Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2026/0036

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б*******гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц*******

Нэхэмжлэгч: Б.Б*******

Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн Б/978 дугаар “Ажлаас чөлөөлж, томилох, цагдаагийн цол хураах, цэргийн цол олгох тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, цагдаагийн ахмад цол олгохыг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгах, цалингийн зөрүү 8.284.120 төгрөг гаргуулах.

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2025/0711 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М*******, Б.Г*******, Б.Г*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Чулуунцэцэг

Хэргийн индекс: 128/2025/0572/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Б*******гаас Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн Б/978 дугаар “Ажлаас чөлөөлж, томилох, цагдаагийн цол хураах, цэргийн цол олгох тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, цагдаагийн ахмад цол олгохыг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгах, цалингийн зөрүү 8.284.120 төгрөг гаргуулах”-аар маргасан.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2025/0711 дүгээр шийдвэрээр:

“Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б*******гаас Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн Б/978 дугаар “Ажлаас чөлөөлж, томилох, цагдаагийн цол хураах, цэргийн цол олгох тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, цагдаагийн ахмад цол олгохыг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгах, цалингийн зөрүү 8.284.120 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“...Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг “...маргаан бүхий актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн хувьд сэргэх хууль ёсны ашиг сонирхол байхгүй, даалгах шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй, Цагдаагийн албаны тухай хуулийн 66.2-т заасны дагуу Б.Б******* нь хуулийн энэхүү зохицуулалтаар тогтоосон шаардлагыг хангахгүй болсон байх тул эрүүгийн мөрдөгчөөр тогтоох боломжгүй... өөрчлөгдөх нөхцөл боломж байхгүй... гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий бус болно.

Учир нь хариуцагч маргаан бүхий тушаалаар Б.Б*******г гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн, халсан шийдвэр гаргаагүй бөгөөд уг тушаал нь дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй тушаал болно.

Маргаан бүхий тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь хэсэг, Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэг, Цэргийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг, 21.2 дахь хэсгийг буюу алба хаагчийг шилжүүлэн томилох эрх зүйн зохицуулалтыг удирдлага болгосон боловч уг тушаал гарахтай холбоотойгоор шилжүүлэн ажиллуулах эрх зүйн хэм хэмжээний урьдчилсан нөхцөлийн аль нь ч хангагдаагүй буюу Б.Б*******г шилжүүлэн томилохтой холбоотой ашиг сонирхлын зөрчил”, албан ажлын шаардлага анхнаасаа байгаагүй. Албан хаагч хүсэлт гаргаагүй хүсэлт, санал гаргаагүй, албан тушаал цомхотгогдоогүй, эрх бүхий байгууллагын эгүүлэн томилсон шийдвэр байхгүй эрүүл мэнд, сэтгэцийн хувьд цагдаагийн албан хаагчид тавигдах шалгуурыг бүрэн хангаж байгаа болно.

Шүүхээс маргаан бүхий захиргааны актын дээрх хууль бус байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, уг акт нь "Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 42.5-д заасныг зөрчсөн болохыг тогтоосон боловч нэхэмжлэлийн шаардлага, үйл баримтаас хальсан дүгнэлтийг хийж, болоогүй үйл явдалд дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-т захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох... гэж заасны дагуу уг акт хууль бус болох нь тогтоогдсон нөхцөлд хүчингүй болгох шийдвэр гаргах ёстой.

Гэтэл шүүх энэхүү нөхцөлөөс хальж дүгнэлт хийн, хууль бус уг актыг хүчингүй болгосноор дараа нь үүсэж болзошгүй гэх эрх зүйн үр дагаварыг үндэслэж аливаа байдлаар сэргээгдэх эрх ашиг байхгүй байна гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл шүүхээс хариуцагч маргаан бүхий тушаалыг Б.Б*******г цагдаагийн албанаас халсан тушаалтай адилтган үзэж, захиргааны байгууллагын өмнөөс халах шийдвэр гаргах байсан мэтээр дүгнэсэн байгаа болно.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 711 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасангүй.

1.Хэлбэрийн хувьд маргаан бүхий тушаалд үндэслэсэн хуулийн зохицуулалт болон Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн тасгийн эрүүгийн мөрдөгчийн ажлаас чөлөөлж, Дотоодын цэргийн 05 дугаар ангийн Нэгдүгээр салбарын хамгаалалтын офицероор томилж, цагдаагийн ахмад цолыг хураан, ахмад цол олгосон нөхцөл байдалд давж заалдах гомдолд дурдсанчилан нэхэмжлэгч Б.Б*******г “шилжүүлэн томилохдоо түүний саналыг аваагүй, албан ажлын зайлшгүй шаардлага үүсээгүй, өөрөөр хэлбэл шилжүүлэн ажиллуулах хуульд заасан урьдчилсан нөхцөл хангагдаагүй…” гэж тайлбарлаж болох ч, маргааны үйл баримтаас үзэхэд Б.Б*******г өөр ажил, албан тушаалд шилжүүлсэнээр түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, энэ талаар шийдвэрт үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. 

