Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2020/01854

 

 

 

 

 

                         2020        05          22

    101/ШШ2020/01854

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Оддын хотхон, 0 байр, 0 тоот хаягт оршин суух, Боржигин овогт Б.О /рд: 0/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 хороолол, Нарны зам гудамж, 0 байр, 0 тоот хаягт оршин суух, Тайж нар овогт А.Х /рд: 0/-д холбогдох,

 

4,764,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Учрал, хариуцагч А.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.О миний бие иргэн А.Хтай Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Оддын хотхон, 0 байр, 0 тоот, улсын бүртгэлийн Ү-0 дугаар бүхий 126.13 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг /1 гражийн хамт/ нэг сарын 1,800,000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгөөр, 2019.11.21-2020.02.21-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатай хөлслөхөөр харилцан тохиролцож 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Орон сууц хөлслөх гэрээ” байгуулсан. Гэрээ байгуулахдаа 2019 оны 11 дүгээр сарын 21-нд 1.800.000 төгрөгийг, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 3.600.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохирч, тухай бүрт нь орон сууцны цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус, СӨХ-ын төлбөрийг төлөхөөр харилцан тохирсон. Гэтэл А.Х нь гэрээ байгуулсныхаа дараа манай байранд 3 сар суухгүй, 1 сар буюу 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл суух болсон талаараа хэлсэн ба байрыг маань дээрх хугацаанд чөлөөлж өгөлгүй, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ашигласан. Хөлслүүлэгчийн зүгээс орон сууц хөлсөлсний төлбөр, ашиглалтын зардлын төлбөр зэргийг цаг тухай бүрт нь төлөхийг болон байр чөлөөлж өгөхийг шаардсан боловч 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг төлсөн ба үлдэгдэл төлбөрийг төлөхөөс татгалзсан. Иймд хариуцагчаас Орон сууц хөлслөх гэрээгээр хэлэлцэн тохирсон хөлсний үлдэгдэл, цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус, СӨХ-ийн төлбөр нийт 4.764.000 төгрөг гаргуулж өгнө үү.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Уг нэхэмжлэлийг дараах шаардлагуудын улмаас хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

1. Уг түрээсийн байр нь өвөл халаалт маш муу байснаас хүүхдүүд ойр ойрхон ханиад хүрч хичээл сургууль завсардуулсан,

  1. 00-ын өрөөний бохир байнга үнэртэж хүн ашиглах нөхцөл байдал хүнд,

3. Түрээсийн байранд хүн амьдрах наад захын хэрэглээ, угаалгын машин, хогийн шүүр, тоос сорогч байхгүй / өөрсдийн хөрөнгөөр авсан/

  1. Хүйтэн байсан тул 2020 оны 1 сарын 7-ноос 2 сарын эх хүртэл амьдраагүй.

5. Нэхэмжлэгч О-д энэ талаар хэлэхэд дүүтэйгээ ярилцаад сарын түрээсийн төлбөрийг 1,650,000 төгрөг болгож болох талаар хэлсэн ч дүнд өөрчлөлт оруулалгүйгээр нэхэмжилсэн байна.

Ийм шалтгаанаар нэхэмжлэлийн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Би ашиглалтын зарим зардлыг цагаан сарын өмнө төлсөн. Төлбөрийн талаар маргахгүй. Гэхдээ уг байр хүн амьдрахад маш хүйтэн, эд хогшил дутуу, бохир үнэртдэг байсан тул 1 сар амьдраад гарах болсон талаар О-д хэлсэн. Гэхдээ өвөл байрнаас гарах боломжгүй болсон тул 1,650,000 төгрөг болгож үнийг нь буруулах талаар О-нтэй ярьсан.  байр хүлээж авахаар ирэхдээ 4 эмэгтэйтэй хамт ирж, хүндэтгэлгүй хандаж, нийлж хэл амаар доромжилсон. Надаас уучлалт гуйвал би төлбөрийг төлөхөд бэлэн байна гэв.

