Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2020/0235

 

2020 оны 04 сарын 09 өдөр            Дугаар 128/ШШ2020/0235          Улаанбаатар хот

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Б..” ХХК 

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс.

Гуравдагч этгээд: А******* аймгийн Ц******* сумын Засаг дарга.

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн "Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” 2019/0... дугаар дүгнэлтийг хүчингүй болгох, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 4... дугаар шийдвэрийг хүчингүй болгох[1]

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ц нар оролцов.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” 2019/0.... дугаар дүгнэлтийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой:

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Ашигт малтмалын тугай зөвшөөрлийг цуцлуулах тухай" 2019/0..... дугаар дүгнэлтийн 1 дэх хэсэгт “Б.... ХХК-ийн эзэмшдэг MV-001.... тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ тухайн компани нь байгаль орчинд хортой нөлөө учруулж буй тул тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэж үзэв” гэсэн байдаг.

Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5 дахь хэсэгт тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа ... талаар орон нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан нөхцөлд тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл болох тухай заасан. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны маргаан бүхий дүгнэлт нь манай компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл цуцлагдах эрх зүйн үр дагавар үүсгэсэн захиргааны акт юм.

Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1, 4.2.5 дахь хэсгүүдэд захиргааны үйл ажиллагаанд хууль дээдлэх, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчим баримтлах тухай заасан. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл болох “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа” гэх нөхцөл байдлыг тогтоосны үндсэн дээр маргаан бүхий дүгнэлтийг гаргах учиртай. Захиргааны ерөнхий хуулийн 24.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж, 40.4 дэх хэсэгт “Захиргааны актад тухайн акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” гэж тус тус заасан. Тус зохицуулалтуудын дагуу манай компани хэзээ, ямар байдлаар байгаль орчинд хортой нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан болохыг маргаан бүхий дүгнэлтэд заах учиртай байсан. Гэвч Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь манай компанийн тусгай зөвшөөрлийн талбайд очиж үзээгүй, тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа гэх нөхцөл байдлыг тогтоох ямар нэгэн ажиллагаа хийлгүйгээр маргаан бүхий дүгнэлтийг гаргасан.

Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуулийн 25.1 2, 26.1 дэх хэсгүүдэд заасны дагуу захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтоох үүднээс захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох манай компанид шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох учиртай боловч тийнхүү сонсох ажиллагаа хийгээгүй. Маргаан бүхий дүгнэлтэд Захиргааны ерөнхий хуулийн 28.1.1 дэх хэсгийг үндэслэл болгосон байх бөгөөд хуулийн тус хэсэгт нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол сонсох ажиллагаа хийхгүй байж болох тухай заасан байна. Гэвч маргаан бүхий дүгнэлтийг гаргах үүднээс сонсох ажиллагаа хийх нь нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхгүй тул хуульд заасан түс үндэслэл бүрдээгүй байсан.

Манай компани нь ашигт малтмалын үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчин хортой нөлөөлөх үйл ажиллагаа явуулаагүй. Тодруулбал, А******* аймаг, Ц******* сум, О******* багт ашигт малтмалын үйл ажиллагаа явуулдаг компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалсан үндэслэлээ эрх бүхий байгууллага, албан тушаалтнууд олон нийтэд тайлбарлахдаа “голын ус бохирдуулж байгаа” гэсэн боловч манай компанийн уурхайн хаягдал усны шинжилгээ нь зохих стандартыг хангаж байдаг. Учир нь бид уурхайд дөрвөн хиймэл нуур үүсгэн уурхайн хаягдал усыг шүүж цэвэршүүлдэг билээ.

Маргаан бүхий дүгнэлт гарсны дараа бид аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт хандаж манай компани байгаль орчныг бохирдуулсан, хортой үйл ажиллагаа явуулж байсан эсэх тухай тодруулга, хариу өгөхийг хүссэн. Үүний хариу болгож тус газрын 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2... дүгээр албан бичгийг бидэнд ирүүлсэн бөгөөд тус албан бичигт “Манай байгууллагаас танай компанийн Ө******* тээлийн уурхайд хяналт шалгалтыг хийж байсан. Уурхайн үйл ажиллагаанд байгаль орчны хууль тогтоомж зөрчигдсөн, байгаль орчныг бохирдуулсан зүйл илэрч байгаагүй болно” гэсэн байна. Энэ нь манай компани байгаль орчинд хортой нөлөөлөх үйл ажиллагаа явуулаагүйг нотлох баримт юм.

Иймд маргаан бүхий дүгнэлт нь бодит байдалд үндэслээгүй, хууль бус захиргааны акт юм.

2. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 4... дугаар шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой:

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 4.... дугаар шийдвэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны маргаан бүхий дүгнэлтийг үндэслэл болгон манай компанийн ашигт малтмалын ашиглалтын MV-001.... дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан. Дээр тэмдэглэсэнчлэн манай компани байгаль орчинд хортой нөлөөлөх үйл ажиллагаа явуулаагүй тул тус үндэслэлээр тусгай зөвшөөрөл цуцалсан энэхүү маргаан бүхий захиргааны акт нь бодит байдалд үндэслээгүй, хууль бус шийдвэр юм. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.2 дахь хэсэгт заасан ажиллагааг хийгээгүй болно.

Түүнчлэн, тус хэлтэс Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дүгнэлт гармагц түүнийг үндэслэл болгон тусгай зөвшөөрлийг цуцалсан нь үндэслэлгүй юм. Учир нь, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дүгнэлтийг манай компанид хүргүүлээгүй, мэдэгдээгүй байхад тусгай зөвшөөрлийг цуцалсан. Захиргааны ерөнхий хуулийн 46.1 дэх хэсэгт заасны дагуу захиргааны актыг мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болох тул компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах үед Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дүгнэлт хүчин төгөлдөр болоогүй байсан. Компанийн зүгээс тус дүгнэлтийг хүчингүй болгуулахаар гомдол, нэхэмжлэл гаргах хугацаа өнгөрөөгүй байх үед Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс тус дүгнэлтийг хэрэгжүүлсэн байна. Захиргааны ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.2.1 дэх хэсэгт захиргааны актад гомдол гаргах хугацаа өнгөрсөн тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэх учиртай тухай заасан. Иймд бид Байгаль орчин, аялал жуулчлалын яамны маргаан бүхий дүгнэлтэд холбогдуулан гомдол, нэхэмжлэл гаргах хугацаа өнгөрөөгүй байх үед тус дүгнэлтийн 2-т заасан “Дүгнэлтийг ... Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлэх”, 1-д заасан “Тусгай зөвшөөрлийг цуцлуулах” шийдвэрүүдийг биелүүлэхгүй хүлээх шаардлагатай байсан гэж үзэж байна. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь нэгэнт Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дүгнэлтийн агуулгыг хянах, үндэслэлгүй гэж үзэх бүрэн эрхгүй тул тус дүгнэлтийг эрх бүхий байгууллага гаргасан эсэх, хуульд заасан гомдол, нэхэмжлэл гаргах хугацаа өнгөрсөн эсэхийг хүлээх шаардлагатай. Тийнхүү хуульд заасан гомдол, нэхэмжлэл гаргах хугацаа өнгөрсөн эсвэл тус дүгнэлт хууль ёсны болох нь эрх бүхий байгууллагаар эцэслэн тогтоогдсоноор Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дүгнэлтийг үндэслэл болгож тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэлтэй. Хуулийг тийм агуулгаар тайлбарлахгүй бол Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь хууль бус эсвэл хууль ёсны эсэх нь эцэслэн тогтоогдоогүй Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг цуцлах шаардлагатай болно. Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хуулиар захиргааны үйл ажиллагаанд хууль дээдлэх зарчим баримтлах тухай заасан тул ийнхүү хууль бус шийдвэрийг үндэслэн захиргааны шийдвэр гаргах ажиллагаа явагдах, хүний эрх, эрх чөлөөнд халдах учиргүй.

