Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/669

 

 

     2023            10            13                                         2023/ШЦТ/669                               

                                                                                                                     

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******д холбогдох эрүүгийн ............. дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч С.Алтай /томилолтоор/, хохирогч “******” ХХК-ийн өмгөөлөгч Э.Билэгсайхан, шүүгдэгч ******, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Ганзаяа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

****** /РД:***************/.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч ****** нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******” ХХК-ийн худалдааны менежерээр ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр буюу 2019 оноос 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, “******” ХХК-д их хэмжээний буюу 278.271.208 төгрөгийн хохирол учруулж хөрөнгө завших гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******гаас өгсөн: 

“...Өмнө мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг өөрчлөгдөөгүй, нэмж ярих зүйл байхгүй. Хэргийн гэм буруу үйл баримтад маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа. Хувиараа ажиллуулж байгаа авто угаалгын орлогоос 4 сард болсон анхан шатны шүүх хуралдаанаас хойш 18.0 сая төгрөг төлсөн байгаа. “******” компанид учруулсан хохирлоос үлдсэн хохирлыг бүрэн нөхөн төлж барагдуулна. Хохирлын хэмжээн дээр маргах зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг,

 

2. Шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Э.Билэгсайханаас:

“Өмнөх 2023 оны 04 сард болсон анхан шатны шүүх хуралдаанаас хойш шүүгдэгч нь ****** нь хийт 18.0 сая төгрөгийг хохиролд нөхөн төлсөн. Тиймээс шийтгэх тогтоолоор гаргуулсан хохирлын 271.007.541 төгрөгөөс 18.0 сая төгрөг хасагдаж тооцон үлдэх 253.007.541 төгрөгийн хохирол төлбөрийн үлдэгдэлтэй байна.” гэсэн тайлбар

 

Хоёр. Эрүүгийн 21100 0496 0913 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч “******” ХХК-ийн төлөөлөгч Ш.Нурмаагийн хохирогчоор өгсөн:

“...Би ****** групп ХХК-ийн үйл ажиллагааны захирал ажилтай. Одоо тус компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттай охин компани болох “******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр итгэмжлэлээр ажиллаж байна. Захирал ****** нь цар тахлын улмаас Монгол Улсад ирж чадахгүй байгаа.

Манай компани импортын архи, согтууруулах ундааны төрлийн бараа бүтээгдэхүүн борлуулдаг, түгээлтийн 18 ажилтантай, нийт 31 ажилтантай. 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр авлага тайлангийн ажилтан ****** харилцагчаас авлага нэхэхэд борлуулагч ******д төлсөн тухай хэлсэн. Тэр үед нь ******гийн харилцагч нарын бараанд гэнэтийн шалгалт хийж, харилцагч нартай тооцоо нийлэхэд их зөрүү гарсан. Тухайн үед ******тай ярилцахад хүлээн зөвшөөрч 3 хуудас өргөдөл бичиж өгсөн. Тэр өргөдөл дээрээ ****** 282.000.000 төгрөгийг хувьдаа ашигласнаа хүлээн зөвшөөрсөн.

Энэ асуудал гарсны дараа ******гийн нэр дээрх хуримтлалын дансанд 1.452.280 төгрөг, цалин 996.787 төгрөг нийт 2.449.067 төгрөг болсныг өөрт нь мэдэгдэж суутгасан. 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ****** 5.000.000 төгрөг төлсөн.

2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хийгдсэн “******” ХХК-ийн дүгнэлтээр нийт учирсан хохирлыг 281.094.758 төгрөг гэж дүгнэсэн. Үүнийг манай компани хүлээн зөвшөөрч байна. ****** нь цалин болон хуримтлалын мөнгийг оруулаад нийт 12.249.067 төгрөг төлсөн. Мөн түүний өгсөн 5.000.000 төгрөгийг нийт хохирлоос хасаж тооцоод үлдэгдэл хохирол нь 281.094.758 төгрөг. Үүнээс ****** 12.249.067 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөр нь 268.845.691 төгрөг байна. Аудитын дүгнэлт гаргуулахад ажлын хөлс 13.200.000 төгрөг төлснийг нэмж нийт 282.045.691 төгрөг нэхэмжилж байна. Шинжээчийн дүгнэлтийг санхүүгийн хүчин төгөлдөр баримт дээр үндэслэж гаргасан тул маргах зүйл байхгүй гэж бодож байна.

****** нь энэхүү үйлдлээ ганцаараа хийсэн байх гэж бодож байна. Шалгалтын явцад илрэх байх. ******гийн ажилд борлуулалтын менежер, ерөнхий менежер, нягтлан бодох бүртгэлийн хэлтэс зэрэг хүмүүс хяналт тавих ёстой. 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хамгийн сүүлийн тооллогыг хийсэн. Энэ тооллогоор дутагдал илрээгүй. Үүнээс хойш хөл хорионоос болоод хийгдээгүй. Борлуулагч нар өдөр өдөртөө мөнгөө компанид тушааж байх ёстой. Мөн өөрийн хувийн дансаар мөнгө авч болохгүй гэдэг талаар хөдөлмөрийн гэрээнд тодорхой заасан байгаа” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 58-60 дахь тал),

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.******ийн гэрчээр өгсөн:

“...Би борлуулагч нарын авлагад хяналт тавьж, авлага барагдуулах чиг үүрэгтэй ажилтай. Дотоод журмаараа борлуулагч нарын орлогыг өдөр өдөртөө тулгаж байх ёстой бөгөөд **** гэх нягтлан тооцоо нийлдэг. Энэ хүн ажилд ороод удаагүй байтал хөл хорио тавигдсан тул бараг тооцоо нийлээгүй байсан.

2021 оны 02 дугаар сарын 04, 05-ны орчим авлага цуглуулахаар 3-4 харилцагчтай очиж уулзахад танай компанитай тооцоо дууссан гэж хэлсэн ба ******гийн хувийн дансанд тооцоогоо шилжүүлсэн байсан. Би ******гаас асуухад “тиймээ би мөнгөний хэрэг гараад харилцагч нараас хувийн дансаар мөнгө авсан тохиолдол байгаа” гэж хэлсэн. Дараа нь ерөнхий менежер ****, борлуулалт хариуцсан ажилтан ********, бид гурав ******тай уулзсан.

Тэр үед ******гийн өөрийнх хэлснийг тэмдэглээд нийт 283.000.000 төгрөгийн бараа, мөнгө дутсан гэж дүгнэсэн. ****** үүнийг хүлээн зөвшөөрч ямар харилцагчаас авсныгаа нэрээр нь хэлсэн. ****** компанийн тамгатай баримт ашиглаж машин доторх бараагаа зарж хувьдаа авсан тохиолдол бас байгаа. Компанийн тамгатай баримтыг ******** хариуцдаг. ****** яаж энэ баримтыг авсныг мэдэхгүй. Би энэ баримтыг очиж уулзсан харилцагч нарын үзүүлснээр олж харсан.

Манай компани сар бүрийн 1-ний өдөр тооллого хийдэг. Манай санхүүгийн программ дээрх ******гийн ******* дугаартай хувь хүн 7910 дугаартай дансанд борлуулсан бараа нэмэгдээд байсан боловч харилцагч нараас мөнгө орж ирэх нь бага байсан. 2019 оны 12 дугаар сард би ахлах нягтлан Энхмаад энэ талаар мэйл бичиж асуусан боловч дорвитой арга хэмжээ аваагүй” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 74-76 дахь тал),

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ******ын гэрчээр өгсөн:

“ ...Би нийт 9 борлуулагчийг хариуцаж ажилладаг. ******гийн асуудлыг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр авлагын хурал хийхэд мэдсэн. Гэрээгүй газруудад бараа өгсөн байсан учраас энэ асуудал тодорхой болсон. Дотоод шалгалтаар ******гийн харилцагч нартай тооцоо нийлэхэд 160 орчим сая төгрөг, 120 орчим сая төгрөгийн бараа дутсан.

Тэр даруйд нь ажлаас халж, өөрөөр нь баталгаа бичүүлж авахад өөрийн алдаагаа хүлээн зөвшөөрч байсан. Компани тооллого хийх үед ****** санаатай будилуулж, хуурамч борлуулалт болгон бичдэг байсан байна. ****** манай компанид 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ажилд орсон. Би 2018 оноос 2020 оны хооронд дээрх асуудлыг гаргасан гэж харж байна. Манай нягтлангууд үүнд оролцоотой эсэхийг мэдэхгүй байна. Харилцагч нартай тооцоо нийлдэг актыг ****** авч яваад нийлдэг байсан байна. Өөрөө мөнгийг нь авчихсан болохоор ямар нэг аргаар буцаалт бичиж буцаалтын бараагаа машин дахь бараанаас нөхөх маягаар будлиан хийдэг байснаа өөрөө хэлсэн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 78 дахь тал),

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ***** гэрчээр өгсөн:

“...Миний доор 2 нягтлан байдаг бөгөөд тэр хоёр борлуулагч нараа хувааж хариуцдаг байсан. ******г хариуцсан нягтлан нь ****** байсан. Жилийн эцсээр тооцоо гаргахад олон харилцагч нартай тооцоо нийлээгүй байсан. Хөл хорионоос болоод чадаагүй гэсэн яриа гарч байсан. Компанийн шалгалтаар 283.863.158 төгрөгийн мөнгө, бараа дутсан” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 80 дахь тал),

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ********** гэрчээр өгсөн:

“...Би ******тай 10 гаруй жил найзалж байна. Би түүнд анх 2019 оны 04 дүгээр сард 4.500.000 төгрөг зээлээд 5.000.000 төгрөг болгож буцааж авсан. Тэр үед ****** надад “Би ****** ХХК-д ажиллаж байгаа, борлуулалтын сувгаа ашиглаад ашиг хийж болохоор байна. Надад хөрөнгө хэрэгтэй байна” гэсэн. Би одоогийн байдлаар ******д нийт 90.000.000 төгрөг өгсөн.

****** надаас авсан мөнгөө 10 хувь өсгөөд 1 сарын дотор өгнө гэсэн. Би 2019 оноос 2020 оны 01 дүгээр сарын 02-ны хооронд мөнгө өгсөн. Би ихэнхдээ бэлнээр, кредит картаасаа өгдөг байсан. ****** надад “****** ХХК-аас татваргүй бараа аваад татвартай үнээр зарж ашиг олно” гэсэн тул би түүнд хөрөнгө оруулалт хийсэн. Би ****** надаас авсан мөнгөөрөө ашиг олж байгаа үйлдэлд оролцоогүй.