 

Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч А.Хд холбогдуулан орон сууцны хөлсний үлдэгдэл төлбөр 3,900,000 төгрөг, ашиглалтын зардалд 864,000 төгрөг, нийт 4,764,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь хөлслүүлсэн орон сууц өвөл хүйтэн, бохир үнэртэж байсан тул 3 сар суух боломжгүй, 1 сар суугаад гарахаар болсон боловч өвөл байсан тул үнийг 1,650,000 төгрөг болгон буулгахаар ярьж тохирсон. Байр хүлээж авах үедээ надтай хүндэтгэлгүй хандсан тул уучлалт гуйсны дараа мөнгийг төлнө гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч, хариуцагч нар 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Орон сууц хөлслөх гэрээ байгуулж, хөлслүүлэгч Б.О нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Оддын хотхон 0 байр 0 тоот, Ү-0 өмчлөх эрхийн улсын бүртгэлтэй, 126,13 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг хөлслөгч А.Хд 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатай, 5,400,000 төгрөгөөр хөлслөхөөр, төлбөрийг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 1,800,000 төгрөг, 2019 оны 12 сарын 05-ны өдөр 3,600,000 төгрөгийг төлөхөөр, орон сууцны ашиглалтын зардлыг хөлслөгч төлөхөөр тус тус тохиролцжээ. /хх4-6 тал/

 

Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т заасан орон сууц хөлслөх гэрээ байна.

 

Нэхэмжлэгч нь эд хөрөнгө хөлслөх гэрээний зүйл болох орон сууцны өмчлөгч болох нь эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогджээ. /хх-6 тал/

 

Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй. 

 

Гэрээний үнэ, төлбөр төлөх хэмжээ зэргээс үзэхэд орон сууц хөлслөх үнийг 1 сард 1,800,000 төгрөгөөр тохирсон гэж үзэхээр ба гэрээ байгуулах үед хариуцагч тал орон сууцны хөлсөнд 1,800,000 төгрөгийг төлж, үлдэх 3,900,000 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Орон сууц хүйтэн, бохир үнэртэж байсан, хэрэглээний эд зүйл дутмаг байсан тул 3 сарын хугацааг 1 сар болгох гэхэд өвөл байсан тул үнийг бууруулж 1,650,000 төгрөг болгосон гэх хариуцагчийн тайлбар нотлох баримтаар тогтоогдохгүй, гэрээнд энэ талаар нэмэлт, өөрчлөлт оруулаагүй байна.

 

Хариуцагч нь хүйтэн байсан тул 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2 сарын эх хүртэл уг байранд амьдраагүй гэх боловч гэрээний хугацаа дууссанаас хойш орон сууцыг хөлслөгч нь хөлслүүлэгчид хүлээлгэн өгсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байгаа тул хариуцагч гэрээнд заасан хэмжээгээр орон сууцны хөлсийг төлөх үүрэгтэй гэж үзлээ.

 

Орон сууцны цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус, утасны төлбөр, СӨХ, юнивишны төлбөрийг Орон сууц хөлслөх гэрээний 4.1-т хөлслөгч тал төлөхөөр заасан ба Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4-т зааснаар Орон сууц хөлслөх гэрээнд энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарах ба мөн хуулийн 292 дугаар зүйлийн 292.3-т зааснаар талууд тохиролцсон бол нэмэлт зардлын төлбөрийг нэгэн адил төлөх тул ашиглалтын зардлыг хариуцагч төлөх үндэслэлтэй байна.

 

Иймээс гэрээний хугацаанд хамаарах, баримтаар тогтоогдсон цахилгааны төлбөр 83,956 төгрөг, СӨХ-ийн төлбөр 349,360 /87,340₮ х 4сар/ төгрөг, ус, дулаан, халаалтын зардал 431,301.96 төгрөг, нийт 864,617.96 төгрөг болсноос нэхэмжлэгч 864,000 төгрөгийг нэхэмжилсэн хэмжээнд хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг уучлалт гуйвал мөнгийг төлнө гэж байгаа боловч уг татгалзал нь талуудын хооронд үүссэн гэрээний үүргийн маргааны шийдвэрлэхэд хамаарахгүй, уучлалт гуйх эсэх нь хувь хүний зан суртахууны асуудал юм. Иймд хариуцагчийн татгалзал хуульд нийцэхгүй юм.

 

Иймд хариуцагчаас орон сууцны хөлс 3,900,000 төгрөг, ашиглалтын зардал 864,000 төгрөг, нийт 4,764,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Од олгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.3, 302 дугаар зүйлийн 302.1-т зааснаар хариуцагч А.Хгаас орон сууцны хөлсөнд 3,900,000 төгрөг, ашиглалтын зардалд 864,000 төгрөг, нийт 4,764,000 /дөрвөн сая долоон зуун жаран дөрвөн мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Од олгосугай.  

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 91,200 /ерэн нэгэн мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

           

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ц.ЦЭРЭНДУЛАМ