Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2026/0146

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

“Б ө б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: шүүгч Ц.Одмаа

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч О.Оюунгэрэл

Илтгэгч: шүүгч З.Ганзориг

Давж заалдах гомдол гаргасан: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э

 

Нэхэмжлэгч: “Б ө б” ХХК /РД:

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

 

Нэхэмжлэлийн шаардлага: ““Б ө б” ХХК-ийн 14231Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 10/3004,  Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1/4024 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, 14321Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохыг даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2025/0920 дугаар шийдвэр

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2025/0827/з

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Б ө б” ХХК-иас Ашигт малтмал газрын тосны газар, түүний Кадастрын хэлтэст холбогдуулан ““Б ө б” ХХК-ийн 14231Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 10/3004,  Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1/4024 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, 14321Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохыг даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2025/0920 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.31 /гэж бичсэн/, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.8 дахь заалтыг баримтлан “Б ө б” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “Б ө б” ХХК-ийн 14231Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 10/3004 тоот хариуг хууль бус болохыг тогтоолгох, 14321Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд хуульд заасан шаардлагыг хангуулах ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохыг даалгаж /гэж/ шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:  

3.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасны дагуу хууль ёсны болоогүй гэж үзэж байна.

Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тухайн шүүх хуралдаан болсон өдөр “... авга ах нас барсан, шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн zakhirgaa_[email protected] хаягаар шүүхэд хүргүүлсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг анхаарч үзэлгүй шүүх хуралдааныг хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй, мэтгэлцэх боломжоор хангаагүй, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор судалж үзээгүй тул хууль хэрэглээний ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байна.

3.2. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-т “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах” гэж заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг мэтгэлцэх зарчмаар хангаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2025/0920 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэсэн агуулга бүхий тайлбарыг тус тус шүүх хуралдаанд гаргасан.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

Шийдвэрийн “Тогтоох нь” хэсэгт хуулийн зүйл, заалтыг бичихдээ техникийн алдаа гаргаснаас гадна нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн тухай тусгаагүй байх тул зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.  

2. Мөн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн хэлтсийн дарга Т.Зууннастаас давж заалдах гомдол гаргасан, энэ талаар хариуцагч Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э “... давж заалдах гомдол гаргах үед Кадастрын хэлтсийн дарга М.Э ээлжийн амралттай байсан, дотоод журмаараа түүнийг эзгүйд агентлагийн даргын тушаалаар Уул уурхайн хэлтсийн дарга орлодог” гэж тайлбарлах боловч энэ талаарх баримтыг гомдолд хавсаргаж шүүхэд ирүүлээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.5-д “Гомдол гаргах эрхгүй этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг шүүх буцаана” гэж заасны дагуу уг гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр буцаасан болно.

3. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь анх ““Б ө б” ХХК-ийн 14231Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 10/3004,  Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1/4024 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, 14321Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргахад анхан шатны шүүхээс (а) Ашигт малтмал, газрын тосны газар, түүний (б) Кадастрын хэлтэст холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. /Хэргийн 1-3, 53-54, 94 дэх талд/

4. Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт “… Ашигт малтмал, газрын тосны газрын 1/4024 тоот хариуг хүчингүй болгох шаардлага байхгүй, Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан шаардлагаа дэмжиж байна” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд “…агентлагийн даргын 2025 оны 1/4024 дүгээр албан бичигтэй маргахаас татгалзаж байна гэж ойлголоо” гэж тус тус тайлбарласан боловч нэхэмжлэгчийн гаргасан ““Б ө б” ХХК-ийн 14231Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1/4024 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрхэн шийдвэрлэсэн талаар шийдвэртээ бүрэн тусгаагүй байна.

5. Нэгэнт уг нэхэмжлэлээр Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулж захиргааны хэрэг үүсгэсэн тохиолдолд нэхэмжлэгч уг нэхэмжлэлээсээ татгалзсан, эсхүл нэхэмжлэлийн шаардлагаа хасч багасгасан эсэхийг тодруулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжаар, эсхүл шүүхийн шийдвэрт түүнийг хэрхэн шийдвэрлэсэн талаар дурдах зэргээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага бүрийг шийдвэрлэх ёстой.

6. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1/4024 дүгээр албан бичгийн хувьд, Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 10/3004 дүгээр албан бичгээр өгсөн хариуг эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гаргасан гомдол хариу өгсөн утгатай, эрх зүйн өөр шинэ үр дагавар үүсгээгүй буюу захирамжилсан шинжийг агуулаагүй тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг хангахгүй байна.

7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд үүнийг үгүйсгээгүй боловч гагцхүү энэ нэхэмжлэлээсээ татгалзаж, эсхүл шаардлагын хэмжээг багасгасан эсэх, шүүх хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй үлдсэн тул давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянаж, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, тус хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

8. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн хувьд, “Б ө б” ХХК нь “... онцгой эрхийн дагуу ашиглалтай тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан, зарим баримтууд биднээс үл хамаарах шалтгаанаар удааширч бүрдсэн, сонсох ажиллагааны явцад эдгээр нөхцөл байдлыг захиргааны байгууллагад тайлбарлаж байсан, хайгуул хийсэн талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулах эрхийг зөрчсөн” гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлсон бол,

Хариуцагчаас “... өргөдөлдөө хуульд заасан баримтуудыг хавсаргаж ирүүлээгүй, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон тул ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан, шийдвэр гаргахдаа сонсох ажиллагаа явуулсан” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж маргасан.

9. Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтын талаар “… Монгол Улсад татвар төлөгч болох нотолгоог 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр татварын албанаас авч, энэ шаардлага өргөдөл шийдвэрлэх явцад хангагдсан; Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр нь тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл хамаарах шалтгаанаар бодит байдалд 2025 оны 1 дүгэээр сарын 14-ний өдөр бүрдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас түүнийг үндэслэн ерөнхий үнэлгээний дүгнэлт ирүүлснээс үзэхэд нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаанаар хугацаа алдаж хангагдсан, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж ажилласан орон нутгийн тодорхойлолтыг хавсаргаж шаардлага мөн хангагдсан /байхад/ 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдөр К-01 маягтаар гаргасан өргөдлийг шийдвэрлэхээс татгалзсан хариуг 10/3004 дүгээр албан бичгээр өгсөн нь Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.1-д заасантай нийцээгүй” гэж дүгнэн, Кадастрын хэлтэст холбогдох нэхэмжлэлийг хангасан нь шийдлийн хувьд зөв болжээ.

10. Хэрэгт цуглуулсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын тухайд;

10.1. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газар /хуучнаар/-ын даргын 2008 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1392 дугаар шийдвэрээр “Б ө б” ХХК-д Дорноговь аймгийн Иххэт сумын нутаг орших “Ц д” нэртэй 109.15 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-014231 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон.

Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг Геологи, уул уурхайн кадастрын газар /хуучнаар/-ын даргын 2011 оны 641 дүгээр шийдвэрээр 2014 оны 9 дүгээр сарын 30, Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 452 дугаар шийдвэрээр 2017 оны 9 дүгээр сарын 30, Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 536 дугаар шийдвэрээр 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл тус тус сунгажээ. /Хэргийн 7-9, 57-58 дахь талд/

10.2. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тус хуулийн этгээдээс ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч, Маягт К-02 загварын дагуу гаргасан өргөдлийг төрийн захиргааны байгууллага 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 17:33 цагт NM-025988 өргөдлийн дугаарт бүртгэсэн.

Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхай, кадастрын хэлтсээс 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 8/1902, 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 10/3980 дугаар албан бичгийг “Б ө б” ХХК-д хүргүүлж, Ашигт малтмалын тухай хуулийн 25.1.5, 25.1.6, 25.1.7-д заасан баримтыг ирүүлэхийг мэдэгдсэн бол Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 82 дугаар шийдвэрээр эдгээр шаардлагыг хангаагүй үндэслэлээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байна. /Хэргийн 15, 59, 70 дахь талд/

10.3. Нэхэмжлэгчийн хувьд өргөдөлд хавсаргавал зохих баримтыг бүрдүүлэх хүрээнд: /Хэргийн 41-45, 80, 97-106, 164-173, 183 дахь талд/

(а) 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хайгуулын ажлын үр дүнгийн тайланд шинжээч томилуулахаар хандсан ба тус Зөвлөлөөс 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр шинжээч томилсон бол дүгнэлт нь 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр гарч, дараа нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хэлэлцэж, ХХ-16-04 дүгээр дүгнэлтийг гаргасан.

