Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 15

 

            Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж, 

Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр,  

Улсын яллагч А.Намдаг,

Гэрч Л.Гандолгор,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Шүрхүү,

Шүүгдэгч А.Баянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн                         216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цоохор овогт Адъяасүрэнгийн Баянжаргалд холбогдох эрүүгийн 201615000302 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн "Богд" суманд 1988 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа таксинд явдаг, ам бүл 3, эмээ, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн "Богд сумын 7 дугаар баг, “Ховд арц-2, 1 дүгээр гудамж, 9 тоотод оршин суух хаягтай, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр баг, 114 дүгээр гудамж, 13 тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Цоохор овогт Адъяасүрэнгийн Баянжаргал. /РД:ЙД88083019/

Шүүгдэгч А.Баянжаргал нь 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн "Арвайхээр" сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Хүнс бараан" захын баруун зам дээр 54-75 ӨВЗ улсын дугаартай "Мустанг-5" маркийн мотоцикл жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.3, 2 дугаар бүлгийн 2.5а-д заасныг зөрчиж 24-59 УНК улсын дугаартай "Тоёота хайлукс" маркийн авто машин жолоодож явсан иргэн Л.Гандолгорын авто машиныг мөргөн осол гарган, осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:

Шүүгдэгч А.Баянжаргал шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн хүнс бараан захын баруун талын зам дээр өөрийн 54-75 ӨВЗ улсын дугаартай “Мустанг-5” маркийн мотоцикльтойгоо явж байсан. Би Л.Гандолгорын унаж явсан машиныг мөргөөгүй болохоор цаашаа яваад өгсөн. Хэрвээ машиныг мөргөсөн бол миний мотоцикльд ямар нэгэн сэв байх ёстой. Тийм зүйл байхгүй байгаа. Би гэмт хэрэг үйлдээгүй гэв.

 

Хохирогч Ж.Жаргалсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: “...Уг автомашин миний эзэмшлийн автомашин байгаа юм. Анх тухайн автомашиныг худалдаж аваад өөрийн төрсөн хүү Ж.Ангарын нэр дээр бичиг баримтаа авчихсан юм. Автомашины бичиг баримт нь Ж.Ангарын нэр дээр байдаг болохоос биш, миний өөрийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би тухайн үед Улаанбаатар хотод ажилтай явж байсан юм. Улаанбаатар хот руу явахаасаа өмнө бэр охин Л.Гандолгорт автомашиныхаа түлхүүрийг үлдээчихээд явчихсан байсан. Ингээд Улаанбаатар хотод байж байхад Л.Гандолгор над руу утсаар яриад “би захын хажууд явж байсан чинь мотоцикльтой хүн урдуур орж ирээд автомашины чинь урд талын гуперыг гэмтээчихсэн” гэж хэлж байсан. Надад өөр ямар нэгэн юм яриагүй. Би тэр өдрөөс хойш 2-3 хоногийн дараа ирээд автомашинаа харахад гуперын урд талыг зураад сэвтээчихсэн байсан. Өнөөдрийг хүртэл автомашинаа янзлуулаагүй байгаа. Улаанбаатар хотод очиж янзлуулах гээд хүлээгээд байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 хуудас/,

            Гэрч Л.Гандолгорын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “…Баянжаргал нь миний машины зүүн урд талаас нь мөргөчихөөд явсан. Машиныг мөргөчихөөд мотоцикльтойгоо нэлээд хазайгаад, тэгээд давхиад явсан. Би араас сигнаалдсан боловч засмал замаар баруун тийшээ эргэж зогсоод хараад байсан. Машин мөргөснөө мэдэж байсан гэв.

 

