Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/86

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин,

Улсын яллагч Н.Бадам,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овогт *******ын *******д  холбогдох эрүүгийн 2333000490082 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, **** оны ** дүгээр сарын ***-ны өдөр ******* аймаг ******* суманд төрсөн, ** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй,  ***** цахилгаанчин ажилтай, ам бүл *, ******* аймгийн ******* сум *-р баг, ** тоотод оршин суух, 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ******* аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2022/ШЦТ/41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн ******* ******* овогт ******* ******* (РД:*********).

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 06 дугаар сард ******* аймгийн ******* сумын 1-р багийн нутгаас - цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн салбарын ******* хэсгийн цахилгаан дамжуулах тулгуур шонд бэхэлсэн АС-35 загварын 3780 метр цахилгаан дамжуулах утсыг хулгайлж бусдад 1,890,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 06 дугаар сард ******* аймгийн ******* сумын 1-р багийн нутгаас - цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн салбарын ******* хэсгийн цахилгаан дамжуулах тулгуур шонд бэхэлсэн АС-35 загварын 3780 метр цахилгаан дамжуулах утсыг хулгайлж бусдад 1,890,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч *******гийн өгсөн:“... 2023 оны 06 дугаар сарын 16-ны үед манай тэнд ашиглагддаггүй хуучин шугам байсан. Шугамаа буулгана гээд утас нь тасарч унаад байхаар нь би утсыг нь зарсан. Авсан утас шугам сүлжээний утас мөн. 500,000 гаран төгрөг болсон. Зэс хөнгөн цагаан авна гэдэг хүн дагуулж очоод өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

            1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын эхэн үеэр ******* аймгийн ******* сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах дэд станц, нам хүчлэлийн агаарын шугамын АС-35 загварын цахилгаан дамжуулах утас алга болсон байна гэж - цахилгаан түгээх сүлжээ компанийн дарга над руу утсаар залгаж ярьсан. Тэгээд нийт ажилчдаас асуугаарай гэхээр нь би ажилчдаас асуутал мэдэхгүй гэсэн. Тэгээд алга болсон учраас цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн үед алга болсон гэх цахилгааны АС-35 загварын утас 3780 метр алга болсон..., ...надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирол төлбөр төлөгдөөд байгууллагаас албан бичиг гаргаж өгч байгаа...”гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 27,29 дүгээр тал/,

2.Гэрч өгсөн: “...2023 оны 06 дугаар сард манай араар татсан цахилгааны утас 4 эгнээ 380-ийн утсыг цахилгааны саарал өнгийн хувцастай хүн тулгуур модон шонд авирдаг багаж, дөрөөтэй 3 эрэгтэй хүн ирж тайлж аваад явсан. Тухайн 3 хүний 1 хүн нь эрчим хүчинд ажилладаг хүн байсан. Тэр 3 хүн саарал өнгийн жижиг тэрэг, миний санахаар  Сонота-6 загварын тээврийн хэрэгсэл байна. Тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хараагүй. Тухайн цахилгааны утсыг авч байсан 3 хүний нэг хүн тулгаар модонд авирсан. Нөгөө 2 хүн нь хуулан эвхэж байсан. Тухайн 3 хүний нэрийг мэдэхгүй. 1 хүнийг зүсийг танина..., ...Машины арын багааж онгорхой байсан. Тухайн цахилгаан утсыг машинд яг ачиж байгааг хараагүй. Өдрийн цагаар цахилгааны утас авч байхаар нь ажлаа хийж байгаа юм байна гэж бодсон. Хэрэв шөнөөр байсан бол хуулийн байгууллагад мэдэгдэх байсан...гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 37, 39-40 дүгээр тал/,

3.Гэрч өгсөн: “... Яг хэзээ гэдгийг санахгүй байна. Наадмаас нэлээд урд тухайн газарт хоёр удаа гэмтэл гарсан.  Эхний гэмтэл нь орой гарсан байсан учраас байгууллагын даргаар ахлуулсан хүмүүс очиж ажилласан. Тэр үед шөнөдөө засчхаад яваад өгсөн юм. Тэгээд маргааш нь үдээс өмнө дахин өмнөх өдрийн гэмтэл гарснаас засмал зам тал руугаа 20 орчим метр газарт гэмтэл гарсан. Тэр гэмтлийг засварлахаар мастер хамт очиход тэнд дарга ******* сумын монтёр ******* бас хоёроос гурван
ажилтан нар байсан. Тэгээд Мастер , ******* бид 3 тэнд үлдээд
засварлаж дуусаад 17 цагийн үед Сант сумын наана гарсан засвар руу явсан юм.
Тухайн засварын ажил хийхдээ дарга өөрийн хар Тоёота күлүгер машинтай явсан.
, ******* бид 3 болохоор миний эзэмшлийн 6811 СБА улсын дугаартай
саарал өнгийн сонота-7 маркийн машинтай явсан юм. Миний машины ард засварт
хэрэглэгдэх багаж хэрэгслүүдээ ачиж явсан. Тухайн багаж хэрэгслүүдээ буулгаж
ачаад явж байсан...,...2023 оны 6, 7 дугаар сард санагдаж байна. Байгууллагын хурал дээр дарга тухайн цахилгааны утас алга болсон байна. Авсан хүн байна уу? гэж асууж байсан. Тэгээд авсан хүн гараагүй. Тэгээд мастераар хуралд суугаагүй хүмүүсээс асуулгаад байхад  авсан хүн гараагүй тул цагдаад тэмдэглүүл гээд мастер ******* сумын цагдаад мэдэгдэхээр болсон...”гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 46 дугаар тал/,

