Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2026/0038

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Ө*******гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц***

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Н.Ө*******

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 01-05/2559 дугаар актыг хууль бус болохыг тогтоон, газрын байршил өөрчлөн олгохыг даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 741 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х***

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц***

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг

Хэргийн индекс: 128/2025/0664/3

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Н.Ө*******гаас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 01-05/2559 дугаар актыг хууль бус болохыг тогтоон, газрын байршил өөрчлөн олгохыг даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 741 дүгээр шийдвэрээр:

Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.10 дахь хэсэг, 29.10.3 дахь заалт, 29.11 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Ө*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 01-05/2559 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, газрын байршил өөрчлөн олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгаж” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц*** дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгохыг заасан бөгөөд тус хэргийн хувьд дээрх нөхцөл байдал бий болоогүй байна.

1.Анхан шатны шүүх хуулийн зохицуулалтыг зөв хэрэглэж тайлбарлаагүй тухайд:

Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.10.3-т заасан нөхцөл бүрдсэн тул хариуцагчаас газрын байршлыг өөрчилж олгох боломжгүй гэсэн нь үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж дүгнэсэн. Гэтэл, тухайн газар нь Усны тухай хуулийн 22.2 болон Газрын тухай хуулийн 33.6-д зааснаар эзэмшүүлэхийг хориглосон онцгой хамгаалалтын бүстэй бүхэлдээ давхацсан үйл баримт нь тогтоогдсон. Иймд Газрын тухай хуулийн 29.10.3-д заасан урьдчилсан нөхцөл үүссэн гэдэг нь маргаангүй боловч, энэ нь газар эзэмшүүлэхийг хуулиар хориглосон бүстэй давхацсан тул шинэ байршил олгох тухай хүсэлтийг шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 33.6-г зайлшгүй анхаарч үзэх ёстой байсан. Хариуцагч этгээд нь Газрын тухай хуулийн 29.10 дахь хэсгийн зохицуулалтад нэхэмжлэгчийн байршил шилжүүлэх тухай хүсэлт хамрагдахгүй гэж тайлбарласан бөгөөд энэ нь зөвхөн хэмжээ, байршил өөрчлөх боломжтойг заасан заалт болохоос хориглосон бүсэд газар эзэмшүүлэхийг хязгаарласан заалтыг үгүйсгэх үндэслэл болохгүй.

2."Хууль ёсны итгэлийг хамгаалах" зарчмыг буруу хэрэглэсэн

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан "хууль ёсны итгэлийг хамгаалах" зарчмыг шүүх үндэслэн газрын байршлыг өөрчлөн олгохыг даалгасан. Хэдийгээр нэхэмжлэгч газар эзэмших эрхтэй болсон ч, түүний эзэмшлийн газар нь өнөөдөр (мөн 2013 онд ч) хуулиар эзэмшүүлэхийг хориглосон онцгой хамгаалалтын бүстэй давхцаж байгаа нь өмнөх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон. Захиргааны байгууллага нь хуулиар хориглосон бүсэд газар эзэмшүүлэх шийдвэр гаргах ёсгүй тул анхны захирамж хууль бус байсан бол нэхэмжлэгчийн "хууль ёсны итгэл" нь анхнаасаа хууль зүйн үндэслэлгүй үүссэн байж болох юм.

Энэ талаар шүүх тусгайлан дүгнэлт хийж, анхны захирамжийн хууль ёсны байдлыг тодруулах шаардлагатай байсан. Шүүх нэхэмжлэгчийн газар эзэмших эрх дуусгавар болоогүй тул газрын байршлаа өөрчлүүлэх хүсэлт гаргах эрх нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.8-д заасан "хууль ёсны итгэлийг хамгаалах" зарчимд нийцнэ гэж үзсэн. Гэсэн хэдий ч нэхэмжлэгчид газар эзэмших эрх үүсгэсэн Налайх дүүргийн Засаг даргын 2013 оны захирамжууд нь өнөөгийн хүчин төгөлдөр хууль, тогтоомжоор (Усны тухай хуулийн 22.2, Газрын тухай хуулийн 33.6) эзэмшүүлэхийг хориглосон бүсэд хамаарч байгаа нь өмнөх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Захиргааны байгууллага, одоогийн хуулийн дагуу газар эзэмшүүлэхийг хориглосон бүсэд газрын байршлыг шилжүүлэн олгох шийдвэр гаргах нь хууль зүйн боломжгүй бөгөөд энэ нь "хууль ёсны итгэлийг хамгаалах" зарчмын хэрэглээний хязгаарлалт юм. Учир нь захиргааны байгууллага нь хуулиар хориглоогүй үйл ажиллагааг л хийх үүрэгтэй.

3.Анхан шатны шүүх тус захирамжууд хууль бус байсан эсэхэд дүгнэлт хийгээгүй тухайд:

Анхан шатны шүүх нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон Налайх дүүргийн Засаг даргын 2013 оны А/402, А/413 дугаар захирамжууд хүчин төгөлдөр байгааг дурдсан. Шүүх нэхэмжлэгчийн газар эзэмших эрх үүсэх үед тухайн газрыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор хамгаалалтад аваагүй байсан, мөн Газрын тухай хуулийн 33.6 дахь хэсэг 2019 онд нэмэгдсэн тул анх газар олгоход хориглоогүй байсан гэж үзэн, Газрын албаны татгалзсан хариуг үндэслэлгүй гэж дүгнэсэн.

Гэвч нэхэмжлэгчийн эзэмшил газар нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д заасан усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс тогтоох газарт анхнаасаа хамаарч байсан. Усны тухай хууль (2001 онд шинэчлэн найруулсан) хэрэгжиж байсан бөгөөд 22.2-д "Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол, мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно" гэж заасан байсан. Газрын тухай хуулийн 33.6 (2019 онд нэмэгдсэн) нь зөвхөн хориглолтыг тодорхойлсон зохицуулалт болохоос 2013 онд Засаг даргын захирамж гарах үед ч тухайн газар нь онцгой хамгаалалтын бүс тогтоох газарт хамаарч, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д заасан агуулгын дагуу эзэмшүүлэхийг хориглох шаардлагатай байсан.

Өөрөөр хэлбэл Засаг даргын 2013 оны захирамжууд нь анхнаасаа Усны тухай хуулийн 22.2-т заасан онцгой хамгаалалтын бүс тогтоох газарт газар эзэмшүүлсэн үйлдэл байсан тул хууль бус байх магадлалтай байсан эсэхэд анхан шатны шүүх огт дүгнэлт хийгээгүй нь шийдвэрийг үндэслэл бүхий болгож чадаагүй байна. Шүүх хариуцагчийн албан бичигт "Газар эзэмших шийдвэр гаргахдаа Усны тухай хуулийн 22.2, Газрын тухай хуулийн 33.6-д заасныг зөрчсөн" гэсэн үндэслэлийг дурдсан атлаа энэ зөрчил нь анхны захирамжийг хууль бус гэж үзэх үндэслэл болох эсэхэд тайлбар өгөөгүй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн үндэс болсон Засаг даргын анхны захирамжууд Усны тухай хуулийн дагуу анхнаасаа хууль бус байсан эсэхэд дүгнэлт хийхгүйгээр зөвхөн Газрын тухай хуулийн 29.10.3-г үндэслэн газрын байршил өөрчлөн олгохыг даалгасан нь хэргийг бүрэн дүүрэн, үндэслэлтэй шийдвэрлээгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд үнэлээгүй, хэргийн үйл баримтыг буруу тогтоосон гэж үзэхээр байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2025/0741 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.

            1.Нэхэмжлэгч Н.Ө*******д анх Налайх дүүргийн Засаг даргын 2013 оны А/402 дугаар захирамжаар зуслангийн зориулалтаар эзэмшүүлсэн 1.1 га, мөн оны А/413 дугаар захирамжаар сувилалын зориулалтаар бусдаас шилжүүлэн эзэмшүүлсэн 1.5 га, нийт 2.6 га газар бүхэлдээ нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотын ундны эх үүсвэрийн онцгой хамгаалалтын бүсэд хамаарч байгаа талаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 884 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 21 дүгээр магадлалд дүгнэсэн талаар шийдвэрийн Үндэслэх хэсгийн 1.4-т;

өн 1.5-д энэхүү үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгуулахтай холбоотой Налайх, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох захиргааны хэргийг эдгээр шийдвэр, магадлалаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаар тус тус дурдсан атлаа “…нэхэмжлэгчид газар эзэмших эрх үүссэнээс хойш дээрх тогтоол гарсан, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсгийн “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно” гэсэн зохицуулалт 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмэгдсэн, нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн анхны захирамж хүчинтэй байгаа тул газрын байршлаа өөрчлүүлэх эрхтэй…” гэсэн агуулгатай дүгнэлт хийсэн нь маргааны үйл баримтад шууд хамаарах Усны тухай хуульд нийцсэнгүй.

