| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 221/2025/0036/З |
| Дугаар | 221/ШШ2026/0002 |
| Огноо | 2026-02-23 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 221/ШШ2026/0002
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдааны шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Б.Адъяасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Ц.Одмаа
Шүүгч З.Ганзориг
Нэхэмжлэгч: Г.С, Д.Д нар
Хариуцагч: Боловсролын сайд
Нэхэмжлэлийн шаардлага: Боловсролын сайдын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “Дүрэмд өөрчлөлт оруулах тухай” А/245 дугаар тушаалыг хүчингүй болгуулах
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, иргэдийн төлөөлөгч Н.М нар оролцов.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул
Хэргийн индекс: 221/2025/0036/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.С, Д.Д нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:
Соёл урлагийн их сургууль /СУИС/-ийн Удирдах зөвлөл нь 2025 оны 03 дугаар сарын 12-ны 06 тоот тогтоолыг батлахдаа дараах хууль, дүрэм, журмуудыг зөрчиж процессийн алдаа гаргасан байдаг. Үүнд:
1.1. Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “Төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагаас бусад боловсролын сургалтын байгууллагын захирал, эрхлэгч дараах тусгай шаардлагыг хангасан байна”,
1.2. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/576 дугаар тушаалын хавсралт “Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн нийтлэг дүрэм”-ийн 4.2-т “Удирдах зөвлөл Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасан шаардлагыг баримтлан захирал, ректорын албан тушаалын (ажлын байрны) тодорхойлолтыг батална.”
1.3. СУИС-ын Удирдах зөвлөлийн дүрмийг 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр баталсан. Тус дүрмийн 4.2-т “Удирдах зөвлөл Боловсролын ерөнхий хуулийн 33.2-т заасан шаардлагыг баримтлан захирал, ректорын албан тушаалын (ажлын байрны) тодорхойлолтыг батална.
1.4. СУИС-ын Удирдах зөвлөлийн дүрмийг 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр баталсан. Тус дүрмийн 4.4-т “Хурлын ирц 75-аас доошгүй хувьтай байх тохиолдолд хурлыг хүчинтэйд тооцно”-ыг тус тус зөрчсөн байдаг. Энэ нь дээрх хууль бус ажиллагаагаа далдлах зорилгоор дахин хууль бус үйлдэл гаргасан. Тухайлбал:
-СУИС-ын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 02 тогтоол “Дүрэм шинэчлэн батлах тухай”-ын 4.2-т “Боловсролын ерөнхий хуулийн 33.2-т заасан шаардлагыг баримтлан Ректорын албан тушаалын (ажлын байрны) тодорхойлолтыг хэлэлцэн батлах” гэж заасан учир “Боловсролын ерөнхий хуулийн 33.2-т заасан шаардлагыг баримтална гэснийг хассугай” гэж 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр дүрэмд өөрчлөлт оруулсан 14 дугаар тогтоол гарсан. /өмнөх тогтоолоо батлахдаа 4.2 дахь заалтаа барьсан./
-СУИС-ийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 02 тогтоол “Дүрэм шинэчлэн батлах тогтоолын 4.4-т “Хурлын ирц 75-аас доошгүй хувьтай байх тохиолдолд хурлыг хүчинтэйд тооцох гэж заасныг 60-аас доошгүй гэж өөрчилсүгэй” гэж мөн 14 дугаартай тогтоол гаргасан. /хурлын ирц 73 хувьтай байхдаа тогтоолоо баталсан/
-Мөн Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/576 тушаалын хавсралт “Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн нийтлэг дүрэм”-ийн 4.2-т “Удирдах зөвлөл Боловсролын ерөнхий хуулийн 33.2-т заасан шаардлагыг баримтлан захирал, ректорын албан тушаалын (ажлын байрны) тодорхойлолтыг батална” гэж заасан учраас Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “Дүрэмд өөрчлөлт оруулах тухай” А/245 дугаар тушаалаар Ректор гэснийг хассугай гэсэн тушаал гаргасан. /өмнөх тушаалаа батлахдаа 4.2 дахь заалтаа барьсан/
Энэ үйлдэл нь ганцхан СУИС-ын Ректор гүйцэтгэх удирдлагыг томилох асуудал биш үндсэндээ Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагаас бусад боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэх удирдлагыг томилох зохицуулалтад хууль зөрчсөн үйлдэл болсон.
Энэ хууль зөрчсөн үйлдэлд нэхэмжлэгч нараас Монгол Улсын Боловсролын яаманд хандаж СУИС-ын Удирдах зөвлөл нь 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 06 тогтоолоороо холбогдох хууль зөрчсөнд гомдол гаргасан. Хариу бичигт: Дээрх гомдолд дурдсан асуудал нь Боловсролын ерөнхий хуульд зааснаар СУИС-ын Удирдах зөвлөлийн чиг үүрэгт хамаарах тул тус гомдлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд судлан, хариуг түүгээрээ хүргүүлнэ үү” гэжээ. Энэ хариу нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5-д заасан “Гомдлыг түүнд холбогдож байгаа албан тушаалтанд өөрт нь шилжүүлэхийг хориглоно” гэсэн хуулийн заалтыг Боловсрол, шинжлэх ухааны яам мөн л зөрчсөн үйлдэл хийсэн.
Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасантай уялдсан олон хууль, дүрэм, журам байдаг. Тухайлбал:
-Боловсролын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Боловсролын сургалтын байгууллага нь цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллеж, коллеж, дээд сургууль, их сургууль байна.
-Боловсролын ерөнхий хуулийн 33.1-д “Өмчийн бүх хэлбэрийн боловсролын сургалтын байгууллагыг үүсгэн байгуулагч буюу түүний эрх олгосон этгээдийн томилох гүйцэтгэх удирдлага удирдана. Гүйцэтгэх удирдлага нь цэцэрлэгт эрхлэгч, ерөний боловсролын сургууль болон мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллеж, коллеж, дээд сургуульд захирал, их сургуульд проректор, ректор байна.
-Боловсролын ерөнхий хуулийн 33.4-д “Энэ хуулийн 28.4, 28.5-д заасан албан тушаалд тавих тусгай шаардлага, 33.2-т заасан албан тушаалд тавих тусгай шаардлагыг хангаагүй иргэнийг томилохыг хориглоно.”
-Мөн Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/145 тушаалын хавсралт “Төрийн болон орон нутгийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулах журам”-ын 8.3-т “Албан тушаалын тодорхойлолтод Боловсролын ерөнхий хуулийн 33.2-т заасан тусгай шаардлагыг тусгана. Ажилласан жилйиг тооцохдоо мөн хуулийн 33.5-д заасан журмыг баримтална” гэж хуульчилсан хоорондоо уялдаа холбоо бүхий заалтыг зориудаар үгүй болгож байна.
Боловсролын сайдын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “Дүрэмд өөрчлөлт оруулах тухай” А/245 дугаар тушаалаар Ректор гэснийг хассанаар Монгол Улсын хуулиар хуульчилсан Төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын захирал, эрхлэгч нар тусгай шаардлагыг хангахгүй болгож, мөн “Төрийн болон орон нутгийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулах журам”, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/576 тушаалын хавсралт “Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн нийтлэг дүрэм”-ийн 4.2 дахь заалт дахь Удирдах зөвлөл Боловсролын ерөнхий хуулийн 33.2-т заасан шаардлагыг баримтлан захирал, ректорын албан тушаалын (ажлын байрны) тодорхойлолтыг батлахгүй болгож, хуулинд захирагдахгүй тушаал гаргах боломж гаргаж байна.
СУИС-ийн Удирдах зөвлөл нь 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 06 тоот ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлахаас эхлээд өнөөдрийг хүртэлх хугацаанд маш олон тогтоол гаргасан. Гаргасан тогтоолоо өөрсдөө зөрчсөн. Түүнийгээ булзааруулах гэж дахин хууль бус тогтоол гаргаж, хууль бус үйлдлүүд хийсээр байна. Тухайлбал, СУИС-ийн Удирдах зөвлөлийн 06, 08 дугаар тогтоол гаргасан ба түүнийгээ өөрсдөө зөрчсөн үйлдлээ далдлах гэж дахин 16 дугаар тогтоол гаргасан. Түүгээр ч барахгүй хууль бусаар Боловсролын сайдын А/245 дугаар тогтоол гаргуулсан.
Энэ үйлдэл нь эхэндээ СУИС-ийн дотоодод чиглэсэн сөрөг үйл ажиллагаа байсан бол одоо гадагшаагаа чиглэж Монгол Улсын их, дээд сургуулиудын Ректор, гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааны чиглэл, сонгон шалгаруулах үйл ажиллагаанд халдсан үйлдэл гаргаж байна.
