Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1224

 

 

 

 

 

 

 

 

 

  2023            10            16                                            2023/ШЦТ/1224

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

улсын яллагч Г.Янжиндулам,

шүүгдэгч ***, өмгөөлөгч Б.Чинбат,

хохирогч ***, өмгөөлөгч Д.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн 2308000001120 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *** овогт ***ын *** (регистрийн дугаар ***), 19*** оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, *** дүүргийн *** хороо, *** гудамжны *** тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

 

Хэргийн товч утга: *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн 2 дугаар гудамжинд хохирогч ***тэй маргалдан улмаар нүүрэн тус газарт нэг удаа архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар.

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

-Улсын яллагчаас “2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 777 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад тусгагдсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хохирогч ***, гэрч *** нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 6682 дугаартай дүгнэлт(хавтаст хэргийн-1,8-9,13-14,17-19 дүгээр хуудас)”,  

- Өмгөөлөгч Б.Чинбатаас “гэрч ***ын мэдүүлэг, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт, хохирлын мөнгө төлсөн баримт(хавтаст хэргийн-13,28-33, 111-122 хуудас)”, 

- Өмгөөлөгч Д.Даваагаас “хохирогч ***гийн ажлын газрын тодорхойлолт, шинээр 11 хуудас эмчилгээ хийлгэсэн талаарх баримт(хавтаст хэргийн 66 дугаар хуудас)”, 

- Шүүгдэгч, хохирогч нар “байхгүй” гэцгээв.

1.2 Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн 2 дугаар гудамжинд хохирогч ***тэй маргалдан нүүрэн тус газарт нэг удаа архины шилээр цохиж хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас),

- мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ***гийн өгсөн “...2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 21 цагийн үед найз ***тай уулзаж, согтууруулах ундаа хэрэглэсэн. Удалгүй ***ын таньдаг дүү машинтайгаа ирээд ***ын гэр рүү явсан. Замдаа машинд 0,5 литрийн архи хувааж уусан. Гэрийнх нь ойролцоо ирээд бид хоёр маргалдсан. Би тухайн үед юунаас болж маргалдсанаа мэдэхгүй байна. *** ууж байсан архины шилээрээ миний баруун талын нүд болон баруун талын хөмсөг хэсэг рүү 1 удаа хүчтэй цохисон. Миний баруун нүд юм харахгүй болоод нэлээн цус гарсан. Одоо ч миний баруун талын нүд харахгүй байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас),

            - шүүх хуралдаанд хохирогч *** “2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр  *** дээр ***тай хамт очсон. Тухайн үед *** айлд байсан. Тэгээд айлаас гараад машиндаа суугаад хөдлөх гэтэл *** машинд орж ирээд суусан...***  “хоёулаа уучихсан байгаа юм чинь ганц юм хувааж ууя чи аваад өг” гэсэн. Би дэлгүүр орж 0.5 гарамтай хараа авсан. Би хоёр хундага уучхаад машины урд суудал дээр унтаад өгсөн. Тэгээд *** “буулаа” гэхээр нь би “нойрондоо тэг , тэг тэгээд зайлаач” гэж хэлсэн. *** намайг “буугаад ир” гэхээр нь буусан чинь намайг архины шилээр цохисон...”,

            - шүүгдэгч *** “2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 20 цаг өнгөрч байхад Өндөр настны буудал дээр *** руу “Намайг гэрт хүргээд өг” гэж ярьсан. ***тай цуг ирсэн. *** “хоёулаа цуг юм ууя” гэхээр нь би “үгүй харилаа” гэж хэлсэн. Тэгээд манай гэр лүү явах замдаа нэг шил архи аваад машин дотор уусан. 3 жилийн өмнө *** манай эхнэртэй хамт байж байгаад надад баригдсан. Тухайн үед би юу ч хэлээгүй өнгөрсөн. Машинаас буух гэтэл *** намайг цохисон. Тэгэхээр нь ”яаж байгаа юм бэ” гэхэд дахиад цохих гэхээр нь зөрүүлээд архины шилээр цохисон” гэх мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлээс),

- гэрч ***ын “...Намайг гадуур машинтай явж байхад хамаатны ах *** залгаад “намайг хаана байна, гэрт хүргээд өгчих Өндөр настны автобусны буудал дээр байна” гэхээр нь очиход ***, найз ***тэй хамт байсан. Миний машинд суугаад *** ахын гэр рүү явж байтал замдаа 0,5 литрийн архи авч, тэр хоёр уусан. *** ах архиндаа согтоод *** ах руу агсраад “манай эхнэртэй буудлаас гараад явахыг чинь харсан, би дуугүй өнгөрсөн шүү” гэж маргалдаж байгаад *** *** ахын нүүр рүү нэг удаа цохисон чинь ууж байсан архины шилээрээ ***гийн нүүр рүү нэг удаа цохисон. ***гийн нүүр, хөмсөг орчмоос цус гараад байсан. Тэр хоёр машинаас буугаад хоорондоо барьцалдаж аваад зууралдаад байхаар нь салгаад *** ахыг гэрийнх нь ойролцоо үлдээгээд ***г Саппорогийн орчим буулгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас),

            - Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 6682 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр ***гийн биед баруун нүдний алимын нэвт гэмтэл, эвэрлэгийн урагдал, судаслаг, солонгон бүрхүүлийн хавчигдалт, үхжил, өмнөд хоргын цус хуралт, баруун нүдний хараа буурал /хурууны хөдөлгөөн мэдэрнэ/, баруун хөмсөгт няцарсан шарх, баруун нүдний алимын салстад цус харвалт, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх нэг нүдний хараа бууралт /хурууны хөдөлгөөн мэдэрнэ/ нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7. 34.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 35 хувь алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 17-19 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч *** нь шууд санаатай үйлдэл хийж, уг хор уршгийг зориуд хүсэж архины шилээр хохирогч ***гийн эрүүл мэндэд халдан цохиж, улмаар гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд зэргийн гэмтэл учруулсан нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэргээр хангалттай тогтоогдсон нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар хангалттай тогтоосон, хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл нь тохирсон байх тул шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

1.3 Хохирол, хор уршиг.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч ***гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирч, эмчилгээ хийлгэсэн зардалтай холбоотой баримт(хавтаст хэргийн 58-65, 145-147 дугаар хуудас)-ыг мөрдөн шалган ажиллагааны шатанд гарган өгч нийт 682.030 төгрөгийг нэхэмжилснийг  шүүгдэгч ***аас 4.610.000 төгрөг(хавтаст хэргийн 58-65, 111-121 дүгээр хуудас, шинээр гаргаж өгсөн баримт)-ийг төлж барагдуулсан байна.

Шүүх хуралдаанд хохирогч *** “...ажилгүй байсан хугацааны цалин, цаашид гарах эмчилгээний заралд 7.300.000 төгрөгийг” нэхэмжилж “***” ХХКомпанийн тодорхойлолт, амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбарыг гаргаж өгсөн.

Шүүх зөвхөн бодитоор учирсан хохирлыг хууль ёсны нотлох баримтад үндэслэн гэм буруутайд этгээдээс гаргуулан олгож шийдвэрлэх учиртай бөгөөд хохирогчоос ажилгүй байсан хугацааны цалин түүнтэй холбоотой зардлыг хангалттай тогтоосон баримтгүй/ажил хөдөлмөр эрхлээгүй өвчтэй байсан талаарх холбогдох цагийн бүртгэл, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эмчилгээ хийлгэсэн эсэх, нийгмийн даатгалын шимтгэл хэрхэн төлөгдсөн эсэх, хөдөлмөрийн чадвараа алдсан эсэхийг тогтоосон эрх бүхий байгууллагын акт гэх мэт/ тул гэм хор учруулсны төлбөрийг үндэслэл бүхий тодорхой тооцоо гарган шийдвэрлэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, улсын яллагчийн “ажилгүй байсан цалинг гаргуулах” тухай дүгнэлтийг хүлээн аваагүй, харин хохирогч *** нь холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн тул шүүгдэгч ***ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгчөөс “...сэтгэл санааны хохирлыг гаргуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг дараах үндэслэлээр шүүх хүлээн аваагүй болно.

Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан.

Уг арчлалд “сэтгэцэд учирсан хор уршиг” гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно гэж нэр томьёоны хувьд тайлбарлажээ.

Сэтгэцийн эмгэгийн зэргийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу Шинжилгээний байгууллага тогтоохоор хуульчлан Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэг/Эрүүгийн хуулийн 11.6, 17.1, 17.3, 17.12, 27.10 дугаар зүйл/-т хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн олгохыг эсэхийг шийдвэрлэдэг.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 02 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...”,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнээ *** хүлээн зөвшөөрч байна. *** нь урд гэмт хэрэг үйлдэж байгаагүй тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, баримтаар нэхэмжилсэн хохирлыг бүрэн төлсөн, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлж байгаа, 1-13 насны 5 хүүхэдтэй, эхнэр ажилгүй байгааг харгалзан үзэж 10.000 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох...” гэсэн дүгнэлтийг,

Хохирогч *** “...торгох ял оногдуулах” гэх саналыг тус тус танилцуулав.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас(хавтаст хэргийн 22 дугаар хуудас)-аар *** нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын эрүүл мэндэд халдаж хохирол учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчид хүнд зэргийн гэмтэл учирсан, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай), шүүгдэгчийн хувийн байдал (19*** онд төрсөн, *** настай, хувиараа хөдөлмөр эрхэлж тодорхой орлого олдог, өөрийн нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгөтэй, эхнэр, бага насны таван хүүхдийн хамтаар *** дүүргийн *** хороо, *** гудамжны *** тоотод оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон, хохирогчийн баримтаар нэхэмжилсэн хохирол, эрүүл мэндийн зардлыг төлж барагдуулсан) болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, түүний цалин хөлс, хөрөнгө, бусад орлого олох боломж зэрэгт үнэлэлт өгч торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 01 жил 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч ***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой эрх төдийгүй, тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь дээр дурдсан гэмт хэргийн шинж чанар, нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэхэд чиглэгдсэн, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц торгох ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн шударга ёс болон гэм буруугийн зарчимд нийцсэн гэж үзсэн тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн аваагүй болно.

Эрүүгийн 2308000001120 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг шийтгэх тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт ***ын ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д арван нэгэн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван нэгэн сая төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш нэг жил зургаа сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.

 

4. Эрүүгийн 2308000001120 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдаж, хохирогч ***гийн ажилгүй байсан хугацааны цалин 7.300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, тэрээр цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. 

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл оролцогчид гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ***д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.БЯМБААБААТАР