Тухайлбал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг шүүх зөрчөөгүй, хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад хариуцагчаас дээрх тушаалыг гаргах болсон үндэслэл, шалтгааны талаар бичгээр гаргасан хариу тайлбартаа тодорхой тусгасан, мөн холбогдох нотлох баримтыг ч ирүүлсэн байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-т “…маргаан бүхий актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн хувьд сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй, даалгах шаардлагыг хангах үндэслэлгүй…” гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.

2.Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2-т цагдаагийн албанаас халах нэг тохиолдлыг “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон” гэж тодорхойлсон, гэтэл нэхэмжлэгч Б.Б*******гийн тухайд Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолоор эрүү шүүлт тулгах, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, нийт 11.4 сая төгрөгөөр торгох ял ногдуулсаныг Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 242 дугаар тогтоолоор хэвээр үлдээснээр шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон, энэ талаар ч шийдвэрт тодорхой дурджээ.

Харин энэхүү нөхцөл байдал нь цаг хугацааны хувьд Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас “Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн хүн, хуулийн этгээдийн мэдээллийн сан бүрдүүлэх, лавлагаа олгох хэсгээс алба хаагчийн мэдээллийг устгасан байж болзошгүй” гэх асуудалд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын (код 112) 112.7.2.1-д заасны дагуу 2024-075-000-043 дугаартай албаны шалгалтын явцад тогтоогдож, улмаар нэхэмжлэгчийн эрх, ашгийг дордуулахгүй байх зорилгоор ажлаас чөлөөлж, одоогийн албан тушаалд томилсон нь, мөн цагдаагийн цолыг хурааж, цэргийн цол олгосон нь эсрэгээрээ Б.Б*******гийн хувьд эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байна.

3.Шийдвэрт шилжүүлэн томилох харилцаанд “…нэхэмжлэгчээс санал аваагүй, даргын зөвлөлийн хурлаар хэлэлцээгүй…” гэх зэргээр зохих зөрчил байгааг үгүйсгээгүй атлаа “маргаан бүхий тушаалыг бодит нөхцөл байдалд тохироогүй” гэж дүгнэсэн нь хангалтгүй, харин ч хариуцагчийн зүгээс тухайн нөхцөл байдалд нэхэмжлэгчийг ажлаас халалгүйгээр, түүний эрх, ашгийг зохих хэмжээнд хамгаалсан шийдвэр гаргасан энэ тохиолдолд нэхэмжлэлийн болон давж заалдах гомдлын шаардлагыг хангах үндэслэлгүй болно.

Учир нь Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 82.1.2-т заасан цагдаагийн албанаас халагдах нөхцөл нэгэнт бүрдсэн нэхэмжлэгчийн тухайд шүүх зөвхөн маргаан бүхий тушаалд үндэслэсэн заалтад дүгнэлт хийх байдлаар Б.Б*******г урьд эрхэлж байсан Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн тасгийн эрүүгийн мөрдөгчийн албан тушаалд эгүүлэн томилохыг, цагдаагийн ахмад цолыг буцаан олгохыг болон цалингийн зөрүү 8.284.120 төгрөгийг нөхөн гаргуулахыг тус тус хариуцагчид даалгах боломжгүй, магадгүй ийнхүү даалгах тохиолдолд хэлбэрийн хувьд нэхэмжлэлийн шаардлага хангагдаж буй мэт боловч бодит байдалд нэхэмжлэгчийн эрх зүйн байдал одоогийнхоосоо илүү дордоход хүргэх үр дагавартай.   

4.Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “…Б.Б*******г Өршөөлийн тухай хуульд хамрагдсан, тийм ч учраас сэлгэн ажиллах гэдэг асуудал гарсан…” гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, мөн өршөөлд хамрагдсан нь түүнийг гэм буруугүй гэж дүгнэх үндэслэл болохгүй, үүнийг  итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2025/0711 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц*******ий давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлий 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                       ШҮҮГЧ                                               Н.ДОЛГОРСҮРЭН

                  ШҮҮГЧ                                             Д.ОЮУМАА

                  ШҮҮГЧ                                               Э.ЛХАГВАСҮРЭН