            Гэрч Л.Гандолгорын мөрдөн байцаалтанд өгсөн  “...2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хадам аав Жаргалсайханы 54-59 УНК улсын дугаартай “Хайлукс” маркын авто машинтай Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг, захын баруун талаас хөдлөөд гэртээ харихаар явж байхад буюу захын ертөнцийн зүгээр баруун талын баруун тийшээ салсан уулзвар өнгөрөөд явж байхад эсрэг талын урсгалаас нэг мотоцикльтой хүн гарч ирээд автомашины баруун гар талын урд талын гуперыг мөргөчихөөд шууд хөдлөөд явчихсан. Би тэр дороо автомашинаа зогсоогоод бууж харахад урд талын гупер хагарч, зурагдсан байсан. Мөргөсөн мотоциклийг apaac нь харахад чигээрээ хөдлөөд төв замаас баруун тийшээ салсан уулзвар руу ороод чигээрээ явчихсан. Би түүний араас хашхираад сигнаалдсан боловч тэр чигээрээ явчихсан. Би тухайн үед мөргөсөн мотоциклийн улсын дугаарыг харахад 54-75 ӨВЗ улсын дугаартай байсан. Би ганцаараа явж байсан. Мотоцикльтой хүн ганцаараа явж байсан. Зүс царайг нь харж амжаагүй. Цэнхэр өнгийн дээл өмсчихсөн явж байсан. Би тэр осол болсон газар 10 минут орчим зогссон. Мотоциклийн жолооч төв замаас гарч уулзвараар эргэчихээд намайг хараад зогсоод байсан. Би тэр хүнийг дуудаад машинаа сигнаалдсан боловч ирэхгүй байсан. Тэр үед араас автомашинууд намайг сигнаалдаад байсан учир би замаа чөлөөлж зогсоод мотоциклийн жолоочийн зогсож байгаа газар очсон боловч хөдлөөд явчихсан байсан. Хаашаа явсан гэдгийг нь би харж чадаагүй, алга болчихсон байсан. Урд гупер руу мотоциклийн дугуйгаар мөргөчихсөн юм. Нэлээн хүчтэй ирж мөргөсөн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 хуудас/,

Гэрч Д.Отгонцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...А.Баянжаргал нь манай нөхөрийн төрсөн дүү байгаа юм. А.Баянжаргалыг 2008 оноос хойш мэддэг болсон. Эхээс 3-уулаа, айлын бага хүүхэд байгаа юм. Хүнтэй харьцахдаа их гайгүй хүн. Ээж нь 2008 онд, аав нь 2009 онд нас барсан. Түүнээс хойш одоог хүртэл эмээтэйгээ амьдарч байгаа. Эмээ нь одоо 80 гарчихсан өндөр настай хүн байдаг юм. А.Баянжаргал нь эмээтэйгээ хоёулаа амьдардаг юм. А.Баянжаргал нь Өмнөговь аймагт ачааны машин барьдаг байсан. Амралтаараа энд ирчихсэн байж байгаад уг асуудалд холбогдсон. Архи уучихсан байгааг нь би огт харж байгаагүй, эмээгээ тэжээж амьдардаг, гэрийнхээ бүх ажлыг хийдэг сайн залуу байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 хуудас/,

Техникийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 95 дугаартай: “...ЗЦТ-ийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Э.Батцэрэнгийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гаргасан акт үндэслэлтэй байна. Л.Гандолгор нь 24-59 УНК улсын дугаартай “Тоёота Хайлукс” маркын автомашин жолоодон явж байхдаа замын хөдөлгөөний ямар нэгэн журам зөрчөөгүй байна. Сэжигтэн А.Баянжаргал нь 54-75 ӨВЗ улсын дугаартай “Мустанг-5” маркийн мотоцикль жолоодож явахдаа Монгол улсын 8 дугаар бүлгийн 8.3 дахь заалт “Хөдөлгөөний эгнээ нь тэмдэглэлээр тодорхойлогдсон гурван эгнээгээр зорчдог замын дунд эгнээ сөрөг хөдөлгөөнтэй бол уг эгнээнд зөвхөн гүйцэж түрүүлэх, тойрон гарах, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд орохыг зөвшөөрөх бөгөөд түүний зүүн гар талын эгнээнд урсгал сөрөхийг хориглоно”-ыг, мөн замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5а заалт “Зам тээврийн осолд холбогдсон жолооч тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”-ыг зөрчсөн байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 26 хуудас/,

Өвөрхангай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 06 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн камерын бичлэг оношлогоонд шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн камерын бичлэгт 24-59 УНК дугаартай тээврийн хэрэгслийг 54-79 ӨВЗ улсын дугаартай мотоцикль зүүн урд тал хэсгээр мөргөсөн байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 30-31 хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн  “…Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн хяналтын камернууд дунд 13-45 зах урд гэсэн бичигтэй хяналтын камеранд 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 13 цаг 44 минут 00 секундээс 13 цаг 44 минут 59 секундын хооронд 24-59 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 54-79 ӨВЗ улсын дугаартай мотоцикль зэрэг явж байгаа хөдөлгөөн бичигдсэн байв. Уг камерийн бичлэгт 13 цаг 44 минут 32 секундын цагт замын баруун тал хэсгээр 24-59 УНК улсын дугаартай “Хайлукс” маркийн автомашин явж 41 секундын цагт зогсох үйлдэл хийж байгаа нь харагдаж байна. Уг тээврийн хэрэгслийн зүүн тал хэсгээс 13 цаг 44 минут 38 секундын цагт мотоцикль гарч, 13 цаг 44 минут 41 секундын цагт мөргөж зогсох үйлдэл хийж байгаа мэт харагдаж байна.    