Надад тухайн үедээ ашгаа өгч байсан. 2020 оны дундаас надаас авсан мөнгө болон ашиг өгөхөө больсон. Намайг нэхэхэд “өгнө өө, надад бараа байгаа, авлагатай хүмүүс мөнгөө өгөхгүй байна” гэдэг байсан. Бид хоёр ямар нэгэн гэрээ хийгээгүй. ******гийн хэлснээр 124.083.840 төгрөг миний дансанд орсон байх. Гэхдээ ****** энэ тооцоондоо надаас авсан ихэнх мөнгөө оруулаагүй байна. Би ******д зээлсэн 90.000.000 төгрөгөөс 44.000.000 төгрөгийг буцааж авсан. Одоо үлдэгдэл 55.000.000 төгрөгийг авмаар байна. Энэ дүнд 90 сая төгрөгийн хүү болох 9.000.000 төгрөг орсон. Далайцэрэн гэж манай найз байдаг. Тэр бас ******д хөрөнгө оруулалт хийсэн юм шиг байна лээ. Тэдний хоорондох асуудлыг мэдэхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 101 дэх тал),

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ***** гэрчээр өгсөн:

“...Би “******” ХХК-д тооцооны нягтлангаар ажилладаг. Би барааны зөрүү гарахад программ дээр шалгаж тулгасан. Энэ тулгалтаар борлуулсан бараа болон агуулахаас авсан бараа дээр ******* гэх борлуулагч руу ******гийн борлуулалтыг хасаж тооцсон алдаа байсныг илрүүлсэн.

...******гийн борлуулсан барааг түүний локэйшн дээрээс хасаж бичих байтал нэг удаа ******** гэх борлуулагчийн локэйшнээс хасаж бичсэн байсан. Үүнийг ****** өөрөө бичсэн нь программын борлуулалтын тайлангаас харагдаж байгаа.

Сүүлд үлдэгдэл тулгаж байхад мэдэж залруулахад 2.662.650 төгрөгийн барааг ****** үлдэгдлээсээ хасаагүй байсан. Тухайн үед ******г хариуцсан нягтлан Мөнхзаяа ажлаасаа гарсан байсан. Бид нар “тооцоогоо хийгээрэй” гэж байнга шахаж байсан. Хувь хүний авлага бага дүнтэй байснаа хөл хорионы үед огцом нэмэгдсэн. Борлуулалтын баг 1 дэх өдөр болгон хурал хийдэг бөгөөд энэ талаар ******д хэлэхэд “асуудлыг шийднэ” гэдэг байсан” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 104-105 дахь тал),

 

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ******** гэрчээр өгсөн:

“...Би “******” ХХК-г үүсгэн байгуулсан. Одоо ээж *********** нэр дээр шилжүүлсэн. Би анх удаа 2021 он 01 дүгээр сарын 14-ний өдөр “******” ХХК-тай харилцаж хувьдаа 4.958.208 төгрөгийн архи, виски худалдаж авсан. Мөнгийг тэр даруй хүргэлтээр ирсэн залуугийн ******** дугаартай дансанд хийсэн. Одоо ямар нэгэн өр тооцоо байхгүй. Дахиж үйлчлүүлээгүй. Тэр залууг танихгүй. 2-3 сарын өмнө нэг хүн залгахад нь авсан зүйлийнхээ талаар хэлээд, одоо өр авлагагүй гэдгээ хэлсэн” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 121-122 дахь тал),

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ******** гэрчээр өгсөн:

“...Миний үүсгэн байгуулсан “******” ХХК-ийн харьяа Эрч хүч бөөний төв нь одоо Нарантуул захын хүнсний өргөтгөл дээр үйл ажиллагаа явуулдаг. “******” ХХК-тай 3-4 жил харилцаж байгаа. Манайх архи, виски, эрч хүчний ундаа зэргийг худалдаж авдаг байсан. Сар бүрийн сүүлийн өдөр тооцоогоо шахаж тэглэж байх гэрээтэй тул үүний дагуу явж ирсэн. Барааны мөнгийг тухайн компанийн *********** тоот дансанд шилжүүлж байсан.

Хамгийн сүүлд 2021 оны 06 дугаар сарын 30-ны байдлаар тооцооны үлдэгдэлгүй болгож тооцоо нийлсэн. 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тооцоо нийлж 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 959.616 төгрөг шилжүүлэн тооцоогоо дуусгасан. 2021 он 03 дугаар сарын 10-ны өдөр манайд тухайн компанийн авлага хариуцсан нягтлан бодогч ирж тооцоо хийсэн. Тэр үед манайх өргүй гарсан.

...Манайх “******” ХХК-аас 4.752.720 төгрөгийн бараа авч байгаагүй. Гэхдээ 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 4.406.400 төгрөгийн бараа авсан. Үүн дээр 10 хувийн борлуулалтын хөнгөлөлтийг нэмбэл дээрх үнийн дүнтэй таарах байх. Энэ мөнгийг бусад худалдан авалтуудтайгаа нийлүүлэн 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр нийт 16.370.640 төгрөг шилжүүлсэн. Манайхтай улирал бүр тооцоо нийлэхдээ тооцооны үлдэгдэлгүй гэж нийлсэн боловч одоо 4.752.720 төгрөгийн авлагатай гэж байгааг ойлгохгүй байна. Борлуулагч ******г танина. Энэ компанид олон жил ажиллаж байгаа. Тэр залуу манайд байнга бараа хүргэж ирдэг байсан” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 126-127 дахь тал),

 

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ******* гэрчээр өгсөн:

“...”******” ХХК-ийн “***” зочид буудалд 2010 оноос хойш ахлах нягтлангаар ажиллаж байна. “******” ХХК-тай 2010 оноос хойш хамтарч ажиллаж байгаа. Одоогоор өр авлага байхгүй. Тухайн компаниас нягтлан нь ирж тооцоо нийлэхдээ “танай компани 6.527.804 төгрөгийн өртэй байна” гэж хэлсэн. Тухайн үед нь баримтыг шалгаж үзэхэд 2020 оны 10 дугаар сарын 20, 27, 11 дүгээр сарын 10-ны өдрүүдэд тус бүр кассаас бэлнээр төлж, баримтууд дээр борлуулагч ****** гарын үсгээ зурсан байсан.

