| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2020/00374/и |
| Дугаар | 425 |
| Огноо | 2020-06-12 |
| Маргааны төрөл | Асран тэтгэх, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 425
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг, Амгалангийн ....... тоотод оршин суух, РД:.............., утасны дугаар: ...................-тай, Т.А
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Асгат сумын 1 дүгээр баг, АШ гэх газар нутаглах, РД:..............., утасны дугаар:.................-тай, Ч.Х-д холбогдох
хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.А, хариуцагч Ч.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.А шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 10 жилийн сургуульд байхаасаа л үерхэж, 2015 оны 08 дугаар сарын 02-нд хүүхэдтэй болсон. Бид нэг гэрт ороогүй. Намайг Техник мэргэжлийн сургуульд сурч байхад ХЭ хөдөө амьдаръя гэдэг байсан. Би энэ саналыг нь хүлээн авч, хөдөө амьдарсан. Энэ хугацаанд аймгийн төв рүү ирж, очиж байсаар 4 жил болсон. Хүүг төрсний дараа ХЭ-д цэргийн зарлан дуудах хуудас ирсэн боловч бага насны хүүхэдтэй гэсэн шалтгаанаар 2 жил цэргийн албанаас чөлөөлөгдөж, 2 жилийн дараа цэрэгт татагдсан. ХЭ цэргийн албанаас халагдаж ирээд ааш зан нь эвдэрч, архи тамхи хэрэглэж, өөр хүнтэй холбогдох болсон. ХЭ манайд байдаг байсан. Сүүлдээ ааш зан нь дийлдэхээ байхаар нь эцэг, эхэд нь хэлсэн. ХЭ манайд байхгүй байгаа шүү, гадуур яваад байгаа, хэрэгт орчих вий гэж аавд нь хэлэхэд аав нь “... цэрэгт яваад ирсэн хүн юм чинь гадуур явж архи уулгүй яадаг юм” гэж өмөөрч загнасан. ХЭ хүүхэдтэйгээ уулзаж, хүүхдээ авч явдаг байсан. Нэг удаа намайг ажлаасаа ирэхэд өвөө, эмээ нь санаад байна гэж хэлээд хүүхдээ аваад явсан байсан. ХЭд өөр нэг хашаа байшин байдаг. Тэр үед ХЭ хөдөө гэр рүүгээ яваагүй юм шиг санагдаад байхаар нь хашаа байшин руу нь очиж цонхоор нь харахад найз нь манай хүүг тэвэрсэн, өөрөө өөр хүүхэн тэврээд хэвтэж байсан. Одоо энэ хүн өөр хүнтэй болсон. Мөн нэг удаа хүүхдээ авч явчихаад ахындаа хүүхдээ орхиод явсан байсан. Нөгөө хүүхэн нь манай хүүхдийг загнаад чи дахиж битгий аав руугаа ирж бай гэж хэлсэн байсан. Нөгөө хүүхэн нь одоо 7 сартай жирэмсэн. Тэр хүүхнээ аав, ээжтэйгээ танилцуулсан гэсэн. Намар найраа хийнэ гэсэн. Намайг уучил гэж ирэх бүрт нь хүүхдээ өнчрүүлээд яах вэ гээд уучилж байсан. ХЭ-н аав, ээж нь миний хүүхдийг тоохгүй, янз бүрээр гоочилдог. Тиймээс хүүхдээ өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулна гэв.
Хариуцагч Ч.Х шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 онд энэ хүнтэй танилцаж, 2015 онд хүүхэдтэй болсон. 2016 онд хөдөө гарч аймгийн төв рүү ирж, очдог байсан. 2018 онд би цэргээс ирсэн. Энэ хугацаанд манай эцэг, эх эхнэр хүүхдийг хардаг байсан. Намайг цэргээс ирэхэд манай хүн архи ууж, тамхи татдаг, мөн найз бандитай болсон байсан. Бид 2019 онд хөдөө гарсан. Тэгээд нэг өдөр аймгийн төв рүү бид хоёр ирж байгаад говьд мотоциклийн бензин дууссан. А намайг орхиод аймгийн төв рүү ирсэн. Би 21 цаг гээд араас нь ирэхэд ах, эгч нартайгаа архи ууж байсан. Мөн 2019 оны намар би архи ууж байгаад тасарсан байсан. Гэтэл А намайг цагдаад өгсөн. Өөрийг нь хүчирхийлсэн гэж цагдаад дуудлага өгсөн байсан. Би 10 хоног баривчлагдсан. 4 дүгээр сар гаргаад би базындаа байхдаа хүүхдээ авч хамт байх гэтэл эмээ нь хүүхдээ үлдээхгүй гээд аваад явсан. Манай нэг ах дараа нь А согтуу хүний машин дайрсан, найзуудтайгаа явж байна гэсэн. Энэ хүн манай аав ээжийг үл тоодог. Намайг 2, 3 удаа гүжирдэж байгаа. Энэ хүн худлаа ярьдаг. А өнгөрсөн өвлөөс хойш хүүхдээ надад өгөхгүй, уулзуулахгүй байгаа. Би хүүхдээ ээжийнх нь асрамжид байлгана, миний хүүхэд мөн гэдэгт маргахгүй, харин тэтгэлэг одоогоор төлж чадахгүй. Манай дүү эмчилгээ хийлгээд Улаанбаатар хотод явж байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.А нь хариуцагч Ч.Х-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Т.А, Ч.Х нар нь 2012 оноос эхлэн дотно харилцаатай болж тэдний дундаас хүү Э 2015 оны 08 сарын 02-ны өдөр төрсөн болох нь, зохигчийн тайлбар, Т.Э-ы 2201000362 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Хариуцагч Ч.Х нь “Т.Э нь миний хүүхэд мөн тул маргах зүйлгүй” гэсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эцэг Ч.Х -р сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Т.А нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Ч.Х Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг, хүүхдийн тэтгэлэгт 1 жилд төлвөл зохих 1 210 200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 33 595 төгрөгийг хариуцагч Ч.Хэс тус тус гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2015 оны 08 сарын 02-ны өдөр төрсөн А.Э-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Ч.Х-р тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар зааснаар 2015 оны 08 сарын 02-ны өдөр төрсөн А.Э-ыг эх Т.А-ын асрамжид хэвээр үлдээхээр зохигчид тохиролцсоныг дурдсугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасныг баримтлан Т.А, Ч.Х нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх хүлээх учиртай болохыг мэдэгдсүгэй.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Т.А нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Ч.Х Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг, хүүхдийн тэтгэлэгт 1 жилд төлвөл зохих 1 210 200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 33 595 төгрөгийг хариуцагч Ч.Х-с тус тус гаргуулж улсын төсвийн орлогод тус тус оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
6. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА