Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2022/0296

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, шүүгч М.Батзориг, шүүгч Н.Дамдинсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, иргэдийн төлөөлөгч О.Доржжавыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Б.М***** /

Хариуцагч: Батлан хамгаалах яам,

Хариуцагч: Зэвсэгт хүчний жанжин штаб,

Нэхэмжлэлийн шаардлага: “эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанаас халагдсан цэргийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлээгүй Батлан хамгаалах яамны эс үйлдэхүйг болон Зэвсэгт хүчний жанжин штабын цэргийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмжийг олгохоос 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 16/305 тоот албан бичгээр татгалзсан нь тус тус хууль бус болохыг тогтоолгож, 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг Б.М***** олгохыг Батлан хамгаалах яам болон Зэвсэгт хүчний жанжин штабт тус тус даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х*********, хариуцагч Батлан хамгаалах яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А**********, хариуцагч Зэвсэгт хүчний жанжин штабын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н******** А.Х**********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин нар оролцов.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд анх гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлээ:  “Б.М***** нь Зэвсэгт хүчний 150 дугаар ангид 2014 оноос 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд тасралтгүй 6 жил ажилласан цэргийн бэлтгэл ахлагч юм.

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 -т “Цэргийн тэтгэмж дор дурьдсан төрөлтэй байна”, 3-т “нэг удаагийн тэтгэмж”, 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “зэвсэгт хүчний цэргийн жинхэнэ албаны генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч” цэргийн тэтгэвэр, тэтгэмжийг авах эрхтэй хэмээн тус тус хуульчлан заасан. Б нь 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн тушаалаар биеийн эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанаас халагдсан тул Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасны дагуу нэг удаагийн тэтгэмж авах хүсэлтийг Зэвсэгт хүчний жанжин штабт болон Батлан хамгаалах яаманд тус тус гаргасан. Учир нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Цэргийн албан хаагч .... биеийн эрүүл мэндээр ... халагдах тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгоно", 19 дүгээр зүйлийн 19.2-т “Цэргийн алба хаагч ... , биеийн эрүүл мэндээр, .. халагдвал түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно” гэж тус тус заасан.

Гэвч Батлан хамгаалах яамны зүгээс Б.М***** гаргасан Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан нэг удаагийн тэтгэмж авах хүсэлтийг өдийг хүртэл шийдвэрлэж өгөөгүй бөгөөд хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэж, холбогдох хариуг албан бичгээр өгнө хэмээн яамны холбогдох ажилтан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл хүсэлтийг шийдвэрлэж өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Цэргийн алба хаагчийн нэг удаагийн тэтгэмжийг төрийн захиргааны холбогдох төв байгууллага олгоно” гэж заасан тул Б.М***** нь нэг удаагийн тэтгэмж авах хүсэлтийг төрийн захиргааны холбогдох төв байгууллага болох Батлан хамгаалах яаманд гаргасан боловч хариу өгөөгүй байна.

Харин Зэвсэгт хүчний жанжин штабын зүгээс Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журмын 4 дэх заалтыг буруу тайлбарлаж, Б.М***** намайг цэргийн жинхэнэ албыг 6 жил хаасан тул нэг удаагийн тэтгэмж олгох боломжгүй хэмээн хууль зүйн үндэслэлгүй хариуг өгсөн. Учир нь Цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журмын 4 дэх заалт нь “10-аас доошгүй жил цэргийн алба хаасан, тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгох эрх бүхий цэргийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох харилцааг зохицуулсан” зохицуулалт юм.

Харин Б.М***** нь “эрүүл мэндийн шалтгаанаар” цэргийн албанаас халагдсан тул Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Цэргийн алба хаагч нас барах, тэтгэвэрт гарах, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр болон цэргийн алба хаах нас хэтэрч халагдах тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгоно”, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, түүнчлэн цэргийн алба хаах нас хэтэрч халагдвал түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно” гэж тус тус заасны дагуу зөвхөн нэг удаагийн тэтгэмж авах хүсэлтийг л гаргасан болно.

Нөгөөтэйгүүр Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.2-т зааснаар эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанаас халагдсан цэргийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгохоор хуульчилсан атал Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журмыг үндэслэн нэг удаагийн тэтгэмж олгохоос татгалзах эрхгүй бөгөөд нэг удаагийн тэтгэмж олгох асуудлыг Зэвсэгт хүчний жанжин штаб шийдвэрлэх эрх зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт “цэргийн албанд ажилласан жилийн талаарх хязгаарлалт”-ыг тогтоогоогүй бөгөөд цэргийн албан хаагч “эрүүл мэндийн шалтгаанаар” цэргийн албанаас халагдсан тохиолдолд хуульд заасан тэтгэмж авах эрхтэй юм.

Гэтэл Зэвсэгт хүчний жанжин штаб нь хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг зөрчиж, Батлан хамгаалах яамны өмнөөс нэг удаагийн тэтгэмж олгохоос татгалзсан хариуг ирүүлсэн тул тус хариуг эс зөвшөөрч Батлан хамгаалах яаманд гомдол гаргасан боловч мөн л гомдлын хариуг ирүүлээгүй болно.

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаар тогтоол, 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 91 дүгээр тогтоол , 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 104 дүгээр тогтоолуудаар улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсний улмаас энэхүү нэхэмжлэлийг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гаргаж байгаа болно.

Иймд Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохоос татгалзсан Батлан хамгаалах яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг Б.М***** олгохыг Батлан хамгаалах яаманд даалгаж өгнө үү” гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэгчид цэргийн албан хаагчийн нэг удаагийн тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлээгүй Батлах хамгаалах яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох. Мөн Зэвсэгт хүчний жанжин штабын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 16/305 дугаартай албан бичгээр Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан нэг удаагийн тэтгэмжийг Б.М***** олгохоос татгалзсан нь хууль бус болохыг тогтоолгох. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг Б.М*****олгохыг Батлан хамгаалах яам болон Зэвсэгт хүчний жанжин штабт тус тус даалгах шаардлага байгаа.

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасны дагуу 1 удаагийн тэтгэмжийг төрийн захиргааны төв байгууллага буюу Батлан хамгаалах яам олгох ёстой. Энэ олгох үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан байна гэдэг байдлаар эс үйлдэхүйг тодорхойлж байгаа. Яг энэ асуудал давж заалдах шатны шүүхийн магадлал дээр дүгнэгдсэн байдаг. Батлан хамгаалах яамны эс үйлдэхүй байхгүй гэж үзэх хууль зүйн бололцоо байхгүй. Иймд төсөв шилжсэн үгүйтэй холбоотой баримтуудыг бүрдүүлээд энэ хэргийг анхан шатны журмаар дахин шийдвэрлүүл гэж давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Ийм байдлаар дүгнэгдсэн. Олгохгүй байгаа эс үйлдэхүй гаргаад байгаа учраас эс үйлдэхүйг хууль бус болохыг тодорхойлуулах гэж нэхэмжлэл гаргасан.

Өнөөдрийн ойлгомжгүй байдлыг хариуцагч захиргааны байгууллагууд үүсгэж байна. Яамны зүгээс төсвөө шилжүүлсэн Зэвсэгт хүчний жанжин штабаас гаргуулан ав гэдэг хариу өгсөн учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар Зэвсэгт хүчний жанжин штабыг татсан. Гэтэл Зэвсэгт хүчний жанжин штабын зүгээс өмнөх хариутайгаа адилхан хариу буюу журмынхаа 4 дүгээр заалтыг баримтлаад энэ тэтгэмжийг олгох хууль зүйн үндэслэл бүрдээгүй байна гэсэн байдлаар татгалзсан хариу өгсөн. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т Цэргийн алба хаагч нас барах, тэтгэвэрт гарах, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр болон цэргийн алба хаах нас хэтэрч халагдах тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгоно, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т Цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, түүнчлэн цэргийн алба хаах нас хэтэрч халагдвал түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно гээд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон энэ заалтыг үндэслээд нэхээд байгаа. Яагаад Зэвсэгт хүчний жанжин штабыг хариуцагчаар татаад байгаа вэ гэхээр танай дээд шатны байгууллага буюу Батлан хамгаалах яамнаас Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу албан ёсны хариуг нь үндэслээд хариуцагчаар татсан. Яг үүнтэй адилхан Г.Э********** буюу 3 жил ажилласан хүнд Зэвсэгт хүчний жанжин штаб энэ тэтгэмжийг өгч байсан учраас, практикт төсвөө шилжүүлдэг үү мэдэхгүй байна, гэхдээ Зэвсэгт хүчний жанжин штаб өгдөг гэж ойлгож хариуцагчаар татсан юм. Анх хариуцагчаар зөвхөн яамыг татсан. Яамнаас төсвөө өгсөн Зэвсэгт хүчний жанжин штабаар энэ асуудлыг шийдвэрлүүл гэдэг хариу өгсөн учраас бид Зэвсэгт хүчний жанжин штабыг хамтран хариуцагчаар татсан. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасны дагуу олгох ёстой байгууллага нь Батлан хамгаалах яам хэвээрээ байгаа.

Хариуцагч талаас гаргаж байгаа тайлбаруудад Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18.1, 19.2 бол ерөнхий зохицуулалт гээд байгаа. Энэ нь салбарын хуулиараа нарийвчилсан зохицуулалт бөгөөд хуульд байгаа 2 зохицуулалт тэтгэмжтэй холбоотой. Журам өөрөө хуулийн зохицуулалтад нийцсэн байх ёстой. Хуулийн хэм хэмжээг давсан зохицуулалтыг журам тогтоохгүй. Журмыг тайлбарлавал журмын 4 дүгээр зүйлд “19.2-т заасан тэтгэврийг мөн хуулийн 8.2-т заасан иргэнд олгохдоо” гэж журамласан.

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн “цэргийн албан хаагчийн тэтгэвэр” гэсэн 2 дугаар бүлгийн 8 дугаар зүйл нь цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх гээд 8.2-т нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг хангаагүй боловч 10-аас доошгүй жил цэргийн алба хаасан цэргийн албан хаагч дор дурдсан шалтгаанаар халагдсан бол цэргийн алба хаах насны хязгаарт хүрээд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн авах эрхтэй гэдэг. Өөрөөр хэлбэл 19.2-т заасан тэтгэмжийг 8.2-т заасан этгээдэд олгох тохиолдолд энэ зохицуулалтыг хэрэглэнэ гэдэг байдлаар журмын 4 дүгээр зүйлд заасныг Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18.1, 19.2-т заасан тэтгэмж авах эрхтэй иргэнд л олгоно гэдэг байдлаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

Тэтгэмжийн асуудал нь энэ хуулийнхаа 18.1, 19.2-т зааснаар зохицуулагдана. Журмын 4 дүгээр зүйл болон хуулийн 8.2 нь тэтгэвэр авахтай холбоотой харилцааг зохицуулсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57.2-т заасны дагуу яам болоод Зэвсэгт хүчний жанжин штаб хуульд заасан хугацаанд албан ёсоор шүүхэд хариу тайлбараа өгсөн. Яамнаас өгсөн хариу тайлбарт “Б тэтгэмж олгох хууль зүйн үндэслэлтэй байна. Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу мөн хуулийн 7-д заасны дагуу төсвөө шилжүүлсэн гээд яамны зүгээс харьяа агентлагаараа дамжуулаад энэ тэтгэмжийг олгож байгаа учраас манай яам хариуцахгүй, төсөв нь байхгүй” гэдэг байдлаар хариу өгсөн. Харин өнөөдрийн шүүх хуралдаанд нэг талаараа яам төсвөө шилжүүлсэн гэж яриад, нөгөө талаараа Зэвсэгт хүчний жанжин штабаас Б нэрийг оруулж ирээгүй учраас бид ямар нэгэн байдлаар төсөв батлах боломжгүй гэдэг логикийн зөрчилдөөнтэй тайлбар хэлж байгаа нь үндэслэлгүй. Шинэ төлөөлөгч ирэхэд өмнөх төлөөлөгчийнхөө тайлбарыг үгүйсгээд байна. Энэ бол шүүхэд албан ёсоор гаргасан хариу тайлбар гэдгийг шүүх анхаарч үзээсэй.

Төсвийн тухай хуулийн 14.4-т Төсвийн ерөнхийлөн захирагч нь төсөв хуваарилах, зарцуулахтай холбогдсон бүрэн эрхээ төсвийн төвлөрүүлэн захирагч, эсхүл харьяалах төсвийн шууд захирагчид шилжүүлж болох бөгөөд ийнхүү шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан. Төсвөө шилжүүлэх эсэх нь энэ хууль болон Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 21.2-т заасны дагуу яам энэ асуудлыг зохион байгуулах ёстой. Энэ үүргийг хэрэгжүүлэхгүй эс үйлдэхүй гаргасан учраас яам энэ хэрэгт хариуцагчаар орох ёстой.

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1,  2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 27, 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 78, 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 91, 04 дүгээр сарын 25-ны өдөр 103 тоот тогтоолоор бүх нийтийн бэлэн байдлын, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоож, хөл хорионы асуудлууд байсан учраас нэхэмжлэлийг 05 дугаар сарын 10-ны өдөр гаргасан. Нэхэмжлэл гаргахдаа энэ тухай дурдсан. Иймд хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэдэг асуудал яригдахгүй. Өмнө нь энэ асуудлаар мэтгэлцээгүй, шүүх шийдээд анхан болон давж заалдах шатны шүүхээр орсон.

