| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2023/0622/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/ 673 |
| Огноо | 2023-10-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | З.Бат-Амгалан |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/ 673
2023 10 16 2023/ШЦТ/ 673
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, улсын яллагч З.Бат-Амгалан /томилолтоор/, шүүгдэгч ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******д холбогдох эрүүгийн .............. дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
****** /РД:........../.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ****** нь 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******” караокед иргэн ******той “зөөгчийг алгадлаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч ****** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн. Тухайн мэдүүлэгт үнэн зөвөөр мэдүүлсэн. Тооцоо хийх гээд байж байхад зөөгч эмэгтэй рүү дайраад байхаар нь би тийм үйлдэл гаргасан. Би гэм буруугаа зөвшөөрч байгаа.“ гэсэн мэдүүлэг,
Гурав. Эрүүгийн .......... дугаартай хэргээс:
1. Гэмт хэргийн талаарх дуудлага лавлагааны хуудас (хэргийн 8 дугаар хуудас),
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ******ийн хохирогчоор өгсөн:
“...2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 20 цаг 30 минутад Хан-Уул дүүргийн 9 хороонд үйл ажиллагаа явуулдаг “******” караокед найз ******, ******, ******, ******, ****** нарын хамт орж 2 цаг гаран дуулсан. Тухайн үед бид нар 0.75 литрийн Экс архи 4 шилийг хувааж уусан. Тэгээд тооцоо хийх гээд гарах гэтэл манай эхнэр ****** тооцоон дээрээс болж зөөгч охинтой маргалдаж байсан ба би тэр хоёрыг салгах гээд зөөгч охиныг алгадсан чинь хаанаас юм мэдэхгүй 4 залуу гарч ирээд, нэг залуу нь миний нүүрэн тус газарт нэг удаа цохиж уруул сэтэлсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг (хэргийн 19 дэх тал),
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ******ын гэрчээр өгсөн:
“... 2023 оны 05 дугаар сарын 04-ний 22 цагийн орчимд Хан-Уул дүүрэг 9-р хороонд үйл ажиллагаа явуулдаг “******” гэх нэртэй караокед найз нартайгаа орж үйлчлүүлсэн. Тухайн үед бид нар зургуулаа караокед дуулж 0.5 литрийн архи 2 шилийг хувааж уусан. Тэгээд тооцоо хийх гэж байхад араас нэг ах орилж гарч ирээд, зөөгч охиныг алгадахаар нь ****** тухайн ахыг “боль” гэж хэлэхэд өөдөөс нь хэрүүл хийгээд байсан ба тэр хүн ****** цохих гээд гараа далайхаар нь ****** тухайн ахыг нүүрэн тус газар нь нэг л удаа цохисон чинь тухайн ахын уруулаас нь цус гарсан ….” гэсэн мэдүүлэг (хэргийн 21 дэх хуудас),
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Энхбатын гэрчээр өгсөн:
“... 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 22 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 9-р хороонд үйл ажиллагаа явуулдаг “******” гэх нэртэй караокед найз нартайгаа орж үйлчлүүлсэн. Тухайн үед бид нар зургуулаа караокед дуулж 0.5 литрийн архи 2 шилийг хувааж уусан. Тэгээд бид нар дуулж байхад зөөгч охин цаг болсон сунгах юм уу, гарах юм уу гэхээр нь бид нар гарна тооцоогоо хийнэ гээд ****** өрөөнөөс гарсан. ******-н араас гарахад нэг ахтай маргалдаж байхаар нь би очиж салгасан чинь ****** тухайн ахын нүүрэн тус газар нь гараараа цохисон. Сүүлд тухайн ахыг харахад уруулаас нь цус гарсан байсан. Хэн цагдаад дуудлага өгснийг мэдэхгүй байна...’ гэсэн мэдүүлэг (хэргийн 23 дахь хуудас),
5. Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ........ дугаартай:
“1. ******ийн биед дээд уруулд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, 5-7 хоногийн өмнө үүсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 33-34 дэх тал),
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ****** яллагдагчаар өгсөн:
“...Миний гаргасан үйлдэлд Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор ******гийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж байгаад санал нийлж хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 40 дэх тал), болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 44 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 46 дахь тал), оршин суугаа хаягийн лавлагаа (хэргийн 47 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хэргийн 49 дэх тал), Хохирогчийн зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж бичсэн хүсэлт (хэргийн 52 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч эмч гаргасан байх тул шүүх тэдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ****** гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Дөрөв. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******” караокед хохирогч ****** үйлчлүүлээд гарахдаа төлбөр тооцооны асуудлаас болж тус караокены зөөгчтэй маргаж, алгадах үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан шүүгдэгч ****** нь түүнд “боль” гэсэн шаардлага тавихад хохирогч нь эсэргүүцэн маргасан, улмаар үл ойлголцол маргааны явцад ****** нь хохирогч ******ийн нүүр тус газар нь гараараа нэг удаа цохисноос түүний биед “дээд уруулд шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дугаар зүйлд “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй дархан байх эрхийг баталгаажуулсан.
Хэргийн хохирогч ******ийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан “...дээд уруулын шарх” бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч ****** түүний нүүрэн тус газарт гараараа цохисноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон бөгөөд хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд хэргийн хохирогч ****** нь үйлчилгээний газар хэрүүл маргаан үүсгэж, зүй бус авирласан зохих буруутай байдал уг гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсныг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч ****** тодорхой сэдэлттэй маргааны улмаас хүний халдашгүй дархан байдалд хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдлийг Хан-Уул дүүргийн прокуророос “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон байна гэж шүүх дүгнэв.
Хэргийн шүүгдэгч ****** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Ч.****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хохирогч ******ийн биед учирсан хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд, ..., санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй гарсан бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.
Энэ хэргийн хохирогч ****** нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Надад нэхэмжлэх хохирол байхгүй, гомдол санал байхгүй” гэж хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад түүний бичгээр гаргасан “...эмчилгээний зардал болох 150.000 төгрөг хүлээн авсан, гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт (хэргийн 19 дэх тал, 52 дахь тал) баримттай байх тул эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэх, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгч ****** нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 44 дэх талд авагдсан “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг анх удаа Эрүүгийн хулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд энэ нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзвэл зохих хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох юм.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх, шүүгдэгч Ч.****** “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн,
шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол хор уршгийг нөхөн төлсөн, уг гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч “гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй” гэснийг болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал дүгнэлт зэргийг тус тус харгалзан ******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 450 / дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт ****** нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч ****** нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ******д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ****** нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт ****** нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч ****** нь “хохирол нөхөн төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД.