| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2023/0198/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/205 |
| Огноо | 2023-11-07 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/205
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч М.Сайнзаяа,
шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан,
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******д холбогдох эрүүгийн 2315000000210 дугаартай, 163/2023/0198/Э индекстэй хэргийг 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн *******, Булган аймгийн *******-Өндөр суманд 1976 оны 07 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, Булган аймгийн *******-Өндөр сумын * дугаар багт оршин суух бүртгэлтэй, малчин, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 47 настай, эрэгтэй, РД: *******.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.******* нь 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн *******-Өндөр сумын 1 дүгээр багийн ******* гэх газраас зохих зөвшөөрөлгүй 7 ширхэг шинэс төрлийн босоо мод хөрөөдөж унагаасан буюу 2.2576 м3 хуурай шинэс төрлийн мод ойгоос зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, байгаль экологид 685.360 төгрөгийн шууд хохирол, 2.056.080 төгрөгийн шууд бус хохирол учруулж, хууль бусаар бэлтгэсэн 2.2576м3 хэмжээтэй модыг ******* БУА улсын дугаартай Хюундай портер загварын тээврийн хэрэгсэл ашиглаж Булган аймгийн *******-Өндөр сумын төв рүү тээвэрлэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Д.******* нь 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн *******-Өндөр сумын 1 дүгээр багийн ******* гэх газраас эрх бүхий байгууллагын зохих зөвшөөрөлгүйгээр 7 ширхэг шинэс төрлийн босоо мод хөрөөдөж унагаасан буюу 2.2576 м3 хуурай шинэс төрлийн мод ойгоос зохих зөвшөөрөлгүй бэлтгэн, тээвэрлэж байгаль экологид 685.360 төгрөгийн шууд хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******гийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хэрэгт цугларсан:
1. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн: Хэрэг болсон гэх газар нь Булган аймгийн *******-Өндөр сумын төвөөс зүүн зүгт 22 км-ийн зайд уулын орой хэсэг байх ба тухайн үед огтолж авсан модны хожуулыг хар өнгийн маркераар тэмдэглэн хэмжихэд:
1 дугаараар дугаарласан мод 20 см-ийн диаметртэй, 44 мм өндөртэй,
2 дугаараар дугаарласан модны диаметр нь 19 см, өндөр нь 49 см,
3 дугаараар дугаарласан модны диаметр 13 см, өндөр нь 37 см,
4 дугаараар дугаарласан хожуулын диаметр 15 см, өндөр 57 см,
5 дугаартай хожуулын диаметр 12 см, өндөр 44 см,
6 дугаартай хожуулын диаметр 13 см, өндөр 40 см,
7 дугаартай хожуулын диаметр 17 см, өндөр 40 см тус тус байсныг мод бэлтгэсэн гэх *******гээр заалгаж үзлэгийн явцыг 19 кадр зургаар бэхжүүлэн авав гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 08-13 дахьтал),
2. *******-Өндөр сумын Цагдаагийн хэсгийн хашаанд байгаа *******гийн бэлтгэсэн модонд үзлэг хийхээр тогтов. ..Нийт 60 ширхэг мод байсныг 1-60 хүртэл хар өнгийн маркераар дугаарлан хэмжиж, үзлэгийн явцыг зургаар бэхжүүлэн авч үзлэгийн явцыг оролцогч нарт танилцуулж гарын үсэг зуруулав гэх хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 19-22 дахьтал/,
3. ******* ******* улсын дугаартай ******* -1 загварын цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэл байх ба өнгө үзэмж муутай, цонх шил бүрэн бүтэн, тээврийн хэрэгслийн баруун урд доод талын гупер хагарсан, баруун хойд талын дохионы хэсэг хагарсан, 6 ширхэг дугуй хэвийн хийтэй байх ба тээврийн хэрэгслийн дотор талд эвдэрсэн эд зүйл байхгүй, тээврийн хэрэгсэл хэвийн асаж байв гэх тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 25-28 дахь тал),
4. Уг хөрөө нь бор өнгийн улаан тагтай, хөрөөг асаах бариул нь хар өнгөтэй, ажлын хэсэг нь 50 см-ийн урттай төмөр иртэй хөрөө байх ба хөрөөний банкны улаан тагны ар хэсэгт RUILIN гэх бичиглэлтэй, ямар нэгэн эвдрэл байхгүй хөрөө байв гэх хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 29-31 дэх тал),
5. Иргэний нэхэмжлэгч Т.ын өгсөн: *******-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг *******гийн эх газар нь 2023 онд талбайн тусгаарлалт хийгдээгүй. ******* нь надаас болон манай байцаагчаас мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй. Энэ хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Экологи, эдийн үнэлгээгээр тогтоогдсон байгаль экологид учруулсан хохирлыг төлүүлэх саналтай гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал),
6. Иргэний нэхэмжлэгч М.гийн өгсөн: ******* БУА улсын дугаартай машиныг худалдан авахдаа миний нэр дээр авсан. Манай аав ******* нь жолооны үнэмлэх байхгүй учраас миний дээр байдаг юм. Хавар машины оношлогоо ирэхээр би оруулж өгдөг юм. Уг машин нь миний нэр дээр байдаг боловч манай аавын машин байгаа юм. Надтай хамааралгүй гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46 дахь тал),
7. Гэрч Б.ийн өгсөн: Манай нөхөр бид хоёр гэр бүл болоод 3 хүүхдийн хамт хөдөө мал маллан амьдарч байна. Тухайн үед манай нөхөр уул руу явж мод үзэж ирээд унасан моднууд байна, ачаад ирье гэж хэлээд явахаар нь унасан мод гэж хэлсэн учир сэтгэл тайван хүлээж байтал цагдаад баригдсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55 дахь тал),