(б) Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дээрх дүгнэлтийг Ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 12/5598 дугаар албан бичгээр Үндэсний геологийн албанд хүргүүлсэн бөгөөд тус Албаны даргын 2025 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн Н/01 дүгээр тушаалаар, Б ө б” ХХК-ийн өөрийн хөрөнгөөр хайгуулын үйл ажиллагаа явуулсан 14231Х дугаартай зөвшөөрөл бүхий талбайд нийт бодитой болон боломжтой (B+C) зэрэглэлээр 36,737.12 тн хүдэрт 39.92 хувийн дундаж агуулгатай 14,646.10 тн хайлуур жоншоор хүлээн авч нөөцөд бүртгэж, энэ талаар Ашигт малтмал, газрын тосны газарт албан бичиг хүргүүлсэн байна.

(в) Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам нь энэ хэсгийн (б)-д заасан шийдвэр, орон нутгийн санал зэргийг үндэслэн 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдөр үнэлгээ хийж, 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 12/2668 дугаар албан бичгээр Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлтийг нэхэмжлэгчид хүргүүлжээ.

10.4. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадасрын хэлтсийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 8/447, 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 10/5086 дугаар албан бичгээр хүргүүлсэн “өргөдөл шийдвэрлэх” сонсох ажиллагааны мэдэгдэлд “Б ө б” ХХК-иас 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 21/02, 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 21/02, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 22/38 дугаар албан бичгээр хариу хүргүүлж, энэ хэсгийн 10.3-т заасантай холбоотой хүлээгдэж буй нөхцөл байдал болон КОВИД-19 цар тахал ч үйл ажиллагаанд нь нөлөөлж байгаа зэргийг тайлбарлаж байсан бол “холбогдох баримтууд бүрдсэн” талаар дурдаж, 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 08/25 дугаар албан бичгээр дахин К-01 өргөдөл гаргасан. /Хэргийн 14, 46-48, 71, 76, 78-79 дэх талд/

11. Энэхүү маргааны хувьд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд хавсаргах баримтыг хэдийд бүрдүүлэх буюу төрийн захиргааны байгууллагаас өргөдлийг шийдвэрлэх явцад бүрдлийг хангах нь Ашигт малтмалын тухай хуулийн зорилгод нийцэх эсэх, энэ тохиолдолд захиргааны байгууллагаас бүрдэл хангагдаагүй гэх үндэслэлээр өргөдлийг бүртгэх буюу ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэлтэй эсэх, Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.1-д заасан үндэслэл нь тухайлан хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн “онцгой эрх” нэгэн адил хамаарах эсэх зэрэгт эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагатай.   

12. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.5. зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; 4.2.8. хууль ёсны итгэлийг хамгаалах.” гэж,

Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь эрх эдэлнэ: 21.1.3. энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах;”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Энэ хуулийн 24.1-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана:”, 26 дугаар зүйлийн 26.3-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 26.1, 26.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргаж, өргөдөл гаргагчид мэдэгдэнэ: 26.3.1. өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 24.3, 24.4, 25.1-д заасан шаардлагыг хангаагүй бол хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шалтгаан, үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр, эсхүл энэ хуулийн 17.1-д заасан цахим хэлбэрээр мэдэгдэж, энэ тухай бүртгэлд тэмдэглэх;”, 26.8-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 26.3.1, 26.3.4, 26.4-т заасан шийдвэр гаргасан бол өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг өргөдөл гаргасан этгээдэд буцааж өгнө” гэж тус тус заасан.

13. Энэхүү “онцгой эрх”-ийн агуулга нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хөрөнгөөр хайгуулын үйл ажиллагаа явуулсныхаа хувьд тухайн талбайдаа ашиглалтын тусгай зөвшөөрлийг тухайн талбайд ямар нэг үйл ажиллагаа өөр хэн нэгэнтэй өрсөлдөхгүйгээр шууд авах тухай ойлголт бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан бөгөөд тухайн талбайдаа ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаагүй тохиолдолд уг эрхээ алдах бол “Б ө б” ХХК-ийн хувьд ийм нөхцөл үүсээгүй байна.

14. Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2-т “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан бол онцгой эрхийнх нь дагуу уурхайн талбай олгох” гэж заасан зохицуулалтаас үзэхэд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гаргасан хүсэлт нь хуульд заасан баримт бичгийн бүрдэл дутуу, талбайн аль нэг хэсэгт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан, хориглосон зэрэг мөн зүйлийн 26.3.1, 26.3.4-т заасан үндэслэлээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах нь “онцгой эрх”-ийн агуулгад нийцэхгүй.

