| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2020/00111/И |
| Дугаар | 111 |
| Огноо | 2020-05-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 111
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Хаан банкны Сэлэнгэ салбарын Хөтөл бизнес зээлийн төвийн хүсэлттэй хариуцагч О.Эрдэнэсүрэнг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Үлэмжтөгс нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Хаан банкны Сэлэнгэ салбарын Хөтөл бизнес зээлийн төв нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:... Зээлдэгч Отгонбаатар овогтой Эрдэнэсүрэн нь 2018 оны 04 сарын 24-ний өдөр 12157511/арван хоёр сая нэг зуун тавин долоон мянга таван зуун арван нэг/ төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай цалингийн зээлийг гэрээ байгуулан авсан бөгөөд зээлийн төлбөрийг сар бүр үндсэн зээл, хүүгийн хамт төлөх нөхцөлтэйгөөр авсан бөгөөд зээлээ төлөхгүй, зээлийн гэрээ байгуулах үед оршин сууж байсан газраа амьдрахгүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу нийт үндсэн зээлд 6554825,68 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1684960,04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6249,18 төгрөг, нийт 8246034,9 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваариар 2019 оны 01 сарын 08-ны өдрөөс хойш графикт зээлээ төлөлгүй одоог хүртэл хугацаа хэтэрч байна.
Зээлдэгч О.Эрдэнэсүрэн нь Хаан банкнаас зээл авах үед оршин сууж байсан Сэлэнгэ аймгийн Орхон сумын 01 дүгээр баг, Дүнзэн байшин хаягтаа амьдрахгүй, зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж, зээлээ төлөхгүй, оршин суугаа газар нь тодорхой бус байгаа учир эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Үлэмжтөгс шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа: ... Зээлдэгч Отгонбаатар овогтой Эрдэнэсүрэн нь 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 12.157.511 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай Хаан банкны Сэлэнгэ салбарын Орхон тооцооны төвөөс авсан. Одоогоор харилцагчийн зээл хугацаа хэтэрч байгаа бөгөөд зээл авах үед оршин сууж байсан хаягтай байхгүй, хамтран үүрэг гүйцэтгэгч Уралмаа болон үндсэн зээлдэгч хоёрын гэр бүл салсан. О.Эрдэнэсүрэн нь хаяг тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж байна. Зээлдэгч нь зээлийн гэрээнийхээ дагуу үндсэн зээлд 6.554.826.68 төгрөг төлсөн. Хүүгийн төлбөрт 1.684.960 төгрөг, нэмэгдүүлсэн хүү буюу хугацаа хэтэрсэн 6.250 төгрөгийг төлсөн байна. 12.157.511 төгрөгийг авснаас хойш зээлийн хүү, үндсэн зээл, нэмэгдүүлсэн хүүд 8.246.034 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нь 2019 оны 01 дүгээр сараас хойш зээлийн төлбөрт ямар нэгэн төлбөр төлөөгүй байгаа. Зээлдэгч О.Эрдэнэсүрэн нь Хаан банкнаас зээл авах үедээ оршин сууж байсан хаяг нь Сэлэнгэ аймгийн Орхон сумын 1-р баг, Дүнзэн байшин хаягтаа амьдрахгүй байгаа. 2019 оны 01 дүгээр сараас хойш холбоо тогтоогоогүй учраас зээлийн гэрээний үүргээ мөн зөрчиж байгаа гэсэн шалтгаанаар оршин сууж байгаа газрыг нь тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна гэв.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх Хаан банкны Сэлэнгэ салбарын Хөтөл бизнес зээлийн төвийн хүсэлттэй хариуцагч О.Эрдэнэсүрэнг эрэн сурвалжлах тухай хүсэлтийг хангах үндэстэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч Хаан банкны Сэлэнгэ салбарын Хөтөл бизнес зээлийн төвийн гаргасан хүсэлтийн дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Эрдэнэсүрэнгийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй, хаана байгаа нь тодорхойгүй байх тул түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангаж, түүнийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3, 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Бодонгууд овогт Отгонбаатарын Эрдэнэсүрэн /РД:МЙ88102207/,-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч Хаан банкны Сэлэнгэ салбарын Хөтөл бизнес зээлийн төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч, этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.АЛГИРМАА