...”******” ХХК-ийн борлуулагч “танайх 1.403.600 төгрөгийн бараа авах эрхтэй байна” гэхэд нь дан виски авч урамшууллаа гүйцэд авсан. Тухайн компаниас нягтлан гэх эмэгтэй тооцоо нийлэхээр ирж, “танай компани 2.807.200 төгрөгийн өртэй байна” гэж хэлсэн. Баримтаа шүүж үзэхэд манайх урамшууллаа авсан байсан тул энэ тухай хэлж “1.403.600 төгрөгийг илүү бичсэн байна” гэж хэлээд явуулсан.

Манай компанийг урамшууллаа аваагүй, ****** хүргэж өгнө гэж бараа авчхаад өгөөгүй гэж ойлгосон юм шиг байсан. Бэлнээр мөнгө төлж байгаа үед манай компанид баримт үлддэггүй. Барааны падаан л үлддэг. Манай компани “******” ХХК-аас нэхэмжлэх зүйл байхгүй. Би борлуулагч нартай шууд харьцдаггүй болохоор борлуулагч ******г танихгүй” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 133-135 дахь тал),

 

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад **** гэрчээр өгсөн:

“... “*********” ХХК-ийг миний нөхөр ************, найз ********** хамт 2017 онд үүсгэн байгуулсан. Үүнээс хойш 2 жил 3 дугаар хороололд ресторан паб ажиллуулж байгаад 2019 онд ашиг орлого муу байсан тул дампууруулсан санагдаж байна.

Одоо тухайн компанийн бичиг баримт, тамга тэмдэг байхгүй. Татварын албанд хураалгасан. “******” ХХК-аас бараа авдаг байсан. Тухайн үед тооцоогоо хийж явдаг тул өр авлага байхгүй. Тухайн компанийн нягтлан гэх эмэгтэй над руу ярьсан. Бараа аваад мөнгө өгөөгүй гэж байсан. Надад бараа өгсөн талаар баримт харуулаагүй. Баримт байхгүй бол бид хариуцахгүй. Надаас нэхэж байгаа 11.997.930 төгрөгийн барааг манайх хүлээж аваагүй. Манайх тухайн үедээ 7 хоногт 2 удаа, нийт 2-3 сая төгрөгийн бараа авдаг байсан. Борлуулагч ******г би танихгүй. Манай нөхөр таньдаг байсан.

...Баримт дээрх гарын үсэг миний болон манай нөхрийн гарын үсэг биш байна. Манай компани 2020 оны 10 дугаар сарын 28-нд хаалгаа бариад түрээсээ цуцалсан байсан” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 141-142 дахь тал),

 

11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************ гэрчээр өгсөн:

“... Би ***** аймгийн ******* суманд ресторан, караоке, хүнсний дэлгүүр ажиллуулдаг. “******” ХХК-аас 2 жил орчим бараа захиалан авсан. Бараагаа захиалаад урьдчилж тооцоогоо шилжүүлдэг тул өр авлага байхгүй. 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 14.648.335 төгрөгийг ****** гэх залуугийн дансанд шилжүүлсэн. Тэр залуу манай барааг машинд тавьж явуулдаг байсан. Би тэр залууг огт харж байгаагүй. Миний өгсөн мөнгөнөөс 3.500.000 төгрөгийг компанидаа тушаасан юм шиг байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 149-150 дахь тал),

 

12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *********** гэрчээр өгсөн:

“... Би 2015 оноос хойш “**********” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байна. Манай компани “******” ХХК-аас бараа авдаггүй. Зөвхөн захирлууд хувьдаа бараа авдаг байсан. Хамгийн сүүлд 2021 оны 01 дүгээр сарын 12-нд 33.367.800 төгрөгийн бараа захиалан авч захирал ********** **************** тоот данснаас 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 25.000.000 төгрөг, 01 дүгээр сарын 31-ний өдөр 6.000.000 төгрөг, 02 дугаар сарын 04-ний өдөр 2.367.800 төгрөгийг тус тус 5085178068 тоот дансанд шилжүүлсэн байна. Одоо тухайн компанитай өр авлага байхгүй” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 154-155 дахь тал),

 

13. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ********* гэрчээр өгсөн:

“... Би 2020 онд ************ зочид буудлын 1 дүгээр давхарт байрлах “*********” ХХК-ийн “****” гэх нэртэй архины төрөлжсөн дэлгүүрт менежерээр ажиллаж байсан. Тэр үед “******” ХХК-аас бараа захиалан авдаг байсан. Би 2021 оны 06 дугаар сард ажлаасаа гарсан. 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр бараа хүлээж аваад 14.250.000 төгрөгийг ********* дугаартай ****** гэх дансанд шилжүүлсэн.

Үлдэгдэл 4.748.765 төгрөгийг кассаас бэлнээр авч, борлуулагч залууд өгсөн. Одоо “******” ХХК-тай тооцоо байхгүй. Манайх бараа авсан даруйдаа тооцоогоо хийдэг. 2021 оны 01 дүгээр сард “******” ХХК-аас нягтлан бодогч гэх эмэгтэй авлагатай гэж ирсэн ба би тооцооны үлдэгдэлгүй гэж хэлээд тамга дараад явуулсан. Бэлнээр өгсөн мөнгө дээр баримт аваагүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 161-162 дахь тал),

 

14. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************* гэрчээр өгсөн:

“... Манай “***********” ХХК нь ******** төвд архи, согтууруулах ундааны зүйл зардаг лангуутай бөгөөд 2020 оны 01 дүгээр сараас “******” ХХК-аас бараа захиалан авч эхэлсэн. Би 4.145.596 төгрөгийн бараа захиалан аваад мөнгийг нь борлуулагч ****** гэх хүний дансанд шилжүүлсэн. Тухайн үедээ 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр нягтлан бодогч нь ирж тооцоо нийлээд явсан. Манайх бараа авсан даруйдаа мөнгөө өгдөг.

...2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 1.315.223 төгрөгийн бараа захиалахад үнийн дүн алдаатай нэхэмжлэх ирснийг өгч явуулахад 1.014.790 төгрөг болгож засаж ирсэн. Тэр үед би 5085178068 тоот дансанд 1.315.223 төгрөг шилжүүлчихсэн байсан тул дахин 963.438 төгрөгийн бараа захиалж зөрүү 300.000 төгрөгийг ****** гэх борлуулагчид төлсөн. ******г сайн танихгүй. Манайд байнга бараа авчирч өгдөг байсан. Туршлагатай ажилтан шиг байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 166-167 дахь тал),

 

15. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *********** гэрчээр өгсөн:

“...Манай эхнэр ********** “**********” рестораныг ажиллуулдаг. 2016 оноос хойш “******” ХХК-тай харилцаж байгаа. Одоогийн байдлаар ямар ч тооцоо байхгүй. Бараа авсан даруйд нь төлбөрөө шилжүүлээд явдаг. 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр манай ээж Цэрэнпилийн данснаас 4.022.280 төгрөгийг ********** тоот ******гийн дансанд, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ******гийн ************ банкны ********** тоот дансанд 1.640.025 төгрөг тус тус шилжүүлсэн байсан.

Тооцооны үлдэгдэлтэй байвал дараагийн захиалгаа авчирч өгдөггүй байсан. Манайх сард 4-5 сая төгрөгийн бараа захиалдаг. Би ******г байнга бараа авчирч өгдөг болохоор нь танина” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 174-175 дахь тал),

 

16. Мөрдөн шалгах ажиллагааны явцад “******” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч *********** иргэний нэхэмжлэгчээр өгсөн:

“...****** нь 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл “******” ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа 12 харилцагчийн нэр дээр хий авлага үүсгэж, 166.666.758 төгрөгийн барааг өөртөө завшсан байсан. Дээрх нэр бүхий 12 харилцагчтай тооцоо нийлэхэд тооцооны үлдэгдэлгүй байгаа нь харилцагч нараас авсан мэдүүлгээр нотлогдож байна.

****** дээрх үнийн дүнг хүлээн зөвшөөрсөн. ****** нь агуулахаас нийт 114.428.000 төгрөгийн бараа аваад буцааж тушаагаагүй. Тус барааг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний ******** дугаартай тайлангаар 111.604.450 төгрөг гэж үнэлсэн.

Дээрх 2 дүнг нэмэхэд 278.271.208 төгрөг болсон бөгөөд ****** уг дүнг хүлээн зөвшөөрсөн болно. Иймд 278.271.208 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн аудитын дүгнэлт гаргуулахад 2 удаагийн шилжүүлгээр нийт 13.200.000 төгрөгийг “******” ХХК-д шилжүүлсэн. Уг төлбөрийг ******гаас гаргуулах хүсэлтэй байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 4-р хавтас 217-218 дахь тал),

 

17. “******” ХХК-ийн Хараат бус аудиторын шалгалтын ажлын дүгнэлтэд:

“...Дутагдуулсан бараа материалын үлдэгдлийг баталгаажуулахад иргэн ******гийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр агуулахад машинаас буцаасан 1 ширхэг ********* нэрийн барааг бүртгээгүй байснаас бусад тоо хэмжээ нь компанийн нэхэмжилсэн тоо хэмжээтэй таарч байна. 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хооронд дутагдуулсан бараа материалын авлагын дүнг 114.428.000 төгрөг /нэг зуун арван дөрвөн сая дөрвөн зуун хорин найман мянга/  болохыг тодорхойлов.” гэсэн аудитын дүгнэлт (хэргийн 1-р хавтас 195-201 дэх тал),

 

18. ШШҮХ-ийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 77 дугаартай дүгнэлтэд:

“...Асуулт-1. “******” ХХК-ийн санхүүгийн анхан шатны баримтад хийсэн “******” ХХК-ийн дүгнэлт үндэслэлтэй эсэх:

Хариулт-1. “******” ХХК-ийн санхүүгийн анхан шатны баримтад хийсэн “******” ХХК-ийн дүгнэлтийг бүрэн үндэслэлтэй гэж үзэхээргүй байна. Учир нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хооронд дутагдуулсан бараа материалтай холбоотой авлагын дүнг 114.428.000 төгрөг гэж дүгнэсэн нь уг хугацааны эцэст тооллого хийсэн актгүй учир дутагдуулсан барааг тогтоох боломжгүй байна.

Асуулт-2. Өмнө нь 2 удаа шинжээч томилсон боловч тооллогын хуудас байхгүй шалтгаанаар дүгнэлт гаргаагүй буцаасан байх тул одоо зөвхөн аудитын дүгнэлтэд дурьдсан авлагын үлдэгдлийн баталгаажуулалтаар дүгнэлт гаргах боломжтой эсэх,

Хариулт-2. Шинжилгээнд ирүүлсэн баримтаар борлуулалтын ажилтан ******гийн хариуцсан аж ахуйн нэгжүүдтэй хийсэн борлуулалтаас дараах 12 харилцагчийн авлагын үлдэгдэл 166.252.158 төгрөг байна. /хүснэгтээр нэг бүрчлэн харуулж дүгнэлтэд тусгасан/ 

