| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2023/0193/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/199 |
| Огноо | 2023-10-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 2023/ШЦТ/199
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч М.Сайнзаяа,
хохирогч П.*******,
шүүгдэгч Ч.*******, түүний өмгөөлөгч Л.Цуурай нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.*******д холбогдох эрүүгийн 2315000000208 дугаартай 163/2023/0193/Э индекстэй хэргийг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт *******н *******, *******-******* аймгийн ******* суманд 1994 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, *******-******* аймгийн ******* сумын ** дүгээр багийн *** дугаар хорооны *** дугаар байрны *** тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 29 настай, эмэгтэй, РД: *******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.******* нь 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн *******-Өндөр сумын Уньт 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг амралтын газрын тогоочоор ажиллаж байсан П.*******тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа түүний бие, эрх чөлөөнд халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315000000208 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Ч.******* нь 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн *******-Өндөр сумын Уньт 3 дугаар багийн нутагт амралтын газрын тогоочоор ажиллаж байсан П.*******тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа түүний бие, эрх чөлөөнд халдаж зодсоны улмаас П.*******ийн биед хамрын таславч зүүн тийш мурийлт, хамрын яс зүүн талдаа цөмөрсөн хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.*******ы өгсөн: Би 2023 оны 06 дугаар сарны 18-ны өдөр тогооч авах зарыг фэйсбүүк группд тавьсан. ******* гэж эгч мессэжээр холбогдоод “23 жил тогоочоор ажилласан, танайд ажилд оръё” гэхээр нь буцаагаад залгасан чинь утсаа авахгүй байсан. Тэгээд ******* над руу элдвийн мессэж бичихээр нь би ийм харьцаатай хүн ажилд авахгүй гэсэн. Маш олон дахин залгаад байхаар нь за яахав та тэгвэл очиж ажил гэсэн. Тухайн үед би Монголд байгаагүй юм. Тэгээд Монголд ирээд 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр амралт дээрээ ирж хоноод өглөө нь ******* эгчтэй таараад сайхан амарсан уу гэхэд миний сайн, муу чамд хамаагүй архичин минь гэсэн. Мөн тэнд амарсан 3 амрагчийг хоолоо идэх гээд ороход элдвээр доромжилсон байсан. Тэгээд тэр 3 охин намайг дуудаад тогооч чинь доромжлоод байна гэхээр нь очиж уулзсан. Тэгсэн чинь урдаас энэ тогоогоо томруул, ажилчдад их хоол өгнө гэсэн. Тэгэхээр нь би ажилчдад өдрийн 3 хоол өгөхөд болно гэсэн чинь харамч пиздаа, гичий, халтар, харах царайны янхан гээд доромжлоод байсан. Тэгээд гарч яваад том банзаар толгой руу минь цохисон. Тэгээд цагдаа дуудаад 2 цагдаа ирсэн. Тэр цагдаа нар намайг толгойдоо цохиулсан гэдгийг мэдэж байгаа. Цагдаа нарт ******* намайг цохисон гэдгээ хэлж байсан. Амрагч нараас болж маргалдсан. ******* намайг цохихоор нь модыг нь булааж авсан чинь намайг үсдсэн. Тэгээд би урдаас нь болиулах гээд үсдсэн. Тэгэхдээ хамрыг нь цохисон юм шиг байна лээ. Тэрийгээ хүлээж байна гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.*******ийн өгсөн: 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс Булган аймгийн *******-Өндөр сумын нутагт байх Сахарын рашаан дээр үйл ажиллагаа явуулдаг амралтын газарт тогоочоор ажиллахаар очсон. 7 дугаар сарын 05-ны орой амралтын эзэн хүү, бэр маань 12 цаг гэж ирнэ хоол бэлдээрэй гэсэн. Тэгээд ирчихээд шөнөжин архидаад унтаагүй. Намайг гал тогоо онгойлгоод гараа угаагаад зогсож байхад ******* ирэхээр нь та нар шөнөжин архидаад унтуулсангүй гэж хэлсэн. Маргааш нь Нараа эгч Эрдэнэт рүү гэрээ хийх гээд явлаа, барилга дээр байгаа хүмүүсийн хоолыг нь хийж байгаарай гэсэн. Тэгээд би 1, 2 дугаар хоол хийсэн. 12-13 цагийн хооронд аягалаад ширээн дээр нь тавьчихаад байж байхад ******* найзуудтайгаа орж ирчихээд хоол хаана байна гэж орилолдоод байсан. Барилгын хүмүүст хоолыг нь аягалж өгөөд илүү гарсныг нь дахиад хийж өгсөн чинь ямар их хоол хийдэг юм, чи хоол хийж чадахгүй байна зайл гээд хувцсыг маань гаргаж хаясан. Би Барилгын нэг хүнээр сумын төв рүү хүргүүлэх гэхэд байж бай гэсэн. Тэгээд ******* кармандаа гараа хийчихээд намайг халуун ус руу түлхээд яваад байсан. Би модоор цохиогүй, өөрийгөө хамгаалах гэж авсан модоо буцаагаад хаясан. Үс ороож байгаад доош нь тонгойлгоод миний хамар луу өшиглөөд хамар хугалсан. Тэр үед толгой өвдөөд байсан. Амралтын хойд талын гэдэс арилгаж байсан эгч рүү орж цагдаа дуудсан. Тэгсэн тэр эгч энэ айл өөдгүй айл байгаа юм, чи хурдан эндээс яв гэж хэлсэн. Барилгын нэг залуу намайг өмөөрөөд ээж шигээ хүнийг зодлоо гэж *******д хэлсэн. Мөн тэнд нөхөртэйгээ амарч байсан Алтан эгч *******д чи ээж шигээ хүнийг зодлоо гэж хэлсэн. Тэгээд барилгын нэг залууг хүргээд өг чемоданыг нь гаргаад хаячихлаа гэсэн. 2 цагдаа ирээд та хурдан яв гэсэн. Алтан эгч 400.000 төгрөг аваад ирнэ хүлээж бай гээд ирэхгүй болохоор нь араас нь очсон чинь орилолдоод байсан. Бөөндөө араас будаа цацаад бурханы оронд очоорой, замдаа үхээсэй гээд байсан. Дэлгүүрийн гадаа орой 7-8 цаг хүртэл байсан. Тэгээд цагдаа тэндээс 20 километр зайтай Хөвсгөлийн автобусанд суулгаж өгсөн. Би ажилласан хугацааны цалин гэж 150.000 төгрөг авсан. Намайг гүтгэж байна, би хохирлоо авмаар байна. Миний толгой өвдөөд, хамар байнга битүүрээд, би гуншиж ярьдаг болсон хамрын хагалгаанд ороход 4.500.000 төгрөг шаардлагатай гэж хэлсэн. Хувийн эмнэлэг учир заавал мөнгөө урьдчилж төлж хагалгаанд ордог, ээжийн бие муу, ажил төрөл, мөнгө санхүүгийн байдлаас шалтгаалан би өөрөө мөнгөө төлж хагалгаанд орох боломжгүй байна. Сая хурлын өмнө эмнэлэгт үзүүлсэн төлбөрийн 231.000 төгрөгийг надад өгсөн. Үлдсэн хохирлыг минь барагдуулж өгнө үү гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
1. Хохирогч П.*******ийн өгсөн: 2023 оны 06 дугаар сарын сүүлээр Фейсбүүкээр сувилалд тогооч авна гэх зар яваад байхаар нь би зарын дагуу холбогдоход Булган аймагт үйл ажиллагаа явуулдаг сахрын рашааны амралтын газарт тогооч ажилд авна гэхээр нь би ажил хийхээр очсон. Очоод 4 хоног барилгын ажил хийж байгаа ажилчдын хоолыг хийж байсан. Тэгсэн нэг өдөр амралтын газрын эзний том хүүгийн бэр гэх эмэгтэй ирээд надад хандаад “чи хоол хийж чадахгүй байна, хүмүүст хоол нэмж хийж өглөө” гэж над руу дайрч үг хэл, амаар доромжлохоор нь би “хүнд ажил хийж байгаа хүмүүс нэмж хоол идмээр байна гээд байхад нэмж өгөхгүй яах юм” гэж хэлтэл уурлаад намайг зайл гэж хэлээд миний үснээс зулгааж дарж байгаад зүүн талын өвдгөөрөө миний хамар луу хүчтэй цохиж миний хамрыг хугалсан. Тэгээд миний хамарнаас цус гараад би ухарч салсан. Удалгүй би цагдаа руу залгаад дуудлага өгсөн ба цагдаа ирээд намайг өргөдлөө өг гэж хэлсэн. Ажил хийж байгаа хүмүүст их хоол хийж өглөө, хоёрдугаар хоол хийж өгөхгүй гэх шалтгаанаар намайг зодсон. Маш их гомдолтой байна. Хамрын хагалгаанд орох болсон дээрээс нь эмнэлэгт үзүүлэхэд зарцуулсан мөнгө, замын унаанд ашигласан мөнгө гээд бүх зардлаа оруулаад 5.000.000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,
