Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 1205

 

Д.Б-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, М.Наранцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2018/00620 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.Б-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Ц-д холбогдох

 Хохиролд 520.120 төгрөг гаргуулах төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Шаравнямбуу, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Л.Ц-ийн хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлэхээр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж улмаар тус дүүргийн шүүхээс 1813 дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Уг шийдвэрээр Л.Ц нь хууль бусаар газрын хил зөрчиж миний эзэмшил газарт хашаагаа сунгаж барьсан нь тогтоогдсон. Шүүхэд нэхэмжлэх ирсний дагуу би “Гео мэп” ХХК-д шинжээчийн ажлын хөлсөнд 520.120 төгрөгийг төлсөн. Хэрэв Л.Ц миний газарт хууль бусаар нэвтрээгүй бол би шүүхэд нэхэмжлэл гаргаж, шинжээчийн ажлын хөлс төлж хохирохгүй байсан. Иймд миний төлсөн 520.120 төгрөгийг Л.Ц-с гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмарсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Л.Ц нь 2005 оноос хойш маргаан бүхий газарт 4 хүүгийн хамт өрх толгойлон амьдарч байгаа. Нэхэмжлэгч Д.Б өөрөө хүсч газрын давхцалын талаар шинжээч томилуулсан, тухайн үедээ шүүхэд хүсэлтээ гаргаад хуваарилуулах боломжтой байхад хуваарилуулаагүй, бид үүнд буруугүй учир шинжээчийн зардлыг төлөхийг зөвшөөрөхгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т зааснаар хариуцагч Л.Ц-ээс 520,120 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д  олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Б-аас  тэмдэгтийн хураамжид төлсөн 16253 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Л.Ц-ээс 16253 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д  олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Л.Ц давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Согоотын 90 дүгээр гудамжны зүүн талд байсан хэн ч эзэмшээгүй уулын хажуу налуу газрыг бульдозер хөлслөн ухуулж 4 хүүгийнхээ хамт гараар засч тэгшлэн хашаа барьж, хорооны эрх бүхий удирдлагуудад үзүүлж өргөдөл хүсэлт гаргаж, хаяг авч 10 гаруй жил амьдарч ирсэн. Д.Б хуурамч баримт бичиг бүрдүүлж, хорооноос Согоотын 79 дүгээр гудамжинд 1113 тоот хаягт байршилтай газар олгох цохолт хийсэн байхад, дур мэдэн 11 гудамжны цаана байрладаг Согоотын 90 дүгээр гудамжны 1302В тоот хаягт байршилтай миний хүү Д.Болдтулгын цохуулсан газар дээр 2017 оны 8 сард кадастрийн зураг хийлгэж, захирамж гэрчилгээнд бичигдсэн хаягт газраа эзэмшихгүй өөр хаягт байгаа миний хүүхдүүдийн газрыг булаахаар шинжээчийн дүгнэлтийн төлбөрийг ч надаар төлүүлэх шийдвэр гаргууллаа. Л.Ц би Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад шийдвэр хүчин төгөлдөр эсэхээс хамааран Л.Ц болон Д.Б бид хоёрын хэн нь хэнийхээ эрхийг зөрчсөнийг тогтоосны эцэст дараагийн шийдвэрийг гаргах бүрэн үндэслэлтэй байхад хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хуулийн заалтуудыг шүүгч хэрэглэсэнгүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Л.Ц-д холбогдуулж  шинжээчид төлсөн хөлсийг  хохиролд тооцож 520 120 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1813 дугаартай шийдвэрээр Д.Б-ны нэхэмжлэлтэй Л.Ц-д холбогдох бусдын хууль бус эзэмшлээс газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хангаж, Л.Ц-ийн хууль бус эзэмшлээс Д.Б-ны эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, согоотын 79 дүгээр гудамжны 1113 тоот, давхацсан 113 м.кв газрыг чөлөөлж шийдвэрлэсэн ба Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2362 дугаар магадлалаар шүүхийн шийдвэрийн нэхэмжлэл хангасан заалтыг хэвээр үлдээснээр шийдвэр  хүчин төгөлдөр болсон, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй болохыг шүүх зөв дүгнэжээ.

Нэхэмжлэгч Д.Б нь дээрх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 79 дүгээр гудамжны 1113 тоот газар, Л.Ц-ийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 90 дүгээр гудамжны 1302В тоот газартай давхцал байгаа эсэх, давхцал байгаа бол аль эргэлтийн цэгүүдээр давхцаж байгаа, Л.Ц нь хашаагаа Д.Б-ны газар луу сунгаж татсан эсэхийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шинжээчээр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрыг томилсон байх бөгөөд тус газар нь 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр шинжээчийн дүгнэлтийг ирүүлсэн, шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ уг дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байна.

Нэхэмжлэгч нь Д.Б нь шинжээчийн ажлын хөлсөнд 520 120 төгрөгийг төлсөн болох нь Голомт банкны орлогын мэдүүлэг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2017.06.13-ны өдрийн А/173 дугаартай тушаал, тус байгууллагын 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 1/1335 дугаартай хэмжилт хийсэн зардлын тооцооны талаарх албан бичиг, түүний хавсралт, Гео мэп ХХК-ийн нэхэмжлэх, 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогджээ.

 Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1813 дугаартай шийдвэрээр шинжээчийн ажлын хөлсийг хуульд заасан журмын дагуу хуваарилж шийдвэрлээгүй боловч энэ нь хариуцагч уг зардлыг төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

 Харин шүүх нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Л.Ц-ийн хууль бус үйлдлийн улмаас өөрт учирсан хохирол буюу шинжээчийн ажлын хөлсийг нэхэмжлэх эрхтэй гэж дүгнэж, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т зааснаар шийдвэрлэсэн  нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болжээ.

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт “хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно” гэж заасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь  шинжээчийн ажлын хөлсийг гаргуулж төлөх ёстой байсан боловч шүүхийн шийдвэрт заагаагүйн улмаас өөрийн төлбөл зохих төлбөрөөс чөлөөлөгдсөн байх тул уг төлөбөрийг төлсөн нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Хариуцагч Л.Ц нь Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Газрын албанд тус тус холбогдуулан гаргасан 2016.08.01-ний өдрийн А/497 дугаар захирамжийн Д.Б-д  холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Д.Б-д  олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан “... захиргааны хэрэг хянан шийдвэрлэх шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй” гэж үзэх үндэслэлд хамаарахгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийн хувьд хэвээр үлдээх  нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.