Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 109

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум, Баянцогт 2 дугаар баг, Туулын дэнж 2-2 тоотод оршин суух Бэсүд овогт Зундуйн Норовсамбуу РД/МК50061510/-ийн нэхэмжлэлтэй,

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговор 40.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Норовсамбуу, прокурор Т.Дэлгэрсайхан, нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Норовсамбуу шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Баянцогт 2 дугаар багийн иргэн Миний бие нь Хөвсгөл аймгийн Алаг Эрдэнэ сумын Бор бургас гэдэг газар 1950 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сэсрэн овогтой Зундуйн хүү болж мэндэлсэн нь үнэн болно. Иймийн учир улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нөхөн олговор олгох тухай Монгол Улсын хуулийн 13.2.2 дахь заалтын дагуу 40 сая төгрөгийг нөхөн олговор олгох шийдвэр гаргаж өгнө үү. 1944 оны тооллогоор Шатар гэдэг хүн гарч ирсэн. Шатар гэдэг хүнийг би ерөөсөө мэдэхгүй. Би ээж, аав хоёртойгоо өссөн. Би Шатар гэдэг хүний материалыг Хөвсгөл аймгийн нэгдсэн архив мөн Улсын архиваас хайсан боловч төрсөн он сарыг мэдэхгүй учир архиваас материал гарч ирэхгүй байгаа учир надад энэ тэтгэмжийг олгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч З.Норовсамбуу шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Сэсрэн овогтой Зундуй гэдэг хүн миний аав юм. Тухайн үед олон хүмүүс хэлмэгдсэний нэг нь манай аав юм. Улсаас улс төрийн хил хэрэгт хэлмэгдэгчдийн үр хүүхдэд нь 40.000.000 төгрөгийн нөхөн олговор олгохоор шийдвэрлэсэн. Би үүний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. ...Би Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд төрсөн. Би Зундуйн төрсөн хүүхэд. ...Манайд хүүхэд тогтдоггүй байсан гэсэн. Би ганцаараа. ...Намайг 5 дугаар ангид байхад аав нас барсан. Би аавынхаа хэлмэгдсэн талаар мэдэхгүй. Сүүлд сонин дээр гарснаар л мэднэ. ...Өмнө нь улсаас 1.000.000 төгрөгийг авсан. ...Одоо надтай улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөн олговрын 40.000.000 төгрөгийг авахаар маргалдаж байгаа хүн байхгүй. ...Би 10 хүүхэдтэй. Хүүхдүүд тустай гарсан. Би Шатар гэдэг хүнийг мэдэхгүй. Шатар гэж хүнийг хараа ч үгүй... гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Дэлгэрсайхан шүүх хуралдаанд гаргасан саналдаа: ...Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрсайхан би Монгол улсын Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйл, 21 дүгээр зүйлийн 21.10 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу иргэн З.Норовсамбуугийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт төрийн төлөөлж гуравдагч этгээдээр оролцож байна. Иргэн З.Норовсамбуугаас улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөн олговор 40.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлсэн байна. Нэхэмжлэгч З.Норовсамбуугаас гаргасан нэхэмжлэлтэй танилцахад З.Норовсамбуугийн төрсөн эцэг Сэсрэнгийн Зундуй нь 36 настайдаа Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутагт хийдэд мяндаггүй, цогчин, гэвхүй, умзад тушаалтай авралч, гүрэмчээр сууж байхдаа 1938 онд улс төрийн хэрэгт баривчлагдан Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр 10 жилийн хорих ялаар шийтгэжээ. Уг ялыг дотоод явдлын яамны дэргэдэх тусгай комиссын 1941 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2 дугаар хурлын тогтоолоор Байцаан шийтгэх хуулийн 72-ны 3-ыг баримтлан хэрэгт холбогдолгүй болгон сулласан бөгөөд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 21 дүгээр тогтоолын хавсралтын 3 дугаар хэсгийн дагуу Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос С.Зундуйн хүүхэд З.Норовсамбууд 40.000.000 төгрөгийн нөхөн олговор олгох талаар шийдвэрлэж Зууны мэдээ сонины 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №32/6257/ дугаараар нийтэд мэдээлсэн байна. Хэрэгт цугларсан Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын лавлагаа, албан бичиг, лавлагаа, Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 3-р шүүхийн шийдвэр, Үндэсний төв архивын лавлагаа, Зууны мэдээ сонины 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №32/6257 дугаар зэрэг нотлох баримтуудад дүгнэлт хийж үзэхэд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 21 дүгээр тогтоолын хавсралтын 3 дугаар хэсэгт зааснаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж хорих ялаар шийтгэгдэн, цагаатгагдсан Сэсрэнгийн Зундуйн хүү болох хүү З.Норовсамбууд нөхөн олговрын 40.000.000 төгрөгийг олгож нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.Норовсамбуу нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговор 40.000.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч З.Норовсамбуугийн эцэг Сэсрэнгийн Зундуй нь Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 21 дугаартай тогтоолоор шүүх цаазны бичгийн 43, 47 дугаар зүйлээр 10 жилийн хорих ялаар шийтгэгдэж цагаатгагдсан болох нь Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 05/3726 дугаартай лавлагааны ...Сэсрэнгийн Зундуй нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 8 дугаар багийн харьяат, ард, лам, нас 36/1938 оны байдлаар/. Ганц бие. Хөрөнгө: адуу 1, байшин 2, хашаа 1, Цагаан бургасны хийдэд мяндаггүй, цогчин, гэвхүй, умзад тушаалтай, авралч, гүрэмч явсан. Гадаадад яваагүй. Урьд ял шийтгэлгүй. Баригдахын өмнө Эрдэнэ сумын нутагт энгийн сууж байсан. С.Зундуйг 1938 оны улс төрийн хэрэгт баривчлан Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 21 дүгээр хурлын тогтоолоор Шүүх цаазны бичгийн 43, 47 дугаар зүйлээр 10 жил хорих ялаар шийтгэжээ. Хэргийг хянаад ДЯЯ-ны дэргэдэх Тусгай комиссын 1941 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2 дугаар тогтоолоор Байцаан шийтгэх хуулийн 72-ны 3-ыг баримтлан хэрэгт холбогдолгүй болгож суллажээ... гэх хэсэг /хх-ийн 9/,

Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаа /хх-ийн 8/, Сэлэнгэ аймгийн дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 3/04 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13-р зүйлийг баримтлан Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын санхүүгээс 1000000/нэг сая/ төгрөг гаргуулж Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 2-р багийн иргэн З.Норовсамбууд олгосугай. гэх хэсэг /хх-ийн 19/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэлмэгдэгч С.Зундуй нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 8 дугаар багийн 1933 оны хүн амын тооллогын бүртгэлийн 42 дугаар хуудсанд өрхийн тэргүүн Сэсрэнгийн Даваахүү эрэгтэй, 25 настай, ах Сэсрэнгийн Зундуй 31 настай, лам, ах Цэвээний Сэржав 54 настай, лам гэж бүртгэлтэй /хх-ийн 5/ байсан байна.

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 8 дугаар багийн 1944 оны хүн амын тооллогын бүртгэлийн 121 дүгээр хуудсанд: өрхийн тэргүүн Сэсрэнгийн Зундуй эрэгтэй, 42 настай, Нямын Гэрэлжав эмэгтэй, 34 настай, Зундуйн Шатар 2 настай, эмэгтэй гэх, /хх-ийн 6/, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 8 дугаар багийн 1956 оны хүн амын тооллогын бүртгэлийн 9 дүгээр хуудсанд өрхийн тэргүүн Сэсрэнгийн Зундуй эрэгтэй, 54 настай, эхнэр Нордовын Гэрэлжав 46 настай, хүү Зундуйн Норовсамбуу 4 настай, Чимидийн Баасанжав эмэгтэй, 20 настай гэж бүртгэгдэж байсан болох нь Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 03-7/3604, 03-7/3605 дугаартай лавлагаа /хх-ийн 7/-аар нотлогдож байна.

 

Дээрх 1944 оны хүн амын тооллогын бүртгэлд бүртгэгдсэн Зундуйн Шатарын талаар нэхэмжлэгч нь мэдэхгүй ...Одоо надтай улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөн олговрын 40.000.000 төгрөгийг авахаар маргалдаж байгаа хүн байхгүй. ...Би Шатар гэдэг хүнийг мэдэхгүй. Шатар гэж хүнийг хараа ч үгүй... гэж эгч Шатарын талаар тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч З.Норовсамбуу нь хэлмэгдэгч С.Зундуйгийн ганц хүү гэж тайлбарлаж байгаа ба Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Бэсүд овогт Зундуйн Норовсамбуу РД/МК50061510/, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд төрсөн, Эцгийн нэр Зундуй, эхийн нэр Гэрэлжав гэх лавлагаа /хх-ийн 17/-аар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч З.Норовсамбууг хэлмэгдэгч С.Зундуйн төрсөн хүү эцэг Сэсрэнгийн Зундуйн нөхөх олговрыг авах эрхтэй болохыг Зууны мэдээ сонины 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №32/6257/ дугаарт Нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтын Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн хүүхдийн бүртгэлийн 60 дугаарт /Нэхэмжлэгчийн үндсэн захиргаа Сэлэнгэ, нэхэмжлэгчийн овог нэр Зундуйн Норовсамбуу, хэлмэгдэгчийн овог нэр Сэсрэнгийн Зундуй, хэлмэгдэгчийн үндсэн захиргаа Хөвсгөл, хэлмэгдэгчийн хүүхэд, нөхөх олговрын хэмжээ 40 сая төгрөг/ гэж зарласан.

Өнөөдрийн байдлаар хэлмэгдэгч С.Зундуйн нөхөх олговрын талаар ямар нэг маргаан гараагүй 1998 онд батлагдсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн дагуу хүү З.Норовсамбуу 2002 онд 1.000.000 төгрөгийн нөхөх олговрыг авч байсан байдал зэргээс нэхэмжлэгч З.Норовсамбуугаас өөр хүн байхгүй байна гэж дүгнэлээ.

Иймд дээрх баримтуудыг үндэслэн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар хэлмэгдэгч Сэсрэнгийн Зундуйн нөхөх олговор 40.000.000/дөчин сая/ төгрөгийг улсын төсвөөс гаргуулан Бэсүд овогт Зундуйн Норовсамбуу РД/МК50061510/-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 357.950 төгрөгөөс чөлөөлөгдсөн болно

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар хэлмэгдэгч Сэсрэнгийн Зундуйн нөхөх олговор 40.000.000/дөчин сая/ төгрөгийг улсын төсвөөс гаргуулан Бэсүд овогт Зундуйн Норовсамбуу РД/МК50061510/-д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 357.950 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

                                 

       ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                   А.НАРАНТУЯА