Маргаан бүхий захиргааны актуудын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлын тухай:

Маргаан бүхий захиргааны актуудаар цуцлагдсан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн дагуу бид А******* аймаг, Ц******* сум, О******* багийн Ө******* тээлийн уурхайд 2422.9 га талбай бүхий газарт ашигт малтмал ашиглах эрхтэй байсан. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн 2 дугаар хавсралтын 1 дэх талд талбайн хэмжээг тэмдэглэсэн байна. Тодруулбал, анх 2007 оны 02 дугаар сарын 22-ны өдөр АДМ ХХК-д 30 жилийн хугацаатайгаар олгогдсон тус тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 9... дугаар шийдвэрээр "Б” ХХК-с манай компанид шилжүүлснийг бүртгэсэн. Энэ нь Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1 дүгээр хавсралтын 2 дахь талд тэмдэглэгдсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх хэсэгт заасны дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн уурхайн эдэлбэрт орших ашигт малтмалыг ашиглах эрх эдэлдэг. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16 дахь хэсэгт тодорхойлсон ёсоор ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичиг нь ашиглалтын тусгай зөвшөөрөл юм. Иймд маргаан бүхий захиргааны актуудаар манай компанийн эзэмшиж байсан MV-00******* тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсан нь бидний А******* аймаг, Ц******* сум, Ө******* тээлийн уурхайн эдэлбэр газрын ашигт малтмал ашиглах эрхийг зөрчиж байна. Бид энэхүү нэхэмжлэлээр А******* аймаг, Ц******* сум, О******* баг дахь Ө******* тээлийн уурхайн 2422.9 га талбай бүхий эдэлбэр газрын ашигт малтмал ашиглах эрхээ сэргээлгэхийг хүсэв” гэжээ.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: "Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/0... дугаар “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай дүгнэлт”-ийг гаргахдаа Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6, 15 дугаар зүйлийн 15.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, “Санал хүргүүлэх тухай” А******* аймгийн засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 02/9.... тоот албан бичгийг тус тус үндэслэн “Б” ХХК-ийн эзэмшдэг MV-001....тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ тухайн компани нь байгаль орчинд хортой нөлөө учруулж буй тул тусгай зөвшөөрлийг цуцлах нь зүйтэй гэх ажлын хэсэг дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

"Санал хүргүүлэх тухай” А******* аймгийн засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 02/9....тоот албан бичгээр “MV-001... дугаар тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Б..." ХХК-ийн үйл ажиллагаа нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6-д заасны дагуу байгаль орчинд хортой нөлөөллийг үзүүлж байгаа нь эрсдэлтэй байгаа тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасны дагуу холбогдох дүгнэлт гаргаж тусгай зөвшөөрлийг цуцалж өгнө үү” гэж уламжилсан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйл Тусгай зөвшөөрлийг цуцлах, 56.1-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцална”, 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” гэж заасан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Кадастрын мэдээллийн санд А******* аймгийн Ц******* сумын нутаг Ө******* тээл нэртэй 2422.9 гектар бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-001....тоот тусгай зөвшөөрлийг анх 1998 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр олгосон бүртгэлтэй байна.

1999 оны 2 дугаар сарын 12-ны өдөр ашигт малтмалын ашиглалтын MV-001... тоот тусгай зөвшөөрлийг “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК-д барьцаалуулсныг бүртгэж улмаар 1999 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр тус компанид шилжүүлснийг бүртгэсэн байна.

Маргаан бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-00******* тоот тусгай зөвшөөрлийг 2000 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “В*******” ХХК-аас "ДМ” ХХК-д шилжүүлснийг бүртгэсэн байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 6... дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын MV-001..тоот тусгай зөвшөөрлийг “АДМ" ХХК-аас “Б” ХХК-д шилжүүлснийг бүртгэж улмаар дахин Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 9... дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын МV-001...тоот тусгай зөвшөөрлийг “Б  ...” ХХК-аас “Б...” ХХК-д шилжүүлснийг бүртгэжээ.