   

          4.Гэрч Б. өгсөн: “...2008 онд тухайн газар саалийн үнээний фермерийн зориулалтаар блок хашаа барьсан. Дотор нь фермерийн байр байшин гарж зэрэг байдаг. Ерөнхийдөө сүүлийн хэдэн жил хүн байхгүй, хааяа эргэж тойр ирдэг байсан юм. Тэнд хэрэглэдэг техник хэрэгсэл илүү дутуу зүйлээ хадгалдаг. 2023 оны 06 дугаар сард санагдаж байна. Хашаагаа эргээд очсон чинь урд шугамын утас алга болчихсон байсан. Тэр шугамаас манай хашаа руу орсон шугамын утас байсан нь алга болсон байсан. Тэгээд би цахилгаан сүлжээнийхнийг авсан юм байх гэж бодсон ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дугаар тал/

 

          5.2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр иргэн М.ээс ******* аймгийн Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтэст гаргасан гомдол/хавтаст хэргийн 3 дугаар тал/,

6.2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд/хавтаст хэргийн 4-8 дугаар тал/,

7.2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр тус сум дахь цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч мэдүүлгийг газар нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэт/хавтаст хэргийн 9-11 дүгээр тал/,

            8.2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2333000490082 дугаартай ******* аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газар прокурорын тогтоол/хавтаст  хэргийн 53-55 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно гээд, энэ хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруу нь санаатай буюу болгоомжгүй хэлбэртэй байна гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан өөрийн эзэмшил, ашиглалтад  шилжүүлэн захиран зарцуулж байгаа нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

Иймд шүүгдэгч *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутай буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Иргэний нэхэмжлэлийн талаар:

            "Капитал зууч" ХХКомпани үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгийн үнэлгээний компанийн 2023 оны 07 дугаар сарын 18-ний өдрийн “Хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай” шинжээчийн дүгнэлт “...Т№1, ТТ№21 хоорондох модон тулгуурын  "АС-35" маркийн дамжуулагч /ашиглагдаж байсан/ 3780 метр утас 2023 оны 07 дугаар сарын 18-ны байдлаар 1,890,000 төгрөг байна...” гэж өнөөгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон байна./хавтаст хэргийн 16-17 дугаар тал/,

Хохирогч байгууллагын - цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компанийн салбарын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 11/164 дугаартай тус сум дахь цагдаагийн хэлтэст гаргасан албан тоотод “...******* нь учруулсан хохирлоо барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй...” салбарын дарга гэжээ.

Иймд шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч: “...Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Гэмт хэргийн улмаас - цахилгаан түгээх сүлжээний хөтөл салбарт 1,890,000 төгрөгийнд эд материалын хохирол учирсан ба хохирол төлөгдсөн. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдоогүй, хилийн хориг тавигдаагүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна. Шүүгдэгчид өмнө нь авсан авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай байна...” гэв.

 

Шүүгдэгч *******: “...Би доороо 4 дүүтэй дээрээ 1 нэг ахтай. Хоёр оюутан дүүтэй. Манай ээж, аав *******д мал малладаг би ганцаараа ажил хийдэг. Тэнсэн харгалзах ял оноож өгөөч...” гэв.

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ******* аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2022/ШЦТ/41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн. Энэ ялыг биелүүлсэн байна. 

 

Иймд шүүгдэгч *******г хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ялтай хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах гэм хэрэг юм.

 

Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 08 сарын хугацаагаар оршин суугаа газраасаа буюу ******* аймгийн ******* сумаас гадагш зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,  шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч **** овогт Б. А....... бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 08 сарын хугацаагаар оршин суугаа газраасаа буюу ******* аймгийн ******* сумаас гадагш зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

5.Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

6.Хэрэгт ирсэн 1 ширхэг СD-ийг хэргийн хамт хадгалсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        А.НАРАНТУЯА