Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 29

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж, шүүгч Ү.Түмэнжаргал, Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

            улсын яллагч Б.Мөнх-Од,

            нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг,

            шүүгдэгч Г.Гантулга, түүний өмгөөлөгч Д.Дашдорж,

            насанд хүрээгүй шүүгдэгч З.Төгөлдөр, түүний өмгөөлөгч Д.Нармандах,

            шүүгдэгч Н.Наранбаатар, түүний өмгөөлөгч С.Санжаажамц,

            хохирогч Н.Шинжээравдан,        

            насанд хүрээгүй шүүгдэгч З.Төгөлдөрийн хууль ёсны төлөөлөгч Д.Золбоожаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:         

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар Ганзоригийн Гантулгад, 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар Золбоожаргалын Төгөлдөрт,  222 дугаар зүйлийн 222.2, 223 дугаар зүйлийн 223.1-д зааснаар Нарантуяагийн Наранбаатар нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625020201 тоот хэргийг шүүн хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Өндөрхаан суманд 1996 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарт хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Гүнжийн 44 дүгээр гудамж 48 тоотод оршин суух, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД:СЮ 96042419 / Боржигон овогт Ганзоригийн Гантулга,

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1999 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Аврага бүрэн дунд сургуулийн 11в ангид суралцдаг, ам бүл 4, өвөг эцэг, эмэг эх, эх нарын хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Гүнжийн 44 дүгээр гудамжны 53 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн,  / РД: УШ 99110353 / Чулуудай овогт Золбоожаргалын Төгөлдөр,

 

3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1997 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “ Титэм дизайн “ компанид дизайнер ажилтай, ам бүл 5, эцэг ,эх , эгч нарын хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо 44 дүгээр гудамж 69 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД:УИ97010417 / Боржигон овогт Нарантуяагийн Наранбаатар нар нь:

 

Шүүгдэгч Г.Гантулга нь:

- З.Төгөлдөртэй бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Тоосгоны үйлдвэрийн эцэс гэх газарт таксигаар үйлчилж байсан жолооч буюу хохирогч А.Нинжбадгарын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан улмаар Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлх захын дэргэд очиж прада маркийн гар утас, бэлэн 69000 төгрөг, алтан ээмэг, 30 ам доллар, Голомт, Хаан, Төрийн банкны виза картуудыг дээрэмдэж, 381.899 төгрөгний хохирол учруулсан,

- 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Сэлхийн замд 04 дүгээр автобусны буудлын орчимд 54-71 УНА улсын дугаартай "Хьюндай соната-5" маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх хэсэгт заасан " жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна" гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Ш.Буяндэлгэрийн амь насыг хохироож, Н.Наранбаатарын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулан, иргэн Г.Алтангэрэлд 1.870.000 төгрөгний хохирол учруулсан,

 

- Насанд хүрээгүй шүүгдэгч З.Төгөлдөр нь Г.Гантулгатай бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Тоосгоны үйлдвэрийн эцэс гэх газарт таксигаар үйлчилж байсан жолооч буюу хохирогч А.Нинжбадгарын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан улмаар Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо "Бэлх" захын дэргэд очиж прада маркийн гар утас, бэлэн 69.000 төгрөг, алтан ээмэг, 30 ам доллар, Голомт, Хаан, Төрийн банкны виза картуудыг дээрэмдэж, 381.899 төгрөгний хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Н.Наранбаатар нь:

- 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 12-16 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Гүнжийн 44 дүгээр гудамжны 69 дүгээр тоотын гаднаас ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр иргэн Г.Алтангэрэлийн эзэмшлийн 54-71 УНА улсын дугаартай "Хьюндай соната-5" маркийн тээврийн хэрэгслийг авч зугтаасан,

- 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Гантулгыг согтууруулах ундааны зүйл хэрэглэснийг мэдсээр байж иргэн Г.Алтангэрэлийн өмчлөлийн 54-71 УНА улсын дугаартай "Хьюндай соната-5" маркийн тээврийн хэрэгслийг жолоодуулж, жолоогоо бусдад шилжүүлсэний улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Ш.Буяндэлгэрийн амь насыг хохироож, Г.Гантулгын биед хүзүүний 7 дугаар нугалмын арын сэртээнгийн далд хугарал, тархи доргилт, баруун ухархайн дотор хананы хугарал, баруун дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