Мөн тухайн камерын бичлэгт мотоцикль 13 цаг 44 минутанд эргэж дахин хөдөлгөөнд оролцож ертөнцийн зүгээр хойд зүг рүү явж, ертөнцийн зүгээр баруун тийш салсан туслах замаар ороод явж байгаа нь харагдаж байлаа. Тухайн мотоциклийн жолооч цэнхэр өнгийн гэмээр дээл өмссөн, ганцаараа явж байгаа нь бичигдсэн байна. Мөн 24-59 УНК улсын дугаартай “Хайлукс” маркийн автомашин явж байгаа чиглэлд хөдөлгөөн сийрэг, харин эсрэг талын урсгал буюу ертөнцийн зүгээр хойд зүг рүү явж байгаа урсгалд автомашинууд ар араасаа зогсож бөглөрсөн байдалтай харагдаж байлаа. Уг камерийн бичлэг дээр бичигдсэн 13 цаг 44 минут 00 секундээс 13 цаг 44 минут 59 секунд хүртэл нийт 59 секундын бичлэгийг CD-нд хуулбарлан авч эд мөрийн баримтаар тооцохоор тогтов” гэсэн тэмдэглэл /хх-ийн 8 хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд: “24-59” УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь саарал өнгийн, жийп маркийн тээврийн хэрэгсэл байв. Уг тээврийн хэрэгслийн жолооны хүрд баруун гар талдаа буюу буруу талдаа байрлалтай байх ба гуперны жолооны хүрдний эсрэг талын доод талд хар өнгийн халцарсан зураас гарсан байв. Уг халцарсан хар өнгийн зураасыг хэмжиж үзэхэд 16 см урттай, 12 см өргөнтэй талбайд халцарсан байсныг тэмдэглэлд тусган авлаа” гэсэн тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-12/,

Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-ийн 1/,

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5/,

Зам тээврийн осол дээр тогтоосон “Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг, Хүнс бараан захын баруун талд засмал дээр 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр, 54-75 ӨВЗ улсын дугаартай марк тодорхойгүй мотоциклийн жолооч нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5в заалт /Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэж түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх/ гэснийг зөрчсөн гэж үзэж актыг тогтоов” гэсэн акт, схем зураг /хх-ийн 6-7/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 13/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 14/,

Хөрөнгө, даатгал хохирлын үнэлгээний “Лэндс ХХК”-ний 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №10/60 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 36-37/,

Шүүгдэгч А.Баянжаргалын хувийн байдлыг тогтоосон иргэний цахим үнэмлэхийн хуулбар /хх-ийн 64/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65/, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 66/ зэрэг болно.

