Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 140

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум, 3 дугаар баг, Цагаан-Овоо Өндөр гудамж  3-2-3 тоотод оршин суух хаягтай, Боржигон овогт  Лувсанцэрэнгийн Жанчивдорж /РД:МВ55092911/-ын нэхэмжлэлтэй,

            Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговор 40.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Жанчивдорж, прокурор Н.Бадам, нарийн бичгийн дарга  Н.Наранцай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Жанчивдорж  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бидний эцэг Бямбын Лувсанцэрэн нь 1938 онд улс төрийн хилс хэрэгт баривчлагдан Онцгой бүрэн эрх комиссын 1938 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1 дүгээр хурлын тогтоолоор Шүүх цаазны бичгийн 43,47 дугар зүйлд зааснаар 10 жилийн хорих ялаар шийтгүүлж уг ялаа эдэлсэн болно. тэрээр өвчний улмаас 1991 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр нас барсан ба түүний хэргийг Дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 103 дугаар магадлалаар цагаатгасан болно. нөхөн олговорын нэхэмжлэлтэй холбоотой материалыг Л.Жанчивлорж нь биднийг төлөөлж бүрдүүлж өгсний дагуу Улс төрийн хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.2 дахь заалт, Монгол улсын засгийн газрын 1998 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 21 дүгээр тогтоолын хавсралтын 3 дугаар хэсгийн нэрсийн жагсаалтын 72 дугаарт 40,000,000 төгрөг олгохоор тогтоол гарсан болно.

Бидний ээжийг Төмөрийн Уртнасан гэдэг байсан бөгөөд 2007 онд нас барсан. Мөн 1961 онд төрсөн дүү Лувсанцэрэнгийн Мөнхөө нь 2017 онд өвчний улмаас нас барсан тул Б.Лувсанцэрэнгийн төрсөн хүүхдүүд Т.Даваа, Л.Жанчивдорж, Л.Бямбасүрэн бид нар нөхөн олговорыг тэнцүү хувааж авахаар нэхэмжлэл гаргаж байна. Т.Даваа нь ээжийн төрсөн эцгээр буюу өвөөгөөр овоглосон байдаг.

Миний бие хэлмэгдэгч Б.Лувсанцэрэнгийн дунд хүү бөгөөд өөрийн ах дүүтэйгээ 40,000,000 төгрөгийг тэнцүү хувааж авахаар тохиролцож гэрээ хэлцэл байгуулсан болно.

Иймд нөхөн олговорын 40,000,000 төгрөгийг хэлмэгдэгч Л.Лувсанцэрэнгийн том хүү Төмөрийн Даваа, хүү Жанчивдорж, охин Бямбасүрэн бид нарт тэнцүү хувааж олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгч  Л.Жанчивдорж  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Нөхөн олговрын 40.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нөхөн олговрыг 3 хүн хувааж авна. Би Лувсанцэрэн гэдэг хүний хүүхэд нь байна. Манай аав хэлмэгдсэн. 1992 онд цагаатгалын комиссын гэрчилгээг нь авсан гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Бадам шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Бадам би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйл 21 дүгээр зүйлийн 21.10 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасныг удирдлага болгон иргэн Л.Жанчивдоржийн 40.000.000 төгрөгийн нэхэмжлэлтэй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд нөхөн олговор олгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанд оролцож байна. Өнөөдөр хэлэлцэгдэж байгаа улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд нөхөн олговор олгох тухай хурлаар Лувсанцэрэн нь 1938 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх цаазын бичгээр 10 жил хорих ял шийтгүүлсэн. 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 103 дугаартай магадлалаар цагаатгасан байдаг. Энэ цагаатгалын бичгийн дагуу 1997 оны 12 дугаар сарын 15-ны өдөр цагаатгасан тухай гэрчилгээг гардуулсан байдаг. Хэрэгт авагдсан бичгийн баримтаар Лувсанцэрэн нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн байна гэдэг нь бүрэн тогтоогдож байгаа нь тагнуулын ерөнхий газрын лавлагаа, үндэсний төв архивын лавлагаа, өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлж байгаа Л.Жанчивдоржийн мэдүүлэг болон бусад бичгийн баримтаар хөтөлбөргүй нотлон тогтоогдож байх тул  улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд нөхөн олговор олгох тухай журамд заасны дагуу 40.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах бүрэн үндэстэй байна гэж үзсэн. Бичгийн нотлох баримтуудаар Лувсанцэрэн нь хилс хэрэгт хэлмэгдсэн байна. Лувсанцэрэнгийн хүү Жанчивдоржид нь нэхэмжилсэн үнийн дүнгээр нөхөн олговрыг олгох үндэстэй байна гэж үзэж байна гэв.

 Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:           

            Нэхэмжлэгч Л.Жанчивдорж  нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговор 40.000.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

            Нэхэмжлэгч Л.Жанчивдоржийн аав Бямбын Лувсанцэрэн нь 1938 онд улс төрийн хилс хэрэгт баривчлагдан Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 01-р сарын 07-ны өдрийн 1-р хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47-р зүйлээр 10 жил хорих ялаар шийтгүүлсэн хэргийг хянаад Улсын дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 07-р сарын 01-ны өдрийн 103 дугаар  магадлалаар цагаатгасан нь Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 05/1808 дугаартай лавлагаа, Улсын Дээд шүүхийн магадлал, 3449 тоот цагаатгалын гэрчилгээ зэрэг нотлох баримтаар  тогтоогдож байна./х.х-ийн 4,5-7-рт/

            Бямбын Лувсанцэрэн  нь  1990 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр, түүний эхнэр Т.Уртнасан 2007 оны 03-р сарын 21-ны өдөр нас барсан болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 00/006049 тоот, 05/008964 тоот  нас барсны бүртгэлийн лавлагаагаар тус тус  нотлогдож байна. /х.х-ийн 8-9-рт/

 

            Нэхэмжлэгч Л.Жанчивдорж нь хэлмэгдэгч Б.Лувсанцэрэнгийн  төрсөн хүү болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 45/009910 тоот төрсний  бүртгэлийн лавлагаанд “ Төмөрийн Уртнасан  1955 оны 09-р сарын 29-нд  төрөхөд төрүүлсэн хүү Лувсанцэрэнгийн Жанчивдоржийг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 38-рт бүртгүүлсэн” гэж бичигдсэнээр нотлогдож байгаа бөгөөд  өөрийн төрсөн ах дүү нар болох Т.Даваа, Л.Бямбасүрэн нарыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргаж, нөхөн олговрын 40,000,000 төгрөгийг хуваан авахаар гэрээ хийж шүүхэд ирүүлжээ. /х.х-ийн 8, 11-рт/

             “Зууны мэдээ” сонины 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн №59/6284/ дугаарт нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтын   72 дугаарт нэхэмжлэгчийн үндсэн захиргаа Сэлэнгэ, Лувсанцэрэнгийн Жанчивдорж, хэлмэгдэгчийн овог нэр Бямбын Лувсанцэрэн, хэлмэгдэгчийн үндсэн захиргаа Сэлэнгэ аймаг, хэлмэгдэгчийн хүүхэд, нөхөх олговрын хэмжээ 40 сая төгрөг гэж зарласан байна.

            Иймд  Л.Жанчивдорж Т.Даваа, Л.Бямбасүрэн  нарыг  хэлмэгдэгч Бямбын Лувсанцэрэнгийн төрсөн хүүхдүүд мөн тул нөхөн олговрын нэхэмжлэх эрхтэй гэж дүгнэв.

            Б.Лувсанцэрэнгийн нөхөх олговрыг Л.Жанчивдорж   авах талаар “Зууны мэдээ” сонинд зарлагдсан үеэс одоог хүртэл  энэ талаар ямар нэг маргаан болон давхар нэхэмжлэгч гараагүй ба Т.Даваа, Л.Бямбасүрэн  нарыг төлөөлөн  хэлмэгдэгчийн дунд хүү Л.Жанчивдорж 40,000,000 төгрөг авахаар нэхэмжилсэн нь хуульд нийцсэн гэж шүүх үзлээ,

            1998 онд батлагдсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн дагуу хэлмэгдэгчийн эхнэр Т.Уртнасан нь 1.000.000 төгрөгийн нөхөх олговрыг  авсан нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

            Иймд дээрх баримтуудыг үндэслэн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар хэлмэгдэгч Бямбын Лувсанцэрэнгийн  нөхөх олговор 40.000.000 /дөчин сая/ төгрөгийг улсын төсвөөс гаргуулан Боржигон овогт Лувсанцэрэнгийн  Жанчивдоржид /РД:МВ55092911/-д  олгохоор шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас  чөлөөлөгдсөн болно

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар хэлмэгдэгч Бямбын Лувсанцэрэнгийн  нөхөх олговор 40.000.000 /дөчин сая/ төгрөгийг улсын төсвөөс гаргуулан Боржигон овогт Лувсанцэрэнгийн  Жанчивдоржид /РД:МВ55092911/-д   олгосугай.

            2.Нөхөх олговрын 40.000.000 төгрөгийг Л.Жанчивдорж Т.Даваа, Л.Бямбасүрэн нар тэнцүү хувааж авахаар тохиролцсон болохыг дурдсугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй. 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.САРАНТУЯА