            Хохирогч А.Нинжбадгар мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ:  2016 оны 01 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө би нөхөр Рагчаагийн эзэмшлийн 03-11 УБЛ улсын дугаартай, хар өнгийн прис-20 маркийн машинаар таксинд явж байтал 17-18 орчим насны саарал өнгийн куртиктэй, 22-23 орчим насны хар өнгийн куртиктэй, 175 орчим өндөртэй, хоёр залуу гар өргөөд хоёулаа хойд талын суудал дээр суусан. Тэр хоёр тоосгоны үйлдвэр очоод, буцаад явна гэж хэлсэн. Тэгээд Дарь-эхийн замд Ганц худаг руу эргэдэг уулзварын тэнд толиндоо харахад хоёулаа алчуураар амаа боогоод, нүдээ л ил гаргасан байсан. Тоосгоны эцэс дээр ирээд “ Эгчээ энүүгээр баруун тийшээ эргээрээ “ гээд эргүүлсэн. Гудамжаар сүлжээд чигээрээ яваад гэнэт доошоо уруудаад, өгсөөд, хэдэн айл харагдаад, цаашаа уул руу маягтай дээш өгсүүлэх гэхээр нь би “ Эгчийнх нь машины бензин дуусах гээд байна. Та 2 буугаад алхах юм уу “ гэхэд “ Эгчээ хол шүү дээ “ гэхээр нь машинаараа дээшээ зүтгүүлээд бараагүй. Тэгтэл тэр залуу нь эгчээ би жолоодоод гаргая гэхээр нь хажууд нь суутал ганцхан хаазлаад л жалганы цаад талд гарсан. Дээр гарсан хойноо ар талын суудал дээр сууж явсан арай жижиг биетэй залуу нь машины суудлын бүсээр миний хоолойгоор боохоор нь би эрүүгээ цээж рүүгээ наах маягтай доошлуулсан чинь миний хүзүү рүү боолт ороогүй. Тэгээд би “ Эгч нь тамхи татаадахъя “ гээд тамхи татсан. Тэгээд би ар талын суудал дээр суугаад, хар хувцастай залуу нь машиныг ухрааж жалга руу буулгаад зогссон. Надаас Хаан, Төрийн банк, Голомт банкны картуудыг авсан. Пин кодыг нь асуухаар нь хэлж өгсөн. Тэгээд насаар ахимаг хар хувцастай залуу нь “ Нүдийг нь боо, боо “ гээд нүд боогоод, довтой газраар явсаар байгаад нэг засмал зам руу гараад жаахан яваад хар хувцастай залуу нь жижигхэн биетэй залуугаа “ АТМ ороод ир “ гээд буулгасан. Жижигхэн биетэй залууг буусан хойно хар хувцастай залуу нь Голомт банкныхаа картны дугаарыг хэл гээд зодоод байсан. Тэгээд намайг “ Хэдэн хүүхэд гаргасан бэ “ гээд нэгжээд, энгэрлүү гараа хийгээд хоёр хөх базаад байсан. Кодоо хэл гээд дахиад цохихоор нь би сандраад 4873 гээд ээжийнхээ картны дугаарыг андуураад хэлсэн. Тэгэхэд нөгөө залууг ирэхээр нь шалгуулна. Худлаа хэлсэн байвал ална шүү гэсэн. Тэр залуу гарнаас базаад байхаар нь би “ Эгч нь саяхан гарандаа хагалгаа хийлгэсэн. Гар битгий базаач “ гэхэд “ Яасан их мөнгөтэй юм бэ. Энийг чинь хугалаад чи дахиад хагалгаанд ороорой “ гэсэн. Голомт банкныхаа картныхаа дугаарыг хэл гээд цохиод байхаар нь “ Эгч нь нөхөр рүүгээ яриад мөнгө шилжүүл гээд хэлчихье “ гэхэд “Өө яасан өгөөмөр хүн бэ “ гээд дахиад цохиод байсан.

            Тэгээд би нүдээ боолгосон ороолтоо тайлаад, жаахан завсар гараад тэр хооронд нь машины баруун хойд талын хаалгыг онгойлгоод зугтаах гэтэл тэр залуу мэдээд бид 2 хоорондоо ноцолдсон. Тэр залуу миний дух руу гараа зангидаад цохиод байсан. Тэр хооронд би хөлөөрөө машиныхаа таазанд тулж байгаад хүчтэй жийтэл тэр зүүн хойд хаалгаар унасан. Унахдаа надаас зуураад хоёулаа давхралдаад ойчсон. Унангуутаа би машиныхаа хаалгыг түлхээд хаасан. Тэгтэл тэр залуу намайг чирээд урд талын хаалгаар суулгах гэж зууралдах хооронд нь би урд талын хаалгаа бас хаасан. Тэгээд ноцолдож байхдаа тэр залуугийн аль талынх нь гарыг мэдэхгүй, нэг хурууг нь хазаад, өвдөж байгаа байх гэж бодоод тавьсан. Тэгээд би туслаараа гэж орилоход тэр залуу миний амыг арзгар цагаан бээлийтэй байх шиг байсан, гараараа ам таглаад би ухаан алдахын даваан дээр төмсөгнөөс нь базахад тэр залуу намайг тавьсан. Би авраарай, туслаарай гээд орилоход Бэлх захын манаач эрэгтэй, настай хүн хүрээд ирсэн, тэгсэн чинь бас нэг манаач нэг согтуу хүүхэнтэй хамт хүрээд ирсэн. Намайг газарт унасан байсан чинь намайг зодож байсан хар хувцастай залуу “ Манай ээжийг битгий доромжлоод бай “ гээд худлаа хэлээд намайг өшиглөөд байсан. Тэгээд би намайг дээрэмдээд байна гээд орилсон. Тэгсэн чинь нөгөө согтуу хүүхэн чи муу яагаад байгаан гээд нөгөө залууг алгадах гээд сарваганахад АТМ-рүү явсан нөгөө залуу нь ирж байсан. Тэр үед би “ Наадуул чинь дээрэмчингүүд “гэхэд нөгөө 2 залуу зугатаагаад гүйсэн. Хойноос нь Бэлх захын 2 манаач хөөгөөд гүйцээгүй. Би тэгээд нөгөө согтуу хүүхний утсаар цагдаа дуудсан. Би Хаан, Төрийн, Голомт картууд, 56000 төгрөг, 30 ам доллар, 1.8 гр алтан ээмэг, түрүүвчинд байсан 13000 төгрөг, прада маркийн гар утсаа дээрэмдүүлсэн гэжээ.  /1 дүгээр хавтас 60-62 /