8. Гэрч О.-ын өгсөн: 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн *******-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг "*******" гэх газраас хүмүүс мод бэлтгээд тээвэрлээд байна гэх дуудлага мэдээллийг нутгийн хүмүүс өгсөн. Тухайн үед сумын цагдаа -ын хамт *******-өндөр сумын 5 дугаар багийн нутагт модны эргүүл шалгалт хийгээд явж байтал 20-21 цагийн орчимд ******* нь 4-5 метрийн урттай нарийн шургааг модыг тээвэрлээд явж байхад нь зогсоож шалгахад мод бэлтгэх эрхийн бичиггүй, ******* БУА улсын дугаартай цэнхэр өнгийн Портер машинтай ачаад явж байсан. Булган аймгийн *******-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг "*******" гэх газар нь мод бэлтгэх талбайн тусгаарлалт хийгдээгүй гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58 дахь тал),
9. Гэрч Ц.-ын өгсөн: 2023 оны 08 дугаар сарын 22-ны орой 20 цагийн орчимд *******-Өндөр сумын 5 дугаар багийн нутагт сумын тамгын газрын байгаль орчны улсын байцаагч -ын хамт эргүүл шалгалт хийж байхад *******-Өндөр сумын 5 дугаар багийн нутаг эрчмийн хороонд мод ачсан ******* БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл явж байхаар нь зогсоож шалгахад манай сумын ******* гэх иргэн байсан. Мод бэлтгэх эрхийн бичиг байгаа талаар асуухад “гоожингоо аваагүй” гэж хэлсэн ба тухайн үед -оос энэ хүн мод бэлтгэх эрхийн бичиг буюу гоожингоо авсан уу гэж асуухад “аваагүй” гэсэн. Тэгээд уг тээврийн хэрэгслийг саатуулсан юм. Мод хаанаас бэлтгэсэн талаар асуухад *******-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг "*******" гэх газраас бэлтгэсэн гэж хэлсэн гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62 дахь тал),
10. Булган аймгийн Хялганат тосгон дахь сум дундын ойн ангийн инженерийн байгаль экологид учирсан хохирол тогтоосон шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн: Шинэс 4.4-4.38 метрийн урттай 60 ширхэг шургааг модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 2.2576 м3 буюу 1.087.875 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 67 дахь тал/,
11. Булган аймгийн Хялганат тосгон дахь сум дундын ойн ангийн инженерийн байгаль экологид учирсан хохирол тогтоосон шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн НЭМЭЛТ: Шинэс 4.4-4.38 метрийн урттай 60 ширхэг шургааг модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 2.2576 м3 буюу 685.360 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 72 дахь тал/,
12. Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Хос-Эрдэний гаргасан экологи эдийн засгийн үнэлгээнд нөхөн төлбөр тооцсон акт “:№02 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үндэслэнБайгаль орчныг хамгаалах“ тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу 685.360 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлэн тооцоход 2.056.080 төгрөгийн нөхөн төлбөр болж байна” гэх дүгнэлт” /хавтаст хэргийн, 75 дахь тал/,хх-н
13. Ашид билгүүн хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ОРА: 1001515 дугаартай: ******* БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 5,500,000 төгрөг, ТҮХ-ОРА/ 1001515 дугаартай: Бинзен хөдөлгүүртэй цахилгаан хөрөө 80,000 төгрөгөөр тус тус тогтоов гэх дүгнэлт /хавтаст хэргийн 81-83, 84-86 дахь тал/,
14. Яллагдагч Д.*******гийн өгсөн: Би Булган аймгийн *******-Өндөр сумын 5 дугаар багийн нутагт мал маллаж амьдардаг. Тэгээд өвлийн бэлтгэлээ хангах зорилгоор өвөлжөөний дээвэр дутуу байсан учраас тээвэрлэх гээд 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр өөрийн эзэмшлийн ******* БУА улсын дугаартай цэнхэр өнгийн Портер загварын автомашинтай *******-Өндөр сумын 1 дүгээр багийн нутагт байрлах "*******" гэх нэртэй газраас нарийн хуурай шургааг модноос 7 ширхгийг хөрөөгөөр хөрөөдөн унагааж, 53 ширхэг модыг газарт унасан байсныг түүж автомашиндаа тээвэрлэн *******-Өндөр сумын төв рүү орж яваад ойн байцаагч сумын цагдаа нарт баригдсан. Тухайн тээврийн хэрэгслийг 2022 онд манай хүү авч өгсөн юм. Тээврийн хэрэгсэл миний хүү гийн нэр дээр байдаг. Манай өвөлжөөний дээвэр дутуу байсан учраас дээврийг гүйцээж барих зорилгоор нарийн шургааг мод бэлтгэсэн. Өөр ямар нэгэн худалдан борлуулах зорилго байгаагүй. Тухайн үед модонд ганцаараа явсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 96 дахь тал)
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Т., М., гэрч Б., О.-, Ц.- нарын өгсөн мэдүүлэг, хэрэг учралын газарт болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө зэргийг харьцуулан судалснаар шүүгдэгч Д.******* нь 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн *******-Өндөр сумын 1 дүгээр багийн ******* гэх газраас зохих зөвшөөрөлгүй 7 ширхэг шинэс төрлийн босоо мод хөрөөдөж, 2.2576 м3 хуурай шинэс төрлийн мод ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, бэлтгэсэн модоо ******* БУА улсын дугаартай Хюундай портер загварын тээврийн хэрэгслээр Булган аймгийн *******-Өндөр сумын төв рүү тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдлоо.