Эдгээр аж ахуйн нэгжүүдээс 10 харилцагчийн үлдэгдэл тооцоо нийлсэн актад үлдэгдэл тооцоогүй гэсэн тайлбартай, 1 харилцагч нь барааг хүлээн аваагүй гэсэн тайлбартай байна. Энэхүү борлуулалтын орлогын 166.252.158 төгрөгийн төлбөрийг ****** нь бэлнээр болон харилцах дансаараа авсан эсэхийг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна. Учир нь уг аж ахуйн нэгжүүд барааны үнийг ******д олгосон гэх нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтууд шинжилгээнд ирээгүй болно. /дээрх харилцагчдын тооцооны дэлгэрэнгүйг хавсралтаар харуулав. Хавсрал №1/,

Асуулт-3. Дутагдуулсан барааны дүнгээр тусад нь дүгнэлт гаргах боломжтой эсэх, боломжтой бол дүгнэлтийг гаргах:,

Хариулт-3. Шинжилгээнд ирүүлсэн баримтаар “******” ХХК-ийн борлуулалтын ажилтан ****** нь нийт 414.600 төгрөгийн бараа дутагдуулсан байна. Дэлгэрэнгүйг хүснэгтээр харуулав.

2020 оны 11 дүгээр сарын 02-оос хойшхи хугацаанд борлуулалтын ажилтан ******гийн бараа материалын үлдэгдлийг тоолсон тооллогын акт байхгүй тул 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны дутагдуулсан барааны дүнг тогтоох боломжгүй байна.

“******” ХХК нь 2020 оны 11 дүгээр сарын 02-оос 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд ******гийн хариуцсан бараа материалын 114.128.000 төгрөгийн үлдэгдлийг машины дутагдал гэсэн гүйлгээний утгатайгаар ******гаас авлага үүсгэн бүртгэсэн байна.” гэсэн шинжээчийн дүгнэлт, дүгнэлтийн хавсралт №1 (хэргийн 1-р хавтас 218-222 дахь тал),

 

19. ШШҮХ-ийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 117 дугаартай нэмэлт шинжилгээ хийсэн дүгнэлтэд:

“...Асуулт-1. 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 77 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 2020 оны 11 дүгээр сарын 02-ноос 2021 оны 02 дугаар сарын 10-ны хугацааны тооллогын дутагдал 114.428.000 төгрөгийн тооллого хийсэн актгүй учир дутагдуулсан барааны дүнг тогтоох боломжгүй гэжээ. “******” ХХК-аас нэмэлтээр гаргаж ирүүлсэн материалаар дээрх үнийн дүн бүхий дутагдлыг тогтоох боломжтой эсэх,

Хариулт-1. Дахин шинжилгээнд нэмэлтээр ирүүлсэн “******” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн бараа материалын тооллогын хуудас баримтад зөвшөөрсөн эд хариуцагч гарын үсэг зурж баталгаажуулаагүй байна. Иймд дээрх үнийн дүн бүхий дутагдлыг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна.

Монгол улсын нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д “Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Цахим хэлбэрээр бүрдүүлсэн анхан шатны баримт нь цахим гарын үсгээр баталгаажсан байна” гэж заасан заасан байдаг.” гэсэн дүгнэлт (хэргийн 3-р хавтас 30-31 дэх тал),

 

20. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ХУ1-23-183 дугаартай: 

“Тус үнэлэгдэж буй хөдлөх хөрөнгө нь /виски, коньяк архи, шампанск, текилла, энергийн ундаа гэх зэрэг 20 нэр төрлийн 1055 ширхэг бараа бүтээгдэхүүн/ зах зээлийн жиших хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 111.604.450 /нэг зуун арван нэгэн сая/ төгрөгөөр үнэлэгдэж байна” гэсэн үнэлгээний тайлан, хөрөнгийн үнэлгээний тооцоо хүснэгт №1 (хэргийн 5-р хавтас 237-243 дахь тал),

 

21. “******” ХХК болон ****** нарын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, нууц хадгалах гэрээ, “******” ХХК-ийн худалдааны төлөөлөгч ажлын байрны тодорхойлолт, ******г ажлаас чөлөөлсөн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б-21/09 дугаартай тушаал болон түүний 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгууллагад бичгээр гаргасан хүсэлтийн хуулбар, “****** Групп” ХХК-ийн эд хөрөнгийн тооллого хийх журам (хэргийн 1-р хавтас 20-22, 23, 28-39 дахь тал, хэргийн 3-р хавтас 2-12 дахь тал),

 

22. Борлуулагч ******гийн агуулахаас авсан болон агуулах руу буцаасан бараа бүтээгдэхүүний жагсаалт, мөн борлуулалтаар гарсан барааны баримтын жагсаалт (хэргийн 3-р хавтас 57-108, 109-117, 119-123 дахь тал, ),

 

23. Борлуулагч ******гийн 2020 оны 11 дүгээр сарын 01-ээс 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх борлуулалтаар гарсан барааны болон дутагдуулсан гэх бараа бүтээгдэхүүний тоо ширхэг, үнийг тусгасан жагсаалт (хэргийн 5-р хавтас 246, 3-35 дахь тал),

 

24. ******гийн Хас банк дахь 5002...85 тоот дансны хуулга, Хаан банк дахь 5085...68 тоот дансны хуулга, уг дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, Худалдаа Хөгжлийн банк дахь 4700...99 тоот дансны хуулга, мөн дансанд үзлэг хийсэн тэмдэглэл баримтууд (хэргийн 2-р хавтас 76-89, 94-129, 131-151, 153-169, 170-172 дахь тал),

 

