Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 184/ШШ2020/01853

 

 

 

 

 

                                      2020         06           03

                 184/ШШ2020/01853

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Т-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.Б-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлсөн 16.500.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Номинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 5 дугаар сард хувийн байшин барихаар Дорноговь аймгийн фэйсбүүк зараас Улаанбаатар хотын харьяат М.Батай 99664... дугаарын утсаар холбогдож 8х10 хэмжээтэй модон торхыг 8.500.000 төгрөгөөр авахаар тохирсон. Дараа нь түүнтэй харилцан тохиролцож 18.000.000 төгрөгт багтаан түлхүүр хүлээлгэж өгөх нөхцөлөөр байшин бариулахаар ярьж тохирсон. Би Баттулгатай бичгээр гэрээ байгуулаагүй амаар ярьж тохирсон. М.Ба нь надад мөнгө хэрэгтэй байна гээд гуйхаар нь байшин бариулах мөнгөнөөсөө нийт 16.500.000 төгрөгийг түүний данс руу шилжүүлсэн. Гэтэл 2018 оны 9 сард байшингийн торхоо барьж орхичихоод 14 хоногийн дараа ирж байшингаа гүйцээж өгнө гээд явсан боловч одоо болтол байшингаа бариагүй. Ба-тай холбогдоход эхэндээ манай ажилчны гар хугарсан гээд ирэхгүй, сүүлдээ танай суманд дахиж захиалга авбал очиж барьж дуусгана гээд сүүлдээ бүр утсаа авахаа больсон. Иймд миний төлсөн 16.500.000 төгрөгийг М.Баас буцаан гаргуулж өгнө үү гэв.  

Хариуцагч М.Ба болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ц.Т нь анх 8х10 хэмжээтэй дүнзэн торх 8.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Дараа нь байшинг барьж өгөөч гэж хүссэн. Миний бие торхноос гадна 8.000.000 төгрөгийн барилгын материал худалдаж авч өгсөн боловч барилга барих үнийн дүн дээрээ тохиролцоогүй. Энэ хүнд 1 м.кв нь 450.000 төгрөгөөр барьж өгч болно гэж хэлсэн. Материал татан авсан болохоор ажлын хөлсөө тохиролцъё гэхэд тохироогүй. Энэ хүн 18.000.000 төгрөгөөр нийт 80 м.кв талбайтай байшинг бариулна гэсэн ба энэ нь хаана ч байхгүй ханш. Тэгээд за ах аа 22.500.000 төгрөгөөр барья гэж хэлсэн боловч надад мөнгө байхгүй гэж өөрөө хэлсэн. Бид үнэ хөлсөө тохиролцоогүй тул бидний хооронд гэрээ байгуулагдаагүй. Нэхэмжлэгчээс авсан 16.500.000 төгрөгөөр бүхэлд нь барилгын материал худалдан авч, Ц.Тд хүлээлгэж өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Зохигчдын тайлбар, шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Т нь, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд 8х10 хэмжээтэй хувийн сууц барьж өгөх үүргээ хариуцагч М.Ба биелүүлээгүй гэх үндэслэлээр гэрээг цуцалж, өмнө төлсөн 16.500.000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаарджээ. Хариуцагч М.Ба нь ажлын хөлсийг харилцан тохиролцоогүй тул гэрээ байгуулагдаагүй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрснөөр талууд маргасан байна.

Нэхэмжлэгч Ц.Т нь 2018 оны 5 дугаар сард хариуцагч М.Баас 8х10 хэмжээтэй модон торхыг 8.500.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон, хожим уг торхыг ашиглан хувийн сууц бариулахаар тохиролцжээ.

Нэхэмжлэгч нь, 8х10 хэмжээтэй хувийн сууцыг 18.000.000 төгрөгөөр, түлхүүр хүлээлгэж өгөх нөхцөлөөр бариулахаар тохирсон гэх боловч энэ тайлбараа баримтаар нотолж чадаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь өөрийн тайлбараа нотлох үүрэгтэй байдаг. Иймд хувийн сууцыг 18.000.000 төгрөгөөр, түлхүүр хүлээлгэж өгөх нөхцөлөөр бариулахаар харилцан тохиролцсон гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

Хариуцагч нь ажлын хөлсийг тохиролцоогүй байсан гэх үндэслэлээр гэрээ анхнаасаа байгуулагдаагүй гэж үзжээ. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ нь хариу төлбөртэй гэрээ хэдий ч ажлын хөлсний хэмжээг талууд тухайлан тохиролцоогүй нь гэрээ байгуулагдаагүй гэж үзэх үндэслэл болдоггүй байна. Учир нь талууд ажлын хөлсний хэмжээг тохиролцоогүй ч Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-т заасны дагуу ажлын хөлсийг хожим тогтоож болдог байна.

Хариуцагч М.Ба нь 8.500.000 төгрөгийн үнэ бүхий торхыг Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хүргэж, суурилуулснаас гадна 2018 оны 8 дугаар сарыг хүртэл хугацаанд захиалагч болох Ц.Тын зардлаар хувийн сууц барихад шаардлагатай барилгын материалыг татан төвлөрүүлж, нийт 16.500.000 төгрөгийг нэхэмжлэгчээс хүлээн авсан байна. Хариуцагч М.Ба-ын энэ үйлдлээс үзвэл тэрээр зөвхөн 8х10 хэмжээтэй модон торхыг нэхэмжлэгчид худалдан борлуулах бус, түүнд хувийн сууц барьж өгөхөөр ажлаа эхлүүлсэн, бодит үйлдлээр үүргээ гүйцэтгэж байсан гэж үзэхээр байна.

Барилгын ажил хийж гүйцэтгэж байсан туршлагатай гэх хариуцагчийн төлөвлөгөөний дагуу хувийн сууц барихад шаардлагатай материалыг татан төвлөрүүлсэн, түүний төлөвлөлт болон шийдлийн дагуу барилгын материалыг бэлдсэн, ажлын дийлэнх хувь нь хийгдсэн, захиалагчаас 16.500.000 төгрөг хүлээн авсан байх тул талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй гэж үзэх боломжгүй, мөн гэрээ байгуулах бэлтгэл үе шатны үүргийн гүйцэтгэл гэж үзэх боломжгүй юм.

Дээр дурдсанаар ажил гүйцэтгэх гэрээг талууд хэрэгжүүлж эхэлсэн боловч хожим талуудын хооронд ажлын хөлсний маргаан гарсан болох нь хариуцагчийн: “...материалаа татсан болохоор ажлын хөлсөө тохиролцъё гэхэд тохиролцоогүй. Энэ хүн 18.000.000 төгрөгөөр 80м.кв байшин бариулна гэсэн...би 22.500.000 төгрөгөөр барья гэсэн...” гэх хариу тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагчийн зүгээс ажлын хөлсөө нэг бүрчлэн тохироогүй боловч дээрх байдлаар ажлыг эхлүүлсэн, хийж гүйцэтгэсэн, төлбөрийн зарим хэсгийг хүлээж авсан байх тул тэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажлыг хийж гүйцэтгэж, захиалагчид хүлээлгэж өгөх үүргээ биелүүлэх ёстой. Харин ажлын хөлсний хэмжээтэй холбоотой маргаанаа мөн хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-т зааснаар хожим шийдвэрлүүлэх боломжтой байжээ.

Ийнхүү хариуцагч гэрээг бодит үйлдлээр хэрэгжүүлсэн боловч Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан үндсэн үүргээ ажил гүйцэтгэгч М.Ба биелүүлээгүй тул түүнийг гэрээний үүргээ биелүүлээгүй буруутай гэж үзнэ.

Дээрх тохиолдолд захиалагч буюу нэхэмжлэгч Ц.Т нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар гэрээг цуцалж өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй ба шаардлага гаргах хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.

Харин нэхэмжлэгч гэрээг цуцалж, өөрт учирсан хохирлыг шаардахдаа анх шилжүүлсэн хөрөнгө болох 16.500.000 төгрөгийг бүхэлд нь буцаан шаардсан нь үндэслэлгүй байна. Учир нь, нэгэнт хэрэгжиж эхэлсэн ажил гүйцэтгэх гэрээний тухайд гэрээнээс татгалзаж, өгсөн авсан зүйлээ буцаах ойлголт байдаггүй, харин гэрээг цуцалж, цаашдын хэрэгжилтийг зогсоох боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл гэрээг цуцлах хүртэл талуудад бий болсон хөрөнгө, орлого гэрээний талуудад хэвээр үлддэг байна.

Гэрээг цуцлах хүртэл захиалагч буюу нэхэмжлэгчид нийт 13.532.000 төгрөгийн хөрөнгө бодитоор бий болсон, түүний эзэмшилд байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн дүгнэлтээр тогтоогдож байна. /8х10 хэмжээтэй модон торхыг 8.500.000 төгрөгөөр тооцсон гэх нэхэмжлэгчийн өөрийн тайлбар, 5.032.000 төгрөгийн барилгын материал хадгалагдаж байна гэх шинжээчийн дүгнэлт/

Иймд гэрээний дагуу шилжүүлсэн 16.500.000 төгрөгөөс 13.532.000 төгрөгийг хасаж, үлдэх 2.968.000 төгрөгийг хариуцагч М.Баас гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр нэхэмжлэгч буюу хариуцагчид хуваарилан хариуцуулдаг тул шинжээчийн зардал болох 400.000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд хувь тэнцүүлэн тооцож, нэхэмжлэгчээс 328.400 төгрөгийг, хариуцагчаас 71.600 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

      1.Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д заасныг баримтлан М.Баас

2.968.000 төгрөгийг гаргуулан Ц.Тд олгож, нэхэмжлэлээс 13.532.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240.480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Баас 62.438 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Тд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Таас 328.400 төгрөгийг, хариуцагч М.Баас 71.600 төгрөгийг, нийт 400.000 төгрөгийг талуудаас гаргуулан “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧБ.ХИШИГБААТАР