Учир нь уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.34-т "гол мөрний татам" гэж голын голдирлын эргээс эхний дэнж хүртэлх нугын зурвас бүсийг ойлгоно, 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, 22.2.1-т “онцгой хамгаалалтын бүсэд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 5.1.8-д зааснаас бусад барилга, байгууламж барих, газар хагалах, …зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, …-ыг хориглоно” гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн эзэмшил газрын байршлын зураг болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 21 дүгээр магадлалаар 2.6 га нь бүхэлдээ Туул голын 2 салааны дунд байршилтай болох нь тогтоогдсон, өөрөөр хэлбэл анхнаасаа тухайн байршилд олгох боломжгүй газрыг зуслан, сувилалын зориулалтаар эзэмшүүлсэн байх тул Захиргааны ерөнхий хуулийн “хууль ёсны илтгэлийг хамгаалах” зарчим энэ тохиолдолд хэрэглэгдэхгүй.

            2.Түүнчлэн шийдвэрт “…нэхэмжлэгчийн эзэмшил газрыг усны онцгой хамгаалалтын бүсэд хамаарч байна…” гэж дүгнэсэн хэрнээ “…газар эзэмших эрх үүсэх үед эзэмшүүлж болохгүй буюу хориглоогүй байсан…” гэсэн нь үндэслэлгүй, хэдийгээр цаг хугацааны хувьд дээрх журам болон Газрын тухай хуулийн холбогдох заалт нэхэмжлэгчид газар эзэмшүүлснээс хойш батлагдаж, дагаж мөрдөгдсөн ч Усны тухай хууль үүнээс өмнө 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан байна.

            Иймд нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01-05-2559 албан бичгээр “…Газар эзэмших шийдвэр гаргахдаа Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн байна. Таны байршил шилжүүлэх хүсэлт нь Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.10 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байх тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй…” гэснийг хууль бус гэж үзэхгүй.

            3.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 884 дүгээр шийдвэрийн Үндэслэх хэсгийн 17-д “нэхэмжлэгчээс газрын байршлыг өөрчлүүлэх, баталгаажуулахаар холбогдох Засаг даргад хүсэлт гаргаж, шийдвэрлүүлэх эрхийг энэхүү шүүхийн шийдвэр хязгаарлахгүй болохыг тэмдэглэв” гэсэн нь тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосны үр дагавар нь зохих хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх эрхийг л хязгаарлахгүй гэсэн агуулгатай болохоос бус уг хүсэлтийг заавал биелүүлэхийг хариуцагчид үүрэг болгоогүй болно.

            Тэр тусмаа Налайх дүүргийн Засаг даргын 2013 оны нэр бүхий захирамжуудаар эзэмших эрх үүссэн газар нь Усны тухай хуулиар эзэмшүүлэхийг хориглосон онцгой хамгаалалтын бүстэй давхцсан учир хамгаалалтын дэглэм зөрчиж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг баталгаажуулан, гэрчилгээг шинэчлэн олгох боломжгүй талаарх Баянзүрх, Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны хариу албан бичгүүдийг хууль ёсны гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон энэ талаар ч шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.5-д тодорхой дурдсан, мөн шийдвэрт  “…нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газар анхнаасаа усан сан бүхий газар байсан эсэхэд шүүхээс дүгнэлт өгнө…” гэсэн атлаа газрын байршлыг өөрчлүүлэхээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсаныг хууль бус болохыг тогтоон, газрын байршлыг өөрчлөн олгохыг нийслэлийн Засаг даргад даалгасан нь “шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх” талаарх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан зарчимтай нийцсэнгүй.

            Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.10.3-ын зохицуулалт нь эрх нь хууль ёсны дагуу үүссэн боловч түүнээс хойш батлагдсан хууль, тогтоомжоор тогтоосон хориглолт, хамгаалалт, хязгаарлалтын бүс, зурвас газартай давхацсан тохиолдолд тухайн эзэмшил газрын хэмжээ, байршлыг өөрчилж болох агуулгатай, гэтэл нэхэмжлэгчийн хувьд анхнаасаа олгогдох боломжгүй газарт газар эзэмшүүлсэн байх тул хуулийн энэ зохицуулалтын хүрээнд шүүхийн шийдвэрээр газрын байршлыг өөрчлөн олгохыг хариуцагчид даалгах боломжгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1, 121.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 741 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.34, 22 дугаар зүйлийн 22.2.1, Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.10.3, 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсэгт заасныг баримтлан Н.Ө*******гийн гаргасан “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 01-05/2559 тоот хариуг хууль бус болохыг тогтоон, газрын байршил өөрчлөн олгохыг хариуцагч нийслэлийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц***гийн давж заалдах гомдлыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ШҮҮГЧ                                                        С.МӨНХЖАРГАЛ

 

    ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                                          Д.БААТАРХҮҮ

 

                        ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН