Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 14

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

           Нарийн бичгийн дарга: Х.Батжаргал,

           Улсын яллагч: Б.Мөнгөншагай,

           Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа,

           Шүүгдэгч М.Батцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жаран овогт Мөнхжаргалын Батцэрэнд холбогдох эрүүгийн 201615000314 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд 1989 оны 08 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин, бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Уянга сумын 6 дугаар баг, Бөөрөлжүүт гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Жаран овогт Мөнхжаргалын Батцэрэн. /РД:ЗИ89081210/

Шүүгдэгч М.Батцэрэн нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүт 6 дугаар багийн нутаг дэвсгэр "Царам" гэх газар иргэн Л.Тэрбиштэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний баруун хөлийн шилбэ рүү өшиглөж унаган бие махбодид нь баруун хөлийн шилбэ ясны хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

          ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:

Шүүгдэгч М.Батцэрэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Л.Тэрбишийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...2016 оны 10 дугаар сарын 18-ны шөнө Сансарыг гэрээс нь аваад Бөөрөлжүүтээс гэрийнхээ үлдсэн ачааг авч ирэх гэж дагуулж яваад замд Батцэрэнтэй таараад “суучих Бөөрөлжүүт ороод ирье” гэж дагуулж яваад мотоциклийг нь ирэхдээ авъя гээд үлдээчихсэн юм. Бөөрөлжүүт орж Дагва-Осорынхоос 0.5 литр “Нутгийн буян” архи 1 шилийг аваад буцаж явах замдаа “Царам” гэдэг газар зогсож архиа хувааж ууцгаасан. Тэр үед Сансар, Батцэрэн хоёр хоорондоо чи агсамнадаг гэсэн л юм яриад байсан. Өмнө нь маргалдаж л байсан юм шиг байна лээ. Би тэр үед архи уусан согтолт гайгүй байсан. Тэгээд би Батцэрэнг “буу хэрэлдээд” гээд тэр хоёрыг аашлаад хамт бие засах гээд бууцгаасан. Машинаас буухаас өмнө би “дуугүй бай” гээд Батцэрэнг нэг удаа алгадсан. Машинаас буугаад чи яах гэж хэрүүл хийгээд байгаа юм гээд аашлаад өмнөөс нь очсон чинь өөдөөс хавсарчихсан. Тэгээд хөл хачин оргиод хугарчих шиг болохоор нь тэр хоёрт хэлэхэд үгүй байлгүй дээ гэхээр нь үнэн гэж орилоод тэр хоёроор кабиндаа өргүүлж, Батцэрэнгээр машинаа унуулаад Сансарынд ирсэн. Сансарынд ирээд гутлаа тайлах гэж бөөн юм болсон. Тэр үед өглөө болж байсан. Тэгээд удаагүй сумын төвөөс Баяраа, Бадамгарав, Жигжидсүрэн нар ирсэн. Тэгээд чи яаж байгаа юм гээд Жигжидсүрэн Батцэрэнг миний орны өмнө сууж байхад нь цохиод авахаар нь би боль гэж хэлсэн. Бадамгарав аашлаад, хашгичаад байсан. Цохьсон эсэхийг нь мэдэхгүй, хөл өвдөөд юу болоод байгааг нь ойлгох ч сөхөөгүй байсан. Би Батцэрэнг хэрэлдээд байхаар нь гарынхаа араар нүүр лүү нь нэг л удаа алгадсан. Батцэрэн намайг цохиж зодоогүй. Аашлаад өмнөөс нь очсон чинь хавсарчих шиг л болсон. ...Машин дотор Сансартай хэрэлдээд байхаар нь би аашлаад гарынхаа ар хэсгээр нүүр рүү нь нэг удаа цохисон, өөрөөр цохиогүй. Тэгээд машинаас бууж бие засчихаад чи яах гэж хэрүүл хийгээд байгаа юм гэж өмнөөс нь очтол өөдөөс хөл рүү өшиглөөд хугалчихсан. Би газар унасан хойноо хөл өвдөөд орилоод Батцэрэнг нааш ир гэж уурлаад гартаа чулуу бариад дуудсан, чулуу шидээгүй. Би Батцэрэн дээр очих үедээ яагаад хэрэлдээд байгаа юм гэж хэлээд очсон. Гартаа ямар нэгэн чулуу бариагүй очсон. Гараа далайсан үйлдэл хийгээгүй. Сүүлд хөлөө хугалуулсны дараа л газраас чулуу авч барьсан. Би Батцэрэнг чулуугаар цохиж бариагүй. Өөдөөс нь очтол өмнөөс хөл рүү хавсарч өшиглөөд хөл хугалчихсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-32, 33 хуудас/,

Гэрч П.Сансарын мөрдөн байцаалтанд өгсөн: "... 2016 оны 10 дугаар сарын 18-ны шөнө 00 цаг өнгөрч байх үед Тэрбиш ах манайд машинтай ирээд “явъя, хоёр саахалтаар ороод ирье” гээд байсан. Тэр үед манай эхнэр Норовсүрэн явуулахгүй гэж хэлж байсан. Тэгээд шалсаар байгаад намайг аваад явсан. Манайхаас гараад Ширээгийн аманд Батцэрэнтэй харих гээд мотоцикльтой явж байхад нь таараад Тэрбиш ах “суучих явъя” гээд мотоциклийг нь тэнд үлдээчихээд аваад явсан. Тэндээс Бөөрөлжүүт рүү яваад Дагва-Осор гэх айлд очиж надад мөнгө өгөөд тэднийхээс 0.5 литрийн “Нутгийн буян” архи, нэг тамхи, ундаа аваадах гэснийг нь аваад буцаад гэр лүүгээ явсан. Замд Царамын даваа өгсөж явахдаа архиа уугаад даваа уруудах үед Батцэрэн “чи Зүүн-Улаанд илүүдэж байгаа шүү” гэхэд нь Тэрбиш ах “чи юу яриад байгаа юм манай малчныг, гараад ир чи” гэж уурлаад дагуулаад гарсан. Би кабинд сууж байгаад цонхоор явъя гэсэн чинь Тэрбиш ах Сансараа гараад ир гэхээр нь зүгээр байцгаа явъя гэхэд хөл хугарчихлаа гэхээр нь би гарсан. Тухайн үед Батцэрэн бид хоёр хөл нь хугарсан гэдэгт итгээгүй, өргөх гэсэн чинь орилоод боль, боль тавьчих гээд байсан. Өмнө нь хөлөө хугалж байсан, би мэднэ гээд нөгөө хөлөө заагаад байсан. Тэгээд Батцэрэн бид хоёр өргөж кабинд оруулаад Батцэрэн машиныг нь унаад манайд өглөө 07 цагийн үед ирсэн. Манай эхнэр Тэрбишийн эхнэрт очиж хэлсэн. Удаагүй манайд Жигжидсүрэн, Бадамгарав, Баяраа нар ирээд Жигжидсүрэн Батцэрэнг Тэрбиш ахын орны өмнө сууж байхад нь шууд орж ирээд нэг удаа уруул хавь руу нь өшиглөсөн. Тэр үед би боль гээд салгасан, өөр цохисон эсэхийг мэдэхгүй, араас нь Бадамгарав алгадаад, тийрээд унагачихаж байсан. Тухайн үед манайд олон хүн байсан. Тэрбишийн эхнэр, эгч, дүү нар нь гээд гэр дүүрэн бужигнасан хүн байсан. Батцэрэн Тэрбиш ахын орны өмнөөс босч ирээгүй. Гэмшээд суугаад байсан. Өмнөөс нь цохиж барихад нь үг ч хэлээгүй. Жигжидсүрэнд цохиулсны дараа амнаас нь цус гараад байсан. Тэгээд гэр рүүгээ ганцаараа алхаад явчихсан. Батцэрэн бид хоёр өмнө нь хэрэлдэж байгаагүй, өмнө нь ээжийнхтэй нь манайх айл байдаг байсан. Өр авлага, өш хонзонгийн асуудал байхгүй, тухайн шөнө л намайг Зүүн-Улаанаас илүүдэж байгаа гээд байсан. Олон үхэртэй, мал чинь олдоод үхэр мал тогтохгүй байгаа юм байна гэж би ойлгосон. Тэрбиш Батцэрэнтэй маргалдаагүй, юу яриад байгаа юм чи гараад ир гэж уурлаад дагуулаад гарсан. Яг хөл хугалахыг нь би хараагүй, юу болсныг мэдээгүй, Батцэрэнг би яасан гэсэн чинь бариад авахаар нь би нэг удаа л хавсарчихсан, өөрөөр цохиж зодоогүй гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39 хуудас/,

Гэрч А.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 18-ны өглөө гэрээсээ манай нөхөр М.Батцэрэн сумын төв орчихоод ирье гээд өөрийнхөө цэнхэр өнгийн “Чансаа” нэртэй мотоцикльтой ганцаараа явсан. Маргааш өглөө нь гэрт орж ирэхдээ хүнд зодуулсан, толгой нь хавдчихсан, дарахад өвдөөд байна гээд уруул нь дотор талдаа хэгзрээд хавдчихсан, цус гоожсон, баруун нүд нь жаахан хөхөрчихсөн ирсэн. Юм уулгах гэхээр уруул, шүд өвдөөд байна гээд чадахгүй байсан. Яасан юм гэж асуухад Тэрбиш өчигдөр орой гэр рүүгээ ирэх гэж явахад замд таараад машин бариад яв гэхээр нь мотоциклио хаячихаад машинд нь суусан гэсэн. Надад тухайн үедээ юм хэлээгүй. Сүүлд нь сонсоход Тэрбишийн хөлийг Батцэрэн хугалсан, тэгээд эгч, дүү нар нь болох Жигжидсүрэн, Бадамгарав нарт зодуулсан гэж өөрөөс нь дуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41 хуудас/,

Гэрч Г.Норовсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...Тэрбиш ах 2016 оны 10 сарын 18-аас 19-нд шилжих шөнө 00-01 цагийн үед манайд ирээд саахалтынд 2 айлд буучихаад ирье гээд намайг явуулахгүй гээд байхад зөрсөөр байгаад аваад явчихсан. Өглөө 07 цаг болж байхад Тэрбиш ах хөлөө хугалчихсан гээд орилсон хүн орж ирсэн. Батцэрэн, Сансар хоёртой шөнө явсан байсан. Тэгээд би нөхөртэй гээ дамжилж түшиж оруулаад эхнэрт нь очиж хэлсэн. Удалгүй манайд Жигжидсүрэн, Бадамгарав, Баяраа нар ирээд Жигжидсүрэн Батцэрэнг гэрийн хойд орны өмнө Тэрбиш ах руу хараад сууж байхад нь өшиглөөд авсан, Бадамгарав гараараа нэг цохиж аваад хөлөөрөө толгой руу нь өшиглөчихөж байсан. Чи яаж байгаа юм манай ахыг гээд аашлаад байсан. Тэр үед Батцэрэнгийн амнаас нь цус гараад байсан. Тэгээд манай нөхөр Сансар боль гээд болиулсан. Тухайн үед Батцэрэн хавсраад хөл хугалчихлаа гэж Тэрбиш ах ярьж байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43 хуудас/,

Гэрч Б.Пүрэвдуламын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 19-ний өглөө 09 цагийн үед Зүүн-Улаан гэх газар байдаг Оюун гэх эгч миний утас руу залгаад Тэрбиш ахын чинь хөл нь хугарчихсан байна. Танай нөхрийг хүрч ирээд аваадах гэж байна гэхээр нь би нөхөртөө хэлсэн чинь манай нөхөр Жигжидсүрэн нь эгч Бадамгарав, ах Баяртогтох нарын хамт Баяртогтох ахын машинтай Зүүн-Улаан яваад Тэрбиш ахыг авчирсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46 хуудас/,