СУИС-ийн Удирдах зөвлөл нь Ректорын ажлын байрны тодорхойлолтыг батлахдаа хууль зөрчиж нэг хүнд зориулсан ажлын байрны тодорхойлолт гаргасан. Тэр хууль бус ажлын байрны тодорхойлолтын дагуу 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаар тогтоол гаргаж, олон нийтэд чиглэсэн нээлттэй сонгон шалгаруулалт зарласан нэр зүүж бусдад харуулах оролдлого хийж байна. Тэдний урьдаас төлөвлөж нэг хүнээ сонгох гэж буй хууль бус үйлдлээ олон нийтийг оролцуулах гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
Энэ нь цаашлаад их, дээд сургуулиудын Ректорын албан тушаалд хууль, дүрэм, журамд захирагдахгүйгээр томилох боломжтой болгож байна. Энэ нь өнөөдрийн нэхэмжлэгч нарын болон бусад их дээд сургуулиудын олон арван хүмүүсийг Боловсролын ерөнхий хуулийн 33.2-ийн дагуу тусгай шаардлага, шалгууруудыг хангаж Ректорын албан тушаалд томилогдох, сонгох сонгогдох эрх зөрчигдөж байна.
Нэхэмжлэгч нараас хуульд заасан үндэслэл журмын дагуу Ректорын ажлын байрны тодорхойлолт батлагдах ёстой, хуулинд захирагдахгүй байх тушаал гаргаж болохгүй, хууль бус ажлын байрны тодорхойлолтоор олон нийтэд чиглэсэн нээлттэй сонгон шалгаруулалт явагдах ёсгүй гэж үзэж байна.
Иймд Боловсролын Сайдын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “Дүрэмд өөрчлөлт оруулах тухай” А/245 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А-оос шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
2.1. Боловсролын сайдын 2025 оны А/245 дугаар тушаалаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны “Дүрэм шинэчлэн батлах тухай” А/576 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн нийтлэг дүрэм”-ийн 4.2 дахь заалтын “ректор” гэснийг хассанаар Боловсролын ерөнхий хуулийн 33.2-т заасан шаардлагад нийцүүлсэн бөгөөд тус заалтад “ректор” гэж тусгаагүй байна.
Иймд нэхэмжлэгч Г.С, Д.Д нараас Боловсролын сайдын2025 оны “Дүрэмд өөрчлөлт оруулах тухай” А/245 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.
3. Иргэдийн төлөөлөгч Н.М шүүхэд гаргасан дүгнэлтдээ “...Сүүлд гаргасан хуулийн үндэслэл нь буруу, олон хүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж байна...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Г.С, Д.Д нараас Боловсролын сайдад холбогдуулан “Боловсролын сайдын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “Дүрэмд өөрчлөлт оруулах тухай” А/245 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т “Дараахь төрлийн маргааныг давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ”, мөн зүйлийн 112.1.1-т “улсын хэмжээний, эсхүл хоёр болон түүнээс дээш засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд үйлчлэх захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан” гэж тус тус заасны дагуу Боловсролын сайдын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “Дүрэмд өөрчлөлт оруулах тухай” А/245 дугаар тушаал нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн тул захиргааны хэрэг үүсгэн хэргийг хянан шийдвэрлэв.
3. Боловсролын сайдын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “Дүрэмд өөрчлөлт оруулах тухай” А/245 дугаар тушаалын 1 дэх заалтаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны “Дүрэм шинэчлэн батлах тухай” А/576 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн нийтлэг дүрэм”-ийн 4.2 дахь заалтад “Удирдах зөвлөл Боловсролын ерөнхий хуулийн 33.2-т заасан шаардлагыг баримтлан ректор, захирлын албан тушаалын (ажлын байрны) тодорхойлолтыг батална” гэж заасны “ректор” гэснийг хассан өөрчлөлт оруулсан.
4. Соёл урлагийн их сургуулийн Удирдах зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Удирдах зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталж, 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаар тогтоолоор тус сургуулийн ректорын албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтыг шинэчлэн баталсан бөгөөд мөн удирдах зөвлөлийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 15 дугаар тогтоолоор өмнөх 06 дугаар тогтоолын үндэслэх хэсгийн “Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн нийтлэг дүрэм”-ийн 4.2 дахь заалт гэснийг хассан байна.
