Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 340

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, ерөнхий шүүгч П.Болормаа, шүүгч Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багт оршин суух, 19.. онд төрсөн, эрэгтэй, РД:........., утасны дугаар: .....................-тай Ө.Б-ын

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багт байрлах СММ ХХК /РД:............/-д холбогдох

 

 газар  чөлөөлүүлж, эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 2 562 263 төгрөг, үнэлгээний хөлс 100 000 төгрөг, нийт 2 662 263 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.Б, түүний өмгөөлөгч Ч.Энхцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б /онлайнаар/, түүний өмгөөлөгч А.Саулегүль /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Ө.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2007 онд Сүхбаатар аймгийн төвд 5 дугаар багийн нутаг СММ-н хойд талд 0,06 га газар буюу 600м кв газрыг Газрын тухай хуулийн дагуу Монгол Улсын иргэн нэг удаа газар үнэгүй өмчилж авна гэсэн үндэслэлээр өмчилж авсан. Гэтэл манайхыг хөдөө мал дээрээ байх хугацаанд манай өмчилж авсан газрыг СММ ХХК-ийн захирал Ц.Б нь бид бүхнээс зөвшөөрөл авалгүй өмчлөлийн газарт минь халдаж, манай газраас урагшаа 29 м, түүнээс баруун тийш 36 м хашааг буулгаж хаян цементэн хашаа барьсан байна. Иймд ММ ХХК-аас манай өмчлөлийн газрыг чөлөөлүүлж, хашаанд учирсан хохиролд 2 562 263 төгрөг, үнэлгээчинд үнэлгээний төлбөрт төлсөн 100 000 төгрөг бүгд 2 662 263 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Хэрэгт авагдсан аймгийн Засаг даргын захирамжаар Ө.Б 600 м.кв газар авч, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлсэн. Энэ гэрчилгээ одоо хүчин төгөлдөр байгаа. Газрын гэрчилгээ авч өмчлөлд шилжүүлсэн байдал нь Монгол Улсад газар өмчлүүлэх тухай хуульд нийцсэн.

 

Хариуцагчийн зүгээс газрыг чөлөөлж өгье гэдэг боловч газар дээрх хашаа нь байхгүй болсон учраас өмчлөх эрх нь зөрчигдөж байгаа. Шинжээчийн дүгнэлтээр 82.21 метр квадрат газартай давхардсан гэсэн дүгнэлт гарсан. Уг дүгнэлтийг үндэслэж “ЛӨ” ХХК-аар үнэлгээ гаргуулсан. “ЛӨ” ХХК нь 92 метр газрын хашааны үнэлгээ гаргасан.

Энэ үнэлгээтэй хариуцагч танилцаж, ямар нэгэн гомдол гараагүй тул хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байна. Хариуцагч талын зүгээс “ММ” ХХК хашаа өргөтгөхөд эзэнгүй байсан гэдэг. Эзэнгүй байсан гээд бусдын эд хөрөнгөнд халдах, хохирол учруулах эрх байхгүй. Хашааг бүрэн бүтэн байсан гэдгээ нотолж чадаагүй гэдэг. Гэрч нарын мэдүүлгээр бүтэн байсан гэдэг нь нотлогдсон. Тиймээс учирсан хохирлыг нөхөн төлөх ёстой. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу Монгол Улсын иргэн газар өмчлөх эрхтэй, өмчлөх эрхэд нь хэн нэгэн дураар халдах эрхгүй, халдсан тохиолдолд учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.  Тиймээс тус хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.4 дэх хэсэгт зааснаар Баатарын газрыг чөлөөлж, эрхийг зөрчсөн этгээдээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт  зааснаар учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийг даалгаж өгөхийг хүсэж байна. Нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдах үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