“...******* нь намайг үсдэж дарж байгаад миний хамар хэсэгт 1 удаа зүүн өвдгөөрөө өвдөглөж цохисон. Тухайн үед би газраас мод авч өөрийгөө хамгаалах гэж оролдсон. *******ыг модоор цохиогүй. Маш их гомдолтой байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,
“...Би тухайн үед гомдол гаргаагүй. Айгаад шууд гэр лүүгээ буцсан. Улаанбаатар хотод очоод гомдол гаргах гэтэл баяр наадмын олон хоногийн амралт таарсан. Ингэж байгаад харьяа газрын Цагдаагийн газарт гомдол гаргах гээд цаг хугацаа алдсан зүйл байна. Миний авсан гэмтэл тухайн үед ******* гэдэг охинд зодуулснаас үүссэн гэмтэл мөн. Нэхэмжлэх зүйлийн хувьд хамрын хагалгаанд орох зардал 4.500.000 төгрөг, эмнэлэгт үзүүлсэн зардал 231.000 төгрөг, ирж буцсан замын зардал 68.000 төгрөг зэргийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дэх тал/,
2. Гэрч О.*******гийн өгсөн: Тухайн өдөр 10 цагийн орчимд ажлаа хийж байсан чинь миний ажил хийж байсан байрны ард *******, *******аа хоёр хэрүүл маргаан хийж байсан. Удалгүй Оюукаа ирээд энэ эгч мод, чулуу бариад миний араас дагаад яваад байна гэж хэлж байсан. Тэгээд нөгөө эгч газраас мод аваад Оюукааг цохисон. Тэгэхэд нь Оюукаа нөгөө эгчийг үсдэж аваад доош дарсан. Нөгөө эгч бас үсдэж байсан. Би шууд очоод салгаж авсан. Маргааныг хэн эхлүүлсэнийг мэдэхгүй байна. Миний өрөөнд орж ирсэн болохоор би хажууд нь байж байсан. ******* нь Оюукааг модоор цохиж байхыг харсан. Харин Оюука нь *******ийг цохиж байхыг хараагүй. Оюука нь *******ийг үсдээд авахаар нь би очиж салгасан. Хоёулаа хэн хэндээ мөчөөгөө өгөхгүй хэрүүл хийгээд байсан. ******* нь амандаа үглээд хүнийг хэл амаар доромжлоод байгаа юм шиг нэг тийм эрүүл бус хүн шиг санагдсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дэх тал/,
3. Гэрч Ц.гийн өгсөн: Яг болсон маргааны талаар бол хэлж мэдэхгүй байна. Намайг Эрдэнэтэд байхад ******* залгаад би явлаа гэх утгатай зүйл яриад байсан. Орой нь амралтын газартаа ирсэн. ******* гэх хүний яриаг ойлгоогүй. ******* нь цоо эрүүл хүн биш юм шиг санагдсан. Сэтгэл зүйн хувьд тогтворгүй харилцаатай хүн шиг санагдсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дахь тал/,
4. Гэрч Э.гийн өгсөн: Тухайн өдөр хоол идэх гээд хоолны газарт ороход нэг тогооч эмэгтэй намайг гар халаасалсан янханууд гэж хэлэхээр нь би найз *******аад хэлсэн. Тэгээд цаана нэг эмэгтэй орилоод байсан. Нөгөө эмэгтэй Оюукааг үсдэж байхыг харсан. Миний бодлоор тэр эмэгтэй галзуу хүн шиг байсан. Тэр хоёр бие бие рүүгээ юм цацаж байсан. Яг зодоон хийж байхыг бол хараагүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дэх тал/,
5. Гэрч Д.ийн өгсөн: Сахрын рашаан дээр дуудлагын дагуу очиход амралтын газрын эзний бэр охин *******, ******* гэх хоёр эмэгтэй хоорондоо хэрүүл хийж зодолдоод салсан байдалтай байсан. Дуудлага өгсөн ******* гэх эмэгтэйгээс таны биед авсан гэмтэл байна уу гэж асуухад “миний үснээс зулгааж дарж байгаад хамар луу өвдөглөж цохиж авсан” гэж хэлсэн. *******ийн биед үүсэн гэмтэл гэвэл хамрын ухархай голд нь хөхөрсөн хамар нь зүүн тал руу бага зэргийн мурийж далийсан байсан. Тухайн үед *******ээс хэн таныг цохисон бэ гэж асуухад ******* гэх эмэгтэй цохисон гэж хэлсэн. Тухайн үед *******аас та *******ийг цохисон уу гэж асуухад намайг модоор цохихоор нь би зөрүүлээд цохисон гэж хэлсэн. Анх дуудлага мэдээлэл дээр очиход *******ийн хамрын ухархай хөхөрсөн хамар зүүн тал руу бага зэргийн далийсан байдалтай байсан. Харин *******ы хувьд ямар нэгэн гэмтэл авсан зүйл харагдаагүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54-55 дахь тал/,