Энэ утгаараа хариуцагч тухайн үед нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн аваад шууд татгалзаагүй, баримт бичгийн бүрдлийг хангаж ирүүлэх талаар мэдэгдэж, өргөдөл хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлсэн атлаа “тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, баримт бичгийн бүрдлийн шаардлага хангаагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхээс татгалзсан нь хууль бус юм.

15. Нөгөөтээгүүр Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 48.4-т заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Б ө б” ХХК нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө хайгуулын ажлын тайланг төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгснөөр түүний хуулиар хүлээсэн үүрэг биелэгдсэн, харин уг тайланг хэлэлцэн батлах эсэх, түүнтэй холбоотой бусад шийдвэр гаргах үйл ажиллагаа нь захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг болох учраас захиргааны байгууллагаас шийдвэр гаргах хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг гүйцэтгэх хугацаанд хамааруулж тоолохгүй, холбогдох захиргааны байгууллагын шийдвэр хэзээ албажиж гарахаас үл шалтгаалан ашиглалтын тусгай зөвшөөрөл авахтай холбоотой хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн “онцгой эрх” хэвээр хадгалагдана.

16. “Б ө б” ХХК-ийн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн дүгнэлт тэмдэглэл, Үндэсний геологийн албаны даргын тушаал, тэдгээрийг үндэслэн гарсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ зэрэг төрийн захиргааны байгууллагын шийдвэр гарснаар, нэхэмжлэгч хуулийн этгээд “2025 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандаж, “...ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн” өргөдөл гаргасан нь дээр дурдсан Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3, 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1-д тус тус заасантай нийцсэн, харин Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 82 дугаар шийдвэрээр “Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т заасан шаардлага хангаагүй, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу өргөдлийг хянан шийдвэрлэх хугацаа дууссан” гэх үндэслэлээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж, хариу өгсөн нь хууль бус, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

17. Хэдийгээр хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд холбогдох баримтыг өргөдөл шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдүүлсэн, түүний ашиглалтын тусгай зөвшөөрөл авах “онцгой эрх” хадгалагдсан хэвээр болох нь дээрх байдлаар тогтоогдож байх боловч энэ нь уг зөвшөөрлийг олгохыг төрийн захиргааны байгууллагад шууд даалгах үндэслэл болохгүй.

Учир нь өргөдөл шийдвэрлэх хүрээнд төрийн захиргаан байгууллагаас хэрэгжүүлэх анхан шатны шүүлт, тодруулах ажиллагаа, холбогдох журмыг Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т зохицуулсан тул Б ө б” ХХК-ийн гаргасан өргөдлийг түүнд нийцүүлэн зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

18. Маргааны үйл баримтын хүрээнд, шүүхээс баримт бичигт хийсэн үзлэгээр тогтоогдсон үйл баримт, үр дүн, бэхжүүлж авсан нотлох баримт зэргийг хэргийн оролцогчид үгүйсгэж маргаагүй учраас шүүхийн үзлэгт хөндлөнгийн гэрч оролцуулаагүй, Ашигт малтмал, газрын тосны газрын даргаас урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд гаргасан 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1/4024 тоот албан бичгийг хэрхэн шийдвэрлэсэн талаар шүүхийн шийдвэрт тусгаагүй зэргийг шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдохгүй боловч цаашид анхаарвал зохилтойг тэмдэглэх нь зүйтэй.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд оролцож, тайлбар гаргах, асуулт асуух, нотлох баримт шинжлэн судлахад оролцох зэргээр мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлсэн, 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтэд, үндэслэлд хамаарах захиргааны чөлөө г.м холбогдох баримтыг хавсаргаж ирүүлээгүй учраас түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын ноцтой зөрчилд хамаарахгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2025/0920 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.3.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б ө б” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Б ө б” ХХК-ийн 14231Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 10/3004 тоот хариуг хууль бус болохыг тогтоож, 14321Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгасугай.” гэж өөрчилж, “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан “Б ө б” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1/4024 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн 2 дахь заалтыг нэмж, 2 дахь заалтыг “3” болгож, бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                 ШҮҮГЧ                                                                   Ц.ОДМАА

 

 

                 ШҮҮГЧ                                                                     О.ОЮУНГЭРЭЛ

 

 

                 ШҮҮГЧ                                                                    З.ГАНЗОРИГ