| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2023/0195/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/200 |
| Огноо | 2023-10-31 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 2023/ШЦТ/200
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч Э.Гантулга,
шүүгдэгч М.******* нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.*******д холбогдох эрүүгийн 2315003380237 дугаартай 163/2023/0195/Э индекстэй хэргийг 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* овогт *******ын *******, ******* аймгийн ******* суманд 2001 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, ******* аймгийн *******-Өндөр сумын ******* багийн ******* 8-16 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, хэвлэлийн эх бэлтгэгч мэргэжилтэй, ******* аймагт үйл ажиллагаа явуулдаг *** хязгаарлагдмал хувьцаат компанид эх бэлтгэгч ажилтай, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт амьдардаг, 22 настай, эмэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД: .
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч М.******* нь 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Булган аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутагт Засаг даргын тамгын газрын хашаанд байрлах бие засах газраас иргэн П.ийн эзэмшлийн Samsung A14 загварын гар утсыг олж бусдын өмчлөлийн гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж хувьдаа авч завшиж захиран зарцуулсны улмаас 500,000 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315003380237 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.******* нь 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын хашаанд байрлах бие засах газарт иргэн П.ийн үлдээсэн Samsung A14 загварын гар утсыг бусдын өмчлөлийн гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж хувьдаа авч завшиж захиран зарцуулсны улмаас 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
- шүүгдэгч М.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ мэдүүлсэн: 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр манай аав, ээж хоёр ахмадын өдөрлөгт оролцоно гээд би өөрийнхөө машинаар Булган аймгийн ******* суманд байх хөдөө гэрээс Булган аймгийн ******* сумын төв рүү хүргэж ирсэн. Тэгээд өдөрлөг нь дуусахаар нь авч явах гээд соёлын төвийн гадаа машин дотроо хүлээгээд сууж байсан. Машин дотор удаан суусан тул бие засах гээд ойролцоо байх модон бие засах газар руу очсон. Бие засах газар ороод бие засчихаад гараад иртэл урд талын төмөр хогийн саван дээр хар өнгийн, загварыг нь мэдэхгүй гар утас байж байсан. Тэгэхээр нь би тэр гар утсыг аваад дууг нь хаагаад машиныхаа урд талын хайрцганд хийчихсэн юм. Тухайн өдөрлөг орой 19 цагийн үед тараад би аав, ээж хоёрыг ******* суманд хөдөө байх гэрт нь хүргэж өгчихөөд ******* аймаг *******-Өндөр суманд байх гэртээ ирсэн. Намайг гэртээ ирэхэд 23 цаг болж байсан. Тэгээд би гэртэй орохдоо өдрийн олсон гар утсаа авч ороод симийг нь салгаад орхичихсон. Нилээд их залгасан дуудлага ирчихсэн байсан. Би тухайн гар утсыг ашиглахгүй байж байгаад 2023 оны 07 дугаар сарын эхээр асаагаад ямар нэгэн кодгүй байсан тул ажлын зориулалттай ашигладаг сим картаа хийгээд тухайн гар утсыг ашиглаж эхэлсэн. Тус гар утсыг 2023 оны 09 дүгээр сарын эхэн хүртэл ашигласан байх. Тэгтэл цагдаагийн газраас холбогдож таны энэ ашиглаж буй дугаар дээр Самсунг А-14 загварын гар утас бүртгэгдсэн байна. Та энэ талаар ирж тодруулж тайлбар мэдүүлэг өгөх шаардлагатай байна гэж хэлсэн. Би тухайн үед Булган аймгийн цагдаагийн тайлбар, мэдүүлэг өгөөд олсон гар утсаа цагдаад хүлээлгэж өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн олсон гар утсаа ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй хүлээлгэж өгсөн гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56 дахь тал)-аас гадна гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 02 дахь тал),
- гар утсанд үзлэг: Иргэн ******* овогтой *******гаас гаргаж өгсөн буюу 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын хашаанд байрлах 00 дотроос олсон гэх гар утас нь хар саарал өнгөтэй, дэлгэц хэсэг сэв зураасгүй, ар талын зүүн дээд хэсэгтээ цуваа хэлбэрийн дугуй дүрстэй 3 ширхэг камертай барзгар гадаргуутай, эвдрэл, сэв зураасгүй Самсунг галакси А-14 маркийн гар утас байв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 17-18 дахь тал),
