Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2026/0130

 

 

 

 

 

 

 

 

 

         

“М Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Б.Адъяасүрэн

Илтгэсэн: шүүгч З.Ганзориг

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А

 

Нэхэмжлэгч: “М Ө” ХХК

Хариуцагч: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар

 

Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний дагуу даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 4,280,094 төгрөгийг нөхөн олгохоос татгалзсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 05/1568 дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 4,280,094 төгрөгийг “М Ө” ХХК-д нөхөн олгох шийдвэр гаргахыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2025/0892 дугаар шийдвэр

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Чулуунчимэг

Хэргийн индекс: 128/2024/0778/з

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М Ө” ХХК-иас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний дагуу даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 4,280,094 төгрөгийг нөхөн олгохоос татгалзсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 05/1568 дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 4,280,094 төгрөгийг нөхөн олгох шийдвэр гаргахыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгуулах”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2025/0892 дугаар шийдвэрээр: Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2, 11 дүгээр зүйлийн 11.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний 2.4.4, 2.4.7 дахь заалтыг хооронд нь харьцуулж үнэлж үзээгүй, ямар нөхцөлд хэрэгжих заалт гэдгийг тодруулж шийдвэртээ тусгаагүй гэж үзэж байна. Тус гэрээний 2.4.4 дэх заалт нь тухайн оны сар бүрийн хөнгөлттэй олгосон эмийн үнийн нэхэмжлэхийг дараа сарын 05-ны өдрийн дотор цахимаар болон албан бичгээр хүргүүлэх тухай бөгөөд харин 2.4.7 дахь заалт нь тухайн оны 06, 07 саруудын нэхэмжлэхийг дараа сард багтаан хүргүүлж хянуулах тухай юм.

Ингэхдээ 06 дугаар сарын 11-ний өдрөөс 30-ны өдрийн хоорондох болон дараа 7 сарын нэхэмжлэхтэй хамт яг хэдний өдөр хүргүүлэхийг гэрээнд тухайлан тодорхой заагаагүй атал анхан шатны шүүх тухайн сарын 05-ны өдөр хүргүүлэх ёстой гэж шууд дүгнээд хугацаа хэтрүүлсэн гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаад гомдолтой байна.

3.2. Хууль, гэрээгээр нарийн тодорхойлж заагаагүй тохиолдолд нэхэмжлэгч талын эрх ашгийг дордуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 11.3 дахь хэсэг “Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь даатгуулагчид үзүүлсэн энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг төсвийн сарын хуваарийг үндэслэн гүйцэтгэлээр ...” гэж заасны дагуу иргэд, даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнийн нэхэмжлэх нь гүйцэтгэлээр нэг бүрчлэн таарч баталгаажсан, иргэдэд хөнгөлттэй эм олгох үйлчилгээг бодитой үзүүлсэн.

“Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх уйлчилгээний гэрээ”-ний 2.1.7.2 дахь хэсэгт зөвхөн гэрээний 2.4.4-т заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авч хянахаас татгалзах зохицуулалттай тул манай төлбөрийн нэхэмжлэлийг гэрээний 2.4.7 дахь заалтад хамруулж бүрэн олгохоор шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна.

3.3. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн зорилт нь эрүүл мэндийн албан журмын даатгалын зарчим, хамрах хүрээг тогтоож, Монгол Улсын иргэн бүрт эрүүл мэндийн даатгалд хуулийн дагуу даатгуулж шимтгэл төлөх, даатгуулагчдад эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор сан бүрдүүлэх, уг сангийн хөрөнгийг хуваарилах, зарцуулах, эрүүл мэндийн даатгалын байгууллага болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэгч байгууллага, төр, иргэний хооронд үүсэх харилцааг зохицуулах бөгөөд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага буюу нэхэмжлэгч мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үүрэгтэй”, 13.1.1-д “даатгуулагчдад үзүүлсэн энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх” эрхтэй, хариуцагч уг төлбөрийг төлөх үүрэгтэй, нөгөө талаас зөвхөн цахимаар нэхэмжлэлийг хоцроож ирүүлсэн гэх агуулгаар манай компанийн хуулиар олгосон эрхийг хязгааргалах үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг дахин хянаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжсэн агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

3. Нэхэмжлэгч “М Ө” ХХК нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний дагуу даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 4,280,094 төгрөгийг нөхөн олгохоос татгалзсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 05/1568 дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 4,280,094 төгрөгийг “М Ө” ХХК-д нөхөн олгох шийдвэр гаргахыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгуулахшаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

3.1. Ингэхдээ “... хөнгөлөлттэй үнээр олгосон эмийн нэхэмжлэхийг гэрээний 2.4.4-т заасны дагуу дараа сарын 05-ны өдрийн дотор, харин тухайн жилийн 6, 12 дугаар сарын хувьд мөн сарын 11-ний өдрөөс хойших хугацааны нэхэмжлэхийг гэрээний 2.4.7-д заасны дагуу дараа сард багтаан хүргүүлэх зохицуулалттай, нэхэмжлэгчийн хувьд 2023 оны 6 сарын 11-30-ны өдөрт хамаарах хугацааны болон 2023 оны 7 дугаар сарын нэхэмжлэхийг хариуцагчид цахимаар болон цаасаар хүргүүлэхдээ гэрээний 2.4.7-д заасан хугацааг хугацаа хэтрүүлээгүй гэх зэргээр шаардлагын үндэслэлийг тодорхойлж маргасан.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд “... нэхэмжлэхийг гэрээнд заасан албан ёсны хаягаар сар бүрийн 05-ны өдрийн дотор ирүүлэх ёстой, ийнхүү хүлээн авснаар манайх нэхэмжлэхийг хянаж, төлбөрийн хэмжээг тогтоож олгодог, “М Ө” ХХК нь нэхэмжилж байгаа эмийн хөнгөлөлттэй үнийн дүнд хамаарах нэхэмжлэхийг тогтоосон хугацаанд ирүүлээгүй тул хянахаас татгалзсан нь үндэслэлтэй” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ.

4. Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтын талаар “... нэхэмжлэхийг 2023 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн дотор цахимаар хүргүүлэх ёстой атал 8 дугаар сарын 11-ний өдөр илгээж байгаа нь гэрээний үүргээ зөрчсөнд тооцогдоно, “дараа сарын  нэхэмжлэхтэй хамтатган хүргүүлнэ гэж заасныг 8 дугаар сард багтаан илгээнэ” гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй, нэхэмжлэхийг цаасаар өгсөн нь нотлогдоогүй, нэхэмжлэхийг хянахаас татгалзсан хариуцагчийн үйлдлийг буруутгах боломжгүй” хэмээн дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

5. Эрүүл мэндийн даатгалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: 3.1.4. “эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага” гэж эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан эрүүл мэндийн байгууллага болон эмийн санг; 3.1.8. “даатгалын гэрээ” гэж эрүүл мэндийн даатгалын байгууллага болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын хооронд байгуулсан гэрээг;”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь энэ хуулийн 16.1.4-т заасны дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон эмийн сантай даатгалын гэрээ /цаашид “гэрээ” гэх/-г байгуулах бөгөөд гэрээний хэрэгжилтийг хянаж, дүгнэнэ”, 10.2-т “Гэрээнд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төсөв, нэр төрөл, тоо хэмжээ, чанарын шалгуур үзүүлэлт, төлбөрийн арга, төлбөрийн хэмжээ болон гэрээний хугацаа, талуудын хүлээх үүрэг, хариуцлага, гэрээг цуцлах нөхцөлийг тодорхой тусгасан байна” гэж,

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас “М Ө” ХХК-тай байгуулсан 2023 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн ӨВ-04/0977 дугаартай “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний 1.5-д “Талуудын харилцах сувгийг тодорхойлсон хавсралт нь гэрээний салшгүй хэсэг болно”, 2.1.7-д “Дараах тохиолдолд холбогдох баримт, нотолгоог үндэслэн тусламж үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэхийг хянах болон санхүүжүүлэхээс татгалзах: 2.1.7.2. гэрээний 2.4.4-т заасан хугацаанаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоцроосон нэхэмжлэл”,  2.2-т “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авагч дараах үүрэг хүлээнэ: 2.2.1. эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгчээс ирүүлсэн нэхэмжлэлийг хянаж, хяналтын үр дүнд суурилсан шаардлага хангасан нэхэмжлэлийн төлбөрийн хэмжээг тогтоох”, 2.4-т “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч дараах үүрэг хүлээнэ: 2.4.4. тусламж, үйлчилгээний зардлын нэхэмжлэлийн мэдээллийг цахим системээр, албан бичгээр гэрээний баримт бичигт заасан холбогдох хаягаар, эсхүл орон нутгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан ёсны цахим хаягаар сарын бүрийн 05-ны дотор хүргүүлэх, 2.4.7. Төсвийн тухай хуульд заасан санхүүгийн тайлангийн цаглабартай холбогдуулан тухайн төсвийн жилийн 6, 12 дугаар саруудад үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийг дараа сарын нэхэмжлэхтэй хамтатган хүргүүлэх” гэж тус тус заасан.

