Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 12

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Б.Мөнгөншагай,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Батжаргал,

Хохирогч: Г.Гансүх,

Хохирогчийн өмгөөлөгч: Т.Оюунчимэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: А.Адъяасүрэн,

Шүүгдэгч: О.Гэрэлсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сайхан овогт Осорын Гэрэлсайханд холбогдох 201615000188 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1965 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 52 настай, халх, эрэгтэй, дээд боловсролтой, авто механик инженер мэргэжилтэй, “Баярс Гоулд” ХХК-нд автын механикч ажилтай, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот СБД 10 дугаар хороо 7 дугаар хороолол, 100 айл гудамжны 32а байрны 20 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Сайхан овогт Осорын Гэрэлсайхан /РД: ЙЮ65030616/

Шүүгдэгч О.Гэрэлсайхан нь 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 18 цагийн үед Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүт 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баярс Гоулд” ХХК-ийн уурхайн ажилчдын амрах байрны гаднах автомашины зогсоол дээр иргэн Г.Гансүхтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараар цохиж, бие махбодид нь тархины доргилт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Мөн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 18 цагийн үед Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүт 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баярс Гоулд” ХХК-ийн уурхайн ажилчдын амрах байрны гаднах автомашины зогсоол дээр иргэн Г.Гансүхтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас үүдэн маргалдаж, улмаар түүний унаж явсан 55-22 УБҮ улсын дугаартай Лэнд Круйзер-80 маркийн автомашины урд талын улсын дугаарыг өшиглөн хугалж, урд салхины шилийг гараар 2 удаа цохиж хагалан гэмтээж, 139.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч О.Гэрэлсайхан шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Би хохирогчийн машины шилийг хагалсан гэдэг нь үнэн. Хохирогчийг зодсон асуудал байхгүй. Хагархай байсан шилэн дээр нэг алгадсан. Тэнд нэг их удаагүй. Бичлэг хийгээд явахгүй байхаар нь шил рүү нь алагдсан. Ийм л зүйл болсон гэв.

            Хохирогч Г.Гансүх шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Би тухайн өдөр мөнгө авах гэж уурхайд очсон. О.Гэрэлсайхан намайг цохисны улмаас миний биед хөнгөн гэмтэл учирсан. Мөн миний машины шилийг гараараа цохиж хагалсан. Би гомдолтой байна. Шүүгдэгч өдий хүртэл эвлэрсэнгүй. Хохирлын мөнгө өчигдөр дансанд хийсэн гэж байна. Одоогоор би хохирол гардаж аваагүй байна. Машины шилний мөнгө 300.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 480.000 төгрөг, хохирлын үнэлгээ гаргуулсны 30.000 төгрөг, эмчилгээний зардал 412.020 төгрөг, шүүх хуралдаанд ирсний шатахууны зардал 1.600.000 төгрөг нэхэмжилж байна. Нотлох баримт байхгүй. Хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэв.

Хохирогч Г.Гансүх мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Өвөрхангай аймгийн төвөөс 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 16 цагийн үед гараад Өвөрхангай аймгийн Уянга сумын 6 дугаар багийн Бөөрөлжүүт гэх газар 18 цагийн үед очоод Баярсайхан гэх хүний уурхайн кэмп дээр Баярсайхан болон түүний эхнэр Нараа хоёрт Гансүхийн дүү нь байна, 3 жилийн өмнө зээлүүлсэн 30 сая төгрөгийг авъя гэхэд тийм мөнгө өгөх ёсгүй гэхээр нь тэндээс гараад зүүн талын уулынх нь энгэрт сүлжээн дээр ах Гансүхтэй утсаар ярьж байтал Баярсайхан Нараа хоёр араас хүрээд ирэхээр нь тэд нартай ахыгаа утсаар яриулсан. Тэгээд тэд нар мөнгө төгрөгөө өгөх болоод хассаар байгаад 24 сая төгрөг өгөхөөр болсон. Би одоо авъя гэхэд чам шиг гөлөгт өгөхгүй гээд уурлаад кэмп рүү гээ яваад өгсөн. Тэгэхээр нь араас нь очоод кэмпнийх нь үүдэнд машины зогсоол дээр зогсож байтал Гэрэлсайхан гэх хүн гарч ирээд юун хүмүүс вэ? Яах гээд яваад байгаа юм бэ? гэхээр нь би Баярсайхантай уулзах гэсэн юм гэхэд чамд ямар уулзах ажил байдаг юм бэ? гэхээр нь хэдэн төгрөгийн авлагаа авъя гэхэд чам шиг гөлөгт өгөхгүй гээд хаалга савсан. Тэгээд буцаж хаалга онгойлгосноо чам шиг гөлөгт мөнгө төгрөг өгөх ёсгүй, лицензтэй талбайгаас зайл гэж хэл амаар доромжилсон. Ах аа би хэдэн төгрөгөө авчихаад явъя гэхэд учир зүггүй миний баруун бөөр хэсэг рүү зүүн гараараа 1 удаа цохиж, толгой руу баруун гараараа нэг удаа алгадсан. Тэгээд би хамт явсан Баатарзагарт утсаар бичлэг хий гээд утсаа өгсөн. Тухайн үед болсон бичлэг хийгдээгүй байсан. Тэр үед Нараа эгч, өөр хоёр хүүхэн, нэг залуу ирсэн. Тэгээд би утсаараа өөрөө бичлэг хийхэд боль, чам шиг хүүхэд тэгж хийдэггүй юм, гөлөг, хужаагийн шээс гээд хэл амаар доромжилсон. Тухайн үед би машин дотроо байсан. Гадагш ерөөсөө гараагүй. Тэр хэд машин тойроод зогсчихсон байсан. Гэрэлсайхан гэдэг нь машин тойроод хажууд сууж байсан Баатарзагарыг машинаас чирч буулгаад зодсон. Би тэр үед бичлэг хийж байсан болохоор харж чадаагүй. Нараа эгч нэг хүүхэнтэй хажуугаас хаалгаар орж ирээд утас авах гээд булаацалдаад гар маажаад бие рүү цохиод байсан. Гэрэлсайхан нь Баатарзагарыг зодчихоод малгайг нь барьчихсан машины жолоочийн эсрэг талын хаалгаар орж ирээд Баатарзагарын саравчтай малгайгаар миний нүүр рүү саравчаар нь 2-3 удаа чавхарч, гарынхаа алганы ар хэсгээр баруун шанаа руу нэг алгадсан. Тэгээд гараа зангидаад хоёр нүдний гол, хамрын дээд хэсэгт нэг удаа хүчтэй цохисон. Би тэр цохилтонд хойшоо савсан. Тэгээд толгой эргэж хатгаж өвдөөд, нүд харанхуйлаад байсан. Гэрэлсайхан тэр үед буугаад явсан. Би Баатарзагарыг орж ир, хаалгаа хаа гэж оруулаад дотроосоо түгжээд бичлэг хийсэн. Гэрэлсайхан тэр үед машины урдаас өшиглөөд номер хугалчихсан. Тэгээд цонх руу цохиод хаалганы бариул хэмхэлчихгээд татаад байсан. Би юу яриад байгааг нь ойлгохгүй, дотор харанхуйлаад за за л гэж байсан. Тэгж байтал чанга чанга ярьж байснаа гартаа барьж байсан чулуугаа хаяад гараараа машины урд талын салхины шилний баруун талд цохисон. Тэр үед нь бичлэг хийж амжаагүй байсан. Тэгээд дахиад цохиход нь бичлэг хийсэн. Цонх ч хагарсан. Тэгээд машин эвдлэх нь болъё гээд сумын төв рүү явсан. /хх-ийн 27-28 хуудас/

Гэрч С.Нармандах мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2016 оны 06 дугаар сарын 02-ны орой 18 цагийн үед Өвөрхангай аймгийн Уянга сумын 6 дугаар багийн Бөөрөлжүүт гэх газар байх хүргэн ах Баярсайханы уурхайд намайг гэрээс гараад ирэхэд нэг Ланд-80 маркийн автомашин ирчихсэн манай эгч Нарантуяа чи наад хүний гар тавь л даа гээд байхаар нь яваад очтол нэг өндөр залуу утсаа барьчихсан бичлэг хийгээд байсан. Манай эгч юун бичлэг, ямар учиртай бичлэг хийгээд байгаа юм бэ? гэхэд ямар хамаатай юм л гээд байсан. Тэгээд эгчийн гарыг барьчихаад тавихгүй байхаар нь би очоод наад хүнийхээ гарыг тавиач ээ чи гээд гарыг нь салгасан. Би тэгээд чи наад утсаа боль гэж хэлээд утсыг нь бичлэг хийхийг болиулах гэж жоохон оролдсон. Тэр машины шил анхнаасаа цуурчихсан байсан. Ах яваач ээ гэж байсан. Намайг явахад ах Гэрэлсайхан чи яваач гэж байснаа машины шил рүү нь гараа хүргэж байгаа харагдсан. /хх-ийн 31 хуудас/

Гэрч О.Баярсайхан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2016 оны 06 дугаар сарын 02-ны орой 16-17 цагийн үед Өвөрхангай аймгийн Уянга сумын 6-р баг Бөөрөлжүүт гэх газарт байх манай уурхайн кэмп дээр үл таних нэг залуу гэрт орж ирээд мэндийн зөрүүгүй би өөрийнхөө зээлсэн мөнгө шүү юм аа авъя гээд хэг ёг гээд пээдэлзсэн залуу ороод ирсэн. Юун хүн, хэн билээ? гэхэд би Гансүхийн төрсөн дүү байна гэхээр нь би Гансүхтэй ярина, чамд мөнгө өгч чадахгүй гэхэд тэр залуу гараад манайхаас зүүн урагш байх хамар дээр гараад утсаар яриад байсан. Эхнэр бид 2 ч тэнд очоод Гансүхтэй утсаар ярьсан. Гансүхэд энэ юун залуу вэ? гэхэд миний дүүгийн нөхөр байгаа юмаа. Би явуулсан юм гэж байсан. Тухайн мөнгөний асуудал Гансүх бид нарын хоорондын асуудал, өгч авалцах өөртэй нь ярилцах нэлээн төвөгтэй асуудал байгаа гэж ярилцчихаад кэмп дээрээ ирсэн. Нөгөө машин ч удаагүй араас манай гадаа ирэх шиг болсон. Би гэртээ байсан. Тэгээд би Уянга сумын хэсгийн дарга руу залгахад утас нь холбогдохгүй байсан. Би тухайн үед нэг гараад харахад манай эхнэрийн гарыг нь тэр ирсэн Г.Гансүх гэх өндөр залуу мушгиад түлхээд машиныхаа хаалгыг хааж байгаа нь харагдсан. Гэрэлсайхан тухайн үед жолоочийн эсрэг талд зогсож байсан. Би буцаад гэр рүүгээ орсон. Тэнд намайг харахад зодоон цохион болоогүй. Тэр хүмүүс ч хөдлөөд явсан. Би ч сум руу хөдөлсөн. Утсаар ярьж байхдаа машиныг нь харахад жолоочийн урд талын салхины шил доороосоо дээшээ цууралттай харагдсан. Гэрэлсайханыг тэр машиныг цохисон эсэхийг би мэдээгүй. Ирсэн хүмүүсийн машин дээр Гэрэлсайхан, манай эхнэр, Нармандах болон тэр ирсэн хоёр залуу нар л байсан. Гэрээс сонсоход тухайн хүмүүсийг манай эхнэр, Гэрэлсайхан нар яваа, зөвшөөрөлгүй юун бичлэг хийгээд байгаа юм. Асуудлаа бид нар Гансүхтэй л ярина. Чи яв гээд байхад тэр хүн машин дотроосоо бичлэг хийгээд байсан. Тэр утсыг нь л авах гэж оролдоод байсан. Тэд нар нь ч хаалга, цонхоо түгжчихээд явахгүй байсан. Удалгүй хөдлөөд явчихаж байгаа нь дуулдсан. /хх-ийн 32-33 хуудас/

           Гэрч С.Нарантуяа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн оройн 17 цагийн үед байсан санагдаж байна, Өвөрхангай аймгийн Уянга сумын 6 дугаар баг Бөөрөлжүүт гэх газар байрлах манай уурхайн гэрт нэг танихгүй залуу орж ирээд мэнд ус ч үгүй би нэг муу 30 сая төгрөгөө авах гэсэн юм гээд таахалзаад байсан. Тэгэхээр нь бид хоёр гайхаад чи чинь хэн билээ? Хэний хүүхэд билээ? гээд тавагтай юм авч өгөхөд шүдээ чигжлээд, хөлөө ачаад бүдүүлэг үйлдэл гаргаад байсан. Хэн юм бэ? гэхэд би Гансүхийн дүү байна. Бөөрөлжүүтэд оруулсан мөнгөө авмаар байна. Олон жил боллоо гээд байхаар нь би чамайг танихгүй, би тэр Гансүхтэй чинь ярина, бид нарт өгсөн авсан зүйл байгаа, гэхдээ чамтай бол ярих юм байхгүй. Тэр хүнтэйгээ л ярина гээд сүлжээтэй газар очоод Гансүхтэй бид нар өөрсдөө яриад утсаа салгацгаасан. Утсаар ярьж байх үед тэр ирсэн залуу машинтайгаа хажууд зогсож байсан. Тэгээд уурхай руу очиход манай ажилчид нэг хүн бичлэг хийгээд байна гэхээр нь гайхаад харахад нөгөө залуу араас уурхай дээр ирчихсэн миний араас бичлэг хийгээд хоёулаа инээгээд байхаар нь та нар чинь ямар хаашаа юм бэ, ичихгүй өөрийнхөө эх шиг хүнийг гээд уурлаад бичлэгээ боль гэж хэлсэн. Тухайн үед тэр хүмүүс гадаа машинаасаа буучихсан байснаа машиндаа орсон. Тэгээд машиндаа орчихоод бичлэг хийгээд байгаад байхаар нь утсыг нь авах гээд очоод хаалгыг нь онгойлгох гэхэд хаалга, цонхоо түгжчихээд дотроосоо бичээд байсан. Тэр үед Гэрэлсайхан, дараа нь манай дүү Нармандах нар ирчихсэн байсан. Нэг мэдэхэд жолоочийн эсрэг талын хаалга онгойчихсон байсан. Гэрэлсайхан тэр жижигхэн залуугаас утсыг нь авах гэхэд буцаагаад Гансүхтэй өгч байгаа харагдсан. Тэгээд хаалганууд нь онгойсон. Тэр залуу утсаа бөгсөн доогуураа хийчихээд одоо яг гоё юм болох гээд байна шүү, одоо зодуулчихий гээд шанаагаа өгөөд байхаар нь юу яриад байгаа юм бэ, чамайг зодно гэж юу байх юм гэж хэлсэн. Тэр үед миний 2 гарыг тэр Гансүх гэх залуу нэг гараараа барьчихаад байсан. Би гараа гаргаж чадахгүй байсан. Манай дүү чи наад гарыг нь тавь, настай хүнийг гээд хажуугаас тавиулах гэж бид 2 тэр хүнтэй ноцолдсон. Бид 2 тэр хүнийг цохиж зодоогүй. Тэр хүн их том биетэй, зодуулая, одоо яг гоё боллоо, одоо л жинхэнэ бичдэг байхгүй юу гээд их сонин зан ааш гаргаад байсан. Гэрэлсайхан нь Гансүхийн унаж явсан машины шилийг хагалсан эсэхийг би ерөөсөө мэдэхгүй байна. Жолоочийн урд талын салхины шил жаахан цуурхай харагдаж байсан. Бичлэг хийгээд байхад нь урдуур хойгуур нь явахад харагдаад байсан. Намайг гэр рүү явсан хойно цохисон юм бол уу би тэрийг ерөөсөө мэдэхгүй байна. Гэрэлсайхан нь Гансүхийг цохиогүй гэв. /хх-ийн 34-35 хуудас/

        Гэрч Г.Баатарзагар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Баярсайханы уурхайн зогсоол дээр очоод зогстол ямар юм аа хийгээд байгаа юм бэ? Эндээс зайл гээд тэр Гэрэлсайхан гэх хүн машины хаалга онгойлгосон. Гансүх дарга ажилтай явна, өрөө нэхэмжилж авна гэхэд нүүр, толгой руу нь тэр хүн гараараа тус бүр 1 удаа цохисон. Дараа нь машин тойрч ирээд намайг чирч буулгаад боож унагаад толгой руу гараараа 2 удаа цохисон. Тухайн үед тогооч нь болон Баярсайханы эхнэр хоёр ирээд Гансүх ахын бичлэг хийж байсан утсыг авах гээд дайраад байсан. Тэгээд явчихаар нь хаалга цонхоо хаагаад цоожлоод дотроосоо бичлэг хийж байтал Гэрэлсайхан машины урд тал руу өшиглөж байснаа шил рүү гараараа 2 удаа цохиж хагалсан. Өвөрхангай аймгийн Уянга сум руу Гансүх ах бид хоёр Гансүх ахын саарал өнгийн 55-22 УБҮ улсын дугаартай, Ланд-80 маркийн автомашинтай явсан. Жолоочийн урд талын салхины шил бага зэрэг цуурсан байсан. Түүн дээр Гэрэлсайхан нь нэмээд 2 удаа цохьчихсон. /хх-ийн 36-37 хуудас/

Гэрч Э.Пүрэвдорж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2016 оны 06 дугаар сарын эхэн үед Ланд-80 маркийн автомашинтай хүмүүс манай уурхайн гадаа ирчихээд нэг залуу нь машинаасаа буугаад гар утсаараа бичлэг хийгээд байсан. Тэгээд мөн машин дотроо орчихсон бичлэг хийгээд байсан. Тэгээд Гэрэлсайхан өмнөөс нь очоод уулзаад зогсоод байгаа бололтой харагдсан. Би тухайн үед гэр дотор байсан. Намайг харж байх үед хоорондоо зодолдож барилцаж авсан зүйл болоогүй. Тэнд Гэрэлсайхан байх шиг харагдсан. Сүүлд нь Нарантуяа очсон байх. Би сайн мэдэхгүй байна. Тухайн 2 залуугийн машины урд талын шил хагарсан байсан эсэхийг би анзаарч хараагүй. Тэр 2 залуутай манай уурхайн ажилчид дарга нар хэрэлдэж муудалцсан эсэхийг нь мэдэхгүй. Намайг гэрээс нэг гарах үед л ирчихсэн байгаа харагдсан. Сүүлд нь яваад өгсөн байгаа бололтой л байсан. /хх-ийн 39-40 хуудас/

Гэрч Д.Шийлэгбат мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2016 оны 06 дугаар сарын эхэн үед би уурхайн гэртээ сууж байтал саарал өнгийн Ланд-80 маркийн машин ирээд хэсэг зогсож байснаа хөдлөөд сүлжээн дээр очоод зогсож байгаад эргэж ирээд утсаа гаргаж ирчихээд бичлэг хийгээд байгаа юм уу, утсаар яриад байгаа юм уу утсаа оролдоод суугаад байсан. Тэгээд өмнөөс нь Гэрэлсайхан ах очоод уулзах гэхэд машиныхаа хаалгаа онгойлгож өгөхгүй байгаа бололтой байсан. Тэгээд Гэрэлсайхан ах очоод машиных нь жолоочийн талын цонхыг тогшоод байгаа харагдсан. /хх-ийн 41-42 хуудас/