Шүүгдэгч А.Баянжаргал нь 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн "Арвайхээр" сумын 5 дугаар баг "Хүнс барааны зах”-ын баруун зам дээр 54-75 ӨВЗ улсын дугаартай "Мустанг-5" маркийн мотоцикль жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.3, 2 дугаар бүлгийн 2.5а-д заасныг зөрчиж 24-59 УНК улсын дугаартай "Тоёота хайлукс" маркийн авто машин жолоодож явсан иргэн Л.Гандолгорын авто машиныг мөргөн осол гаргаж, осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.Жаргалсайханы “…Би тухайн үед Улаанбаатар хотод ажилтай явж байсан юм. Улаанбаатар хот руу явахаасаа өмнө бэр охин Л.Гандолгорт автомашиныхаа түлхүүрийг үлдээчихээд явчихсан байсан. Ингээд Улаанбаатар хотод байж байхад Л.Гандолгор над руу утсаар яриад “би захын хажууд явж байсан чинь мотоцикльтой хүн урдуур орж ирээд автомашины чинь урд талын гуперыг гэмтээчихсэн” гэж хэлж байсан...” /хх-19/, гэрч Л.Гандолгорын “...2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хадам аав Жаргалсайханы 54-59 УНК улсын дугаартай “Хайлукс” маркийн авто машинтай Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг, захын баруун талаас хөдлөөд гэртээ харихаар явж байхад буюу захын ертөнцийн зүгээр баруун талын баруун тийшээ салсан уулзвар өнгөрөөд явж байхад эсрэг талын урсгалаас нэг мотоцикльтой хүн гарч ирээд автомашины баруун гар талын урд талын гуперыг мөргөчихөөд шууд хөдлөөд явчихсан...” /хх-20/ гэсэн мэдүүлгүүд, Өвөрхангай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 06 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн камерын бичлэг оношлогооны шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн камерын бичлэгт 24-59 УНК дугаартай тээврийн хэрэгслийг 54-79 ӨВЗ улсын дугаартай мотоцикль зүүн урд тал хэсгээр мөргөсөн байна...” гэсэн дүгнэлт /хх 30-31/, камерын бичлэгт үзлэг хийсэн “…Уг камерын бичлэгт 13 цаг 44 минут 32 секундын цагт замын баруун тал хэсгээр 24-59 УНК улсын дугаартай “Хайлукс” маркийн автомашин явж 41 секундын цагт зогсох үйлдэл хийж байгаа нь харагдаж байна. Уг тээврийн хэрэгслийн зүүн тал хэсгээс 13 цаг 44 минут 38 секундын цагт мотоцикль гарч, 13 цаг 44 минут 41 секундын цагт мөргөж зогсох үйлдэл хийж байгаа мэт харагдаж байна.” гэсэн тэмдэглэл /хх 8/, техникийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 95 дугаартай дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон “Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг, Хүнс бараан захын баруун талд засмал дээр 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр, 54-75 ӨВЗ улсын дугаартай марк тодорхойгүй мотоциклийн жолооч нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5в заалт /Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэж түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх/ гэснийг зөрчсөн гэж үзэж актыг тогтоов” гэсэн акт, схем зураг /хх-6-7/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч А.Баянжаргал шүүхийн хэлэлцүүлэгт “би уг зам тээврийн ослыг гаргаагүй, уг автомашинд тулж ирээд 20 см орчим зайд зогсоод явсан. Эд мөрийн баримтаар хураагдсан CD бичлэг нь автомашины араас бичсэн бичлэг болохоор мөргөсөн юм шиг харагдаж байна” гэж мэдүүлдэг, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Шүрхүүгийн “А.Баянжаргал нь уг автомашиныг мөргөөгүй, уг CD бичлэг дээрээс харахад шүргэсэн байж болохоор байна, гэхдээ Баянжаргал шүргэснээ мэдээгүй учир гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж  тайлбарлаж байгаа боловч шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч  Л.Гандолгорын “...эсрэг талын урсгалаас нэг мотоцикльтой хүн гарч ирээд автомашины зүүн гар талын урд талын гуперыг мөргөчихөөд шууд хөдлөөд явчихсан...” гэсэн мэдүүлгүүд, Өвөрхангай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 06 дугаартай “…Шинжилгээнд ирүүлсэн камерын бичлэгт 24-59 УНК дугаартай тээврийн хэрэгслийг 54-79 ӨВЗ улсын дугаартай мотоцикль зүүн урд тал  хэсгээр  мөргөсөн  байна” гэсэн дүгнэлт /хх-30-31/, техникийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 95 дугаартай дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураг /хх-6-7/, камерын бичлэгт үзлэг хийсэн “…Уг камерын бичлэгт 13 цаг 44 минут 32 секундын цагт замын баруун тал хэсгээр 24-59 УНК улсын дугаартай “Хайлукс” маркийн автомашин явж 41 секундын цагт зогсох үйлдэл хийж байгаа нь харагдаж байна. Уг тээврийн хэрэгслийн зүүн тал хэсгээс 13 цаг 44 минут 38 секундын цагт мотоцикль гарч, 13 цаг 44 минут 41 секундын цагт мөргөж зогсох үйлдэл хийж байгаа мэт харагдаж байна.” гэсэн тэмдэглэл /хх 8/, техникийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 95 дугаартай дүгнэлт /хх 26/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр няцаагдаж байна.

            Шүүгдэгч А.Баянжаргалд холбогдох хэргийн зүйлчлэл зөв,  шүүхээс түүнийг жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч А.Баянжаргал нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч А.Баянжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, хохирогч Ж.Жаргалсайханд 195000 төгрөг төлсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч А.Баянжаргалын эзэмшлийн 54-75 ӨВЗ улсын дугаартай, “Мустанг-5” маркийн мотоциклийг битүүмжилсэн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цоохор овогт Адъяасүрэнгийн Баянжаргалыг жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар шүүгдэгч А.Баянжаргалыг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч А.Баянжаргалд оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч А.Баянжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, хохирогч Ж.Жаргалсайханд 195000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий CD-ийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч А.Баянжаргалын эзэмшлийн 54-75 ӨВЗ улсын дугаартай, “Мустанг-5” маркийн мотоциклийг битүүмжилсэн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгчид буцаан олгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д зааснаар  шүүгдэгч А.Баянжаргалд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл А.Баянжаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ЦЭЦЭГЭЭ