6. Тодруулбал, тухайн харилцааг зохицуулсан хууль, түүнд нийцүүлэн байгуулсан гэрээний зохицуулалт ёсоор нэхэмжлэгч хуулийн этгээд нь Ө аймгийн даатгуулагчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр үзүүлж, тухайн сард үзүүлсэн үйлчилгээний нэхэмжлэхийг дараа сарын 05-ны өдрийн дотор /тухайн жилийн 6 сарын тухайд дараа сарын нэхэмжлэхийн хамт/ гэрээний хавсралтад заасан сувгаар буюу цахим шуудангаар захиргааны байгууллагад хүргүүлэх, эрүүл мэндийн хөнгөлөлттэй тусламж, үйлчилгээг худалдан авч буй захиргааны байгууллагын хувьд нэхэмжлэх тогтоосон хугацаанд ирсэн, үнийн хөнгөлөлт олгох холбогдох нөхцөл шаардлагыг хангасан эсэх зэргийг хянаж шалгасны дүнд үйлчилгээ үзүүлсэн хуулийн этгээдэд төлбөр олгох эсэхийг баталгаажуулж, олгох төлбөрийн хэмжээг тогтоох ба хэрвээ гэрээгээр тогтоосон хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлбэл хоног тутамд ногдох алдангийг суутган тооцох зохицуулалттай байна.    

7. Хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож буй үйл баримтаас үзэхэд,

7.1. “М Ө” ХХК нь ӨВ-04/0977 дугаартай Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай 2023 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс нэг жилийн хугацаатай байгуулсан.

7.2. “М Ө” ХХК нь гэрээний дагуу иргэдэд үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний  (а) 2023 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдрийн хооронд хамаарах 1,946,574 төгрөг, (б) 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 7 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хамаарах 2,333,570 төгрөг, нийт 4,280,094 төгрөгийн нэхэмжлэхийг хамтатган ********@monos.mn цахим хаягаас 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдөр *******emd.gov.mn хаягт цахим шуудангаар хариуцагчид хүргүүлсэн. /Хэргийн I хавтасны 125, 187-188, 243-249 дэх талд/

7.3. Нэхэмжлэгчээс уг нэхэмжлэхийг 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаартай албан бичгээр хүргүүлсэн гэж тайлбарлах боловч энэ огноо дугаар бүхий албан бичиг Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт бодитоор ирээгүйн зэрэгцээ албан бичгийн огноо нь “2023 оны 5 дугаар сарын 05”, “2023 оны 8 дугаар сарын 05”/засвартай/ гэх зэргээр зөрүүтэй бичигджээ.

7.4. Нэхэмжлэхийг 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдөр цахимаар хүргүүлсэн нь  “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний 2.4.7-д заасан “дараа сарын нэхэмжлэхтэй хамтатган хүргүүлэх” зохицуулалтыг зөрчөөгүй, нэхэмжлэх хүргүүлэх хугацааг хэтрүүлээгүй учраас хүндэтгэн үзэх шалтгаантай холбоотой үндэслэл зааж маргаагүй гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарлана.

8. Өөрөөр хэлбэл, 2023 оны 6 болон 7 дугаар сарын нэхэмжлэхийг 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдөр ирүүлсэн нь “гэрээнд заасан нэхэмжлэх ирүүлэх хугацааг хэтрүүлсэн эсэх” асуудал нь маргааны гол үйл баримт бөгөөд анхан шатны шүүх үүнд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Харин хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх, энэ нь нотлогдсон тохиолдолд хэтрүүлсэн хоног тутамд алданги тооцон нэхэмжилсэн төлбөрийг олгох үндэслэл бий эсэх талаар хэргийн оролцогчид нэгэнт маргаагүй тохиолдолд энэ талаар дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх нь “нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй асуудлаар дүгнэлт хийсэн” хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил болно. 