6. Гэрч Г.ийн өгсөн: *******-Өндөр суманд цагийн менежментийн дагуу Гуртын гүүрэн дээр ажиллаж байхад *******-Өндөр сумын цагдаагийн тасгийн дарга, д/х дарга ирээд “сахрын рашаан дээр хүнд зодуулсан гэх дуудлага ирээд байна, хоёулаа яваад ирье” гэхээр нь би хамт дуудлага дээр очиход ******* гэх эмэгтэй амралтын газрын эзний бэр охинд зодуулсан гэх байдалтай байж байсан. Анх дуудлага мэдээлэл дээр очиход *******ийн хамрын голд хөхөрсөн байсан. ******* нь өөрөө хэлэхдээ миний хамар луу ******* гэх эмэгтэй үсдэж дарж байгаад хөлөөрөө цохисон гэж байсан. Тухайн үед зодсон гэх *******аас асуухад ******* намайг модоор цохихоор нь би зөрүүлээд цохисон гэдгээ хэлж байсан. Тухайн үед ******* нь нүүрээ угаасан байсан. Гар нь бол цус болсон байсан. *******ээс хаанаас цус гарсан гэж асуухад хамар луу хөлөөрөө цохиод цус гараад сая угаасан гэж байсан. Гарынхаа цусыг дутуу угааж арилгасан байсан /хавтаст хэргийн 61-62 дахь тал/,
…Би 2023 оны 07 сарын 05-ны өдөр очсон юм байна. Өмнөх хоёр удаагийн мэдүүлэгтэй 06-ны өдөр гэж мэдүүлсэн нь цаг хугацааг андуурч мэдүүлсэн байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 68 дахь тал/,
7. Булган аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 218 дугаартай: П.*******ийн биед хамрын таславч зүүн тийш мурийлттай, хамрын яс зүүн талдаа цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд мохоо ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаа буюу 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Хамрын таславч зүүн тийш мурийлттай хамрын яс зүүн талдаа цөмөрсөн хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 81-82 дахь тал/,
8. Шинжээч эмч Б.ын өгсөн: Тухайн үед хохирогч 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гэж байсан учраас 06-ны өдөр учирсан байх боломжтой гэж гаргасан. Яг 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр үүссэн гэж гараагүй. 2023 оны 07дугаар сарын 05-ны өдөр ч үүссэн байх боломжтой гэмтэл гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 86 дахь тал/,
9. Яллагдагч Ч.*******ы гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж өгсөн: 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдөр тогооч авна гэх утгатай зарыг Тогооч нарын холбоо гэдэг фейсбүүк зарын группд тавихад ******* гэдэг хүн надруу мэссэж бичиж холбогдоод “танайд ажилд оръё” гэхээр нь би хэдэн мэссэж бичиж байгаад тухайн хүнийг харилцааны соёлгүй хүн шиг санагдахаар нь “та болох уу, харилцаа сайтай хүн авмаар байна” гэж мэссэж бичихэд заавал орох гээд гуйгаад байхаар нь тухайн үедээ би байхгүй байсан учраас утсаар холбогдоод байхаар нь “за та тэгвэл яваад очоо” гэхэд 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн *******-Өндөр сумын Уньт 3 дугаар багийн нутагт байрлах Сахарын рашаан дээр манай хадам аав Ганбатын эзэмшлийн амралтын газарт очсон байсан. Тэгээд би 2023 оны 07 дугаар сарын 04-ний орой захисан хоолны материалыг аваад очсон. Маргааш өглөө нь буюу 2023 оны 07 дугаар сарын 05-ны өглөө анх ******* гэдэг хүнтэй уулзаад сайн байна уу эгчээ гэж мэндлэхэд чамд хамаагүй гэхээр нь би нэг ч үг дугараагүй байрлуугаа явсан. Тэгээд тэр өдөртөө 10-11 цагийн үед амрагч нар хоолоо идэх гээд ороход нь цаашаагаа гар, эхлээд би ажилчдаа хооллоно гэхэд за тэгвэл тэг тэг гээд тэнд нь суугаад байж байсан. Тэр үед ******* нөгөө амрагч нарт хандан заваан хар гичий нар энэ тэр гээд хэл амаар доромжилсон юм байна лээ амрагч нар нь над дээр ирээд “танай тогооч хүн доромжлоод байна” гэхээр нь би ороод “эгчээ юу болоод хүн доромжлоод байгаа юм бэ” гэхэд “хуцаад байлгүй энэ тогоо шанагаа томруул” гэхээр нь наад доор чинь том тогоо шанага байгаа гэхэд “би ажилчиддаа нэг хоёрдугаар хоол зэрэг өгмөөр байна” гэхээр нь би өдөрт гурван удаа хоол өгөх ёстой гэхэд уурлаад халтар янханууд гэх зэргээр намайг доромжлоод гараад явахаар нь би араас нь гараад “эгчээ та амрагч нар байхад юу яриад байгаа юм бэ” гэхэд чулуу авч дайрч байснаа урт мод барьж аваад далайж байгаад миний толгойг цохисон. Тэгэхээр нь би бас зүгээр юу гэж цохиулхав прүс модыг нь булаагаад авахад намайг үсдээд авахаар нь би зөрүүлж үсдээд зууралдахад тэнд байсан хүмүүс салгасан. *******ийн биед учирсан гэмтлийг хэн учруулсныг би мэдэхгүй. Мод булаацалдаж байх үед цохиулсан юм уу, яагаад гэмтсэн эсэхийг мэдэхгүй байна. Би өвдөглөөгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 111-112 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч П.*******, гэрч О.*******, Ц., Э., Д., Г. нарын өгсөн мэдүүлэг, Булган аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 218 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Ч.*******ы мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад
шүүгдэгч Ч.******* нь 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 13 цагийн орчимд Булган аймгийн *******-Өндөр сумын Уньт 3 дугаар багийн нутагт “Их булаг” нэртэй рашааны орчим байрлах амралтын газарт тогоочоор ажиллаж байсан П.*******тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргаж улмаар түүний бие эрх чөлөөнд халдаж зодсоны улмаас хохирогч П.*******ийн биед хамрын таславч зүүн тийш мурийлттай хамрын яс зүүн талдаа цөмөрсөн хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдож тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.*******ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч П.*******ийн эрүүл мэндэд хамрын таславч зүүн тийш мурийлттай хамрын яс зүүн талдаа цөмөрсөн хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсныг тусгай мэдлэг бүхий шинжээчийн 218 дугаартай дүгнэлтэд нэрлэн зааж, шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр эргэлзээгүйгээр батлагджээ.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
Шүүгдэгч Ч.*******ы хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, хохирол, хор уршиг учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байх бөгөөд шүүгдэгч Ч.******* нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцааны болон ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, үл ойлголцсон нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүгдэгч Ч.******* нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг болон гэрч нарын өгсөн мэдүүлгээр нотлогдож байна.
Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгч Ч.*******ы үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч П.******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хамрын хагалгаанд орох зардал 4.500.000 төгрөг, эмнэлэгт үзүүлсэн зардал 231.000 төгрөг, ирж буцах замын зардал 68.000 төгрөгийн нотлох баримтыг ирүүлж, нийт 5.000.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт эмнэлэгт үзүүлсэн төлбөрт 231.000 төгрөгийг шүүх хуралдааны өмнө шүүгдэгчээс авсан тул баримттай хагалгааны төлбөрт 4.000.000 төгрөг, замын зардалд 350.000 төгрөг, нийт 4.350.000 төгрөг нэхэмжилнэ гэжээ.
