Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1342

 

 

 

 

 

 

 

  2023        10           31                                    2023/ШЦТ/1342

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж,

улсын яллагч Я.Болортуяа,   

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч О.Цнарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Н.Мт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2306 00000 2864 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.М нь 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс мөн оны 9 дүгээр сарын 16-ны өдрийг шилжих шөнийн 02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эмнэлгийн 000 тоот гэртээ байхдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч М.Б тодорхой шалтгаангүйгээр толгой хэсэг рүү нь удаа дараа цохисны улмаас биед дагзны баруун зүүн хэсэгт шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.М нь 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс мөн оны 9 дүгээр сарын 16-ны өдрийг шилжих шөнийн 02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 000 тоот гэртээ байхдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч М.Бтодорхой шалтгаангүйгээр толгой хэсэг рүү нь удаа дараа цохисны улмаас биед дагзны баруун зүүн хэсэгт шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь: гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-5/, хохирогч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хоёр хүүхдийнхээ хамт гэртээ байж байхад манай нөхөр Н М гаднаас 2023 оны 9 дүгээр сарын 15-ны шөнө 2 цаг өнгөрч байхад орж ирсэн, гаднаас орж ирэхдээ хүмүүстэй муудалцсан бололтой нүд нь хавдаад жавжнаас нь бага зэрэг цус гарсан орж ирсэн, Тэгэхлээр нь би яасан юу болсон бэ гэж асуухад найзуудтайгаа байж байгаад муудалцсан гэж хэлсэн, тэгээд ямар ч шалтгаангүй над руу чи ер нь хогийн новш гээд элдвээр доромжлоод намайг хажууд суу гээд байхаар нь би айгаад хүүхдээ тэвэрч байхдаа үгүй гэсэн чинь босоод гэрэл унтраагаад гар утсаа орон дээрээс аваад миний толгой руу 3-4 удаа гар утсаараа цохихоор нь би түлхсэн чинь дахиад гар утсаараа толгой руу хэд хэдэн удаа цохисон миний толгой ар хэсэгтээ хагарсан байна, айфоне 12 про макс маркийн гар утсаар цохьсон, би хүүхдээ тэвэрсэн чигээрээ гүйж гарах үед миний араас зулгаагаад фудволк ураад үснээс зулгаагаад охиныг булааж авахаар нь би тэр чигтээ гүйгээд хажуу айлын хаалгыг нүдээд туслаарай гэсэн тэгээд тэр айлын хүн цагдаа дуудсан байх. Тэгээд намайг хажуу айлын хүнд хэлээд уулзаж байхад манай нөхөр машинаа унаад гараад явсан, тэр хооронд цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Б.Д 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 000 дугаар: “...1. М.Б биед дагзны баруун зүүн хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр  үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 24-25/, шүүгдэгч Н.Мын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-42/, шүүгдэгч Н.Мын хувийн байдлын тухай баримтууд /хх-38-40/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгч Н.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокурорын санал болгож, шүүдэгчийн хүлээн зөвшөөрсөн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Н.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000  төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар Н.Мт оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Н.М нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор 600.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт Н Мыг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Мыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мт оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.М нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.СОЛОНГОО