25. Борлуулагч ******гийн хариуцлагад байгаа бараа материалын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн тооллогын зөрүүний акт, тохируулга, бараа материалын үлдэгдлийн хуудас, тооллогын хурлын тэмдэглэл зэрэг баримтууд (хэргийн 2-р хавтас 242-248 дахь тал),

 

26. ******гийн “******” ХХК-д ажиллаж байх хугацаанд авсан цалингийн нэгтгэл (хэргийн 4-р хавтас 120 дахь тал),

 

27. “******” ХХК-ийн санхүүгийн баримтад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэлийг бэхжүүлсэн бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, (хэргийн 4-р хавтас 219-240 дэх тал),

 

28. ****** болон “**********” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Түрээсийн гэрээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 5-р хавтас 58-63 дахь тал),

 

29. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 190 дугаартай тогтоол (хэргийн 5 дугаар хавтас 111-112 дахь тал), 

 

30. 2023 оны 04 сарын 03-ны өдрийн Хан-Уул дүүргийн ЭХАШШ-ийн шүүх хуралдааны тэмдэглэл, Давж заалдах шатны шүүхийн магадлал  (хэргийн 6 дугаар хавтас 44-49, 97-109 дэх тал),

 

31. Шүүгдэгч ******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:

“...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан, хүлээн зөвшөөрч байна. “******” ХХК-ийн нэхэмжилж байгаа 281.094.158 төгрөгийн хохирлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Үүнээс одоогийн байдлаар компанид 2021 оны 02 дугаар сарын 4-өөс 03 дугаар сарын 04-ний хооронд 18 удаагийн гүйлгээгээр 24.464.718 төгрөг төлсөн. Гэхдээ үүний 13.212.438 төгрөгийг 2021 оны 02 дугаар сарын 04-өөс 09-ний хооронд 7 удаагийн гүйлгээгээр ажлаас халагдахаас өмнө төлсөн учраас төлөгдөх дүнгээс хасагдсан гэдгийг ойлгосон. Ажлаас халагдсанаас хойш 11 удаагийн гүйлгээгээр 12.249.067 төгрөгийг төлсөн. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон дутагдуулсан барааны 414.600 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо “******” ХХК-д үлдсэн 268.431.091 төгрөгийг би төлөх ёстой гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Нэг дор их хэмжээгээр төлөх боломжгүй график гаргаад төлбөр хийх талаар байгууллагын хуулийн зөвлөхөд санал гаргасан боловч хариу өгөөгүй байна. Гэм буруугаа хүлээж байна. Хохирлоо барагдуулах болно. Ийм асуудалд холбогдсондоо харамсаж байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 2-р хавтас 5-6 дахь тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ баримтууд, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт, оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт (хэргийн 2-р хавтас 39, 43,55, 59-60) зэрэг бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлага болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон гэж дүгнэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ******гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч ****** нь “******” ХХК-д худалдааны төлөөлөгч-борлуулагчаар ажиллах хугацаандаа 2019 оноос 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр, харилцагчийн нэр дээр хий авлага үүсгэх, бараа дутагдуулах, худалдан борлуулсан бараа бүтээгдэхүүний үнийг харилцагчаас дансаар болон бэлнээр шилжүүлэн авах зэрэг аргаар тус компанийн бараа, борлуулалтын орлогоос хувьдаа авч ашиглан, “******” ХХК-ийн эд хөрөнгөд нийт 278.271.208 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Завших” гэмт хэргийн үндсэн шинжийг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан ...” хэмээн тодорхойлжээ.

 

Бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах эрх, үүрэг нь гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр үүссэн байх, мөн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хууль бусаар өөртөө ашигласан байх гэсэн шинжээрээ  “Завших” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргүүдээс ялгагдах онцлогтой бөгөөд “итгэмжлэн хариуцсан этгээд” гэдэгт аливаа аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар албан тушаалын хувьд үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг буюу өөрөөр хэлбэл өмчлөгчийн эд хөрөнгийг хууль ёсоор хариуцан хамгаалж буй этгээдийг ойлгох ба уг этгээд нь зохих зөвшөөрөлгүйгээр, дур мэдэн, хууль бусаар өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөртөө шилжүүлэн авч, өөрийн үзэмжээр уг эд хөрөнгө буюу эрхийг захиран зарцуулах хүсэл зоригоо /санаагаа/ гүйцэлдүүлж хэрэгжүүлснээр завших үйлдэл төгссөнд тооцогдоно. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд хууль, гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшихыг хөрөнгө завших гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүнээр тодорхойлсон ба харин энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн, мөн бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн тохиолдолд хүндрүүлж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж тогтоосон.

 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуульд заасан дараах хохирлын хэмжээг доор дурдсанаар ойлгоно:”, 4.1-т “их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” гэж заажээ.

 

Шүүгдэгч ****** нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******” ХХК-тай байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн HR-18/22 дугаартай хөдөлмөрийн гэрээний (хэргийн 1 дүгээр хавтас 28-33 дахь тал) үндсэн дээр тус компанийн шингэн хүнсний борлуулалтын хэлтэст “худалдааны төлөөлөгч” ажлын байранд ажиллаж байсан ба хэргийн 23-25 дахь талд авагдсан ажлын байрны тодорхойлолтод зааснаар түүний албан тушаалын зорилгыг “шингэн хүнсний төрлийн бараа бүтээгдэхүүний захиалга авч борлуулах, авлага барагдуулах, тайлан гаргаж нягтланд өгөх” гэж тодорхойлж, эрхлэн гүйцэтгэх 9 чиг үүргийг нь тусгайлан зааж, ажил олгогч, ажилтан нар гарын үсэг зурж баталгаажуулсан баримттай байна.