Зэвсэгт хүчний жанжин штабын даргад хандах ёстой гээд байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нөхцөл байдал тогтоогдсон учраас урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрйг хүчингүй болгоод дахин хэлэлцүүлэхээр буцаасан юм. Өөрөөр хэлбэл урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдахгүй. Нөгөө талаараа Ө зүгээс Зэвсэгт хүчний жанжин штабт өөрт нь хандаад албан бичиг авсан. Энэ нь төрийн захиргааны байгууллагаас өгсөн хариу. Хуулиараа буюу 21.2-т зааснаар яам хариуцах ёстой. Өнөөдрийг хүртэл хуульд заасан үүргийг хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Нэр ороогүй гэж яриад байгаа. Энэ маргаан буюу 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 38 тоот дүгнэлтээр эрүүл мэндийн шалтгаанаар тэнцэхгүй болох нь тогтоогдож 01 дүгээр сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлөгдөөд, 05 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Яамны зүгээс өмнөх олгох үндэслэлтэй гээд хариу өгч байсан төрийн захиргааны байгууллагын хувьд 2022 оны төсөвт оруулах боломжтой байсан. Гэтэл үүргээ хэрэгжүүлээгүй байж 2022 оны төсөвт Б нэр орж ирээгүй, үүнийг Зэвсэгт хүчний жанжин штабын зүгээс хэлээгүй, өгөөгүй гэдэг байдлаар тайлбарлаж байгаа нь хариуцлагагүй байна. Хууль зүйн хувьд олгох үндэслэлтэй эсэх талаар нийтэд илэрхий үйл баримт байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс адилхан 10 жил ажиллаагүй Г гэж хүн байсан. Хэрэгт авагдсан баримтуудаар Г нь 2015 онд сургууль төгсөөд цэргийн албанд орж ажиллаад 2017 онд чөлөөлөгдсөн. Г энэ тэтгэмжийг олгосон байна,  харин Б олговол яам, Зэвсэгт хүчний жанжин штаб хууль зөрчих гээд байна гэж тайлбарлаж байна. Үзэмжээр нэгэнд нь олгоод, нэгэнд нь олгодоггүй байж болохгүй. Г өгч байгаа нь өөрөө журмынхаа 4 дүгээр заалтыг 18.1, 19.2-т зааснаар тайлбарласан зүйл болоод өнгөрсөн гэж харж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.

3. Хариуцагч Зэвсэгт хүчний жанжин штабын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Иргэн Б.М***** түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан дараах агуулга, утга бүхий үндэслэлээр тайлбар гаргаж байна.

Бэлтгэгч ахлагч Б.М***** нь 2014-2015 онд Батлан хамгаалахын их сургуулийн ахлагчийн сургуулийн цэргийн цагдаагийн мэргэжлээр төгсөж, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/298 дугаар тушаалаар “Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн цэргийн цагдаагийн зохицуулагчаар”, мөн даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/87 дугаар тушаалаар “Зэвсэгт хүчний 150 дугаар ангид жолоочоор”, мөн даргын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/115 дугаар тушаалаар “Зэвсэгт хүчний 150 дугаар ангид жолооч-зохицуулагчаар” тус тус томилогдож, улмаар Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/1751 дүгээр тушаалаар Цэргийн төв эмнэлгийн эмч нарын комиссын 2020 оны 38 дугаар магадлагаагаар цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцэхгүй тухай дүгнэлт гарсан Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн жолооч-зохицуулагч ахлагч Б 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгон ахлагчийн алба хаах гэрээг цуцалж, албан тушаалаас чөлөөлсөн.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.4.4 дэх заалтын дагуу сонсох ажиллагааг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Зэвсэгт хүчний жанжин штабын Хүний нөөцийн хэлтсийн нөхөн хангалтын мэргэжилтэн сургагч ахлагч Б.М***** дугаарын утсаар Б.М***** дугаарын утсаар холбоо барьж, сонсох ажиллагааг явуулахад эрүүл мэндээр чөлөөлөгдөх шийдвэрийг зөвшөөрч, харин нэг удаагийн тэтгэмжийн асуудлын талаар хэд хэдэн удаа сургагч ахлагч Б.М*****, хуулийн зөвлөх ахмад А.Х************ нартай ярьсан бөгөөд олгох боломжгүй талаар тухайн үед мэдэгдэж байсан.

Б нь 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн захирагчаар уламжлуулан Зэвсэгт хүчний жанжин штабын Хүний нөөцийн хэлтсийн даргад өргөдөл гаргасныг 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч бүртгэсэн. Түүний өргөдлийн дагуу 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 16/305 дугаар албан бичгээр 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгох үндэслэлгүй тухай хариуг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны 25-44 тоот  хаягаар бэлтгэл ахлагч Б.М***** хүргүүлсэн.

Б.М***** цэргийн жинхэнэ албанаас чөлөөлсөн, мөн түүний гаргасан өргөдлийн хариуг холбогдох хууль тогтоомж, журамд нийцүүлэн шийдвэрлэж, хариуг хүргүүлсэн болно. Б.М***** нь цэргийн жинхэнэ албанд 2014 онд элсэн орсон бөгөөд 2020 онд чөлөөлөгдсөн нь архивын лавлагаагаар тогтоогдож байгаа тул түүнийг цэргийн албыг 6 жил хаасан талаар хариуцагчийн зүгээс маргах асуудал байхгүй.

 Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “биеийн эрүүл мэндээр халагдах тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгоно”, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт “цэргийн алба хаагч эрүүл мэндээр халагдвал түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно.”, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.7 дахь хэсэгт “энэ зүйлийн 1, 2, 3, 5, 6 дахь хэсэгт заасан тэтгэмж, дэмжлэг олгох журмыг Засгийн газар тогтооно” гэж тус тус заасны дагуу цэргийн албанаас эрүүл мэндээр чөлөөлөгдөж байгаа цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмжийг олгоно. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.7 дахь үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 38 дугаар тогтоолоор Цэргийн алба удаагийн тэтгэмж олгох журмыг баталсан.

 Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг, Засгийн газрын 2011 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан Цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журмын 4-т “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан тэтгэмжийг мөн хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан иргэнд олгохдоо сүүлийн 5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д хувааж, гарсан дундаж цалин хөлсийг 18 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно” гэж заасан нарийвчилсан эрх зүйн зохицуулалттай хамтад нь хэрэглэнэ.

 Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг хангаагүй боловч 10-аас доошгүй жил цэргийн алба хаасан цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлтөөр, биеийн эрүүл мэндээр, цэргийн алба хаах нас хэтэрч халагдсан тохиолдолд хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгох авах эрх”-ийг шууд заасан хэдий ч энэхүү заалтыг хууль тогтоогч цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох эрх зүйн нарийвчилсан зохицуулалтыг Засгийн газар тогтоохоор хуульчлан тогтоосон.

Засгийн газар нь хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд Цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журмыг нарийвчлан зохицуулахдаа орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлтөөр, биеийн эрүүл мэндээр, нас хэтэрч халагдсан тохиолдолд олгох нэг удаагийн тэтгэмжийг Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан иргэнд олгохоор зохицуулж, баталсан. Өөрөөр хэлбэл орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлтөөр, биеийн эрүүл мэндээр, нас хэтэрч халагдах, чөлөөлөгдөж байгаа хүнд олгох нэг удаагийн тэтгэмжийг олгохдоо 10-аас доошгүй жил алба хаасан байх гэсэн хуулийн ерөнхий зохицуулалтыг баримтлан олгохоор зохицуулсан тул Б.М***** нь цэргийн албыг 6 жил алба хаасан ба түүнд Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасан нэг удаагийн тэтгэмжийг олгох эрх зүйн үндэслэлгүй юм.

 Нөгөө талаар Б.М***** нь Зэвсэгт хүчний жанжин штабт 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өргөдөл гаргаж, түүний хариуг 1 дүгээр сарын 22-ны өдөр албан бичгээр өгсөн байхад 2021 оны 05 дугаар сард захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан захиргааны актад гомдол гаргах эрх зүйн зохицуулалтыг, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг тус тус зөрчиж, нэхэмжлэл гаргасан байна.

Б.М***** нь Зэвсэгт хүчний жанжин штабын Хүний нөөцийн хэлтсийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 16/305 дугаар албан бичгээр хүргүүлсэн хариуг гардан авснаар, эсхүл тухайн шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор захиргааны хэргийн шүүхэд, эсхүл Батлан хамгаалах яам, Төрийн албаны зөвлөлд тус тус гомдол гаргаж болох байсан ч шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй юм.

Иргэн Б.М***** нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Зэвсэгт хүчний жанжин штабын зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Зэвсэгт хүчний жанжин штабын гаргасан шийдвэр нь хуульд нийцсэн гэж үзэж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

4. Хариуцагч Зэвсэгт хүчний жанжин штабын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 19.2, 19.7 болон Засгийн газрын 2011 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан журмуудыг ярьж байна.  Хууль, захиргааны хэм хэмжээний акт хоорондын хэрэглээний асуудал яригдаж байна.

Тэтгэмжийг олгох боломжгүй гэх үндэслэл нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19.2-т заасан тэтгэмжийг олгох журмыг мөн хуулийн 19.7-д зааснаар Засгийн газрын тогтоосон журмын дагуу олгоно гэж заасан. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19.7-д “Энэ зүйлийн 1, 2, 3, 5, 6 дахь хэсэгт заасан тэтгэмж, дэмжлэг олгох журмыг Засгийн газар тогтооно” гэж заасан. Тухайн журмын 4 дүгээр заалтад Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8.2-т заасан иргэнд олгохдоо гээд заачихсан байгаа. Хувь тэнцүүлсэн гэдэг талаас нь биш, журам нь өөрөө ийм байдлаар үүсгээд байгаа юм.

Төсвийн хуулиараа төсвийн ерөнхийлөн захирагч Батлан хамгаалахын сайд, төсвийн төвлөрүүлэн захирагч нь Зэвсэгт хүчний жанжин штаб юм.

Г.Х************ гэдэг хүнд 2017 онд Б/711 гэсэн тушаалаар 1 удаагийн тэтгэмж олгосон байна гэсэн зүйлийг ярьж байна. 2017 оны тушаалаар Г.Эрхэмбаярт Д.Д****** гэж хүн тушаал гаргаж гарын үсэг зурсан. 2020 онд нэхэмжлэгчтэй холбоотой эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлсөн тушаалд н гэж хүн гарын үсэг зурсан байгаа. Өмнө нь хууль зөрчөөд олгосон байна, одоо хууль зөрчөөд олго гэдэг зүйлийг ярьж болохгүй. Үүнийг өмнөх нь буруу, одоо зөв гэдэг талаас нь ярих гээд байгаа юм биш. Өмнөх албан тушаалтнууд ямар өнцгөөс харж ингэж дүгнэснийг би тайлбарлаж мэдэхгүй байна. Одоо Зэвсэгт хүчний жанжин штаб дээр Д******* гэж хүн “хуулийг хэрэглэе, хуулийг зөрчихгүй байя” гэдэг зарчмыг бариад хууль дээдлэх зарчмын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа. Үүнтэй холбоотой Батлан хамгаалах яамны Хяналт шинжилгээ дотоод аудитын газарт яг энэ асуудал хөндөгдөөд дэслэгч генерал Д**** гэдэг хүнд төлбөр тавигдах асуудал шалгагдаад явж байгаа. Учир нь 10 жил ажиллаагүй албан хаагчид тэтгэмж олгосон нь буруу гэдэг асуудал одоо яригдаж байгаа. Өмнөх даргын шийдвэр буруу, одоогийн шийдвэр зөв гэдэг талаас нь биш хууль, захиргааны хэм хэмжээний актынхаа хүрээнд тэтгэмж олгох хууль зүйн үндэслэлгүй байна. Хувь тэнцүүлсэн тэтгэвэр гэдэг асуудлыг хуульд заасан. Журмын 4–т хувь тэнцүүлсэн тэтгэврийн 8.2-ийг ишлэл болгож журамлаж байгаа. Би өнөөдөр цэргийн албанд орчихоод маргааш эрүүл мэндээр тэнцэхгүй байлаа гэдэг дүгнэлт гараад маргааш би 18 сарын тэтгэмж авах гээд байна. Засгийн газрын журам нь өөрөө тэр асуудлыг 19.2-т заасан тэтгэмж гэдгийг яг Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8.2-т заасан хувь тэнцүүлж гарч байгаа гэдгийг 10 жил гэж заасан энэ хугацааг барь гэдгийг Засгийн газраас тогтоож өгсөн юм. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаа шиг хууль бүх юмыг барих ёстой гэдэг талаас нь харж тайлбарлаад байна. Засгийн газрын журам нь хуульд нийцэж гарсан. Засгийн газрын тогтоол нь өөрөө 10 жил ажилласан байх гээд заачихсан учраас 1 удаагийн тэтгэмж авах ажилласан жилийн доод хэмжээ нь 10 жил алба хаасан байх ёстой гэдгийг журамлаж өгсөн байгаа юм. Засгийн газрын 38 дугаар тогтоолоор баталсан журмыг харахгүйгээр Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19.2, 8.2 заалтуудыг хооронд нь харьцуулж хэрэглэвэл нэхэмжлэгчийн нөхцөл байдал бүрдэнэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

5. Хариуцагч Батлан хамгаалах яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад эс зөвшөөрч, дараах агуулга, утга бүхий үндэслэлээр тайлбар гаргаж байна. Үүнд:

1/ Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Цэргийн алба хаагчийн нэг удаагийн тэтгэмжийг төрийн захиргааны холбогдох төв байгууллага, ... олгоно” гэж заасан нь тухайн тэтгэмжийг олгох байгууллагатай холбоотой нийтлэг зохицуулалт болно. Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.36 дахь заалтад “төсвийн ерөнхийлөн захирагч” гэж өөрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийг төлөвлөх, батлагдсан төсвийг хууль тогтоомжийн дагуу хуваарилах, хяналт тавих, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг”ойлгохоор заасан ба мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.8 дахь заалтад “Засгийн газрын гишүүн холбогдох төрийн захиргааны төв байгууллагын болон түүнд хууль тогтоомжоор харьяалуулсан бусад байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч” гэж заасны дагуу Батлан хамгаалахын сайд нь төсвийн ерөнхийлөн захирагч бөгөөд сайдын жил бүрийн төсвийн багцад цэргийн алба хаагчид олгох нэг удаагийн тэтгэмжийн хөрөнгө туссан байдаг.

Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “Төсвийн ерөнхийлөн захирагч нь төсөв хуваарилах, зарцуулахтай холбогдсон бүрэн эрхээ төсвийн төвлөрүүлэн захирагч, эсхүл харьяалах төсвийн шууд захирагчид шилжүүлж болох бөгөөд ийнхүү шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасны дагуу Батлан хамгаалахын сайдаас Төсвийн төвлөрүүлэн захирагч болох  Зэвсэгт хүчний жанжин штабын даргад холбогдох төсвийн эрхийг шилжүүлэн үйл ажиллагаа явуулах нөхцлийг хангадаг. Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга нь Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.37 дахь заалтаар төсвийн төвлөрүүлэн захирагч бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.2 дахь заалтад “төсвийн төвлөрүүлэн захирагч жил бүрийн 8 дугаар сарын 01-ний дотор жилийн төсвийн төслөө харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх”-ээр заасан байдаг.

 Зэвсэгт хүчний жанжин штаб нь Батлан хамгаалах яамны харьяа агентлаг болохын хувьд Монгол Улсын Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах”, 7.1.3 дахь заалтад “төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд өгөх саналыг үндэслэл, тооцоотой боловсруулах”, 7.1.4 дэх заалтад “агентлагийн хэтийн болон дунд хугацааны стратегийн төлөвлөгөө, үндсэн чиглэл, төсвийн төслийг хуульд заасан нөхцөл, үндэслэлээр хугацаанд нь боловсруулж, төсвийн ерөнхийлөгчийн захирагчид оруулах” зэрэг нийтлэг асуудлыг эрхлэн гүйцэтгэхээр хуульчилсан байна.

Монгол Улсын Их Хурал 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэж баталсан бөгөөд тус хуулиар Батлан хамгаалах яамны 2022 оны төсөв батлагдсан болно. Батлан хамгаалах яаманд Зэвсэгт хүчний жанжин штабын 2022 оны жилийн төсвийн төсөлд нэг удаагийн тэтгэмж авах алба хаагчдын нэрст Б.М***** нэрийг ирүүлээгүй.

Иймд нэхэмжлэгч Б.М***** цэргийн алба хаагчийн нэг удаагийн тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлээгүй Батлан хамгаалах яамны эс үйлдэхүй нь хууль тогтоомж зөрчөөгүй, хууль зүйн үндэслэлтэй болно.

2/ Нэхэмжлэгч Б.М*****нэхэмжлэлд “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг Б.М***** олгохыг Батлан хамгаалах яам болон Зэвсэгт хүчний жанжин штабт тус тус даалгах” гэжээ.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлд  “Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ”, 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т “нэг удаагийн тэтгэмж”, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-т “зэвсэгт хүчний цэргийн жинхэнэ албаны генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч”, 5 дугаар зүйлд “Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийг улсын төсвөөр санхүүжүүлнэ. Санхүүжилтийг нийгмийн даатгалын санд шилжүүлэх журмыг Засгийн газар тогтооно” гэж хуульчилсан.

 Нэхэмжлэгч Б.М*****нь Цэргийн төв эмнэлгийн эмч нарын комиссын 2020 оны 38 дугаар магадлагаагаар цэргийн жинхэнэ албанд биеийн эрүүл мэндээр тэнцэхгүй  тухай дүгнэлт гарсан тул Цэргийн албаны тухай хуулийн 22 дугаар уйлийн 22.1.3 дахь заалтаар “цэргийн жинхэнэ албанд биеийн эрүүл мэндээр тэнцэхгүй” тухай цэргийн эмнэлгийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлт гарсан  гэж заасны дагуу Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын ахлагч Б чөлөөлөх тухай 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/1751 дүгээр тушаалаар Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн жолооч-зохицуулагч албан тушаалаас 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс чөлөөлөгдсөн байна. Бэлтгэл ахлагч Б.М***** нь Зэвсэгт хүчний 150 дугаар ангид 2014 оноос 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд Зэвсэгт хүчинд нийт 6 жил алба хаасан байна.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэргийн алба хаагч нас барах, тэтгэвэрт гарах, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр болон цэргийн алба хаах нас хэтэрч халагдах тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгоно”, 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  “Цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр түүнчлэн цэргийн алба хаах нас хэтэрч халагдвал түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно” гэж заасан нь цэргийн алба хаагчид олгох нэг удаагийн тэтгэмжийн тохиолдол, хэмжээг тогтоосон нийтлэг зохицуулалт юм.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1, 2, 3, 5, 6 дахь хэсэгт заасан тэтгэмж, дэмжлэг олгох журмыг Засгийн газар тогтооно” гэж, Монгол Улсын Засгийн газрын “Журам батлах тухай” 2011 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам”-ын 1 дэх хэсэгт  “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасан тэтгэмжийг олгоход энэхүү журмыг мөрдөнө”, 4 дэх хэсэгт  “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан тэтгэмжийг мөн хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан иргэнд олгохдоо сүүлийн 5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д хувааж, гарсан дундаж цалин хөлсийг 18 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно” гэж  Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг хангаагүй боловч 10-аас доошгүй жил цэргийн алба хаасан цэргийн алба хаагч дор дурдсан шалтгаанаар халагдсан бол цэргийн алба хаах насны хязгаарт хүрээд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн авах” гэж заасан нарийвчилсан эрх зүйн зохицуулалтыг хамтад нь хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засгийн газар хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журмыг тогтоохдоо биеийн эрүүл мэндээр цэргийн албанаас чөлөөлөгдсөн тохиолдолд олгох нэг удаагийн тэтгэмжийг мөн хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан иргэнд олгохоор нарийвчлан зохицуулсан байдаг.

Бэлтгэл ахлагч Б.М***** нь Зэвсэгт хүчинд цэргийн жинхэнэ албыг биеэр 6 жил буюу 10-аас доош жил хааж, биеийн эрүүл мэндээр цэргийн албанаас чөлөөлөгдсөн тул түүнд Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн З дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалтад заасан нэг удаагийн тэтгэмж олгох хууль зүйн үндэслэлгүй байна.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлд “Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж заасны дагуу энэ хуульд нийцүүлэн Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 2011 онд 38 дугаар тогтоолын хавсралтаар “Цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам”-ыг баталсан бөгөөд цэргийн алба хаагчид нэг олгоход дээрх журмыг баримтлан мөрдөх эрх зүйн удаагийн тэтгэмж зохицуулалттай болно.

Иймд иргэн Б.М***** нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Батлан хамгаалах яамны талаас хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

6. Хариуцагч Батлан хамгаалах яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би сүүлд томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч учраас өмнө томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өөр байр суурьтай байна. Өмнөх итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарыг Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу дараагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэсэгчилж эсвэл бүрэн дэмжих, дэмжихгүй байх үндэслэл байгаа учраас миний гаргаж байгаа тайлбар бол Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18, 19 дүгээр зүйл, Засгийн газрын баталсан журмын дагуу Б тэтгэмж олгох үндэслэл байхгүй гэж үзэж байна.

Би Батлан хамгаалах яамыг төлөөлж Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэлээр оролцож байгаа. Миний гаргаж байгаа байр суурь бол Батлан хамгаалах яамны байр суурь юм.

Төсвийн тухай хууль, Батлан хамгаалах тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, мөн Яамны эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу Батлан хамгаалахын сайд хуульд заасан үндэслэлийн дагуу төсвийн эрхээ төсвийн ерөнхийлөн захирагч буюу Зэвсэгт хүчний жанжин штабт шилжүүлэх зохицуулалттай. Энэ хүрээнд Зэвсэгт хүчний жанжин штабаас тухайн жилд шаардлагатай байгаа тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой төсийг төсвийн багцад тусгах төслөө ирүүлдэг.Үүнийг төсөв батлагдсаны дараа Зэвсэгт хүчний жанжин штабт ирүүлдэг.  Батлан хамгаалах яам бол өргөдөл, гомдол гаргасан иргэний хүсэлтийг шийдвэрлүүлэх үүргийг холбогдох хуульд заасны дагуу хүлээн авч, судалж 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 1/2001 дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн. Шийдвэрлээгүй эсвэл шийдвэрлэхгүй орхигдуулсан зүйл байхгүй. Иргэдээс Төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т Гомдлыг түүнд холбогдож байгаа байгууллага, албан тушаалтныг харьяалсан дээд шатны байгууллага, албан тушаалтанд, харьяалсан дээд шатны байгууллага, албан тушаалтан байхгүй бол тухайн захиргааны актыг гаргасан байгууллагад, эсхүл гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллагад гаргана гэсэн эрх зүйн зохицуулалтын хүрээнд гомдлыг Зэвсэгт хүчний жанжин штабт гаргана уу гэсэн хариуг Төрийн нарийн бичгийн даргын гарын үсэгтэй 06 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчид хариуг хүргүүлсэн. Эс үйлдэхүй гаргаагүй. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд өргөдөл, гомдлын хариуг хүргүүлж шийдвэрлэсэн. Шийдвэрлээгүй орхигдуулсан зүйл байхгүй. Иймд Батлан хамгаалах яам нь нэхэмжлэгч Б.М***** төрийн албан хаагчийн 1 удаагийн тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлээгүй, Батлан хамгаалах яамны эс үйлдэхүй гаргаагүй, хууль тогтоомж зөрчөөгүй, хууль зүйн үндэслэлтэй.

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт энэ зүйлийн 1, 2, 3, 5, 6 дах хэсэгт заасан тэтгэмж дэмжлэг олгох журмыг Засгийн газар тогтооно. Засгийн газар нь энэ хуулийн зохицуулалтын  хүрээнд 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдөр  38 дугаар тогтоолоор цэргийн албан хаагчид 1 удаагийн тэтгэмж олгох журмыг баталсан. Энэхүү журмын 1-т Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасан тэтгэмжийг олгоход энэхүү журмыг мөрдөнө.

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийн агуулга тус бүрд нь тайлбар гаргасан. Нэхэмжлэгч Б.М***** нь 10 жил цэргийн алба хаачихаад цэргийн албанаас чөлөөлөгдсөн бол гэдэг байр сууринаас Зэвсэгт хүчний жанжин штабаас төсөв хөрөнгө нь тусгагдаад ороод ирсэн бол олгогдох үндэслэлтэй юм байна. 10 жил цэргийн алба хаах хугацаанд хүрээгүй учраас Зэвсэгт хүчний жанжин штабаас орж ирэх төсөвт тусгагдаагүй. Яамнаас тухайн жилийн төсвийн төсөөллийг Зэвсэгт хүчний жанжин штабаас хүлээж аваад цэргийн албан хаагчид тухайн жилд олгох тэтгэвэр, тэтгэмжид ноогдох төсвийн төсөөллийн үндсэн дээр тухайн батлагдсан төсвийг Батлан хамгаалахын сайд нь өөрийн бүрэн эрхийг Зэвсэгт хүчний жанжин штабт шилжүүлж, жанжин штабаар дамжуулан тэтгэвэр, тэтгэмж олгогддог.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлд Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ гэж заасан. Энэ үндэслэлийн хүрээнд нэхэмжлэгч Б.М***** нь 10-аас дээш жил цэргийн алба хаагаагүй учраас 1 удаагийн тэтгэмж олгох үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

7. Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: “Нэг тал нь жил хүрээгүй гэж яриад байна. Тэр нь тэтгэвэр, тэтгэмж гээд 2 өөр зүйл яриад байна. Өмнө нь өөр хүн тухайн тэтгэмжийг авсан юм байна.  Өмнө нь хүн авсан гэдэг утгаараа нэхэмжлэгчийг авах ёстой байх гэж бодож байна.” гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.М***** нь “эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанаас халагдсан цэргийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлээгүй Батлан хамгаалах яамны эс үйлдэхүйг болон Зэвсэгт хүчний жанжин штабын цэргийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмжийг олгохоос 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 16/305 тоот албан бичгээр татгалзсан нь тус тус хууль бус болохыг тогтоолгож, 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг Б.М***** олгохыг Батлан хамгаалах яам болон Зэвсэгт хүчний жанжин штабт тус тус даалгуулахаар” нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бөгөөд хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Б.М***** нь 2014-2015 онд Батлан хамгаалахын их сургуулийн ахлагчийн сургуулийг цэргийн цагдаагийн мэргэжлээр төгсөж, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/298 дугаар тушаалаар Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн цэргийн цагдаагийн зохицуулагчаар, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/87 дугаар тушаалаар тус ангид жолоочоор, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/115 дугаар тушаалаар жолооч-зохицуулагчаар тус тус томилогдон  Зэвсэгт хүчний 150 дугаар ангид 2014 оноос 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 6 жил ажиллаад ахлагч цолтой байхдаа 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/1751 дүгээр тушаалаар эрүүл мэндээр цэргийн албанд тэнцэхгүй шалтгаанаар ахлагчийн алба хаах гэрээг цуцалж, албан тушаалаас чөлөөлсөн. Цэргийн төв эмнэлгийн эмч нарын комиссын 2020 оны 38 дугаар магадлагаагаар түүнийг цэргийн жинхэнэ албанд биеийн эрүүл мэндээр тэнцэхгүй хэмээн дүгнэлт гарсан бөгөөд цэргийн жинхэнэ албанд 6 жил ажиллаад эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанаас чөлөөлөгдсөн талаар талууд маргаагүй.

