй бол хүүхдүүд харах гээд байсан. Би 00-ын өрөөндөө айгаад гарч чадахгүй сууж байхад гэрийн гадаа хаалга дуугараад гаднаас хадам ээж орж ирсэн болохоор би 00-ын өрөөнөөс гарсан. Энэ үед хадам ээж намайг өмөөрөөд нөхөрт хандан “чи битгий эхнэрийнхээ утсыг авах гээд бай дандаа утсыг нь аваад шидэж эвдэлдэг байж гэж уурласан. Тэгээд би нүүрээ арчих гээд өрөөндөө орох үед нөхөр надаас миний нуусан утсыг надаас нэхээд байхаар нь би үгүй гэж хэлэх үед нөхөр надаас гар утсаа өгөхгүй бол хүнээс мөнгө зээлж өг эсхүл мөнгө олж өг гээд байхаар нь би үгүй гэж хэлэх үед над руу уурлан миний толгой, нүүр, чих хэсэгт гараараа маш олон удаа цохисон Тэгээд би манараад газарт унаад өгсөн бөгөөд энэ үед манай хадам ээж өрөөнд орж ирээд нөхрийг болиулах гэхэд нөхөр намайг дахин гараараа цохиод байсан...тэгээд нөхөр над руу дахиад гар утсаа өг гээд уурлах үед хадам ээж намайг 00 ор биеэ хамгаал би цагдаа дуудна гээд цагдаа дуудаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Т.Ч2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 000 дугаар: “...1.2 Б.Мгийн биед зүүн нүдний зовхи, хамрын нуруу, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал зүүн чихний дэлбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр  үүсгэгдэнэ. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 18-19/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгч Ө.Бнь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.М нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокурорын санал болгож, шүүдэгчийн хүлээн зөвшөөрсөн 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ө.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар Ө.Боногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Ө.Бнь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын дотор 1.350.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ө.Бурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Цб овогт Ө.Бг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ө.Бг 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Боногдуулсан 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Бнь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Бавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.СОЛОНГОО