Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2020/01887

 

 

 

 

 

                         2020        05          25

    101/ШШ2020/01887

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 15-29 тоот хаягт оршин суух, Ноён цорс овогт Х.Х /рд: 0/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 0 байр, 0 тоот хаягт байрлах, Б з ХХК /рд: /-д холбогдох,

 

20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Х.Х би Б.Б-тэй 2019 оны 01 сарын 07-ны өдөр өөрийнх нь эзэмшлийн компанийн жилийн татварын хяналт шалгалтанд төлөөлөн орох, баримт материалыг цэгцлэхтэй холбоотой ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээнд гүйцэтгэх ажлын нийт хөлс болох 25.000.000 төгрөгийг 2 хувааж төлнө гэж заасан. Урьдчилгаа 5.000.000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр өгөхөөр заасан боловч 3.500.000 төгрөгийг 7 хоногийн дотор, үлдэгдэл 1.500.000 төгрөгийг нэлээд удааж, нэхүүлж байж өгсөн. Үлдэгдэл 20.000.000 төгрөгийг гэрээнд заасан графикаар өгөх байсан ч санхүүгийн хүндрэлтэй байгаа 2019 оны 06 сарын 10-н хүртэл хүлээгээч гэснийг нь хүлээн авч хүлээсэн боловч уг хэлсэн өдрөөсөө хойш за өгнө, очиж уулзана гэж удаа дараа худал хэлсээр сүүлдээ утсаа авахаа больсон. Иймд би Б.Б-ээс гэрээний үүргийн гүйцэтгэл болох 20.000.000 сая төгрөгийн нэхэмжилж байна. Уг нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 1 сарын 6-ны өдөр гаргасан. Үүнтэй холбоотойгоор 2020 оны 1 сарын 13-ны өдөр шүүгчийн 101\Ш32020\01289 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Уг захирамжинд дурдагдсан алдааг засч дахин нэхэмжлэл гаргаж байна. Иймд нэхэмжлэлийг минь хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б з ХХК, нэхэмжлэгч Х.Х нар 2019.01.07-ны өдөр Б з ХХК-ийн 2016-2018 он хүртэл татварын тайлан тооцоо хийх, баримт бичгийг бүрдүүлэх ажил хийж гүйцэтгэхээр тохиролцсон. 2019 оны 6 сард ажил гүйцэтгэх гэрээг дууссан. Гэрээний төлбөрт 25 сая төгрөг авахаар тохирч, 2020.01.07 өдөр 5 сая төгрөг, үлдэгдэл төлбөрийг графикийн дагуу төлөхөөр тохирсон. 2019 оны 9 сард Б з ХХК-ийн тухайн үеийн удирдлага Б-д төлбөрөө төлөхийг мэдэгдэхэд төлбөрийг төлнө, үйлчилгээнд сэтгэл хангалуун байна. Үйлчилгээний хөлсөнд гэрийн модон тавилга хийж өгье гэж хэлсэн. 2020.01.22-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягтаа байхгүй тул буцаасан. Улмаар хариуцагчийг эрэн сурвалжлуулж гүйцэтгэх захирал Батцэрэнгийн хаягийг тогтоож нэхэмжлэл гаргасан. Батцэрэнд нэхэмжлэл гардуулсан боловч Б з ХХК-ийн захирал байхаа больсон тул хариуцагч Б з ХХК-иар сольсон. Компанийн дансанд байгаа мөнгөн хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээр битүүмжилсэн захирамжид хариуцагч тал гомдол гаргаж төлөөлөгч нь ирсэн боловч итгэмжлэл хуульд заасан шаардлага хангаагүй тул гомдлыг хэлэлцэхгүй орхисон. Нэхэмжлэл тал шүүхэд хандсан болохыг хариуцагч тал мэдэж байсан ба хариу тайлбар гаргаагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байна. Иймээс Иргэний хуулийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан ба Хүрэлбаатар ажлыг чанартай гүйцэтгэж хүлээлгэж өгсөн боловч Б з ХХК гэрээний төлбөрийг төлөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Х нь хариуцагч Б.Б-д холбогдуулан 20,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б-г Б з ХХК-иар сольж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна.

 

Хариуцагч Б з ХХК-ийн төлөөлөгч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй, хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд биечлэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Х.Х, хариуцагч Б з ХХК нар нь 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр АГ 19/01-07 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гүйцэтгэгч Х.Х нь 2016-2018 оныг дуусах хүртэлх хугацааны татварын тайланг татварын хяналт шалгалтад оруулах, татварын хяналт шалгалтад зориулж баримт материалыг цэгцлэх, ажлын хөлсөнд захиалагч Б з ХХК нь 25,000,000 төгрөг төлөх, төлбөрийн урьдчилгаа 5,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр, үлдэгдэл төлбөрийг 2019 оны 03 сард 6,000,000 төгрөг, 2019 оны 04 сард 7,000,000 төгрөг, 2019 оны 05 сард 7,000,000 төгрөгөөр тус тус төлөхөөр талууд гэрээгээр тохиролцжээ.

 

Нэхэмжлэгч нь урьдчилгаа 5,000,000 төгрөгийг авч, ажил гүйцэтгэх гэрээний дагуу тус компанийн санхүүгийн бичиг баримтыг татварын хяналт шалгалтад бэлтгэж ажлын үр дүнг хариуцагч талд хүлээлгэн өгсөн, тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батцэрэн үлдэгдэл мөнгийг төлнө гэж зөвшөөрч хэлдэг байсан гэж тайлбарлаж байна.

 

Зохигч талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байна.

 

Уг гэрээний зохицуулалтаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн тайлбар, түүнтэй холбоотой нотлох баримт гаргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.2-т заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй тул шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэв.

 

Иймд хариуцагч Б з ХХК-иас 20,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Хт олгох нь зүйтэй байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

       1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч Б з ХХК-иас 20,000,000 /хорин сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Хт олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 257,950 /хоёр зуун тавин долоон мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШЗ2020/06438 дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдсугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ц.ЦЭРЭНДУЛАМ