Гэрч П.Алтанцэцэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2016 оын 06 дугаар сарын 02-ны өдрийн оройн 21 цагт бусдад зодуулсан гээд Ганбаатар овогтой Гансүх гэх 30 настай эрэгтэй хүн үзүүлсэн. Тухайн үед би жижүүрт гарч байсан. Биеийн байдлыг нь үзэхэд даралт ихэссэн, нүүр хамрынх нь хэсгээр хавдартай, нүүр толгой өвдөнө, толгойдоо цохиулсан гэсэн зовиуртай байсан. /хх-ийн 43 хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 193 дугаар шинжээчийн дүгнэлтэнд:… Г.Гансүхийн биед тархины доргилт бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хуучин гэмтэл тогтоогдохгүй байна. /хх-ийн 48 хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хураан авах тогтоол, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, эд мөрийн баримтаар тооцсон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ний 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №06/11, 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн №08/05 дугаартай үнэлгээний тайлангууд, эмчийн тодорхойлолт, хохирлын баримтууд, шүүгдэгч О.Гэрэлсайханы сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, шүүгдэгч О.Гэрэлсайханаас хохирогчид хохирол төлбөрт 169.000 төгрөг төлсөн баримт /хх-ийн 1, 8-14, 16-18, 24-25, 58-62, 72-73, 75, 95-96, 103, 162-164 хуудас/

Шүүгдэгч О.Гэрэлсайханы хувийн байдлыг тогтоосон Улаанбаатар хот СБД 10 дугаар хорооны Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2020 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 73, 77 хуудас/

Шүүгдэгч О.Гэрэлсайханы урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч О.Гэрэлсайхан нь 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 18 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Уянга сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Бөөрөлжүүт гэх газар үйл ажиллагаа явуулдаг “Баярс Гоулд” ХХК-ний уурхайн ажилчдын амрах байрны гаднах автомашины зогсоол дээр хохирогч Г.Гансүхтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараар цохиж, хохирогч Г.Гансүхийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Мөн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 18 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Уянга сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Бөөрөлжүүт гэх газар үйл ажиллагаа явуулдаг “Баярс Гоулд” ХХК-ний уурхайн ажилчдын амрах байрны гаднах автомашины зогсоол дээр хохирогч Г.Гансүхтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний унаж явсан 55-22 УБҮ улсын дугаартай “Ланд Круйзер”-80 маркийн автомашины урд талын улсын дугаарыг хөлөөрөө өшиглөн хугалж, урд салхины шилийг гараараа 2 удаа цохиж хагалан 139.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Гэрэлсайханы би хохирогчийн машины шилийг хагалсан гэдэг нь үнэн. Хохирогч Г.Гансүхийн би тухайн өдөр мөнгө авах гэж уурхайд очсон. О.Гэрэлсайхан намайг цохисны улмаас миний биед хөнгөн гэмтэл учирсан. Мөн миний машины шилийг гараараа цохиж хагалсан гэх мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Г.Гансүхийн Өвөрхангай аймгийн төвөөс 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 16 цагийн үед гараад Өвөрхангай аймгийн Уянга сумын 6 дугаар багийн Бөөрөлжүүт гэх газар 18 цагийн үед очоод Баярсайхан гэх хүний уурхайн кэмп дээр машины зогсоол дээр зогсож байтал Гэрэлсайхан гэх хүн гарч ирээд юун хүмүүс вэ? Яах гээд яваад байгаа юм бэ? гэхээр нь би Баярсайхантай уулзах гэсэн юм гэхэд чамд ямар уулзах ажил байдаг юм бэ? гэхээр нь хэдэн төгрөгийн авлагаа авъя гэхэд чам шиг гөлөгт өгөхгүй гээд учир зүггүй миний баруун бөөр хэсэг рүү зүүн гараараа 1 удаа цохиж, толгой руу баруун гараараа нэг удаа алгадсан. Гарынхаа алганы ар хэсгээр баруун шанаа руу нэг алгадсан. Тэгээд гараа зангидаад хоёр нүдний гол, хамрын дээд хэсэгт нэг удаа хүчтэй цохисон. Машинаас буугаад Гэрэлсайхан гараараа машины урд талын салхины шилний баруун талд цохиж цонх хагалсан. Гэрч С.Нармандахын 2016 оны 06 дугаар сарын 02-ны орой 18 цагийн үед Өвөрхангай аймгийн Уянга сумын 6 дугаар багийн Бөөрөлжүүт гэх газар байх хүргэн ах Баярсайханы уурхайд Ланд-80 маркийн автомашин ирчихсэн байсан. Гэрэлсайхан намайг чи яваач гэж байснаа машины шил рүү нь гараа хүргэж байгаа харагдсан. Гэрч О.Баярсайханы 2016 оны 06 дугаар сарын 02-ны орой 16-17 цагийн үед Өвөрхангай аймгийн Уянга сумын 6-р баг Бөөрөлжүүт гэх газарт байх манай уурхайн кэмп дээр үл таних залуу гэрт ороод ирсэн. Гэрч С.Нарантуяагийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн оройн 17 цагийн үед байсан санагдаж байна, Өвөрхангай аймгийн Уянга сумын 6 дугаар баг Бөөрөлжүүт гэх газар байрлах манай уурхайн гэрт нэг танихгүй залуу орж ирсэн. Гэрэлсайхан тэр жижигхэн залуугаас утсыг нь авах гэхэд буцаагаад Гансүхэд өгч байгаа харагдсан. Гэрч Г.Баатарзагарын Гэрэлсайхан гэх хүн машины хаалга онгойлгосон. Гансүх дарга ажилтай явна, өрөө нэхэмжилж авна гэхэд нүүр, толгой руу нь тэр хүн гараараа тус бүр 1 удаа цохисон. Гэрэлсайхан машины урд тал руу өшиглөж байснаа шил рүү гараараа 2 удаа цохиж хагалсан. Гансүх ах бид хоёр саарал өнгийн 55-22 УБҮ улсын дугаартай, Ланд-80 маркийн автомашинтай явсан. Гэрч Э.Пүрэвдоржийн 2016 оны 06 дугаар сарын эхэн үед Ланд-80 маркийн автомашинтай хүмүүс манай уурхайн гадаа ирчихээд нэг залуу нь машинаасаа буугаад гар утсаараа бичлэг хийгээд байсан. Гэрэлсайхан өмнөөс нь очоод уулзаад зогсоод байгаа бололтой харагдсан. Гэрч Д.Шийлэгбатын 2016 оны 06 дугаар сарын эхэн үед би уурхайн гэртээ сууж байтал саарал өнгийн Ланд-80 маркийн машинтай хүмүүс ирээд утсаа гаргаж ирчихээд бичлэг хийгээд байгаа юм уу, утсаар яриад байгаа юм уу утсаа оролдоод суугаад байсан. Гэрэлсайхан ах очоод машиных нь жолоочийн талын цонхыг тогшоод байгаа харагдсан. Гэрч П.Алтанцэцэгийн 2016 оын 06 дугаар сарын 02-ны өдрийн оройн 21 цагт бусдад зодуулсан гээд Ганбаатар овогтой Гансүх гэх 30 настай эрэгтэй хүн үзүүлсэн. Биеийн байдлыг нь үзэхэд даралт ихэссэн, нүүр хамрынх нь хэсгээр хавдартай, нүүр толгой өвдөнө, толгойдоо цохиулсан гэсэн зовиуртай байсан гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 193 дугаар шинжээчийн дүгнэлт, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хураан авах тогтоол, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, эд мөрийн баримтаар тооцсон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ний 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №06/11, 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн №08/05 дугаартай үнэлгээний тайлангууд, эмчийн тодорхойлолт, хохирлын баримт, шүүгдэгч О.Гэрэлсайханы сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч О.Гэрэлсайхан нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Г.Гансүхийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдээгүй гэж мэдүүлж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Г.Гансүх болон гэрч Г.Баатарзагар, П.Алтанцэцэг нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 193 дугаар шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул няцаагдаж байна.

Шүүгдэгч О.Гэрэлсайханд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч О.Гэрэлсайхан нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар шүүгдэгч О.Гэрэлсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Гэрэлсайхан нь бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурьдсанаар тогтоогдож байх тул хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч О.Гэрэлсайхан нь хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж, түүнд шүүх ял оногдуулсан болно.

Хохирогч Г.Гансүх нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд автомашины урд талын салхины шилний үнэ, өмгөөллийн хөлс, хохирлын үнэлгээний ажлын хөлс, эмчилгээний зардал, замын зардал нийт 1.462.020 төгрөгийг нэхэмжилсэн.

Мөн шүүхэд ирсэн зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурьдаж өгөхийг хүсч байгаа.

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирлын баримтуудыг шүүх үнэлээд шүүгдэгч О.Гэрэлсайханаас хохирогч Г.Гансүхийн эмчилгээний зардал 412.020 төгрөг, өмгөөллийн хөлс 480.000 төгрөг, замын зардал 119.993 төгрөг нийт 1.012.013 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Гансүхэд олгох,

Хохирогч Г.Гансүх нь автомашины урд талын салхины шилний үнэ 300.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ний 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №06/11 үнэлгээний тайлангаар автомашины урд талын салхины шилний үнэ 139.000 төгрөг болох нь тогтоодсон.

Иймд хохирогч Г.Гансүхийн хохиролд илүү нэхэмжилсэн 161.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нотлох баримтын шаардлага хангаагүй 120.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,

Шүүгдэгч О.Гэрэлсайхан нь хохирогч Г.Гансүхэд автомашины урд талын салхины шилний үнэ 139.000 төгрөг, хохирлын үнэлгээний ажлын хөлс 30.000 төгрөг нийт 169.000 төгрөгийн хохирол төлсөн болох нь хэрэгт авагдсан 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн /Хаан банк/ дансны баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч О.Гэрэлсайхан нь 169.000 төгрөгийн хохирол төлсөн болон хохирогч Г.Гансүх нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо /шүүх хуралдаанд ирсэн замын зардал/ нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD-1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хадгалах хугацаа дуустал уг хэрэгт үлдээж,

Шүүгдэгч О.Гэрэлсайханы эзэмшлийн 7.000.000 төгрөгийн үнэ бүхий цэнхэр өнгийн, 75-67 УБИ улсын дугаартай, Hyundai Porter маркийн автомашин битүүмжилсэн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Шүүгдэгч О.Гэрэлсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.Гансүх нь гомдолтой гэсэн болохыг тус тус дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Сайхан овогт Осорын Гэрэлсайханыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар шүүгдэгч Сайхан овогт Осорын Гэрэлсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар шүүгдэгч О.Гэрэлсайханд 1 /нэг/  жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч О.Гэрэлсайханд оногдуулсан 1 /нэг/  жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5.Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4-т зааснаар шүүгдэгч О.Гэрэлсайханаас 1.012.013 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Гансүхэд олгож, хохирогч Г.Гансүхийн нэхэмжлэлээс 161.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 120.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхисугай.

6.Шүүгдэгч О.Гэрэлсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.Гансүхэд 169.000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч нь гомдолтой, хохирогч Г.Гансүх нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо /шүүх хуралдаанд ирсэн замын зардал/ нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD-1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хадгалах хугацаа дуустал уг хэрэгт үлдээсүгэй.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар хэрэгт шүүгдэгч О.Гэрэлсайханы эзэмшлийн 7.000.000 төгрөгийн үнэ бүхий цэнхэр өнгийн, 75-67 УБИ улсын дугаартай, Hyundai Porter маркийн автомашин битүүмжилсэн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Гэрэлсайханд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

11.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Гэрэлсайханд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Х.ОТГОНЖАРГАЛ