Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 135

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын, 2 дугаар баг, Гавшгай 22 дугаар байр 15 тоотод оршин суух Боржигон овогт **************-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч******* *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Орхон сумын 1 дүгээр баг, 10 дугаар гудамж, 10 тоотод оршин суух Боржигон овогт ******* *******-д холбогдох рапсын үрний үнэ 8.662.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, нарийн бичгийн дарга Н.Наранцай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Орхон сумын иргэн *******тэй би 2018 онд рапсны наймаа хийж 3 тонн үр өгсөн. 50 хувийнх нь мөнгийг өгөөд 50 хувийнх нь мөнгийг намрынхаа ургацаас төлье гэж ярьж тохироод нотариатаар батлуулж гэрээ байгуулсан. 6.300.000 төгрөгийг нь дараа төлөхөөр хоёулаа тохироод нотариатын гэрээтэй өгч авалцсан. Тухайн үед намар нь бололцооны хэмжээний ургац авсан хэр нь төлбөрөө барагдуулахгүй утсаа авахгүй алга болчихсон. Иймээс шүүхэд үүнийг барагдуулж өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан. ******* өөрөө ирэхгүй төлөөлөгч гээд нэг хүн явуулаад байдаг. Шүүгч та мэдэж байгаа. Хоёр, гурван удаа хурал хойшилсон. Эхлээд ирээгүй, дараа нь өөрөө ирсэн. Тэгээд би хуулийн хүнтэй ормоор байна гэж хэлсэн. Миний итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж ярьж байгаагүй. Тухайн үедээ итгэмжлэлээ ч барьж орж ирээгүй. Итгэмжлэл нь сүүлд хийгдсэн итгэмжлэл байгаа байх. Хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээж аваагүй гэсэн үндэслэл хэлээд байна. ******* өөрөө надаас биеэрээ гардаж авсан. Би өөрөө хүлээлгэж өгсөн. Портер машинаар хоёр удаа ачиж явсан. Авсан гэдгээ яриад бид хоёр ингэж тохиролцож байна гээд нотариат дээр дүүтэйгээ суулгаж байгаад гэрээ хийлгэсэн. Би өөрөө тариаланч хүн. Ажил эхэлчихсэн байсан учраас би дүүгээ авчирч өгчхөөд яваад өгсөн. Тэгээд манай дүү оролцоод бүгдийг нь хийсэн. Нотариатаар хийлгэсэн зүйл хүчингүй юм уу?. Би авсан нь үнэн гэсэн нотариатын баталгаа байхад үгүйсгээд байх юм. Хоёрдугаарт ******* энд ирчихсэн нөгөө зааланд сууж байхад Г.Дэлгэрсайхан шүүгч та яагаад үгүйсгээд байгаа юм бэ? Та авсан юм уу? гэж асуусан. Тэгэхэд би авсан гэж ******* өөрөө хэлсэн. Шүүх хуралдааны бичлэг нь байдаг юм бол байгаа байх. Тэгэхэд алгын чинээ падан хүлээлгэж өгсөнгүй гэсэн зүйл яриад байдаг. Тэр хүн нь өөрөө байхгүй. Нэмж баримт гаргаж  өгье гэвэл банкны хуулга олж ирж болно. *******гээс шилжүүлсэн мөнгөний баримт надад байна. Гэхдээ ******* тодорхой хэмжээний хэдэн төгрөг өгөөд үлдсэнийг нь шилжүүлэхээр болсон. Би үгүйсгээд байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй. Авч явж тарьж ургац авчхаад юу яриад байгаа юм бэ?...” гэжээ.  

 

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Талуудын хооронд 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр нэхэмжлэгч ******* нь гэрээний 2.2-т заасны дагуу рапсны үрийг хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. Мөн 2.3-т заасны дагуу рапсны үрийг хүлээлгэн өгсөн баримт үйлдэж, уг баримт нь тухайн худалдах, худалдан авах гэрээний салшгүй хэсэг байна гэж гэрээндээ тусгаж заалт оруулж өгсөн. Нэгэнт дээрх баримт байхгүй учраас ******* нь *******д уг рапсны үрийг хүлээлгэж өгөөгүй гэдэг нотолгоо нь үүгээр харагдаж байна. Нэгэнт аваагүй зүйлээ ******* төлөх нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна...” гэжээ.

 

            Шүүх зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

            Нэхэмжлэгч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь *******д холбогдуулж рапсын үрний үнэ 6.300.000 төгрөг, алданги 2.362.500 төгрөг, нийт 8.662.500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

             Нэхэмжлэгч *******, ******* нарын хооронд 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төлбөрийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон худалдах, худалдан авах гэрээ буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан гэрээ байгуулагджээ. /хх-ийн 5 хуудас/

            Гэрээгээр 1 тонн распсны үрийг 4.200.000 төгрөг, 3 тонн үрийг 12.600.000 төгрөг байхаар тооцож, урьдчилгаанд 6.300.000 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төлж, үлдэгдэл 6.300.000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ний өдөр худалдан авагч тал төлөхөөр тохиролцсон байна.

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах, худалдан авах  гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээхээр” заажээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Талуудын хооронд 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр нэхэмжлэгч ******* нь гэрээний 2.2-т заасны дагуу рапсны үрийг хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. Мөн 2.3-т заасны дагуу рапсны үрийг хүлээлгэн өгсөн баримт үйлдэж, уг баримт нь тухайн худалдах, худалдан авах гэрээний салшгүй хэсэг байна гэж гэрээндээ тусгаж заалт оруулж өгсөн. Нэгэнт дээрх баримт байхгүй учраас ******* нь *******д уг рапсны үрийг хүлээлгэж өгөөгүй гэдэг нотолгоо нь үүгээр харагдаж байна. Нэгэнт аваагүй зүйлээ ******* төлөх нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна... гэж тайлбарлаж байна.

            Шүүх хариуцагчийн төлөөлөгч Б.Алтансүхийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, маргаж байгаа нь үндэслэлтэй гэж үзлээ.

            Учир нь гэрээний 2.2-т Худалдагч  нь 3 тонн рапсын үрийг  2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр худалдан авагчид шилжүүлэн өгөх бөгөөд худалдан авагч нь үнийг хэлэлцэн тохирсон хугацаанд төлж дуусгасан байна,

            2.3-т Зээлээр худалдан авсан бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгсөн, авсан баримтыг үйлдэж гэрээний талууд гарын үсэг зурж баталгаажуулна. Энэхүү баримт нь гэрээний хавсралт болох ба үндсэн гэрээний салшгүй хэсэг болно... гэж заасныг зөрчиж рапсны үрийг хүлээлгэн өгөөгүй тул гэрээний үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа нь үндэслэлтэй байна.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь “Бат-Ирээдүй нь Портер машинаар хоёр удаа ачиж явсан. Гэрч байгаа, мөн 6.300.000 төгрөгөө шилжүүлэхдээ заримыг нь дансаар явуулж байсан тул дансны хуулга байгаа гаргаж өгч болно...” гэсэн тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар  нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч талаас рапсны үрийг хүлээлгэн өгсөн тухайгаа нотлоогүй, хүсэлт, нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

            Түүнчлэн нэхэмжлэгч нь гэрээнд зааснаар 3 тонн рапсны үрийг хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй тул хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй байна.

            Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  *******ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох рапсны үр 6.300.000 төгрөг, алданги 2.362.500 төгрөг нийт 8.662.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******гээс худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6.300.000 төгрөг, алданги 2.362.500 төгрөг нийт 8.662.500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168.500 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.ДЭЛГЭРСАЙХАН