Нэхэмжлэгч “Б...” ХХК нь А******* аймгийн Ц******* сумын нутаг Ө******* тээл нэртэй 2422.9 гектар бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-001.... тоот тусгай зөвшөөрлийг эзэмшин үйл ажиллагаа явуулж байхдаа байгаль орчинд хортой нөлөө учруулж Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д ‘‘тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан’’ гэж заасан зөрчил гаргасан болох нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/0.. тоот дүгнэлтээр тогтоогдсон тул Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 4... дугаар шийдвэрээр цуцалсан.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 422 дугаар шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн захиргааны байгууллагын үйл ажиллагаандаа баримтлах зарчмын хүрээнд хуульд заасан зөрчил гаргасан болох нь бодит нөхцөл байдлаар тогтоогдсон тул мөн хуулийн 28 дугаар зуйлийн 28.1.1-д “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол төрийн захиргааны байгууллага сонсох ажиллагаа хийхгүйгээр шууд шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй захиргааны акт юм. Улмаар Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 7/5... тоот албан бичгээр цуцалсан талаарх мэдэгдлийг хүргүүлсэн байна.

Байгаль хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-д “Төр нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор байгаль орчинд хортой нөлөөлөхөөс болон байгаль орчны тэнцэл алдагдахаас сэргийлэн хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 15 дугаар зүйлийн 1.1 -д “Байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж тус тус заасан байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу “БМНС” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү”  гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: “Тус сумын О******* багийн нутаг дэвсгэрт "БМНС” ХХК нь MV-001.... лицензтэй ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийж ирсэн. Энэ хугацаанд сумын Засаг даргын тамгын газраас Байгаль орчны үнэлгээ хийх боломжгүй, зөрчил гаргасан нь тогтоогдож байгаагүй. Суманд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр "Б....” ХХК нь О******* багт Соёлын төвийн барилга, үйлдвэрлэл эрхлэх ажлын байр, дизель станц, зэрлэг гахай нутагшуулах, их дээд сургуульд суралцагчдын сургалтын төлбөрт дэмжлэг үзүүлэх, сургуулийн сурагчдын хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцсаар хангах, нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт

багийн иргэдийг хамруулах, Эрүүл мэндийн төвд Ариун цэврийн байгууламж, барих, Ерөнхий боловсролын сургуульд 258 хүний суудалтай автобус хандивлах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. ... Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд орон нутагт өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд миний биеийг байлцуулахгүйгээр шүүх хуралдаанаас шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Тус шүүхэд нэхэмжлэгч “Б.... ” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн "Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” 2019/0.... дугаар дүгнэлтийг хүчингүй болгох, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 4... дугаар шийдвэрийг хүчингүй болгох”[2] хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бөгөөд дээрх нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

    Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хайгуулын тусгай зөвшөөрлийн анх олгогдсон, тусгай зөвшөөрөл шилжүүлэгдсэн, цуцлагдсан байдлын тухайд:

            Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын мэдээллийн санд А******* аймгийн Ц******* сумын нутаг Ө******* тээл нэртэй 2422.9 гектар бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-001... тоот тусгай зөвшөөрлийг анх 1998 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр  “АДМ” ХХК-д 30 жилийн  хугацаатай олгож,  улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 6... дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын MV-001... тоот тусгай зөвшөөрлийг “АДМ" ХХК-аас “Б... ХХК-д шилжүүлснийг бүртгэж, дахин Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 9... дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын МV-00******* тоот тусгай зөвшөөрлийг “Б...” ХХК-аас “Б... ХХК-д шилжүүлснийг тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэжээ[3].