5. Хариуцагчаас Боловсролын сайдын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “Дүрэмд өөрчлөлт оруулах тухай” А/245 дугаар тушаал гаргасан үндэслэлээ “...Боловсролын ерөнхий хуулийн 33.2-т заасан шаардлагад нийцүүлсэн бөгөөд тус заалтад “ректор” гэж тусгаагүй байна...” гэж тайлбарлан маргажээ.
6. Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т “Өмчийн бүх хэлбэрийн боловсролын сургалтын байгууллагыг үүсгэн байгуулагч буюу түүний эрх олгосон этгээдийн томилсон гүйцэтгэх удирдлага удирдана. Гүйцэтгэх удирдлага нь цэцэрлэгт эрхлэгч, ерөнхий боловсролын сургууль болон мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллеж, коллеж, дээд сургуульд захирал, их сургуульд проректор, ректор байна”, 33.2-т “Төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагаас бусад боловсролын сургалтын байгууллагын захирал, эрхлэгч дараах тусгай шаардлагыг хангасан байна”, 33.2.1-т “багш мэргэжлээр их, дээд сургууль төгссөн боловсролын удирдлага, сургалтын агуулга, арга зүй, үнэлгээний чиглэлээр энэ хуулийн 27.1.2-т заасан мэргэшүүлэх сургалтад хамрагдаж, төгссөн байх”, 33.2.2-т “боловсролын сургалтын байгууллагад тасралтгүй 10-аас доошгүй жил, үүнээс боловсролын сургалтын байгууллагад багшаар зургаагаас доошгүй жил, тэнхимийн эрхлэгч, албаны дарга, сургалтын менежер, нийгмийн ажилтан, арга зүйчээр дөрвөөс доошгүй жил ажилласан, мэргэжлийн тэргүүлэх болон түүнээс дээш зэрэгтэй байх”, 33.4-т “Энэ хуулийн 28.4, 28.5-д заасан албан тушаалд тавих тусгай шаардлага, 33.2-т заасан албан тушаалд тавих тусгай шаардлагыг хангаагүй иргэнийг томилохыг хориглоно” гэж тус тус заасан.
7. Дээрх хуулийн зохицуулалтаар их сургуулийн гүйцэтгэх удирдлага нь проректор, ректор байхаар заасан бөгөөд Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны А/576 дугаар тушаалын 4.2-т “Удирдах зөвлөл Боловсролын ерөнхий хуулийн 33.2-т заасан шаардлагыг баримтлан ректор, захирлын албан тушаалын (ажлын байрны) тодорхойлолтыг батална” гэж зааснаас үзэхэд ректорын албан тушаалын (ажлын байрны) тодорхойлолтыг батлахдаа хуульд заасан тусгай шаардлагыг баримтлахаар нарийвчлан зохицуулжээ. Тодруулбал, “гүйцэтгэх захирал, ректор” гэхчлэн нэршлээс үл хамааран их, дээд сургуулийн гүйцэтгэх удирдлагад хуулиар тавигдах шаардлага юм.
8. Хариуцагч Боловсролын сайдын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн маргаан бүхий А/245 дугаар тушаалаар мөн сайдын 2023 оны А/576 дугаар тушаалаар батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн нийтлэг дүрэм”-ийн 4.2-т “Удирдах зөвлөл Боловсролын ерөнхий хуулийн 33.2-т заасан шаардлагыг баримтлан ректор, захирлын албан тушаалын (ажлын байрны) тодорхойлолтыг батална” гэж заасны “ректор” гэснийг Боловсролын ерөнхий хуулийн 33.2-т заасан шаардлагад “ректор” гэж тусгаагүй гэсэн үндэслэлээр хассан нь Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Өмчийн бүх хэлбэрийн боловсролын сургалтын байгууллагыг үүсгэн байгуулагч буюу түүний эрх олгосон этгээдийн томилсон гүйцэтгэх удирдлага удирдана. Гүйцэтгэх удирдлага нь цэцэрлэгт эрхлэгч, ерөнхий боловсролын сургууль болон мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллеж, коллеж, дээд сургуульд захирал, их сургуульд проректор, ректор байна.” гэсэнтэй нийцээгүй.
9. Түүнчлэн мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “Төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагаас бусад боловсролын сургалтын байгууллагын захирал, эрхлэгч дараах тусгай шаардлагыг хангасан байна” гэсэн заалт ректорт хамааралгүй гэж хариуцагчаас уг хуулийн заалтыг хэт явцууруулан хэрэглэсэн бөгөөд уг заалтад ректорыг оруулаагүй талаар Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцсэн УИХ-ын чуулганы хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй байна.
10. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Захиргааны хэм хэмжээний актын төсөл бэлтгэх ажиллагааг тухайн актыг гаргах эрх бүхий захиргааны байгууллага зохион байгуулна”, 61.2-т “Зохицуулах харилцаа нь бусад захиргааны байгууллагын чиг үүрэгт давхар хамаарч байгаа бол тухайн захиргааны байгууллагаас албан ёсоор санал авна”, 61.3-т “Энэ хуулийн 61.2-т заасан саналыг аваагүй бол үндэслэл, шаардлагыг тайлбарлан хүргүүлнэ”, 61.4-т “Захиргааны хэм хэмжээний актын төслийг бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээг энэ хуулийн 61.6-д заасан аргачлалын дагуу хийж, түүнд дараах нөхцөл байдлыг тусгаж, танилцуулга бэлтгэнэ” гэж тус тус заажээ.
11. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Төрийн өмчийн Их, дээд сургуулийн гүйцэтгэх удирдлага болон Боловсролын яамны Дээд боловсролын газрын ажилтнуудын нэгдсэн вайбэр групп чат-д “Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн нийтлэг дүрэм”-ийн 4.2 дахь заалтаас “ректор” гэснийг хасах Боловсролын сайдын тушаалд санал авах талаар харилцсан хэсэгт үзлэг хийж баримтжуулсан бөгөөд уг үзлэгээр тогтоогдсон үйл баримт болон гэрчийн мэдүүлгээс үзэхэд маргаан бүхий тушаалыг гарахаас өмнө тушаалын төсөлд холбогдох этгээдүүдээс санал авсан нь тогтоогдоогүй, харин уг тушаал гарсны дараа саналыг нөхөн авсан үйл баримт тогтоогдлоо.
12. Эдгээр нөхцөл байдлаас дүгнэн үзэхэд маргаан бүхий Боловсролын сайдын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/245 дугаар тушаалаар “Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн нийтлэг дүрэм”-ийн 4.2-т “Удирдах зөвлөл Боловсролын ерөнхий хуулийн 33.2-т заасан шаардлагыг баримтлан ректор, захирлын албан тушаалын (ажлын байрны) тодорхойлолтыг батална” гэж заасны “ректор” гэснийг хассан нь их сургуулийн гүйцэтгэх удирдлага болох ректорын албан тушаалын (ажлын байрны) тодорхойлолтыг батлах Удирдах зөвлөлийн эрхийг хасч, тухайн албан тушаалд томилогдох иргэнд тавигдах тусгай шаардлагыг тодорхойгүй болгох үр дагаварт хүргэсэн нь Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т “Энэ хуулийн 28.4, 28.5-д заасан албан тушаалд тавих тусгай шаардлага, 33.2-т заасан албан тушаалд тавих тусгай шаардлагыг хангаагүй иргэнийг томилохыг хориглоно.” гэж заасантай нийцээгүйн дээр уг албан тушаалд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөнджээ.
13. Нэхэмжлэгчээс Соёл урлагийн их сургуулийн Удирдах зөвлөлийн дүрмийн 4.4-т “Хурлын ирц 75-аас доошгүй хувьтай байх тохиолдолд хурлыг хүчинтэйд тооцно” гэсэн заалтыг тус удирдах зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор “Хурлын ирц ... 60-аас доошгүй ...” гэж өөрчлөхдөө хурлын ирц 73 хувьтай байсан гэх үндэслэл нь нэхэмжлэгч нараас Соёл урлагийн их сургуулийн Удирдах зөвлөлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй хэрэгт дүгнэгдэх боломжтойг дурдах нь зүйтэй.
14. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт нь шүүх бүрэлдэхүүний дээрх шийдэлтэй агуулгын хувьд ижил байх тул тусгайлан дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.
15. Иймд дээрх үндэслэлүүдээр Г.С, Д.Д нараас Боловсролын сайдад холбогдуулан гаргасан “Боловсролын сайдын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “Дүрэмд өөрчлөлт оруулах тухай” А/245 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.8, 106.3.12, 112 дугаар зүйлийн 112.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.2, 33.3, 33.4, Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т заасныг баримтлан Г.С, Д.Д нараас Боловсролын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Боловсролын сайдын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/245 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны ерөнхий хуулийн 68 дугаар зүйлийн 68.2-т заасны дагуу шийдвэр хүчин төгөлдөр болмогц хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхийг шүүхийн Тамгын газарт даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ Ц.ОДМАА
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