Шүүгдэгч Ч.******* нь шүүх хуралдааны өмнө хохирогчид Улаанбаатар Сонгдо эмнэлгийн эрүүл мэндийн үйлчилгээ авсан эмчилгээний төлбөрт баримтын хэмжээгээр нийт 231.000 төгрөгийг төлсөн байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтыг хянавал хохирогчоос гаргаж өгсөн замын зардлын гэх 34.000 төгрөгийн 2 ширхэг баримт нь Ганчимэг, Эрдэнэ гэх зорчигчийн нэртэй байх бөгөөд хохирогч Ч.******* шүүхийн хэлэлцүүлэгт ... Би Улаанбаатар хотоос Булган аймагт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор орон нутгийн нийтийн тээврийн автобусаар ирдэг, мөн цаг нь тулсан үед билет касс нь билет бичихгүй гээд жолооч нь бэлнээр мөнгөө авдаг, надад баримт хэрэгтэй гэхээр автобусны зорчигч ах, эгч хоёрыг билет нь цаашид та хоёрт шаардлагагүй бол энэ эгчид өгчих энэ эгчид баримт нь хэрэгтэй байна гээд надад өгсөн билет юм. Улаанбаатар хотоос Булган аймагт ирж буцах зардал нэг талдаа 34.000 төгрөг байдаг би 4-5 удаа ирсэн гэх тайлбарыг гаргасан ба шүүгдэгч нь хохирогчийн ирж буцсан унааны зардлыг бүрэн хэмжээгээр төлөхийг зөвшөөрч байх тул хохирогчийн 8 дугаар сарын 15-ны өдөр, 9 дүгээр сарын 01-ний өдөр, 9 дүгээр сарын 28-ны өдрүүдэд хохирогчоор мэдүүлэг өгөх, шинжээчийн дүгнэлт гаргуулах, хэргийн материалтай танилцахаар тус тус Улаанбаатар хотоос Булган аймаг, Булган аймгаас Улаанбаатар хот руу зорчсон замын зардалд /34.000*6=204.000/ төгрөгийг,
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй.” гэж заасан бөгөөд хохирогч П.******* нь ... Миний толгой өвдөөд, хамар байнга битүүрээд, би гуншиж ярьдаг болсон хамрын хагалгаанд ороход 4.500.000 төгрөг шаардлагатай гэж хэлсэн. Хувийн эмнэлэг учир заавал мөнгөө урьдчилж төлж хагалгаанд ордог, ээжийн бие муу, ажил төрөл, мөнгө санхүүгийн байдлаас шалтгаалан би өөрөө мөнгөө төлж хагалгаанд орох боломжгүй байгаа гэх тул хамрын хагалгаанд орох нь эмчилгээний зайлшгүй зардал гэж үзэж шүүгдэгчээс урьдчилан төлүүлэхээр хагалгааны төлбөр 4.000.000 төгрөгийг, нийт 4.204.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 146.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нь гэм буруугийн шүүх хуралдаанаас 5 минутын завсарлага авч замын зардлын 204.000 төгрөгийг хохирогчид төлсөн байх тул шүүгдэгчээс Улаанбаатар Сонгдо эмнэлэгт хамрын хагалгаа хийлгэж, хэвтэн эмчлүүлэх төлбөрийн 4.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч П.*******т олгуулахаар шийдвэрлэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нотолж, яллах талын байр сууринаас оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг, хохирогч нь улсын яллагчийн саналыг дэмжиж, хохирол төлбөрөө барагдуулах байр сууринаас, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэм буруу дээр маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хөнгөрүүлэх байр сууринаас тус тус оролцлоо.
Шүүгдэгч Ч.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Ч.*******ы хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ч.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 89, 92-96 дахь талд авагдсан *******-******* аймгийн *******-******* сумын 11 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Ч.******* нь ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт *******-******* аймагт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ч.*******ы үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол төлбөрөөс тодорхой хэмжээгээр төлж барагдуулсан шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлүүдээс торгох ялыг сонгож, шүүгдэгч Ч.*******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ч.*******аас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******н *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Ч.******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******аас 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Улаанбаатар хот, Хан-******* дүүрэг, 4 дүгээр хорооны Арцат 3 дугаар гудамжны 140 тоотод оршин суух хаягтай, Хамрууд овогт Пүрэвдоржийн *******, /РД:СТ70080400/-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 146.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