Хариуцагч СММ ХХК-ийн захирал Ц.Б шүүхэд ирүүлсэн тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараахь тайлбарыг гаргаж байна. СММХХК нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт махны үйлдвэрийн барилга байгууламж барих зориулалттай ............... тоот гэрчилгээ бүхий 0,34 га газар, ...................... тоот гэрчилгээтэй 0,33 га газрыг тус тус эзэмшдэг байсан. 2016 онд Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Б болон аймгийн Газрын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Э нар аймгийн төвд шинэ төлөвлөлт хийгдэж байгаа болон гудамж тохижуулж, зам тавих шаардлагатай байгааг манай компанид танилцуулж гэр хорооллын хэсгийг чөлөөлж байгаа тул ойр орчмын газруудыг иргэдэд санал тавин худалдан авч, үйл ажиллагаагаа өргөтгөх, цэгцлэх шаардлагатай байгааг мэдэгдсэн.

Улмаар манай компани төлөвлөгөө гаргаж тус онд иргэн М.О-с 875 мкв газар, С.М-аас 864 мкв газар, иргэн Я.А-аас 648 мкв газар, иргэн Ш.С-аас 504 мкв талбай бүхий газрыг дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн хамт тус тус худалдан авсан.

2016 онд бид шинэ шилжүүлж авсан газруудаа хашиж, зааг тогтоох үүднээс бетонон хашаа барьсан бөгөөд харъяа газрын албанд хандаж улаан шугам татаж өгөх талаар хүсэлт гаргасны үндсэн дээр Газрын албаны дарга С.Э мэргэжлийн хүмүүстэй ирж хэмжилт хийж, улаан шугам татаж өгсөн болно. Үүний дагуу СММ ХХК нь эрх бүхий захиргааны байгууллагын гаргасан хэмжилт, зааврын дагуу гадна хашаагаа барьсан.

Мөн түүнчлэн бид хашаа барих үед нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсанаар “... газраас урагшаа 29 метр, зүүнээс баруун тийш 36 метр хашаа буулгасан” үйл явдал болоогүй, тухайн үед хэмжилт хийж байсан С.Э болон түүнтэй хамт ирсэн албаны хүмүүс мэдэж байгаа. Өөрөөр хэлбэл бид тухайн хашааг барих үед бусдын хууль ёсны эзэмшил газартай давхцуулж барьж байгаа гэдгийг мэдээгүй. Шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн газартай давхцсан гэсэн газрыг чөлөөлж өгөхөд татгалзах зүйлгүй. Уг айлын хашаа тухайн үед эзэнгүй байсан. Бидний хашаа татсан газар айлын хашаа байгаагүй. Бид айлын хашааг буулгаж хашаагаа бариагүй тул хашааны төлбөр болох 2 662 263 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй. Энэ айлын хашаа угаасаа урд тал нь онгорхой хашаа нь хаалгагүй байсан гэдгийг гэрчүүд мэдүүлсэн байдаг. Энэ айлын хашаа 2015 оноос эзэнгүй байсан гэдгийг нэхэмжлэгч өөрөө ч хэлдэг. Нэхэмжлэгч талын хашаа бүрэн байсан гэдэг нь нотлогдохгүй байгаа. Бид айлын хашааг буулгаж хашаа татаагүй тул нэхэмжилж буй 2 662 263 төгрөгийг төлөхгүй гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч А.Саулегүль шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.Б газраа чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан байдаг. “ММ” ХХК-ийн хувьд шинжээчийн дүгнэлтээр 82.21 метр квадрат газар бусдын газар руу орсон гэдгээ мэдсэн. Шинжээчийн дүгнэлт гарахаас өмнө мэдээгүй байсан. Энэ талаар маргах зүйл байхгүй, давхардсан газрыг чөлөөлж өгье гэсэн. Гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр энэ газар дээр хашаа байсан нь нотлогдож байгаа тул хашааны төлбөр нэхэмжилсэн гэж байна. Энэ нь нотлох баримтаар нотлогдохгүй байна гэж үзэж байна. Уг газар 2015 оноос хойш эзэнгүй байсан. Манай компанийн зүгээс ямар нэгэн хашааг буулгаагүй. Өөрөө харж хандаагүй зүйлээ манай компаниас нэхэмжилж байна. Манай компани уг хохирлыг төлөх ямар нэгэн үндэслэл байхгүй. 3 тал хашаа байсан гэдэг тайлбарыг нэхэмжлэгч өөрөө өгдөг боловч, гэрч Д-гийн мэдүүлгээр “... 3 тал нь бүтэн, урд талдаа хагас”, гэрч Б-ийн мэдүүлэгт “... дайман хаалганы зай л байсан, бусад тал нь бүтэн байсан” гэх мэдүүлгүүдээс харж үзэхэд хашаа ямар байдалтай байсан нь нотлогдох хангалттай нотлох баримт байхгүй, ойлгомжгүй байна. Манай компани хашаа нураагаагүй. Шинжээчийн дүгнэлтээр газрын давхцлыг нотолсон болохоос хашаа нураасан гэдгийг дурдаагүй. Тиймээс нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ө.Б нь хариуцагч СММ ХХК-д холбогдуулан газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд     2 562 263 төгрөг, үнэлгээний хөлс 100 000 төгрөг, нийт 2 662 263 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

 

Хариуцагч нь газрын тухайд Газрын албаны зөвшөөрөл өгсөн хэмжээгээр цементэн хашаа барьсан. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмчлөлийн газрын хил заагийн зүүн урд тал буюу урд хэсэгтэй 82,21 м кв газартай давхардсан байна гэх дүгнэлт гарсан тул уг давхардсан газрыг чөлөөлж өгөхөд татгалзах зүйлгүй. Уг газар биднийг хашаа татахад эзэнгүй, тухайн хашаа татсан газарт хашаа байгаагүй. Бид айлын хашааг буулгаж хашаа татаагүй тул хашааны хохирол, үнэлгээний төлбөр нийт 2 662 263 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар Сүхбаатар аймгийн Засаг даргын 2005 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 215 тоот захирамжаар Баруун-Урт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын .......... дугаар бүхий, 600 мкв /0,06га/ газрыг, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар Ө.Б-т өмчлүүлэхээр шийдвэрлэж, 2007 оны 5 дугаар сарын 17-ны өдөр газар өмчлөх эрхийн Г-................. дугаарт бүртгэж, .................. дугаар гэрчилгээ олгосны дагуу уг газрын өмчлөгч нь Ө.Б болох нь тогтоогдож байх ба маргаан бүхий газрын нэгж талбарын дугаар Лэнд менежер цахим системд хөрвөж орохдоо .................. дугаартай болж өөрчлөгдсөн үйл баримт тогтоогдож байх ба уг үйл баримтын талаар зохигч маргаагүй болно.

 

Ө.Б-ын өмчлөлийн газрын хил заагийн зүүн урд тал буюу урд хэсэгтэй 82,21 мкв газартай давхардуулан СММ ХХК-нь цементэн хашаа татсан болох нь Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2020 оны 2 сарын 10-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “..ММ ХХК нь эзэмшлийн газраа өргөтгөж, хашаа татсан нь иргэн Ө.Б-ын өмчлөлийн газрын хил заагийн зүүн урд тал буюу урд хэсгийн 82.21 мкв газартай давхардсан байна.” гэх дүгнэлт, хариуцагчийн тухайн үед газрыг айлын өмчлөлийн газартай давхардсан гэдгийг мэдээгүй. Шинжээчийн дүгнэлтээр давхардсан гэсэн тул уг давхардсан 82,21 мкв газрыг чөлөөлөхөд татгалзах зүйлгүй гэх тайлбар, нэхэмжлэгчийн “.. ММ ХХК-ийн хашаа нь манай өмчлөлийн газар руу давхцаж орж ирсэн” гэх тайлбар зэргээр хариуцагч ММ ХХК-нь Ө.Б-ын өмчлөлийн газраас 82,21 мкв газрыг өөрийн хашаандаа оруулан хашаа барьж, хууль бусаар эзэмшиж байгаа болох нь тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Ө.Б нь өөрийн эзэмшлийн хашаагаа бүрэн бүтэн байсан. СММ ХХК хашаагаа сунгахын тулд манай хашааны зүүн урд хэсэг буюу урд хэсгийн банз, шонгийн модыг нураан үгүй хийж, хашааны бүрэн бүтэн байдалд хохирол учруулсан гэж эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд     2 562 263 төгрөг, учирсан хохирлын үнэлгээг гаргуулахад үнэлгээчинд төлсөн 100 000 төгрөг нийт 2 662 263 төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжилсэн.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхэд гэрчээр асуугдсан, 2013-2014 онуудад уг хашаанд амьдарч байсан гэх гэрч Э.Д-гийн шүүхэд өгсөн: “..Ө.Б-ын хашаа баруун, зүүн, хойд талдаа бүтэн хашаа татсан. Урд талдаа хагас хашаа татсан байдалтай байсан” гэж, Гэрч Д.Б-ийн шүүхэд өгсөн: “..Ө.Б-ын хашаа урд талдаа дайман хаалгаа л хийгээгүй байсан болохоос биш ММ-ийг хашаа татах хүртэл тэдний хашаа бүрэн бүтэн байсан.” гэж, нэхэмжлэгчийн “..2015 оноос эхлэн манай хашаа эзэнгүй байсан. 2017 онд ММ хашаагаа сунгасан байсан. Бид хөдөө амьдардаг. Аймаг руу орж ирэхээрээ хашаа руугаа очоод байдаггүй байсан. ММ ХХК нь манай хашаа руу газраа сунгаж хашаа татахдаа манай хашааны модыг үгүй хийсэн гэж бодож байгаа.” гэж мэдүүлсэн мэдүүлэг, тайлбар зэргээс дүгнэхэд нэхэмжлэгчийн хүсэлтээр асуугдсан хоёр гэрчийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй, мөн нэхэмжлэгч 2015 оноос хойш хашаагаа харж хандаагүй, 2017 оныг хүртэл эзэнгүй байлгасан байдал, мөн түүний уг хашааг ММ л үгүй хийсэн байх гэж бодож байгаа гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд уг хашаа урд хэсгээрээ хашаатай байсан эсэх, уг хашааны урд болон зүүн талын тал хашааны үгүй болсон хэсэгт СММ ХХК хохирол учруулсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, нэхэмжлэгч  нэхэмжлэлийн 2 562 263 төгрөгийн шаардлагын үндэслэлээ нотолж чадаагүй гэж үзнэ. Нэхэмжлэлийн гэм хорын хохирлын 2 562 263 төгрөгийн шаардлага нотлогдоогүй тул үнэлгээ хийлгэсэн төлбөр 100 000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй гэж үзсэн болно.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг таслан зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж зааснаар СММ ХХК-аас өөрийн өмчлөлийн 82, 21 мкв газрыг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна.

Иймд Ө.Б-ын гаргасан газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, харин эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 2 562 263 төгрөг, үнэлгээний хөлс 100 000 төгрөг, нийт 2 662 263 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126 146 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж,       70 200 төгрөгийг хариуцагч СММ ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч Ө.Б-т олгох нь зүйтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106,2, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар аймгийн Баруун урт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын ......................... дугаар газар өмчлөх эрхийн .................. дугаар гэрчилгээ бүхий, 600 мкв газрын 82,21 мкв газрыг хариуцагч СММ ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 2 562 263 төгрөг, үнэлгээний хөлс 100 000 төгрөг, нийт 2 662 263 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126 146 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 70 200 төгрөгийг хариуцагч СММ ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч Ө.Б-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ш.ОЮУНГЭРЭЛ

 

                                                              П.БОЛОРМАА

 

                                                                Ц.ЭРДЭНЭЗУУ