Б.М***** алба хааж байсан Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн захирагчаар уламжлуулан Зэвсэгт хүчний жанжин штабт 2021 оны 1 дүгээр сарын 16-нд гаргасан “нэг удаагийн тэтгэмж авах” хүсэлтэд Зэвсэгт хүчний жанжин штаб 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 16/305 тоот албан бичгээр Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмж олгох журмын 4 дэх заалтаар цэргийн жинхэнэ албыг 6 жил хаасан нь тэтгэмж олгох хугацааг хангахгүй байгаа үндэслэлээр Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1, 19 дүгээр зүйлийн 2-т заасан нэг удаагийн тэтгэмжийг олгохоос татгалзсан байдаг.

Улмаар Батлан хамгаалахын сайдад хандан 2021 оны 2 дугаар сарын 23-наар огноолсон “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1, 19 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгохоос Зэвсэгт хүчний жанжин штаб үндэслэлгүйгээр татгалзсан тул уг татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах, тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлүүлэх” гомдлыг 3 дугаар сарын 15-нд яаманд ирүүлснийг 3 дугаар сарын 23-нд бүртгэж, яамны Төрийн захиргааны удирдлагын газар 4 дүгээр сарын 29-ний өдөр 59 дугаартай дотоод албан бичгээр Стратегийн бодлого, төлөвлөлтийн газарт шилжүүлж, тус газраас 4 дүгээр сарын 30-ны өдрийн 17 дугаартай дотоод албан бичгээр Төрийн захиргааны удирдлагын газарт “гомдлоо Зэвсэгт хүчний жанжин штабын даргад хандаж шийдвэрлүүлэхийг гомдол гаргагчид зөвлөхийг” мэдэгдэж хариу өгсөн, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 1в/2001 тоот албан бичгээр Б.М***** тэр талаарх хариуг өгчээ. 

Ийнхүү яаманд гомдол гаргасан ч хуулиар тогтоосон хугацаанд хариу өгөөгүй байсан тул 2021 оны 5 дугаар сарын 10-нд “шийдвэрлээгүй яамны эс үйлдэхүй”-д холбогдуулан нэхэмжлэл гаргасныг захиргааны журмаар урдчилан шийдвэрлүүлэх журмыг хангуулаагүй гэж, нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй. Тодруулбал нэг удаагийн тэтгэмжийг олгохоос татгалзсан Зэвсэгт хүчний жанжин штабын шийдвэрийг хүчингүй болгуулахаар, тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлүүлэхээр буюу 2 агуулгаар гаргасан гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон 30 хоногийн хугацаанд шийдвэрлэж хариу өгөөгүй, нөгөөтэйгүүр Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 6-д зааснаар өргөдөл, гомдолд дурдсан асуудлыг бүх талаас нь судлан үзэж, хууль тогтоомжид нийцүүлэн үндэслэлтэй шийдвэрлэж, үндэслэл бүхий хариу өгөөгүй тул захиргааны журмаар урдчилан шийдвэрлүүлэх журмыг хангуулаагүй гэж, нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй байна.

Цэргийн албанаас чөлөөлөх шийдвэрийн төсөл танилцуулсан хуудсанд “цар тахлын улмаас шалтгаалан Зэвсэгт хүчний жанжин штаб цэргийн алба хаагчдыг хүлээж авахгүй байгаа”-г тусгасан, мөн Засгийн газрын холбогдох шийдвэрүүдээр бүх нийтийн бэлэн байдлын болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд байгууллагууд өргөдөл гомдлыг цахимаар болон шуудангийн байгууллагаар дамжуулан хүлээн авч, илгээж байсан, үйл ажиллагааг хэсэгчлэн явуулж байсан зэргээс шалтгаалан аль аль талаасаа хугацаа хэтрүүлсэн байхыг үгүйсгэхгүй, энэ нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахыг дурдах нь зүйтэй.  

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн доорх заалтуудыг тайлбарлан хэрэглэвэл нэхэмжлэгчийн “татгалзаж буй үндэслэлд дурдсан журмын заалт нь түүнд хамаарахгүй, эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанаас халагдсан тохиолдолд 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж авах эрх үүснэ” хэмээн маргаж буй нь үндэслэлтэй, харин хариуцагч нарын “нэг удаагийн тэтгэмжийг олгох журмаар тавигдсан цэргийн алба хаасан хугацааны шаардлагыг хангаагүй тул боломжгүй” хэмээх татгалзал үндэслэлгүй байна. 

Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүхийн шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, цэрэг, цагдаагийн сургуулийн сонсогч нарт буюу цэргийн алба хаагчид тэтгэвэр, тэтгэмж тогтоож, олгохтой холбогдсон харилцааг зохицуулах Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлээр цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн төрлийг заасан, цэргийн тэтгэвэр 3 төрөл, цэргийн тэтгэмж 4 төрөлтэй, тодруулбал 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т “нэг удаагийн тэтгэмж” гэж цэргийн тэтгэмжийн нэг төрөл болгон тодорхойлсон, цэргийн тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй цэргийн албан хаагчдыг 4 дүгээр зүйлээр тодорхойлсны дотор 1 дэх хэсгийн 1-д “зэвсэгт хүчний цэргийн жинхэнэ албаны генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч” гэж зааж өгсөн.

Ийнхүү нэг удаагийн тэтгэмж нь цэргийн тэтгэмжийн төрөлд багтах бөгөөд нэг удаагийн тэтгэмжийг авах тохиолдол, түүний хэмжээг Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар бүлэгт тусад нь зохицуулсан, тухайлбал 18 дугаар зүйлийн 1-д “Цэргийн албан хаагч нас барах, тэтгэвэрт гарах, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр болон цэргийн алба хаах нас хэтэрч халагдах тохиолдолд түүнд нэг удаагийн тэтгэмж олгохоор”, 19 дүгээр зүйлийн 2-т “Цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, түүнчлэн цэргийн алба хаах нас хэтэрч халагдвал түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгохоор” заажээ.

Тодруулбал Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1, 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “цэргийн албанд ажилласан жилийн талаарх шаардлага”-ыг тогтоогоогүй бөгөөд цэргийн албан хаагч “эрүүл мэндийн шалтгаанаар” цэргийн албанаас халагдсан тохиолдолд нэг удаагийн тэтгэмж авах эрх энэ хуулийн 18 дугаар зүйлийн 1-д зааснаар үүсэж, тэтгэмжийн хэмжээг 19 дүгээр зүйлийн 2-т 18 сарын цалинтай тэнцэхээр хуулиар ийнхүү тогтоосон байна.