 

Хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн хүрээнд шүүгдэгч нь:

- удирдлагаас өгсөн маршрутын дагуу өөрт хуваарилагдсан бараа бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой харилцагч нараар явж бараа бүтээгдэхүүний танилцуулга хийж захиалга авах, борлуулалтыг хийх,

- харилцагч худалдан авагчаас авсан захиалгын барааны төрөл болон харилцагч тус бүрээр Smart phone-д захиалга болгон бүртгэн санхүүд өгч падааныг хэвлүүлэх, урамшууллын хувь, бэлэг бонусын барааны бодлого төлөвлөлтийг хэрэгжүүлэн ажиллах,

- урамшуулал, үнийн өөрчлөлтийн албан бичгүүдийг харилцагч нарт хүлээлгэн өгч бүртгэх,

- үнийн өөрчлөлтийн тайланг харилцагч бүрээр гаргаж өөрийн салбарын хариуцсан нягтлан бодогчид өгөх,

- харилцагч нарын лангуунд бараа бүртгэлийн системд шинээр бүтээгдэхүүн оруулахад брэнд маркетингийн менежерүүдтэй хамтран ажиллах,

- шууд удирдлага болон салбарын захиралтай тогтсон хуваарийн дагуу уулзалт, хуралд оролцож мэдээлэл авах, өгөх, ажил байдлаа тайлагнах, холбогдох сургалтад хамрагдах,

- өөрийн хариуцсан харилцагч нарын авлагыг хянаж, төлбөр төлөлтийг барагдуулах чиглэлд борлуулалтын менежер, авлагын хяналтын ажилтан, тооцооны ажилтнуудтай хамтран ажиллах зэргээр борлуулалтын менежерийн шууд удирдлагад харьяалагдан ажиллах үүрэг хүлээж ажиллаж байсан ба “******” ХХК-ийн үйл ажиллагааны захирлын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б-21/09 дугаартай тушаалаар “ноцтой зөрчил” гаргасан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөр цуцалж, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон байна. (хэргийн 1 дүгээр хавтас 39 дэх тал)

 

Шүүгдэгч ****** нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******” ХХК-ийн худалдааны төлөөлөгч-борлуулагчаар ажиллаж байхдаа 2019 оноос 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр, харилцагчийн нэр дээр хий авлага үүсгэх, бараа дутагдуулах, худалдан борлуулсан бараа бүтээгдэхүүний үнийг харилцагчаас дансаар болон бэлнээр шилжүүлэн авах зэрэг аргаар тус компанийн бараа, борлуулалтын орлогоос хувьдаа авч ашиглан, “******” ХХК-ийн эд хөрөнгөд нийт 278.271.208 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэх Эрүүгийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн хэмээн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, тухайн хэргийн хувьд хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч ****** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруу, учруулсан хохирлын хэмжээнд маргаагүй, хүлээн зөвшөөрсөн мэдүүлгийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан. /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч ******г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “Хөрөнгө завших” гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ...эд хөрөнгөд ...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж, мөн “их хэмжээний хохирол гэж 50.000 /тавин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг”, “энэ хуульд заасан нэг нэгж  нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад болон 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан. 

 

Энэхүү гэмт хэргийн улмаас “******” ХХК-ийн эд хөрөнгөд нийт 278.271.208 /хоёр зуун далан найман сая хоёр зуун далан нэгэн мянга хоёр зуун найм/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учирсан бөгөөд шүүгдэгч ****** нь мөрдөн шалгах ажиллагааны болон хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт 38.463.667 /гучин найман сая дөрвөн зуун жаран гурван мянга зургаан зуун жаран долоо/ төгрөгийн хохирлыг нөхөн төлснийг хасаж тооцсон үлдэгдэл 239.807.541 /хоёр зуун гучин есөн сая найман зуун долоон мянга таван зуун дөчин нэг/ төгрөг,  үүн дээр гэмт хэргийн хор уршигт тооцож хохирогчоос аудитын шинжилгээний ажлын хөлсөнд төлсөн 13.200.000 /арван гурван сая хоёр зуун мянга/ төгрөг нэхэмжилснийг нэмж (хэргийн 1 дүгээр хавтас 192-193 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл), нийт 253.007.541 /хоёр зуун тавин гурван сая долоон мянга таван зуун дөчин нэг/ төгрөгийг гэмт хэргийн хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон шүүгдэгчээс гаргуулж, хохирогч “******” ХХК-д нөхөн төлүүлэх үндэслэлтэй.  

 

Шүүгдэгч ****** нь нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон ба энэ нь түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болох юм.    

 

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд тухайлан заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх, шүүгдэгч ******г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас их хэмжээний хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн учир гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нь хэргийн үйл баримт болон гэм бурууд маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоос тодорхой хэсгийг буюу 38.463.667 /гучин найман сая дөрвөн зуун жаран гурван мянга зургаан зуун жаран долоо/ төгрөгийг нөхөн төлсөн, үлдсэн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж буй зэрэг нөхцөл байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналыг  зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар ******д 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.            

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СD нэг ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэж, энэ хэргийн улмаас шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.          

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон  

                                                        ТОГТООХ нь:

 

1. ******г үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан ******д 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******д оногдуулсан 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт ******гаас 253.007.541 /хоёр зуун тавин гурван сая долоон мянга таван зуун дөчин *****************дугаарт бүртгэлтэй, ************** регистрийн дугаар бүхий, ************хаягт байрлах, “******” хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD нэг ширхгийн эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Энэ хэрэгт ****** нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ******д урьд авсан хувийн баталга гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгон, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс буюу 2023 оны 10 сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

9. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ******д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  С.БАЗАРХАНД