Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 229

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д аймгийн Э суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 4-р багт нутагладаг, Д овогт Б.Б-н нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 06 сарын 17-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э, нэхэмжлэгч Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Б нь 1977 оны 06 сарын 20-ноос 1979 оны 06 сарын 20-ны өдөр хүртэл Дорноговь аймгийн Эрдэнэ сумын “Амьдралын зам” нэгдэлд хоньчин, тэмээчинээр ажиллаж байсан бөгөөд нэгдлийн боловсон хүчний сейф шатаж миний ажиллаж байсан мэдээлэл бүхий бичиг баримт үрэгдсэн, нэгдэл мандах хайрхан хоршоо болж өөрчлөгдөн архивт өгсөн цалингийн баримт дутуу байгаа тул 1977 оны 06 сарын 20-ноос 1979 оны 06 сарын 20-ны өдөр дуустал ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү. Миний бие нь тус суманд одоог хүртэл мал маллан амьдарч байгаа болно гэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь 1977 оны 06 сарын 20-ноос 1979 оны 06 сарын 20-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдэлд хоньчиноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Б нь 1977 оны 06 сарын 20-ноос 1979 оны 06 сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдэлд хоньчиноор ажиллаж байсан нь гэрч Ц.Г “...Б.Б нь 1977 онд 8-р анги төгсөөд илгээлтээр анх гарч Дорноговь амгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдэлд малчинаар 2 жил ажиллаж байгаад 1979 онд цэргийн албанд явсан. Миний бие тухайн нэгдэлд 1971-1992 оны дуустал жолоочоор ажиллаж байсан учраас сайн мэдэж байна. Тухайн үед наймдугаар ангиа төгсөөд хүүхдүүд илгээлтээр ирж мал малладаг байсан. Б.Б нь ах Д-гээ хамт мал маллаж байсан. Уг нь илгээлтээр хүүхдүүдийг Нэгдлийн даргын тушаалаар томилж, хөдөлмөрийн дэвтэр олгодог байсан. Цалин хөлсийг нь сараар бус улирлаар бодож өгдөг байсан. Хийсэн ажилаасаа шалтгаалж цалинг нь бодож олгодог байсан. Тэгэхээр Б.Б-тэй холбоотой баримтууд шатсан байх магадлалтай. Хөдөлмөрийн дэвтэрийг тухайн үед малчдын гар дээр өгдөггүй байсан. Нэгдэл дээрээ хадгалдаг байсан. Сүүлд нэгдэл тарахад хөдөлмөрийн дэвтрүүдийг нь тарааж өгч байсан.” гэх мэдүүлэг, гэрч С.И “...Б.Б нь 1977 онд наймдугаар анги төгсөөд хөдөө гарч Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдарлын зам  нэгдэлд малчинаар ажилд орж байсан. Б.Б-н аавыг нь Н.Б гэх хүн байсан. Ээжийг нь Д.Б гэж хүн байсан. Н гэж тухайн үед маш олон хүүхэдтэй айл байдаг байсан. Тухайн үед Б.Б нь 8 дугаар ангиа төгсөөд ээж, аав дээрээ мал маллаж байсан болохоор ээж, аавынх нь нэр дээр цалин бодогдсон байх. Миний бие Б.Б-н ажиллаж байсан байдлыг тогтоолгох материалыг өөрийн биеэр Дорноговь аймагт очиж шүүсэн үнэхээр Б.Б-н ганц ч материал олдоогүй. Б.Б-г ажиллаж байх хугацаанд миний бие тооцооны нягтлан нь байсан учраас түүнийг 1977 оноос 1979 оны 06 сарын 20-ны өдрийг хүртэл ажиллаж байсныг сайн мэдэж байна. Б.Б нь цэргээс халагдаж ирээд л өөр ажилд томилогдсон. Одоо хувийн мал аж ахуйтай малаа маллаж байгаа. Б.Б-н цалин хөлс авсан эсэх, ажилд орсон гарсан тушаал Дорноговь аймгийн Төв архивт огт байгаагүй. Б.Б-н ээж, аавынх нь материал бол байсан. Тэгээд миний бие Б.Б-н цалин хөлсийг тухайн үед аав, ээж дээр нь бичиж олгодог байсан юм болов уу гэж бодсон. Бригадын тоо бүртгэгч тухайн үед надад цалингаа бичээд ирэхээр нь миний бие шалгаад жинхэнэ цалингийн цэс гаргаад ерөнхий нягтлан, даргаар гарын үсэг зуруулж баталгаажуулаад цалингаа тавьдаг байсан.“ гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар, Эрдэнэ сумын Амьдарлын зам нэгдлийн 1977 оны 06 сарын 23-ны өдрийн 22 дугаартай даргын ажилд томилох тухай тушаал зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар нэхэмжлэгч Б.Б-г 1977 оны 06 сарын 20-ноос 1979 оны 06 сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдэлд хоньчиноор ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д овогт Б.Б-г 1977 оны 06 сарын 20-ноос 1979 оны 06 сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдэлд хоньчиноор ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Э.Б