- таньж олуулах ажиллагаа явуулсан: Хохирогч П.ийн гээсэн гэх Галакси А14 загварын гар утастай адил төстэй 2 гар утсыг бэлтгэн уг 3 ширхэг гар утсыг ширээн дээр 1, 2, 3 гэж дугаарлан эгнүүлэн тавьж, хохирогч П.ийг та эдгээр 1,2,3 гэж дугаарлан тавьсан гар утаснаас өөрийн гээсэн гар утсыг зааж өгнө үү? гэхэд хохирогч П. 1,2,3 гэж дугаарласан гар утасны урд зогсож тухайн 3 ширхэг гар утсыг харж “2” гэсэн дугаартай утас мөн байна гэж тухайн гар утсыг зааж байсныг гэрэл зургын аргаар бэхжүүлэн авч, хохирогч П.ийг өрөөнөөс түр гаргаж 1,2,3 гэсэн дугаартай утасны байрлалыг сольж хохирогчийн заасан 2 дугаартай утсыг 3 дугаарт байрлуулж хохирогч П.ийг өрөөнд дуудан оруулж та тухайн гар утаснаас өөрийн гар утсаа зааж өгнө үү гэхэд “3” гэсэн дугаарт байгаа Галакси А14 загварын гар утас утсыг зааж би өөрийн гар утсыг шууд таньж байна. Миний гээсэн утастай содон шинж тэмдгээрээ болон өнгө, бичиглэл зэргээрээ яг тохирч байна. Харин бусад дугаарласан утаснууд нь минийх биш байна гэж ярьсныг тэмдэглэлд тусгав гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 19-21 дэх тал)
- эд зүйлийн үнэлгээ тогтоосон “Ашид билгүүн” хязгаарлагдмал хувьцаат компаны 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ОРХ/7712 дугаартай: Самсунг А-14 загварын гар утас 500.000 төгрөг” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 25-29 дэх тал),
- хохирогч П.ийн өгсөн: 2023 оны 06 дугаар 09-ний өдөр ******* сумын 5 дугаар багт ахмадын өдөрлөг зохион байгуулагдсан. Тухайн өдөр 11 цагийн үед тамгын газрын төрийн сангийн мэргэжилтэн Даваацэцэгийн хамтаар ажлын байрны хойно байрлах модон бие засах газар орохдоо урд нь байрлах төмөр хогийн саван дээр өөрийн Самсунг галакси А-14 загварын гар утсаа тавьчихаад бие зассан юм. Тэгээд бид хоёр бие засах газраас зэрэг гараад ажлын хажууд байрлах спорт заал руу орсон. Зааланд ороод гэнэт гар утсаа мартсан гэдгээ санаад эргэж гараад модон бие засах газрын урд талын хогийн савыг шалгахад миний гар утас байхгүй байсан. Үүний дараагаар би тамгын газрын ажилчдынхаа гар утсаар өөрийн 99348542 дугаарын утас руу удаа дараа залгахад дуудаад авахгүй байсан. Миний гар утас орой 23 цаг хүртэл дуудаж байгаад сүүлдээ холбогдох боломжгүй болсон. ...Миний утас Галакси А14 загварын хар өнгийн, ар тал хар саарал, мөн талдаа гурван ширхэг цувж дараалласан камертай, эвдрэл гэмтэлгүй шинэ гар утас байсан. Одоо надад гомдол санал байхгүй гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6, 10 дахь тал),
- “Мобиком корпораци” хязгаарлагдмал хувьцаат компаны 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 4/7145 дугаартай “351429920101884, 352148600101886 IMEI кодтой утсанд ашигласан дугаарын эзэмшигчийг ******* овогтой ******* рд: болохыг тодорхойлсон албан бичиг (хавтаст хэгийн 47 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд ...гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг ба нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Энэ гэмт хэргийн субъектив талын онцлог нь гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй буюу анхнаасаа гэмт хэрэг үйлдэх санаа, сэдэлт төрөөгүй байдаг ба харин хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, улмаар шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогчийн эд хөрөнгийг хууль бусаар авсан, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг онцлогтой.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч М.******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч М.*******г гээгдэл эд хөрөнгийг /Самсунг А-14 загварын гар утас/ бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч М.******* нь өөрөө өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцохоо шүүхэд бичгээр илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.
Энэ хэргийн улмаас хохирогч П.д 500.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч М.******* нь мөрдөн шалгах ажиллагаанд гар утсыг биет байдлаар буцааж хүлээлгэж өгсөн, хохирогч П. нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч М.*******г бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.*******гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч М.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Иймд шүүгдэгч М.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч М.******* нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч М.******* нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч П. нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