| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарын Нарантуяа |
| Хэргийн индекс | 150/2020/00110/И |
| Дугаар | 110 |
| Огноо | 2020-05-04 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 110
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Номгон 3 дугаар баг, 3 дугаар хэсэг, 2 дугаар гудамж, 17 тоотод оршин суух Боржгон овогт Дашваагийн Цэндсүрэн РД/МФ50030906/-ийн нэхэмжлэлтэй,
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговор 40.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Цэндсүрэн, прокурор Т.Дэлгэрсайхан, нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Цэндсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний эцэг болох Мэндбаяр овогтой Дашваа нь 1900 онд төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж байгаад хийдэд шавилан суужээ. Дашваа нь Сэлэнгэ Орхоны Шаамар сумын 1 дүгээр багийн харьяат ард лам Хотол Чуулганы хийдэд гавьж аграмба мяндагтай сууж байсан. Баригдахын өмнө ямар нэгэн ял шийтгэл эдэлж байгаагүй болно. М.Дашваа нь 1938 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 18 дугаар хурлын тогтоолоор шүүх цаазын бичгийн 43, 47-р зүйлээр 10 жилийн хорих ялаар шийтгэгдэж хоригдсон бөгөөд 10 жил өөрийн биеэр эдэлж 1945 онд суллагдаж гарч Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд трактор комбайнчинаар ажиллаж амьдралынхаа гарааг эхэлсэн юм. Улмаар аав минь Миний ээж болох Норжмаатай гэрлэн амьдарлаа эхлүүлсэн. Ажиллаж амьдарч байх хугацаандаа 2 охинтой болж миний бие Цэндсүрэн болон миний дүү болох Дуламсүрэн нар гарсан. Аавын минь хөдөлмөрийг төр засаг өндрөөр үнэлж Ударник, Сүхбаатарын одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн баатар болох болзлыг 3 удаа хангасан боловч хилс хэргээ цагаатгаагүй гэдэг шалтгаанаар хасагдаж байсан. Миний дүү болох Д.Дуламсүрэн нь 2013 онд хүнд өвчний улмаас нас барсан тул надад өөр төрсөн ах, эгч, дүү байхгүй болно. Иймд нөхөн олговрын мөнгийг хувааж авах хүнгүй учир булаалдах маргаан үүсгэх хүн гарахгүй болно. 1998 онд олгосон нөхөн олговрын 1 сая төгрөгийг дүү бид хоёр тэнцүү хувааж авсан. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.2 дахь заалт Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 21-р тогтоолын хавсралтын 3 дугаар хэсгийн дагуу нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн тул мөн тогтоолын 4 дэх хэсгийн 5-ын б, в, 9 дүгээр заалтуудыг баримтлан зууны мэдээ сонины 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн дугаарт нийтэд мэдээлсэн байна. Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговор 40.000.000 төгрөгийг олгох шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Цэндсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний эцэг Дашваа нь 1938 онд лам байж байгаад хилс хэрэгт баривчлагдсан. Ингээд 10 жилийн ял авсан. 1945 онд Зүүнхараад ял эдэлж байгаад суллагдсан. 1965 онд цагаатгагдаад жирийн амьдралаар амьдарч эхэлсэн. 1998 онд Засгийн газрын шийдвэрээр хэлмэгдэгчдэд нөхөн олгох тухай шийдвэр гарсантай холбогдуулан 1.000.000 төгрөг авсан. Энэ жил 40.000.000 төгрөгийн нөхөн олговор өгөхөөр болсон. Тиймээс би шүүхэд нэхэмжлэл гаргасан. ...1990 онд 90 настайдаа өөд болсон. ...Би эцэг, эхээс дүүтэйгээ хоёулаа. ...Миний дүү Дуламсүрэн Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт мэдрэлийн их эмч байсан. 2013 онд нас барсан. ...Дуламсүрэнгийн 2 хүүхэд нь байдаг. ...Дуламсүрэнгийн хүүхдүүд надтай нөхөн олговор олгохтой холбоотой мөнгө төгрөг нэхэмжилсэн, хувь авна гэсэн асуудал байхгүй. ...Дашваа нь миний төрсөн эцэг мөн... гэв.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Дэлгэрсайхан шүүх хуралдаанд гаргасан саналдаа: ... Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрсайхан би Монгол улсын Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйл, 21 дүгээр зүйлийн 21.10 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу иргэн Д.Цэндсүрэнгийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт төрийн төлөөлж гуравдагч этгээдээр оролцож байна. Иргэн Д.Цэндсүрэнгээс улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөн олговор 40.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлсэн байна. Нэхэмжлэгч Д.Цэндсүрэнгийн гаргасан нэхэмжлэлтэй танилцахад Д.Цэндсүрэнгийн эцэг болох Мэндбаярын Дашваа нь 36 настайдаа Сэлэнгэ аймгийн Орхон Шаамар сумын нутагт Хотол чуулганы хийдэд гавж аграмба мяндагтай сууж байхдаа 1938 онд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлд зааснаар 10 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Уг ялыг БНМАУ-ын Дээд шүүхийн бүгд хурлын 1965 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 068 дугаартай тогтоолоор Байцаан шийтгэх хуулийн 72-ны 3-ыг баримтлан хэрэгт холбогдолгүй болгон сулласан бөгөөд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 21 дүгээр тогтоолын хавсралтын 3 дугаар хэсгийн дагуу Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос М.Дашваагийн хүүхэд болох Д.Цэндсүрэнд 40.000.000 төгрөгийн нөхөн олговор олгох талаар шийдвэрлэж Зууны мэдээ сонинд олон нийтэд мэдээлсэн байна. Хэрэгт цугларсан Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын лавлагаа, архивын лавлагаанууд, Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 1-р шүүхийн шийдвэр, Зууны мэдээ сонины 36 дугаар зэрэг нотлох баримтуудад дүгнэлт хийж үзэхэд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 21 дүгээр тогтоолын хавсралтын 3 дугаар хэсэгт зааснаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж хорих ялаар шийтгэгдэн, цагаатгагдсан Мэндбаярын Дашваагийн охин болох Д.Цэндсүрэнд нөхөн олговрын 40.000.000 төгрөгийг олгож нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Цэндсүрэн нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговор 40.000.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Д.Цэндсүрэнгийн эцэг Мэндбаярын Дашваа нь Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор шүүх цаазны бичгийн 43, 47 дугаар зүйлээр 10 жилийн хорих ялаар шийтгэгдэж цагаатгагдсан болох нь Тагнуулын ерөнхий газар Тусгай архивын газрын 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 05/4159 дугаартай лавлагааны ...Мэндбаярын Дашваа нь Сэлэнгэ аймгийн Орхон шаамар сумын 1 дүгээр багийн харьяат, ард, лам, нас 36/1938 оны байдлаар/. Ам бүл 3, эх Загд, дүү Жамбалдагва, хөрөнгө адуу 4, үхэр 21, хонь 35. Хотол чуулганы хийдэд гавж, аграмба мяндагтай сууж байсан. Монгол бичиг, түвд ном мэднэ. Урьд ял шийтгүүлж яваагүй. Баригдахын өмнө гэртээ байсан. М.Дашвааг 1938 онд улс төрийн хэрэгт баривчлан Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 18 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазны бичгийн 43,47 дугаар зүйлээр 10 жил хорих ялаар шийтгэжээ. Хэргийг хянаад БНМАУ-ын дээд шүүх бүгд хурлын 1965 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 68 дугаар тогтоолоор цагаатгажээ... гэх хэсэг /хх-ийн 4/,
Бүгд найрамдах Монгол ард улсын Дээд шүүхийн бүгд хурлын 1965 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 68 дугаартай тогтоолын тогтоох хэсгийн Сэлэнгэ аймаг, Сант сумын харьяат Цагаантолгойн сангийн аж ахуйд трактор комбайнчнаар ажиллаж байгаа энэ жил 65 настай, М.Дашваа, хувьсгалын эсэргүү хэрэгт хилсээр шийтгүүлсэн нь тогтоогдсон тул Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 18-р тогтоолын М.Дашваад холбогдох хэсгийг хүчингүй болгосугай. БНМАУ-ын ЭБШ хуулийн 6-гийн 2,369-ийн 2 ба БНМАУ-ын АИХ Тэргүүлэгчдийн 1962 оны 57-р зарлигийн 4-т зааснаар М.Дашваагийн хэргийг хэрэгсэхгүй болгож, ял шийтгэлийг цагаатгасугай... гэх хэсэг /хх-ийн 5/, Бүгд найрамдах Монгол ард улсын Дээд шүүхийн Мэндбаяр овогтой Дашваа 1938 онд улс төрийн гэмт хэрэгт шийтгэгдсэнийг хянан үзээд БНМАУ-ын 1965 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 068-р тогтоолоор уг хэрэгт холбогдолгүй болгож цагаатгав гэх цагаатгалын үнэмлэх/хх-ийн 12/-ээр тус тус тогтоогдож байна.
Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 4 дүгээр багийн 1956 оны 02 сард явагдсан хүн амын тооллогын бүртгэлийн 14 дүгээр хуудсанд: өрхийн тэргүүн Мэндбаярын Дашваа эрэгтэй, 55 настай, эхнэр Бадрахын Норжоо 38 настай, эх Норовын Догоо 69 настай, охин Дашваагийн Цэндсүрэн 4 настай, охин Дашваагийн Дуламсүрэн 4 настай гэх Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Үндэсний төв архивын 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 03-5/3995 дугаартай лавлагаа /хх-ийн 7/-аар хэлмэгдэгч нь Цэндсүрэн, Дуламсүрэн гэж 2 охинтой байсан бөгөөд Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 282 дугаартай шийдвэрээр Д.Цэндсүрэн, Д.Дуламсүрэн нарт ...Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13-р зүйлийг баримтлан Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хэлтсээс 1 сая төгрөгийг гаргаж Сүхбаатар сумын харьяат Д.Дуламсүрэнд 500 мянган төгрөг, Сайхан сумын харьяат Д.Цэндсүрэнд 500 мянган төгрөг тус тус олгож байсан байна. /хх-ий 10/.
Хэлмэгдэгч М.Дашваагийн төрсөн охин Д.Цэндсүрэнгийн шүүх хуралдаанд ...Миний дүү Дуламсүрэн Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт мэдрэлийн их эмч байсан. 2013 онд нас барсан...гэж тайлбарлаж байгаа нь 2013 оны 08 дугаар сарын 10-ны өдөр нас барсан болох нь нас барсны бүртгэлийн гэрчилгээ/хх-ийн 11/-ээр нотлогдож байна.
2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 00/000945 дугаартай лавлагаагаар Боржигон Дашваагийн Цэндсүрэнгийн төрсөн эцэг нь Мэндбаярын Дашваа, төрсөн эх Бадрахын Норжоо гэжээ. Зууны мэдээ сонины 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №32/6257/ дугаарт Нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтын Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн хүүхдийн бүртгэлийн 61 дугаарт /Нэхэмжлэгчийн үндсэн захиргаа Сэлэнгэ, нэхэмжлэгчийн овог, нэр Дашваагийн Цэндсүрэн, хэлмэгдэгчийн овог нэр Мэндбаярын Дашваа, хэлмэгдэгчийн үндсэн захиргаа Сэлэнгэ, хэлмэгдэгчийн хүүхэд, нөхөх олговрын хэмжээ 40 сая төгрөг/ гэж зарласан бөгөөд өнөөдрийг хүртэл энэ талаар ямар нэг маргаан гараагүй байна.
Иймд дээрх баримтуудыг дүгнээд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар хэлмэгдэгч Мэндбаярын Дашваагийн нөхөх олговор 40.000.000/дөчин сая/ төгрөгийг улсын төсвөөс гаргуулан Боржгон овогт Дашваагийн Цэндсүрэн РД/МФ50030906/-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 357.950 төгрөгөөс чөлөөлөгдсөн болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар хэлмэгдэгч Мэндбаярын Дашваагийн нөхөх олговор 40.000.000/дөчин сая/ төгрөгийг улсын төсвөөс гаргуулан Боржгон овогт Дашваагийн Цэндсүрэн РД/МФ50030906/-д олгосугай.
2.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 357.950 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ,ШҮҮГЧ А.НАРАНТУЯА