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар бүлэгт 19 дүгээр зүйлд “19 дүгээр зүйлийн 2-т заасан орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, мөн цэргийн алба хаах нас хэтэрч халагдсан цэргийн албан хаагчид нэг удаа 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор зааснаас гадна мөн зүйлд нэг удаагийн тэтгэмж олгох тохиолдлоос хамаарсан тэтгэмжийн хэмжээг өөрөөр тогтоож”, тэдгээр үндэслэлүүдээр нэг удаагийн тэтгэмжийг олгох журмыг Засгийн газар тогтоохоор 19 дүгээр зүйлийн 7-д заажээ.

Хариуцагч нарын татгалзлын үндэслэл болж буй Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 38 дугаар тогтоолоор баталсан Цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журмын 4 дэх “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан тэтгэмжийг мөн хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан иргэнд олгохдоо сүүлийн 5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д хувааж, гарсан дундаж цалин хөлсийг 18 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно” гэсэн заалт нь “10-аас доошгүй жил цэргийн алба хаасан, тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгох эрх бүхий цэргийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох харилцааг” журамласан заалт болохоос мөн хуулийн 18 дугаар зүйлийн 1-д заасан тэтгэмжийг авах алба хаагч бүрт тавьсан ажилласан жилийн шаардлага гэж үзэхгүй. Учир нь дээр дүгнэснээр эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанаас халагдсанаар нэхэмжлэгчид үүссэн эрх нь 1 удаагийн тэтгэмжид хамаарах бөгөөд цэргийн тэтгэврийн асуудал биш юм.

 Тодруулбал Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйл нь цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх хэрхэн үүсэхийг зохицуулсан, 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь “10-аас доошгүй жил цэргийн алба хаасан цэргийн алба хаагч ... шалтгаанаар халагдсан бол цэргийн алба хаах насны хязгаарт хүрээд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн авах” эрх үүсэх нөхцлийг зааж буй зохицуулалт, тиймээс Цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журмын 4 дэх заалт нь цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн авах эрх үүссэн алба хаагчид бас нэг удаагийн тэтгэмж олгохоор бол хэрэглэх зохицуулалт байна.

Иймд  Цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журмын 4 дэх заалт нэхэмжлэлийн шаардлагад хамаарах нэг удаагийн тэтгэмжийг шийдвэрлэхэд хэрэглэгдэхгүй тул эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанаас халагдсан нэхэмжлэгчийн Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1-д заасан нэг удаагийн тэтгэмжийг  мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 2-т заасан хэмжээгээр авах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар цэргийн тэтгэмжийг улсын төсвөөс санхүүжүүлэх бөгөөд 21 дүгээр зүйлийн 2-т Цэргийн алба хаагчийн нэг удаагийн тэтгэмжийг төрийн захиргааны төв байгууллага буюу Батлан хамгаалах яам олгохоор заасан.

Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.36-д зааснаар Батлан хамгаалах яам нь "төсвийн ерөнхийлөн захирагч", 4.1.37–д зааснаар Зэвсэгт хүчний жанжин штаб нь "төсвийн төвлөрүүлэн захирагч" бөгөөд  14 дүгээр зүйлийн 14.4-т “Төсвийн ерөнхийлөн захирагч нь төсөв хуваарилах, зарцуулахтай холбогдсон бүрэн эрхээ төсвийн төвлөрүүлэн захирагч, эсхүл харьяалах төсвийн шууд захирагчид шилжүүлж болох бөгөөд ийнхүү шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаар төсөв хуваарилах, зарцуулах бүрэн эрхээ шилжүүлсэн эсэхээс үл хамаараад Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т заасан тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлэх үүргээс яам чөлөөлөгдөхгүй.

Хуулиар хүлээсэн энэ үүргээ хэрэгжүүлээгүй, энэ талаарх доод шатны байгууллагын татгалзсан шийдвэрт  гаргасан гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 6-д зааснаар өргөдөл, гомдолд дурдсан асуудлыг бүх талаас нь судлан үзэж, хууль тогтоомжид нийцүүлэн үндэслэлтэй шийдвэрлээгүй, үндэслэл бүхий хариу өгөөгүй тул өргөдөл гомдлыг шийдвэрлэх хуулиар тогтоосон хугацаа хэтэрсний дараа “гомдлоо Зэвсэгт хүчний жанжин штабын даргад хандаж шийдвэрлүүл” гэсэн хариу өгснийг  өргөдөл гомдолд үндэслэл бүхий хариу өгсөн гэж үзэхгүй, тэр ч утгаараа хариуцагч Батлан хамгаалах яамны “эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанаас халагдсан Б.М***** нэг удаагийн тэтгэмж олгох” асуудлыг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн “эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанаас халагдсан Б.М***** нэг удаагийн тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлээгүй Батлан хамгаалах яамны эс үйлдэхүйг болон түүнд нэг удаагийн тэтгэмжийг олгохоос 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 16/305 тоот албан бичгээр татгалзсан Зэвсэгт хүчний жанжин штабын шийдвэр нь тус тус хууль бус болохыг тогтоож, эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанаас халагдсан Б.М***** 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгохыг Батлан хамгаалах яам болон Зэвсэгт хүчний жанжин штабт тус тус даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч “тэтгэвэр, тэтгэмж гээд 2 өөр зүйл яриад байна. Өмнө нь өөр хүн тухайн тэтгэмжийг авсан юм байна.  Өмнө нь хүн авсан гэдэг” үндэслэлээр “нэг удаагийн тэтгэмжийг нэхэмжлэгч авах ёстой” хэмээн дүгнэлт гаргасныг нэхэмжлэлийг хангах шийдвэрийн үндэслэл болгосон бөгөөд нэхэмжлэгчид хамаарах төрөл нь нэг удаагийн тэтгэмж болохыг, уг тэтгэмжийг олгоход алба хаасан хугацаа хамаарахгүйг дээр дүгнэсэн болно.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дах заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 18 дугаар зүйлийн 1, 19 дүгээр зүйлийн 2, 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанаас халагдсан Б.М***** нэг удаагийн тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлээгүй Батлан хамгаалах яамны эс үйлдэхүйг болон түүнд нэг удаагийн тэтгэмжийг олгохоос 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 16/305 тоот албан бичгээр татгалзсан Зэвсэгт хүчний жанжин штабын шийдвэр нь тус тус хууль бус болохыг тогтоож, эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанаас халагдсан Б.М***** 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгохыг Батлан хамгаалах яам болон Зэвсэгт хүчний жанжин штабт тус тус даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны  дагуу нэхэмжлэгч Б.М***** улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб тус бүрээс 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Д.ХАЛИУНА

                           ШҮҮГЧ                                          М.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧ                                          Н.ДАМ