Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1217

 

 

 

 

 

 

 

 

    2023            10           13                                       2023/ШЦТ/1217

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхтуяа,

улсын яллагч Г.Лхагвасүрэн /томилолт/,

шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 2208015561135 дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *** овогт ***ын *** (регистрийн дугаар ***), 19*** оны 9 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *** дүүргийн *** хороо, *** тоотод ганцаараа түр оршин суудаг гэх, урьд 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан.

 

Хэргийн товч агуулга: *** нь 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо Хангай хорооллын орчимд “*** байна, 10 ширхэг хурга зарна” гэж иргэн *** руу утсаар ярьж дансаар 600.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар.

1.1 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** “Нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

1.2 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

-  Улсын яллагчаас “2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 779 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад тусгагдсан, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт (хавтаст хэргийн 22-25, 28, 32-33, 44-52, 70, 74-76, 79-81, 100, 112-113 дугаар хуудас)”,

- Шүүгдэгчээс “байхгүй” гэв.

1.3 Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

Шүүгдэгч *** нь 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо Хангай хорооллын орчимд “*** байна, 10 ширхэг хурга зарна” гэж хохирогч *** руу утсаар ярьж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан иргэн ***ийн Хаан банкны *** дугаарын дансаар 600.000 төгрөг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ***ын “...2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумаас Улаанбаатар хот явж байтал *** дугаарын утаснаас миний *** дугаарын утас руу нэг эрэгтэй хүн залгаж  “Хашаат сумын Цайдам багийн *** байна, хурганы мөнгө авах гэсэн юм” гэхээр нь “Аль ...” гэсэн чинь “... даргын ... байна, Өвөрхангай аймгийн Хархорин суманд тэжээл авах гээд мөнгө хэрэг болоод зах дээр зогсож байна, нэг хурга 60.000 төгрөгөөр бодоод 600.000 төгрөг өгчих” гэсэн. “Дансаа явуулчих” гэж хэлтэл мессежээр *** дугаарын данс явуулсан. *** гэсэн данс биш харин *** гэсэн данс байхаар нь *** дугаар руу “Данс чинь биш байна” гэсэн чинь “*** дугаартай данс тэжээл авах гэж байгаа хүний данс байгаа юм” гэсэн. Би тухайн данс руу 600.000 төгрөгийг өөрийн *** дугаарын данснаас 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 16 цаг 20 минутад шилжүүлсэн. 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 20 цагийн үед *** дугаараас “*** байна, дахиад 15 хурганы мөнгө авъя” гэхээр нь “Дансаа явуулчих” гэсэн чинь өмнөх дансаа дахиад явуулахаар нь сэжигтэй санагдаад *** дугаар руу залгаж “*** ах мөн үү, та 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр надаас хурганы мөнгө авсан уу” гэтэл “Би хурганы мөнгө хүнээс аваагүй” гэсэн. Эргээд залгаснаа “Манай хамаатны ***ын *** байна...хүний нэр барьж мөнгө аваад” гээд утсаа салгасан. 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 22 цагийн үед *** дугаараас залгаад “Хурганы мөнгө авъя” гэхээр нь “Чи *** биш байна, хүний нэр барьж мөнгө аваад” гэж хэлтэл утсаа салгасан. Эхнэрийн *** дугаарын утаснаас залгаад “*** мөн үү” гэсэн чинь “Мөн байна, хэн бэ” гэхээр нь салгасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-24 дүгээр хуудас),

- Гэрч ***ийн “...2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр *** дүүргийн *** хороо *** хорооллын *** тоот гэрийнхээ хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхад *** орж ирээд “Барилгын цалин орно, та дансны дугаараа өгчих” гэсэн. Удалгүй 600.000 төгрөг дансанд орсон, гүйлгээний утга “хурга” гэсэн байсан. Тухайн мөнгийг надаас бэлнээр *** авсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас),

- иргэн ***ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 25 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийн шинж нь “бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, цахим хэрэгсэл ашиглах, худал амлах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглах зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бөгөөд гэмт этгээд нь бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөлдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдэл” байдаг.

Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог бөгөөд бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, баримт бичиг ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах гэх мэт аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой, шунахайн сэдэлтэй, өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлддэг гэмт хэрэг юм.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон дээр дурдсан хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдаж гэм буруугийн шууд санаатай үйлдлээр, хохирогч ***тай утсаар ярьж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, төөрөгдөлд оруулж 600.000 төгрөгийн хохирол учруулж буй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийг шинжийг хангаж байх тул түүнийг “залилах” гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *** нь “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй”-г дурдаж, тэрээр Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан болохыг тэмдэглэв.  

1.4 Хохирол, хор уршиг.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй,...бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч *** нь хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй, төлөхөө илэрхийлсэн тул дээрх хуульд заасныг баримтлан түүнээс 600.000 төгрөгийг гаргуулж, хохирогч ***ад олгох нь зүйтэй юм.

Прокуророос шүүх хуралдаанд оролцуулахаар тусгайлан гаргасан саналгүй байсан ба шүүхээс хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй болно.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 01 жилийн хорих ял оногдуулах, түүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай”,

Шүүгдэгчээс “...хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг танилцуулав.

 Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шүүхийн шийдвэрийн хуулбар(хавтаст хэргийн 62-70, 86 дугаар хуудас) зэргээс үзэхэд шүүгдэгч *** нь урьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 117 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж дуусгавар болсон тул түүнд нэмж нэгтгэх ялгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шунахайн сэдэлтээр бусдыг хуурч, зохиомол байдал бий болгон төөрөгдүүлэн өмчлөгчийн эд зүйлийг хариу төлбөргүйгээр өөрт авч залилсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчид бага хэмжээний хохирол учруулсан, хохирлыг төлж барагдуулаагүй), шүүгдэгчийн хувийн байдал (эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй хүлээн зөвшөөрч оролцсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулан оргон зайлсан) зэргийг харгалзан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх...цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж заасны дагуу шүүгдэгч ***ийн цагдан хоригдсон 10 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасах нь зүйтэй юм.

Эрүүгийн 2208015561135 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ***ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***ын ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***ийн цагдан хоригдсон арав хоногийг эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч ***ээс зургаан зуун мянган төгрөгийг гаргуулж хохирогч ***ад олгосугай.

 

6. Эрүүгийн 2208015561135 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ***ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл оролцогчид гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч ***д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.БЯМБААБААТАР