Шүүгдэгч М.Батцэрэнгийн мөрдөн байцаалтанд сэжигтнээр өгсөн: "...2016 оны 10 дугаар сарын 18-ны орой би сумын төв орчихоод буцаад гэр рүүгээ харих гэж яваад замд Л.Тэрбиш ах, Сансар нартай таараад намайг суучих Бөөрөлжүүт орчихоод ирье, буцахдаа мотоциклио авчих гэхээр нь хамт машинд нь суугаад Бөөрөлжүүт ороод Дагвасүрэн гэх айлаас архи аваад буцаад гэр рүүгээ явцгаасан. Замд “Царам” гэх газар 0.5 литр “Нутгийн буян” архиа ууж байгаад Сансар “чи намайг зун нүүгээрэй гээд байсан, чи овоо банди шүү” гээд миний энгэрээс заамдаад байсан. Тэр үед Тэрбиш ах наад хүн чинь манай малыг харж байгаа хүн, нүүгээрэй гээд байхдаа яадаг юм гэж уурлаад миний нүүр рүү гараараа цохиж байснаа машинаа зогсоохоор нь бууж бие засацгаасан. Бие засчихаад намайг эргэтэл цохих гээд чулуу барьсан өмнөөс ирээд цохих гээд байхаар нь би нүүр рүү нь цохиод яахав гэж бодоод нэг удаа хавсартал унаад хөл хугарчихлаа гэж орилоод байсан. Тухайн үед Сансар бие засчихаад ирж байсан. Бид хоёр тэр үед хөл нь хугарсан гэдэгт итгээгүй байсан. Тэрбиш ах миний нэг хөл өмнө нь хугарч байсан, би яс хугарахыг мэдэлгүй яадаг юм гээд орилоод байсан. Тэгээд бид хоёр машинд нь өргөж суулгаад машиныг бариад Сансарынд очсон. Сансарынд очиход эхнэр нь ганцаараа байсан. Тэгээд гутлыг нь тайлаад хойд орон дээр нь хэвтүүлсэн. Удаагүй дүү нь болох Жигжидсүрэн, эгч нь болох Бадамгарав, Баяраа ах тэр 3 ирсэн. Жигжидсүрэн орж ирээд орны өмнө намайг сууж байхад нүүр рүү 2-3 удаа өшиглөөд, гараараа цохиод авсан. Тэр үед миний уруулаас цус гоожсон. Дараа нь эгч Бадамгарав нь ирээд чи нэгийгээ ингээд байхдаа яадаг юм, хурдан шуурхай хэлэхэд яадаг юм, өөрөө ч болтугай суманд хүргээд ирэхгүй яасан юм гэж аашлаад намайг алгадаад, нэг удаа өшиглөсөн. Миний нүүрэнд гэрээс гарахад шарх сорви байгаагүй, замд Тэрбиш ахыг цохиход духны голд жаахан л улайчихсан өвдөж хавдсан зүйл байгаагүй, сүүлд Жигжидсүрэн орж ирээд миний нүүр рүү өшиглөж, гараараа цохисны улмаас дух нэмж шалбалаад, хамар, уруул, нүдэнд гэмтэл учруулсан. Хүзүүнд учирсан гэмтлийг Сансар замд заамдаж авахдаа үүсгэсэн. Бадмаа эгч намайг цохихдоо биед гэмтэл учруулаагүй, миний биед учирсан гэмтлүүд нь Жигжидсүрэнгийн цохилтын улмаас үүссэн. Маргаан анх манайхыг чи зун нүүгээрэй гээд байсан биз дээ гэснээс болж Тэрбиш ах намайг нэг удаа дух руу цохьсон. Өөрөөр цохиж бариагүй. Сансар намайг цохиогүй. Би Сансарыг цохиогүй.Тэрбиш ахыг нэг удаа л хөл рүү нь хавсарсан, цохиж бариагүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 77-78 хуудас/,

Шинжээч Л.Амгалангийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Хохирогч М.Батцэрэнгийн биед учирсан тархи доргилт, дух, хамар, доод уруулд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт, нүүрний зөөлөн эдийн гэмтэл зэрэг нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Духны шарх, хүзүүний зулгаралт зэрэг нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57 хуудас/,

Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 126 дугаартай: "...Л.Тэрбишийн биед баруун хөлийн шилбэ ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.." гэх дүгнэлт /хх-ийн 48 хуудас/,

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 14-15/,

Эд зүйл хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 25-26/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 27-28/,

Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 79, 80 дугаартай прокурорын тогтоолууд /хх-ийн 158-161/,

Шүүгдэгч М.Батцэрэнгийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Уянга сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 81/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82/, иргэний цахим үнэмлэхний хуулбар /хх-ийн 85/, цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар /хх-ийн 86/, гэрлэлтийн бүртгэлийн хуулбар, М.Батцэрэнгийн хүүхдүүдийн төсрний гэрчилгээний хуулбар /хх-ийн 87-88/, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2015 оны тооллого /хх-ийн 89-90/,

 Хохирогч Л.Тэрбишийн шүүхэд ирүүлсэн “М.Батцэрэнд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй” гэсэн хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

