Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/201

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.*******д холбогдох эрүүгийн 2315000000243 дугаартай 163/2023/0197/Э индекстэй хэргийг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн *******, ******* аймгийн *******-Улаан суманд 1970 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, ******* аймгийн *******-******* сумын ******* багийн *******ын **** тоотод оршин суух бүртгэлтэй, тусгай дунд боловсролтой, махны технологич мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 2, хүүгийн хамт амьдардаг, 53 настай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД: .

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Star-5 худалдааны төвийн гадна сандал дээрээс иргэн Г.ийн эзэмшлийн Iphone XR загварын гар утсыг олж бусдын өмчлөлийн гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж өөрийн эзэмшилдээ авч завшсаны улмаас 650,000 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315000000243 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Star-5 худалдааны төвийн гадна сандал дээр орхиж явсан иргэн Г.ийн эзэмшлийн Iphone XR загварын гар утсыг олж бусдын өмчлөлийн гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж өөрийн эзэмшилдээ авч завшсаны улмаас 650,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

- шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ мэдүүлсэн: 2023 оны 09 дүгээр сарын сүүлээр санагдаж байна. ******* аймгийн төвд байрлах гэрээсээ Булган аймгийн Хутаг-******* сумруу явж байсан. Улмаар замдаа Булган аймгийн төвөөр дайрч байтал очих айл маань эмийн сангаас эм тариа аваад ир гэхээр нь эмийн сан орох гээд явж байтал хажуу талын саравчинд гэрэл нь асаалттай гар утас байсан. Тухайн үед ойр хавьд хүн харагдаагүй. Тэгэхээр нь тухайн гар утсыг аваад хажуу талд нь байсан эмийн сан руу гартаа бариад орсон. Тэгээд эмийн сангаас эм тариагаа авчихаад эргээд гарч ирэхэд ямар нэгэн хүн байхгүй байсан болохоор нь би тухайн гар утсыг аваад машиндаа суугаад Хутаг-******* сумруу явсан. Тухайн гар утасны эзэн нь залгаж магадгүй гээд хүлээж байтал Төлүүгийн давааны орчимд явж байтал гар утас цэнэг нь дуусч унтарсан. Тухайн өдрөөс хойш нэг билүү хоёр хоногийн дараа манай хамтран амьдрагч Нарангэрэлийн утсаар дамжуулж цагдаа гар утас олсон уу? гэхээр нь би “тиймээ олсон, ирээд аваарай” гэж хариулсан. Улмаар цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлсэн. Гар утас олсон талаараа хүмүүст хэлсэн. Тэгээд эзэн нь залгаж магадгүй унтрааж болохгүй шүү гэж хэлцгээж байсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дахь тал)-аас гадна гэмт хэргийн талаарх гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал),

- шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйлгүй, торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү гэх мэдүүлэг, 

- гар утсанд үзлэг: Уг гар утас нь цагаан саарал өнгөтэй, нүүр хандсан тал буюу дэлгэц хэсэг сэв зураасгүй, утасны ар талын зүүн дээд хэсэгт нь дугуй хэлбэрийн 1 ширхэг камертай, шилэн гадаргуутай, тус гадаргуугийн шил нь нийлэнхдээ цуурч хагарсан, өөр эвдрэл гэмтэлгүй, ажиллагаа хэвийн Iphone-XR загварын гар утас байсныг тэмдэглэлд тусган, үзлэгийн явцыг гэрэл зургийн аргаар бэхжүүлэх авав гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 04-05 дахь тал),

- таньж олуулах ажиллагаа явуулсан: Хохирогч Г.ийн гээсэн гэх Iphone-XR загварын гар утастай адил төстэй хоёр утсыг бэлтгэн уг гурван ширхэг гар утсыг ширээн дээр 1,2,3 гэж дугаарлан эгнүүлэн тавьж, хохирогч Г.ийг дуудан өрөөнд оруулан та эдгээр 1,2,3 гэж дугаарлан тавьсан гар утаснаас өөрийн гээсэн гар утсыг зааж өгнө үү? гэхэд Г. дугаарласан гар утаснуудын урд зогсож тухайн 3 ширхэг гар утсыг харж “2” гэсэн дугаартай утас мөн байна гэж тухайн гар утсыг зааж байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн. Г.ийг өрөөнөөс түр гаргаж 1,2,3 гэсэн дугаартай утасны байрлалыг сольж хохирогчийн заасан 2 дугаартай утсыг 3 дугаарт байрлуулж хохирогч "ийг өрөөнд дуудан оруулж та тухайн гар утаснаас өөрийн гар утсаа зааж өгнө үү гэхэд “3” гэсэн дугаарт байгаа Iphone-XR загварын гар утсыг зааж би өөрийн гар утсыг шууд таньж байна. Миний гээсэн утастай содон шинж тэмдгээрээ болон өнгө, бичиглэл зэргээрээ яг тохирч байна. Харин бусад дугаарын утаснууд минийх биш байна гэж ярьсныг тэмдэглэлд тусгав гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэгийн 06-08 дахь тал)

- СД-нд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 09-12 дахь тал/,

- эд зүйлийн үнэлгээ тогтоосон “Ашид билгүүн” хязгаарлагдмал хувьцаат компаны 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ОРХ/7988 дугаартай: Iphone-XR загварын гар утас 650.000 төгрөг” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 31-36 дахь тал),

- хохирогч Г.ийн өгсөн: 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ** сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Star-5 кофе шопын хажуу талын сүүдрэвчид хүүхдээ хөхүүлж байгаад ажил руугаа явахдаа гар утсаа сандал дээр нь тавиад явсан. Ажил дээр очоод удалгүй гар утсаа ашиглах шаардлагатай болоход утсаа байхгүй байгааг мэдсэн. Ингээд би гар утсаа сүүдрэвчний сандал дээр орхичихсоноо санаад нөгөө сүүдрэвчид очиж гар утсаа хайтал үлдээсэн сандал дээр маань байхгүй байсан. Тэгээд сүүдрэвчний ойр орчимд байгаа хяналтын камеруудыг шалгая гээд шалгатал үл таних цэнхэр өнгийн цамц, хар өнгийн өмдтэй, цагаан пүүзтэй 50 орчим насны эрэгтэй хүн аваад явсан байсан. Тэр хүн яг сүүдрэвчний хойно байх эмийн сан орж эм авч төлбөрөө картаар хийсэн байсан. Би тухайн өдөр Булган аймгийн фейсбүүк зарын цэгт зар оруулсан боловч гар утастай холбоотой мэдээ мэдээлэл ирээгүй. Одоо надад гомдол санал байхгүй гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд ...гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд  байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг ба нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Энэ гэмт хэргийн субъектив талын онцлог нь гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй буюу анхнаасаа гэмт хэрэг үйлдэх санаа, сэдэлт төрөөгүй байдаг ба харин хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, улмаар шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогчийн эд хөрөнгийг хууль бусаар авсан, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг онцлогтой.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Б.******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.*******ыг гээгдэл эд хөрөнгийг /Iphone-XR загварын гар утас/ бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Энэ хэргийн улмаас хохирогч Г.т 650.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч Б.******* нь мөрдөн шалгах ажиллагаанд гар утсыг биет байдлаар буцааж хүлээлгэж өгсөн байна.

Хохирогч Б.******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.*******ыг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Иймд шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгох ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр 75.000 төгрөгөөр төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд сануулах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь шүүхээс оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн буюу сард 75.000 /далан таван мянга/ төгрөгөөр төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******д сануулсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Г. нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Э.ЭНЭРЭЛ