9. Захиргааны ерөнхий хуулийн 58, Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн зохицуулалтаар, гэрээг юун түрүүнд үгийн шууд утгаар, гэрээний бусад нөхцөл буюу ерөнхий агуулгаар, талуудын хооронд хэрэглэж заншсан агуулгаар тайлбарлах бөгөөд талуудын хооронд байгуулсан Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний 2.4.4 болон 2.4.7 дахь заалтууд нь бүтцийн хувьд харилцан хамааралгүй буюу салангид биш, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч этгээдийн “нэхэмжлэх илгээх” үүрэг гүйцэтгэх хугацааг “сар бүрийн 05-ны өдрийн дотор” гэж тодорхойлсон нь тухайн жилийн 6, 12 дугаар сарын нэхэмжлэхийг ирүүлэхэд ч нэгэн адил хамаарна.

10. Гэрээний 2.4.7 дахь заалтын “... дараа сарын нэхэмжлэхтэй хамтатган хүргүүлэх” гэснийг дараа сарын нэхэмжлэх илгээх сарын сүүлийн өдөрт багтаан хүргүүлэх боломжтой мэтээр агуулгыг өргөтгөж тайлбарлахгүй, мөн гэрээний 2.4.4-т заасан “... сар бүрийн 05-ны дотор” гэснээс өөрөөр тогтоосон хугацаа гэж үзэхгүй.

Энэ тохиолдолд тухайн жилийн 6, 12 дугаар сарын нэхэмжлэх илгээх хугацааны давтамжийг дараагийн сар болох 7, 1 дүгээр сарын 05-ны өдрийн дотор бус, харин тэрхүү 7, 1 дүгээр сарын нэхэмжлэхийг илгээх дараагийн 8, 2 дугаар сарын “05-ны өдрийн дотор” гэх хугацаагаар тодорхойлогдоно гэж гэрээний 2.4.7 дахь заалтыг тайлбарлаж хэрэглэх нь талуудын тохиролцсон гэрээний нөхцөлд нийцэх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... гэрээний 2.4.4, 2.4.7 дахь заалт ямар нөхцөлд хэрэглэгдэхийг шүүхийн шийдвэрт тодруулж тусгаагүй, хууль болон гэрээгээр нарийн заагаагүй тохиолдолд нэхэмжлэгчийн эрх ашгийг дордуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжтой байсан” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

“М Ө” ХХК 2023 оны 7 дугаар сарын нэхэмжлэхийн хувьд, энэ хэсгийн 7.2 (а)-д заасан хугацааны нэхэмжлэхээс үл хамааран, гэрээний 2.4.4 дэх заалтын дагуу 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөрт /05-ны өдөр бямба гараг тул/ багтаан хүргүүлэх үүрэгтэй учраас 6 дугаар сарын нэхэмжлэхийг уг хугацаанд бус, тухайн сардаа багтаан /8 дугаар сарын 07-ны өдрөөс хойш/ хүргүүлэх агуулгаар тайлбарлах нь өөрөө зөрчилд хүргэнэ.  

11. Нэхэмжлэгч нь 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөрт багтаан ирүүлбэл зохих нэхэмжлэхийг 4 хоногоор хэтрүүлж, 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдөр илгээсэн болох нь хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаар нотлогдсон, нэхэмжлэх илгээх хугацааг хэтрүүлээгүй гэх тайлбар үгүйсгэгдэх тул нэхэмжлэгчийн гаргасан шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд хариуцагчийн татгалзлыг хууль бус гэж дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй.

12. Дээрх байдлаар анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн, ингэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаагүй учир шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2025/0892 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                 ШҮҮГЧ                                                                   О.ОЮУНГЭРЭЛ

 

 

                 ШҮҮГЧ                                                                     Б.АДЪЯАСҮРЭН   

 

 

                 ШҮҮГЧ                                                                     З.ГАНЗОРИГ