 Шүүгдэгч М.Батцэрэн нь согтуурсан үедээ 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 19-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүт 6 дугаар баг "Царам" гэх газар иргэн Л.Тэрбиштэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж,  улмаар түүний баруун хөлийн шилбэ рүү өшиглөж унаган бие махбодид нь баруун хөлийн шилбэ ясны хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Тэрбишийн "... Машинаас буухаас өмнө би “дуугүй бай” гээд Батцэрэнг нэг удаа алгадсан. Машинаас буугаад чи яах гэж хэрүүл хийгээд байгаа юм гээд аашлаад өмнөөс нь очсон чинь өөдөөс хавсарчихсан. Тэгээд хөл хачин оргиод хугарчих шиг болохоор нь тэр хоёрт хэлэхэд үгүй байлгүй дээ гэхээр нь үнэн гэж орилоод тэр хоёроор кабиндаа өргүүлж, Батцэрэнгээр машинаа унуулаад Сансарынд ирсэн...” /хх-30-32/, гэрч П.Сансарын “...Би кабинд сууж байгаад цонхоор явъя гэсэн чинь Тэрбиш ах Сансараа гараад ир гэхээр нь зүгээр байцгаа, явъя гэхэд хөл хугарчихлаа гэхээр нь би гарсан. Тухайн үед Батцэрэн бид хоёр хөл нь хугарсан гэдэгт итгээгүй, өргөх гэсэн чинь орилоод боль, боль тавьчих гээд байсан. Өмнө нь хөлөө хугалж байсан, би мэднэ гээд нөгөө хөлөө заагаад байсан...” /хх-38-39/, гэрч А.Оюунцэцэгийн “...Надад тухайн үедээ юм хэлээгүй. Сүүлд нь сонсоход Тэрбишийн хөлийг Батцэрэн хугалсан, тэгээд эгч, дүү нар нь болох Жигжидсүрэн, Бадамгарав нарт зодуулсан гэж өөрөөс нь дуулсан...” /хх-41/, гэрч Г.Норовсүрэнгийн “...Өглөө 07 цаг болж байхад Тэрбиш ах хөлөө хугалчихсан гээд орилсон хүн орж ирсэн. Батцэрэн, Сансар хоёртой шөнө явсан байсан. Тэгээд би эхнэрт нь очиж хэлсэн. Тухайн үед Батцэрэн хавсраад хөл хугалчихлаа гэж Тэрбиш ах ярьж байсан..." /хх-42-43/ гэсэн мэдүүлгүүд, хохирогч Л.Тэрбишийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсныг тогтоосон Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 126 дугаартай шинжээчийн “...Л.Тэрбишийн биед баруун хөлийн шилбэ ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна…" гэсэн дүгнэлт /хх-48/, 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хохирогч Л.Тэрбишийн баруун хөлийн шилбэ хэсгийн рентген зургийг хураан авах тогтоол, тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Яллагдагч Л.Жигжидсүрэнд холбогдох 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, Бөөрөлжүүт гэх газар оршин суух иргэн П.Сансарын гэрт М.Батцэрэнг “манай ахын хөлийг хугаллаа” гэх шалтгаанаар зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 79 дугаар прокурорын тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1-д заасан үндэслэлээр,

мөн Л.Бадамгарав, Л.Жигжидсүрэн нар бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, Бөөрөлжүүт гэх газар оршин суух иргэн П.Сансарын гэрт М.Батцэрэнг “манай ахын хөлийг хугаллаа” гэх шалтгаанаар зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргээс сэжигтэн Л.Бадамгаравт холбогдох хэргийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 80 дугаар прокурорын тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч М.Батцэрэнд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хохирогч Л.Тэрбишийн бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч М.Батцэрэн нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэм хорыг арилгасан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал болон ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч М.Батцэрэн нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Л.Тэрбишийн баруун хөлний шилбэ хэсгийн  рентген зураг 1 ширхгийг хохирогч Л.Тэрбишид буцаан олгож, шүүгдэгч М.Батцэрэнгийн эзэмшлийн 2 тооны эр ямаа, 3 тооны эм ямаа, нийт 5 тооны ямааг битүүмжилсэн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жаран овогт Мөнхжаргалын Батцэрэнг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч М.Батцэрэнг 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч М.Батцэрэнд оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

  4. Шүүгдэгч М.Батцэрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

  5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Л.Тэрбишийн баруун хөлний шилбэ хэсгийн  рентген зураг 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Л.Тэрбишид буцаан олгосугай.

   6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч М.Батцэрэнгийн эзэмшлийн 2 тооны эр ямаа, 3 тооны эм ямаа, нийт 5 тооны ямааг битүүмжилсэн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

   7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар   шүүгдэгч М.Батцэрэнд оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

   8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар шүүгдэгч М.Батцэрэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл М.Батцэрэнд авсан  батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.ЦЭЦЭГЭЭ