Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/719

 

   2023         11          06                                    2023/ШЦТ/719

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гүндалай,

улсын яллагч Б.Очгэрэл,

шүүгдэгч Н.Г, түүний өмгөөлөгч Н.Болортуул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Гад холбогдох эрүүгийн 2311 00000 0135 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 25-ны хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Г нь 2023 оны 1 дүгээр сарын 19-ний орой 21 цагаас 23 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн ... дүгээр дэлгүүрийн Си Юу нэртэй дэлгүүрт хохирогч Э.Бг согтуу унтаж байхад нь гарт нь байсан Айфоне 14 про макс загварын гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Э.Бд 5.699.905 /таван сая зургаан зуун ерэн есөн мянга есөн зуун тав/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Эрүүгийн 2311000000135 дугаартай хэргээс:

Хохирогч Э.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 0 дүгээр дэлгүүр гэх газрын "CU" нэртэй дэлгүүрийн гадаа бууснаа бол санаж байна. Гэхдээ гар утастай буусан эсэх талаараа бол санахгүй байна. Тэгээд би CU дэлгүүр ороод ямар нэгэн юм захиалаагүй сандал дээр суусан ширээний булан дэрлэсэн унаж байсан гэнэт сэрээд би гар утсаа үзэхэд байхгүй байсан тэр үед 23 цаг бага зэрэг өнгөрч байсан 23 цаг 10 минут болж байсан байхаа, тэгээд тухайн дэлгүүрийн хүмүүсээс асуусан боловч таны гар утсыг хараагүй мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэндээсээ гараад ажил руугаа такси бариад явсан тухайн үед би согтуу байсан болохоор цагдаагийн байгууллагад хандаагүй шууд ажил руу явсан. Архи их уусан гэхдээ өөрийн явсан болон таксинаас буусан талаараа бол мэдэж байна. Гар утсаараа эхнэртэй ярьснаа бас мэдэж байна. Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн үүдэнд такси ирж зогсоод намайг буулгаад би мөнгөө бэлнээр өгөөд яг хэдэн төгрөг өгсөн талаараа бол мэдэхгүй 20,000 төгрөг задарсан байсныг харахад 3000 төгрөг төлсөн байх гэж бодож байна. Би өмнө хүнсний 1 дүгээр дэлгүүрийн CU орж пиво авдаг байсан юм. Би бодохдоо пиво авах гэж энд буусан байх гэж бодож байна. 2022 оны 12 сарын 04-ний өдөр Чингис зочид буудлын Пийс моллоос 6.000.000 төгрөгөөр лизингээр худалдан авсан, одоо гар утсаа 6,000,000 төгрөгөөр үнэлж байна. Хүүтэйгээ нийлээд би 7,000,000 төгрөг төлж байгаа. Миний гар утас 256gb багтаамжтай цагаан өнгийн өнгөгүй гэртэй, утасны өнгө нь чирнээлийн ягаан өнгөтэй, Айфоне 14 про макс маркийн гар утас байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 8-10/

2023 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /18-22/

Дамно ХХК-ны 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн ЧД 1-23-176 дугаартай “ Iphone 14 pro max” гар утас 5.699.905  төгрөг” гэх хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /хх-ийн 23-24/ 

Шүүгдэгч Н.Гын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Н.Г нь 2023 оны 1 дүгээр сарын 19-ний орой 21 цагаас 23 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 0 дүгээр дэлгүүрийн Си Юу нэртэй дэлгүүрт хохирогч Э.Бг согтуу, биеэ захирах чадамжгүй унтаж байхад нь гарт нь байсан Айфоне 14 про макс загварын гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Э.Бд 5.699.905 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн.

Шүүгдэгч Н.Гад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Г нь 2023 оны 1 дүгээр сарын 19-ний орой 21 цагаас 23 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн Си Юу нэртэй дэлгүүрт хохирогч Э.Бг согтуу унтаж байхад нь гарт нь байсан Айфоне 14 про макс загварын гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Э.Бд 5.699.905 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Э.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 8-10 дугаар хуудас/, 2023 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /18-22 дугаар хуудас/, Дамно ХХК-ны 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн ЧД 1-23-176 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /хх-ийн 23-24 дугаар хуудас/ болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Гын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч Э.Бгийн эд хөрөнгөд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Н.Гын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Г нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан  гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Э.Бд Айфоне 14 про макс загварын гар утасны үнэ болох 5.699.905 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Н.Г нь Самсунг А14 про макс загварын гар утсыг биет байдлаар эргүүлэн өгсөн /хохирогч Э.Бгийн гаргасан ноториатаар гэрчлүүлсэн хүсэлт/ байх тул бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

          Эрүүгийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилжээ.

          Шүүгдэгч Н.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Н.Гад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан учуулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гыг хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох албадлын арга хэмжээ авч шүүгдэгч Н.Г нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй хязгаарлалтыг зөрчсөн дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг мэдэгдэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шалгах ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дэх хэсэг, 38 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.Гыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гад хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гыг тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох албадлын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй хязгаарлалтыг зөрчсөн дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Н.Гад тэнссэн хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Н.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Б.ОТГОНЦЭЦЭГ