 

Гэрч Ц.Базарсадын мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Би Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Бэлх" захын харуулаар, харуулын 2 дугаар постон дээр ажилладаг юм. 2016 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө захын гадна талбайд цас цэвэрлэж байтал нэг машинаас нэг хүүхэн гараад ирэхээр нь машины хажууд зогсож байсан залуу тэр хүүхнийг буцаагаад оруулаад байсан. Тэгээд би гайхаад харж байтал манай нөгөө талын харуул цаад булангаас гараад ирэхээр нь би тэр машин руу чиглээд алхсан. Тэгээд машины дэргэд хүрээд иртэл нөгөө машин дотроос гарч ирэх гээд байсан хүүхэн “ Наадах чинь дээрэмчин шүү “ гэж хэлсэн. Тэгээд би барьж авах гээд ухасхийтэл тэр залуу нөгөө харуул бид хоёрт баригдалгүй зугатаасан. Тэр үед бас нэг залуу манай нөгөө харуул Нэмэхбаярын цаад талаас ирж явснаа нөгөө залуугийн хамт зугатаасан. Манай нөгөө харуулыг Нэмэхбаяр гэдэг бөгөөд бид 2 тэр залуугийн араас нэлээн хөөж гүйсэн боловч гүйцэж чадалгүй алдчихсан юм гэжээ. / 1 дүгээр хавтас 63-64 /

 

Гэрч Д.Нэмэхбаярын мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: Би Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Бэлх" захын харуулаар ажиллаж байсан юм. Намайг ажиллаж байх хугацаанд буюу 2016 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Бэлх захын №3 постон дээр үүрэг гүйцэтгэж байгаад шөнө 02 цагийн үед Бэрх плазагийн караокег хаалгаад, гадаа гарсан. Тэгээд обьектоо тойроод шалгаж явтал харанхуй гудамжинд гэрэлгүй шонгийн доор нэг Приус-20 маркийн машин зогсож байсан. Машины гадна талд нь нэг хүүхэн нэг залуу хоёр хоорондоо маргалдаж байгаад тэр залуу нь нөгөө хүүхнийг чирээд машиндаа оруулах гээд түлхэж ноцолдож байсан. Тэр хүүхэн гэв гэнэтхэн туслаарай, аллаа дээрэмдээд байна гээд орилсон. Тэгээд би очоод “ Юу болоод байгаа юм бэ “ гэхэд тэр залуу нь бид хоёрын хоорондын асуудал байгаа юм гээд тэр хүүхнийг “ Чи манай ээжийг яасан билээ “ гээд нэг юм яриад байсан. Тэгэхээр нь би “ Авгай нөхөр ч юмуу, таньдаг хүмүүс хоорондоо хэрэлдэж байгаа юм байна. Хамаагүй ойртоод яахав “ гэж бодоод байж байтал нөгөө хүүхэн нь “ Наадах чинь худлаа ярьж байгаа юм. Наадах чинь намайг дээрэмдэх гэж байсан юм “ гэсэн. Тэгээд би очоод бариад авах гэж оролдсон. Тэгээд араас нь хөөгөөд гүйцээгүй. Эргэж ирээд нөгөө хүүхнээс яасан гэж асуухад тэр хүүхэн Сансарын клонкоос Тоосгоны үйлдвэр орно гэж машинд суусан юм. Тэгээд харанхуй гудамжинд аваачаад нүдийг нь боогоод, бичиг баримт, юмыг нь авсан гэсэн гэжээ. /1-р хавтас 66-67 /

 

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 957 дугаартай дүгнэлтэнд:

 1. А.Нинжбадгарын биед тархи доргилт, дагз, духны зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ.  /1 дүгээр хавтас 88 /

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. / 1-р хавтас  174-185 /

            Осол газрын схем зураг / 1-р хавтас 172-173 /

Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 дүгээр хавтас 180-183 /

            Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл / 2-р хавтас 61-66 /

            Авто машиныг хүлээлгэн өгсөн тухай  тэмдэглэл / 2-р хавтас 67 /

            Тээврийн хэрэгслийн үнэлгээ / 1-р хавтас 244-246 /

            Жолоочийн согтуурал шалгасан магадлагаа  / 2-р хавтас 4 /

 

Хохирогч Н.Шинжээравдан мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: " Эхнэр бид 2 гурван хүүхэдтэй байсан. Талийгаач Ш.Буяндэлгэр нь миний ганц хүү байсан юм. Би 2016 оны 04 дүгээр сарын 08-ны орой гэртээ байж байхад манай төрсөн эгчийн охин буюу осол болоход байсан Наранбаатарын эгч Баясгалан над руу залгаад ослын талаар мэдэгдсэн, би гэмтлийн эмнэлэг дээр ирээд хүүгээ нас барсныг мэдсэн гэжээ. /1-р хавтас 188-190 /

 

Гэрч Л.Нарантуяа мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 12 цагийн үед намайг гэртээ байж байхад манай хүү Наранбаатар гар утсаар залгаад, ааваа машинаар чинь жолооны сургууль хийе, жолооны шалгалтандаа уначихлаа гэсэн, тэгэхээр нь би үгүй, тийм байхгүй гээд гар утсаа салгасан тэгээд өдөр гэртээ унтаж байхад гэрт байсан машины түлхүүрийг хүү Наранбаатар аваад, машин аваад явсан байсан. Би унтаж сэрээд 16 цаг минутын үед гэрээс гарахад машин байхгүй байсан. тэгээд гэрээсээ гараад гудамжаар машинаа хайсан, хүүгийнхээ гар утас руу залгахаар утсаа авахгүй байсан, тэгээд гудамжаар явж байгаад олдохгүй байхаар нь гэртээ орж ирээд байж байтал манай том хүү ирээд ааваа Наранбаатар гэмтлийн эмнэлэг дээр байна гэсэн тэгээд хүүтэйгээ хамт гэмтлийн эмнэлэг дээр ирэхэд Наранбаатар Гантулга нарын бие муу байсан. Би яаж осолдсон талаар мэдэхгүй байна. Хундай сонтата 5 маркийн 54-71 УНА дугаартай автомашиныг нэг сарын хугацаанд жолоодоход ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан. Би өөрөө 42 жил автомашин жолоодсон хүн машины сайн мууг мэднэ. Сайн машин байсан гэжээ. / 1-р хавтас 210-211 /

 

Гэрч Г.Аптангэрэл мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: Би энэ машины үнэлэхгүй. Хадам аав Л.Нарантуяа болон хадам дүү Н.Наранбаатар, мөн Г.Гантулга нараас ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй гэжээ. / 2-р хавтас  69-70 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5130 дугаартай дүгнэлтэнд:

1. Г.Гантулгын биед хүзүүний 7 дугаар нугалмын арын сэртээнгийн далд хугарал, тархи доргилт, баруун ухархайн дотор хананы хугарал, баруун дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо

2. Дээрх гэмтэл хатуу мохоо бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /1 –р хавтас 224 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн задлан хийсэн 706 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Талийгаачийн цогцост хийсэн үзлэг хийсэн шүүх эмнэлгийн задлан
шинжилгээгээр гавал тархины битүү гэмтэл, зүүн зулай ясны урд ирмэгээс доош
чамархай ясаар дайран суурь ясны зүүн дунд хонхорын урд дотор ирмэг хүртэл
үргэлжилсэн шугаман хугарал, их тархины баруун чамархайн дэлбэн, бага
тархины баруун зүүн тал бөмбөлгийн дээд гадаргуун зөөлөн бүрхүүл доорх цус
харвалт, зүүн 1 дүгээр хавирганы хугарал, орчны эд болон цээжний зүүн урд
хэсгийн цус хуралт, баруун дунд чөмөгний далд хугарал зулайн оройн хуйхны
язарсан шарх, дух, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхи, баруун шанаа чих,
омгоны урд ирмэг, зүүн нүдний дээд зовхи, баруун шанаа, чих, омгоны урд ирмэг,
зүүн нүдний гадна булан зүүн хацар, зүүн чих, баруун суга, баруун бугалга,
цээжний зулгаралт, баруун зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус
хуралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой.

3.Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. 

4.Талийгаач нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ.

5. Талийгаач нь АВО системээр В/ III/ бүлгийн цустай байна гэжээ. / 1-р хавтас 228-231 /

 

Техникийн шинжээчийн 2016 оны 08 дүгаар сарын 03-ны өдрийн 4596 дугаар шинжээчийн дүгнэлт / 2-р хавтас 88-100 /
 

Шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 436 тоот дүгнэлтэнд:    Хэрэг учрал болох үед " Hyundai Sonata 5" маркийн 54-71 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Г.Гантулга нь жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 " жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Осол болох үед Г.Гантулга уг тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан эсэх нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Замын байгууламжийн байдал нь уг осол гарахад нөлөөлөөгүй гэжээ. / 2 дугаар хавтас 103-104 /

 

            Шүүгдэгч  Г.Гантулгыг    2016 оны  02 дугаар сарын  16-ны өдөр сэжигтнэээр байцаасан тэмдэглэл / 1-р хавтас 100, 2-1-3   /, 2016 оны 03 дугаар сарын  27-ны  өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл  / 1-р хавтас 101-104, 2-р хавтас 37-38 /

 

 Насанд хүрээгүй шүүгдэгч  З.Төгөлдөрийг   2016 оны  02 дугаар сарын 23-ны өдөр сэжигтнэээр байцаасан тэмдэглэл / 1-р хавтас 105-111  /, 2016 оны 03 дугаар сарын  23-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл  /1-р хавтас 112-114 /

 

  Шүүгдэгч Н.Наранбаатарыг 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр сэжигтнэээр байцаасан тэмдэглэл / 2-р хавтас 106-109  /, 2016 оны 08 дугаар сарын  23-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл  / 2-110-112 /    

 

            Шүүгдэгч нар урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / 1-р хавтас 116, 131,  2-р хавтас 113 / зэрэг болно.

 

            Шүүгдэгч Г.Гантулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: З.Төгөлдөр бид хоёр 20 цагийн үед хоолонд орчихоод такси барих гээд зогсож байтал такси ирсэн. З.Төгөлдөр чамд мөнгө байгаа юм уу гэхээр нь “ Надад юу байхав дээ “ гэж хэлчихээд тоглож байгаа юм байх гэж бодсон. З.Төгөлдөр машинд суусан байхдаа миний утсыг аваад “ Дээрэмдэх үү “ гэж бичиж өгөхөөр нь тоглож байгаа юм байх л гэж бодсон. Надад дээрэм хийх шаардлага байгаагүй. Ээмгийг аваагүй. Хохирогчийг зодоогүй. Ноцолдож байгаад хамт унасан.

            З.Төгөлдөр утас, мөнгө, доллар, картыг аваад буугаад явчихсан. Хэдээр зарсныг би мэдэхгүй. Зарсан мөнгөөр нь хамт идэж уусан.  Би З.Төгөлдөрийг дарамталж байсан удаа байхгүй.

            Энэ хэрэгт шалгагдаж байхдаа гэртээ очтол манайд Н.Наранбаатар, талийгаач хоёр машинтай ирсэн байсан. Тэгээд манайд байсан пивыг талийгаач бид хоёр хувааж уусан. Бид нар жолооны дадлага хийхээр уг машиныг ээлжлэн унасан. Тэгээд бид буцах замд би жолоодож яваад осолд орсон. Талийгаачийн ар гэрт 350.000 төгрөг өгсөн. Хохирогч нарт учирсан хохирлыг төлнө. Хохирогч нараас уйчлалт гуйж байна. Үйлдсэн хэрэгтээ хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн байна гэв.

            Насанд хүрээгүй шүүгдэгч З.Төгөлдөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр орой автобус зогссон учир бид хоёр такси барихаар зогсож байтал такси ирээд Г.Гантулга “ Тоосгоны  үйлдвэр явна “ гэсэн. Замдаа Г.Гантулга тонгоруулж яриад байсан. Би сайн ойлгоогүй. Тэгж яваад жолооч эгч дээшээ машинаа гаргаж чадахгүй байсан чинь Г.Гантулга жолоодоод гаргасан. Тэгээд Г.Гантулга над руу ширүүн харцаар хараад дохиод байхаар нь би айсандаа тэр эгчийг араас нь боогоод хойд талын суудал дээр суулгасан. Г.Гантулга таксинд суухаасаа өмнө надад “ Хүн дээрэмдэнэ “ гэж хэлсэн. Мөн өмнө нь хүн зодсон. Хохирол төлөх хэрэгтэй байна. Танайд үнэ хүрэхээр юу байна “ гэхээр нь би ээжийнхээ зургийн аппаратыг авчирч өгсөн ба Г.Гантулга түүнийг ломбарданд тавиад 250.000 төгрөг авсан. Гэхдээ хохирлоо төлсөн эсэхийг би мэдэхгүй. Тэгээд намайг ээжийн аппаратыг хэзээ авч өгөх юм бэ гэхээр дээрэм хийж авч өгнө гэдэг байсан. Г.Гантулга тэр эгчийн машины урд талаас цүнхийг авч надад 3ш карт өгөөд шалгаад ир гэсэн. Бас камертай шүү гэж хэлсэн. Би картыг авч очоод болохгүй болохоор нь эргээд иртэл Г.Гантулга жолооч эгчтэй ноцолдож байсан. Тэр эгч туслаарай гэтэл урд явсан хүмүүс хөөхөөр нь бид хоёр зугтаагаад гэр рүүгээ гүйсэн. Тэгээд гэртээ оролгүй хэсэг гадаа байсан. Тэгэхэд Г.Гантулгад утас 25.000 төгрөг, 5 доллар байсан. Таксины жолоочид 190.949 төгрөг төлсөн. Г.Гантулгатай сагс хамт тоглодог байснаас биш багаасаа найз байгаагүй гэв.

 

            Шүүгдэгч Н.Наранбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мөрдөн байцаалтанд болсон явдлыг үнэн зөвөөр мэдүүлсэн. Энэ аваар маш санамсаргүй болсон. Хүний амийг юугаар ч сольшгүй гэдгийг ойлгосон. Э.Шинжээравдан ахаас уйчлалт гуйж байна. Хойшид хүүгийн чинь оронд хүү чинь болж явна.

            Тэр үед бид 3 жолооны курст суралцаж байсан болохоор жаахан дадлага хийгээд буцаагаад тавих бодолтой л машиныг авсан. Тэгээд ээлжлээд машиныг барьсан. Осол болох үед талийгаач арын суудалд сууж явсан бөгөөд бүсээ зүүгээгүй байсан. Манай эцэг эх оршуулгын ажилд оролцож, ойролцоогоор 500.000 төгрөг бэлнээр төлсөн гэв.

 

            Хохирогч Н.Шинжээравдан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Эхнэр бид 2 гурван хүүхэдтэй бөгөөд талийгаач нь миний ганц хүү байсан юм.  Хүү маань 10-н жилийн сургуулиа төгсөөд дээд сургуульд суралцаж байгаад цэргийн албанд татагдсан. Халагдаж ирээд сургуульдаа сурч байсан. Хүү маань төлөв даруу сайн хүү байсан. Жолооны курст суралцъя гэхээр нь зөвшөөрч оруулсан. Тэр өдөр жолооны шалгалтандаа унасан байсан. Гэтэл орой 21 цагийн үед осол болсон талаар мэдсэн. Гэхдээ би санаатай гэж бодохгүй байна. Гэнэн томоогүй зангаасаа болоод ийм хэрэг хийсэн гэж бодож байна.  Энэ хоёр хүүхдэд дахиж битгий алдаарай л гэж хэлье.   Энэ хоёрт одоо гомдол санал байхгүй. Наранбаатарын эцэг эх оршуулгын ажилд оролцож, бэлнээр 500.000 төгрөг өгсөн ба 21, 49 хоногийн бүх зардлыг даасан. Г.Гантулгын эцэг, эх ажил явдлын үеэр ирээд 350.000 төгрөг өгөөд явсан байсан. Бид нартай уулзаагүй. Г.Гантулгыг энэ явдлаас хойш 7 сар болж байхад манай эхнэрээс ирээд нэг уйчлалт гуйчихгүй яасан юм бол л гэж бодож байна. Тэдний төлсөн мөнгийг нэхэмжилж байгаа 3.518.750 төгрөгнөөс хасахад татгалзахгүй гэв.

            Насанд хүрээгүй шүүгдэгч З.Төгөлдөрийн хууль ёсны төлөөлөгч Д.Золбоожаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Хүүгээ бага байхад би 1999 оноос Солонгос улс руу явж, эхнэр маань Англид суралцаж, бид улмаар салаад хүү маань эхнэрийн эцэг, эх дээр амьдарч Бэлхэд байсан. Хүү маань төлөв томоотой, онц сурдаг хүүхэд байсан. Гэтэл сүүлийн нэг жил эхнэр маань хүү чинь болохгүй хүмүүстэй хийлээд байна гэхээр нь  2016 оноос өөр дээрээ авсан. Гэтэл 2 сард цагдаа нар манайд ирэхээр нь ийм хэрэг хийснийг мэдсэн. Хүү маань бусдад уруу татагдсан байх гэж бодож байна. Цаашид дахин гэмт хэрэг үйлдүүлэхгүй, хүмүүжүүлж авч чадна.  Цаашид алдаагаа засч сурч, боловсрох боломж олгож өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Г.Гантулга нь:

- З.Төгөлдөртэй бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Тоосгоны үйлдвэрийн эцэс гэх газарт таксигаар үйлчилж байсан жолооч буюу хохирогч А.Нинжбадгарын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан улмаар Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлх захын дэргэд очиж прада маркийн гар утас, бэлэн 69000 төгрөг, алтан ээмэг, 30 ам доллар, Голомт, Хаан, Төрийн банкны виза картуудыг дээрэмдэж, 381.899 төгрөгний хохирол учруулсан,

- 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Сэлхийн замд 04 дүгээр автобусны буудлын орчимд 54-71 УНА улсын дугаартай "Хьюндай соната-5" маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх хэсэгт заасан " жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна" гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Ш.Буяндэлгэрийн амь насыг хохироож, Н.Наранбаатарын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулан, иргэн Г.Алтангэрэлд 1.870.000 төгрөгний хохирол учруулсан,

 

- Насанд хүрээгүй шүүгдэгч З.Төгөлдөр нь Г.Гантулгатай бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Тоосгоны үйлдвэрийн эцэс гэх газарт таксигаар үйлчилж байсан жолооч буюу хохирогч А.Нинжбадгарын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан улмаар Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо "Бэлх" захын дэргэд очиж прада маркийн гар утас, бэлэн 69.000 төгрөг, алтан ээмэг, 30 ам доллар, Голомт, Хаан, Төрийн банкны виза картуудыг дээрэмдэж, 381.899 төгрөгний хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Н.Наранбаатар нь:

- 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 12-16 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Гүнжийн 44 дүгээр гудамжны 69 дүгээр тоотын гаднаас ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр иргэн Г.Алтангэрэлийн эзэмшлийн 54-71 УНА улсын дугаартай "Хьюндай соната-5" маркийн тээврийн хэрэгслийг авч зугтаасан,

- 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Гантулгыг согтууруулах ундааны зүйл хэрэглэснийг мэдсээр байж иргэн Г.Алтангэрэлийн өмчлөлийн 54-71 УНА улсын дугаартай "Хьюндай соната-5" маркийн тээврийн хэрэгслийг жолоодуулж, жолоогоо бусдад шилжүүлсэний улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Ш.Буяндэлгэрийн амь насыг хохироож, Г.Гантулгын биед хүзүүний 7 дугаар нугалмын арын сэртээнгийн далд хугарал, тархи доргилт, баруун ухархайн дотор хананы хугарал, баруун дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

...Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл / хх 15-20 /, ... зураг таньж олуулах ажиллагааны тэмдэглэл / 21-23 /, Эд зүйл хураан авсан тэмдэглэл / хх 45 /, эд зүйлийн үнэлгээ / хх 12 /,  хоёр залуу гар өргөж суугаад зодож, эд хөрөнгийг дээрэмдсэн гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч А.Нинжбадгарын мэдүүлэг / хх 1 дүгээр хавтас 60-62 /, ... шөнө гадаа цас цэвэрлэж байтал машинаас нэг хүүхэн гараад ирэхээр нь залуу нь буцаагаад оруулаад байхаар нь яваад очтол тэр хүүхэн “  Наадах чинь дээрэмчин шүү “ гэж орилсон. Тэр залуу зугтаасан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Ц.Базарсадын мэдүүлэг / 1 дүгээр хавтас 63-64 /,  ...Обектоо тойроод шалгаад явж байтал нэг Приүс-20 маркийн машин зогсож байсан. Машины гадна талд нэг хүүхэн залуу хоёр маргалдаад байсан. Залуу хүүхнийг чирээд машиндаа оруулах гэтэл хүүхэн гэнэт “Туслаарай. Аллаа. Дээрэмдэх гээд байна “ гэж хашгирсан. Залууг хөөсөн боловч гүйцээгүй гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Д.Нэмэхбаярын мэдүүлэг / 1 дүгээр хавтас 66-67 /,  ... хохирогч А.Нинжбадгарын бие махбодид хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 957 тоот дүгнэлт / 1 дүгээр хавтас 88 /,

... Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. / 1-р хавтас  174-185 /,  ....Осол газрын схем зураг / 1-р хавтас 172-173 /,  ... Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 дүгээр хавтас 180-183 /,  ...Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл / 2-р хавтас 61-66 /,  ...Авто машиныг хүлээлгэн өгсөн тухай  тэмдэглэл / 2-р хавтас 67 /, ...Тээврийн хэрэгслийн үнэлгээ / 1-р хавтас 244-246 /,  ...Жолоочийн согтуурал шалгасан магадлагаа  / 2-р хавтас 4 /,  ...Талийгаач Ш.Буяндэлгэр нь миний ганц хүү байсан юм. Би гэмтлийн эмнэлэг дээр ирээд хүүгээ нас барсныг мэдсэн гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Н.Шинжээравдангийн мэдүүлэг  /1-р хавтас 188-190 /, … Манай хүү Наранбаатар залгаад “ Аав аа. Машинаар чинь жолооны сургууль хийе. Жолооны шалгалтандаа уначихлаа “ гэхээр нь өгөөгүй. Гэтэл хулгайгаар аваад явсан байсан. Энэ автомашиныг нэг сарын хугацаанд жолоодоход ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Л.Нарантуяагийн мэдүүлэг / 1-р хавтас 210-211 /,  ...Энэ машин нь миний машин бөгөөд нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Г.Аптангэрэлийн мэдүүлэг  / 2-р хавтас  69-70 /,  ...Г.Гантулгын бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5130 дугаартай дүгнэлт / 1 дүгээр хавтас 220 /, ... Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас барсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн задлан хийсэн шинжээчийн 706 тоот дүгнэлт / 1 дүгээр хавтас 225 /,  ...Техникийн шинжээчийн 4596 тоот дүгнэлт / 2 дугаар хавтас 87 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Ганзоригийн Гантулга, Золбоожаргалын Төгөлдөр нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг,

Ганзоригийн Гантулгыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг,

Нарантуяагийн Наранбаатарыг Авто тээврийн хэрэгслэлийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан, жолоогоо бусдад шилжүүлсний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна.

Гэвч шүүгдэгч Н.Наранбаатарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1-д заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч нар нь үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж, чин санаанаас гэмшсэн, Н.Наранбаатар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үлдсэн, хохирогчийн оршуулгын зардлыг бүрэн нөхөн төлсөн шүүгдэгч З.Төгөлдөр нь насанд хүрээгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, Ш.Гантулга нь оршуулгын зардлаас зохих хэсгийг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Шүүгдэгч З.Төгөлдөр нь насанд хүрээгүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул түүний хувийн байдлыг харгалзан хуулинд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг тодорхой хугацаагаар хойшлуулах, шүүгдэгч Н. Наранбаатар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохиролоо нөхөн төлсөн, хохирогчийн санал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй, шүүгдэгч Г.Гантулга нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн тул түүний хувийн байдлыг харгалзан түүний ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн жирийн дэглэмд эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хохирогч А.Нинжбадгарт 381899 төгрөгний хохирол учирснаас шүүгдэгч З.Төгөлдөр 190.949 төгрөг төлсөн  тул үлдэх 191.950 төгрөгийг, хохирогч Н.Шинжээравданд оршуулгын зардал 3.518.750 төгрөгний хохирол учирснаас  Н.Наранбаатар / түүний ар гэр талийгаачийн 21, 49 хоногийн бүх зардлыг дааж / 500.000 төгрөг, шүүгдэгч Г.Гантулга 350.000 төгрөг тус тус төлсөн тул үлдэх 2.668.750 төгрөгийг, нийт 2.859.700 төгрөгийг Г.Гантулгаас гаргуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 294, 297, 298 дугаар  зүйлүүдийг удирдлага болгон 

                                                                                                                ТОГТООХ нь:

            

1. Ганзоригийн Гантулга, Золбоожаргалын Төгөлдөр нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг,

Ганзоригийн Гантулгыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг,

Нарантуяагийн Наранбаатарыг авто тээврийн хэрэгслэлийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан, жолоогоо бусдад шилжүүлсний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-д Нарантуяагийн Наранбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар Ганзоригийн Гантулгыг 100.000 төгрөгний эд хөрөнгө хурааж 5 жил 1 сарын хугацаагаар хорих, Золбоожаргалын Төгөлдөрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 621 дүгээр зүйлийн 621.1-г журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар 100.000 төгрөгний эд хөрөнгө хурааж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар Ганзоригийн Гантулгыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 4 жил хорих, Нарантуяагийн Наранбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Г.Гантулгад оногдуулсан хөнгөн ялыг хүндэд багтааж, биечлэн эдлэх ялыг 5 жил 1 сарын хугацаагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10-д заасныг журамлан Г.Гантулгын эдлэх ялыг, 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Н.Наранбаатарын эдлэх ялыг тус тус жирийн дэглэмтэй хорих ангид, 52 дугаар зүйлийн 52.8-д зааснаар С.Төгөлдөрийн эдлэх ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй. 

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3ш виза картыг хохирогч Нинжбадгарт олгосугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Г.Гантулгаас 2.859.700 төгрөг гаргуулан хохирогч Н.Шинжээравданд 2.668.750 төгрөг, А.Нинжбадгарт 190.950 төгрөг тус тус олгож, Н.Наранбаатар, С.Төгөлдөр нар төлөх төлбөргүй, Г.Гантулга, Н.Наранбаатар, С.Төгөлдөр нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар Н.Наранбаатарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 61.1, 62.2-д зааснаар С.Төгөлдөрт 2 жил 6 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, эцэг Д.Золбоожаргалд хариуцуулсугай.

 

10. Г.Гантулгыг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Н.Наранбаатар, С.Төгөлдөр нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-д зааснаар Г.Гантулгын эрх хасах нэмэгдэл ялыг үндсэн ялаа эдэлж дууссан үеэс, Н.Наранбаатарын эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

12. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

13. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                           С.ОЮУНЧИМЭГ

 

                 ШҮҮГЧИД                                                      Ү.ТҮМЭНЖАРГАЛ

 

                                                                                          Б.МӨНХ-ЭРДЭНЭ