            Нэхэмжлэгч.. “Б.” ХХК нь А******* аймгийн Ц******* сумын нутаг Ө******* тээл нэртэй 2422.9 гектар бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-001...тоот тусгай зөвшөөрлийг эзэмшин үйл ажиллагаа явуулж байхдаа байгаль орчинд хортой нөлөө учруулж Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д ‘‘тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан’’ гэж заасан зөрчил гаргасан болох нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/0.... тоот дүгнэлтээр[4] тогтоогдсон тул Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 4... дугаар шийдвэрээр цуцалжээ[5].

     I. Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” 2019/0...дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

            Нэхэмжлэгч  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... манай компани хэзээ, ямар байдлаар байгаль орчинд хортой нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан болохыг ... Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь манай компанийн тусгай зөвшөөрлийн талбайд очиж үзээгүй, тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа гэх нөхцөл байдлыг тогтоох ямар нэгэн ажиллагаа хийлгүйгээр маргаан бүхий дүгнэлтийг гаргасан ... Захиргааны ерөнхий хуулийн 25.1 2, 26.1 дэх хэсгүүдэд заасны дагуу ... сонсох ажиллагаа хийгээгүй... “ гэж тайлбарлажээ.

            А******* аймгийн Засаг даргаас 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 02/9... тоот албан бичгээр[6]MV-001.... дугаар тусгай зөвшөөрөл эзэмшигч “Б....” ХХК-ийн үйл ажиллагаа Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6 дахь хэсэгт заасны дагуу байгаль орчинд хортой нөлөөллийг үзүүлж байгаа тул малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох дүгнэлт гаргаж тусгай зөвшөөрлийг цуцалж өгнө үү” гэсэн саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд  хүргүүлжээ.

            Уг саналтай холбогдуулан А******* аймгийн Засаг даргын орлогч Б.Б.г гэрчээр асууж “Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн уул уурхайн компаниудын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай агуулга бүхий санал гаргах болсон үндэслэлийн талаар тодруулахад,

            А******* аймгийн Ц******* сумын О*******ы уурхайнуудын байгаль орчинтой холбоотой асуудлаар аймгийн Засаг даргын захирамжаар хэд хэдэн удаа ажлын хэсэг байгуулж ажиллаж байсан. Ажлын хэсгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ц  ахалж ажилласан. Засаг даргын Тамгын газраас байгаль орчны асуудлаар холбогдох байгууллагад өмнө нь асуудал тавигдаж байсан байх. 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр аймгийн Засаг дарга эзгүй байсан бөгөөд Засаг даргын Тамгын газрын даргаас О*******д үйл ажиллагаа явуулж байгаа уурхайнуудын үйл ажиллагааны талаар Байгаль орчин, аялал жуучлалын яаманд албан бичиг хүргүүлэх гэж байгаа талаар хэлж, албан бичиг дээр гарын үсэг зурж өгөөч гэж хэлсэн. Энэ асуудлыг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ц  сайн мэднэ. ...” гэсний дагуу А******* аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ц-аас уг асуудлаар гэрчийн мэдүүлэг авахад, “... 2018 онд аймгийн Засаг даргын захирамжаар А******* аймгийн Ц******* сумын О******* багт тусгай зөвшөөрөл эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудад хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийг миний биеэр ахлуулан томилсон байдаг. Ажлын хэсэгт мэргэжлийн хяналт, цагдаагийн газар зэрэг хууль хяналтын болон мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл бүгд багтсан байгаа. А******* аймгийн Ц******* сумын О******* багт байгаль орчны зөрчилтэй холбоотой асуудал их байсан, тэр нь ихэнхдээ “Мг” ХХК болон “M...” ХХК зэрэг компаниуд байсан. Эдгээр компаниуд нь байгаль орчны нөхөн сэргээлтийг огт хийгээгүй асуудал гаргасан. Бусад компаниуд буюу тухайлбал, “Б..." ХХК-ийн хувьд Ашигт малтмал, газрын тосны газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам зэрэг байгууллагуудаас жил бүр ажиллах төлөвлөгөө, зөвшөөрлүүдээ батлуулж, бичиг баримтын бүрдлийг хангаж ажилладаг байсан. Мөн А******* аймгаас О******* чулуут голын сав газрын захиргаанаас ус ашиглах зөвшөөрөл авч ажилладаг. “Б...” ХХК-ийг ажиллаж байх хугацаанд тус компанитай холбоотой ямар нэгэн зөрчил гарсан эсэхийг миний бие нарийн мэдэхгүй, хэрэв тухайн үед ямар нэгэн зөрчил гарсан бол мэргэжлийн хяналт, байгаль орчин, аялал жуулчлалын газар зэрэг мэргэжлийн байгууллагуудын акт, дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдох байх.