Шүүгдэгч Д.*******гийн зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэж, тээвэрлэж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан байгаль орчны эсрэг гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, байгалийн баялаг болон экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан үйлдэл учир хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж, тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг үүрэг болгосон байна.
Шүүгдэгч Д.******* нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж буюу мод бэлтгэхдээ эрх бүхий байгууллагаас зохих зөвшөөрлийг авах ёстой байтал 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн *******-Өндөр сумын 1 дүгээр багийн ******* гэх газраас зохих зөвшөөрөлгүй 7 ширхэг шинэс төрлийн босоо мод хөрөөдөн бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Д.*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 685.360 төгрөгийн шууд хохирол учирсан нь Булган аймгийн Хялганат тосгон дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 15/А дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөсөн хэмжээгээр нийт 2.056.080 төгрөгийн /хавтаст хэргийн 75 дахь тал/ хохирол учирсан байна.
Уг хохирол, нөхөн төлбөрийг шүүгдэгч Д.******* нь төлж барагдуулаагүй байх тул түүнээс 2.056.080 төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд олгох нь зүйтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.*******г ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Хавтаст хэргийн 99, 101-108 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.******* нь эхнэр, 3 хүүхдийн хамт Булган аймгийн *******-Өндөр сумын 5 дугаар багт мал маллан амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.******* нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдэхдээ Бүгд найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн бор өнгийн цахилгаан хөрөө, ******* БУА улсын дугаартай, ******* -1 загварын тээврийн хэрэгслийг тус тус ашигласан болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөрөөг хураан авч хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан, тээврийн хэрэгслийг мэргэжлийн байгууллагаар үнэлгээ тогтоолгосон байна.
Гэмт хэрэг үйлдэхдээ ашиглахыг завдсан ******* БУА улсын дугаартай “******* -1” загварын тээврийн хэрэгсэл нь хавтаст хэргийн 50-51 дэх талд авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр шүүгдэгч Д.*******гийн хүү М.гийн нэр дээр байдаг боловч М.гийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэг болон шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр уг тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Д.*******гийн өмчлөл, эзэмшилд байдаг болох нь тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 5 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах, бусдын өмчлөлийнх болон бусдад шилжсэн бол үнийг гаргуулах албадлагын арга хэмжээ авах талаар заасан байх тул мөрдөгчийн 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.*******гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 5.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий ******* БУА улсын дугаартай, ******* -1 загварын тээврийн хэрэгсэл болон гэмт хэрэг үйлдэж олсон 60 ширхэг буюу 2.2576 м3 хуурай шинэс төрлийн модыг тус тус хурааж, Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхэд ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Бүгд найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн, 80.000 төгрөгийн үнэлгээ бүхий бор өнгийн улаан тагтай, хөрөөг асаах бариул нь хар өнгөтэй, ажлын хэсэг нь 50 см-ийн урттай төмөр иртэй хөрөө байх ба хөрөөний банкны улаан тагны ар хэсэгт RUILIN гэх бичиглэлтэй, ямар нэгэн эвдрэлгүй хөрөөг хурааж улсын орлого болгож шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.*******гээс Байгаль экологид учруулсан хохирол 2.056.080 /хоёр сая тавин зургаан мянга ная/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд оруулсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц мөрдөгчийн 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий ******* БУА улсын дугаартай, ******* -1 загварын тээврийн хэрэгсэл болон гэмт хэрэг үйлдэж олсон 60 /жар/ ширхэг 2.2576 м3 хэмжээтэй шинэс төрлийн хуурай модыг тус тус хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Бүгд найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн, 80.000 /наян мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий моторт хөрөөг хурааж, үнийг улсын төсөвт оруулсугай.
8. Шүүгдэгч Д.*******гээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт хавсаргасан иргэний бичиг баримтгүй, иргэний нэхэмжлэгч Т., М. нар нь санал, гомдолгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