            Гэхдээ тус компанийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийн аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг дүгнэдэг байсан. Тухайн үеийн журмаар менежментийн төлөвлөгөөний биелэлтийг 80 буюу түүнээс дээш хувиар дүгнэгдсэн тохиолдолд дараа жил үйл ажиллагаа явуулах эрхтэй болдог. “Б....” ХХК нь жил бүр менежментийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнүүлж явж байсан. Миний бие өөрөө газар дээр нь очиж нэг жил тус компанийн нөхөн сэргээлтийг хүлээж авах ажлын хэсгийг ахалж байсан, гэхдээ би өөрөө мэргэжлийн хүн биш ч тэр үед нөхөн сэргээлтийг хангалттай хийсэн байна гэж харсан.

            Аймгийн Засаг даргын 02/9....дугаартай албан бичгийн тухайд, өмнө нь аймгийн Засаг даргаас байгаль орчны яаманд О******* багт тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай санал явуулж байсан. Эдгээр санал нь “МГ” ХХК, “...М” ХХК-тай холбоотой санал байсан. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас А******* аймгийн Ц******* сумын О******* багт уул уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа аж ахуй нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналаа ирүүлэхийг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт мэдэгдсэн байсан, тухайн үед аймгийн Засаг дарга байхгүй байсан учраас орлогч саналыг явуулсан” гэжээ.

             Мөн хавтаст хэрэгт авагдсан А******* аймгийн Мэргэжлийн хяналтын  газрын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 01/1... дугаар албан бичигт “Б...” ХХК-ийн эзэмшиж байсан MV-001... тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэлх хугацаанд тус газраас тусгай зөвшөөрөлтэй нь холбоотой санал, дүгнэлт гаргаж байгаагүй болно”, мөн тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 115 дугаар албан бичигт “Б....” ХХК нь А******* аймгийн Ц******* суманд О******* багт алт олборлох үйл ажиллагааг 2016 оноос эхлэн явуулж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд байгаль, орчны менежментийн төлөвлөгөөг жил бүр батлуулж, дүгнүүлж ирсэн. Манай байгууллагын зүгээс тусгай зөвшөөрөлтэй нь холбоотой ямар нэгэн санал дүгнэлт гаргаж байгаагүй болно” гэж тус тус дурджээ.

            Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6-д “байгаль орчинд хортой нөлөөлөх" гэдэгт байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл /эс үйлдэхүй/ хамаарна” гэж заасан  нөхцөл байдал нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрөл бүхий талбайд үүсээгүй байхад А******* аймгийн Засаг дарга 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 тоот албан бичгээр “MV-001... дугаар тусгай зөвшөөрөл эзэмшигч “Б...” ХХК-ийн үйл ажиллагаа Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6 дахь хэсэгт заасны дагуу байгаль орчинд хортой нөлөөллийг үзүүлж байгаа тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох дүгнэлт гаргаж тусгай зөвшөөрлийг цуцалж өгнө үү” гэсэн саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд  хүргүүлсэн нь үндэслэлгүй байна гэж үзэв.

            Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлНөхцөл байдлыг тогтоох”, 24.1-дЗахиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-тЭнэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж тус тус заажээ.

            Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл захиргааны байгууллага нь шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг өөрөө тогтоох үүрэгтэй байна.

            Маргаан бүхий тохиолдолд хариуцагч нь 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” 2019/0... дугаар дүгнэлтийг зөвхөн А******* аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” 02/9.. тоот албан бичгийг үндэслэн, бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр гаргасан нь хуулийн дээрх заалтуудтай нийцээгүй байна.

            Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлОролцогчийг сонсох”, 26.1-дЗахиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заажээ.

            Хуулийн дээрх зүйл, заалтад зааснаар захиргааны байгууллага нь захиргааны шийдвэрийг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох зохицуулалттай байна.

            Энэ хэргийн маргаан бүхий тохиолдлын хувьд, дээрх ажиллагааг хийгээгүй бөгөөд хуулийн 28 дугаар зүйлдСонсох ажиллагааг хийхгүй байх”, 28.1-дДараах тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно”, 28.1.1-днийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол” гэж зааснаар сонсох ажиллагааг хийгээгүй гэх тайлбар нь үндэслэлгүй.

            Учир нь нэхэмжлэгч компани нь нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр үйл ажиллагаа явуулсан гэх нөхцөл байдал нь тогтоогдоогүй байхад дээрх дээрх хуулийн заалтыг үндэслэн сонсох ажиллагааг хийхгүйгээр шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

            Иймд дээрх үндэслэлүүдээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” 2019/08... дугаар дүгнэлтийг хүчингүй  болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

II. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 4... дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Ашигт малтмал, газрын тосны газар Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 4.... дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалт, Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 01/5...тоот албан бичгээр ирүүлсэн 2019/08 дугаар дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгч “Б... ” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын MV-001.... дугаар тусгай зөвшөөрлийг эзэмшиж байхдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-т заасан зөрчил гаргасан болох нь Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/4... дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2019/08 дугаар дүгнэлтээр тогтоогдсон гэж үзэж ашигт малтмалын ашиглалтын MV-001... дугаар тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

            Дээрх маргаан бүхий шийдвэр нь Байгаль орчин, аялал жуучлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” 2019/0.. дугаар дүгнэлтийг үндэслэжээ.

            Үндэслэл болсон Байгаль орчин, аялал жуучлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” 2019/0.. дугаар дүгнэлт нь бодит нөхцөл байдалд нийцээгүй, үндэслэлгүй болох нь хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг үндэслэн гаргасан Ашигт малтмал газрын тосны газар кадастрын хэлтсийн даргын шийдвэр нь мөн үндэслэлгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

            Ашигт малтмалын тухай 56 дугаар зүйл. “Тусгай зөвшөөрлийг цуцлах”, 56.2-тТөрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж заажээ.

            Хуулийн дээрх заалтаас үзвэл тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэл өгөх зохицуулалттай байх бөгөөд мэдэгдэлдээ тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийн талаар тодорхой заахаар байна.

            Гэтэл маргаан бүхий тохиолдолд, дээрх мэдэгдлийг нэхэмжлэгч компанид хүргүүлэлгүйгээр цуцалсан нь нэхэмжлэгчийн компанийг тусгай зөвшөөрлийг нь цуцалж байгаа үндэслэлтэй холбоотой асуудлаар санал, гомдол, тайлбар гаргах эрхийг  хязгаарласан гэж үзэх үндэслэлтэй байна.

            Мөн хариуцагчийн маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлдСонсох ажиллагааг хийхгүй байх”, 28.1-дДараах тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно:”, 28.1.1-д “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол” гэж зааснаар сонсох ажиллагааг хийгээгүй гэх тайлбар нь мөн үндэслэлгүй.

            Учир нь нэхэмжлэгч компани нь нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр үйл ажиллагаа явуулсан гэх нөхцөл байдал нь тогтоогдоогүй байхад дээрх хуулийн заалтыг үндэслэн сонсох ажиллагааг хийхгүйгээр шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 4.... дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 26 дугаар зүйлийн 26.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай 2019/0... дугаар дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 4... дугаар шийдвэр зэргийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      С.ГАНБАТ

 

 

              

 

 

 

[1] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 1-6 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 1-6 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 11-14 дүгээр хуудас

[4] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 22 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 56 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 152 дугаар хуудас