Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 350

 

Ц.Н-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 110/ШШ2017/0285 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/0378 дугаар магадлалтай, Ц.Н-ийн нэхэмжлэлтэй, Улсын Их Хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 110/ШШ2017/0285 дугаар шийдвэрээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4, 47.1.6, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 11.6, 22 дугаар зүйлийн 22.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын Их Хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 652 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, Ц.Н-ийг Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийн хүртэл цалингүй байсан 6 сар, 10 хоногийн цалин 9.432.806.42 төгрөгийг Улсын Их Хурлын Тамгын газраас гаргуулан түүнд олгож, энэ хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2017/0378 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 110/ШШ2017/0285 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “47.1.4, 11.4, 27 дугаар зүйлийн 27.2.3, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 46 дугаар зүйлийн 46.2” гэснийг хасч, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар дурдвал, магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад Захиргааны ерөнхий хуулийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг баримталж “Улсын Их Хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 652 тоот захирамж нь нэхэмжлэгч Ц.Н-ийг төрийн жинхэнэ албанаас халах үндэслэл байгаагүй байхад түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаж гарсан эрх зүйн акт юм” хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь маргаан бүхий захиргааны акт нь төрийн жинхэнэ албан хаагчийг өөр ажил албан тушаалд шилжүүлэн томилж, сэлгэн ажиллуулах зорилгоор ажлаас чөлөөлсөн акт бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх маргаан бүхий актыг төрийн жинхэнэ албан хаагчийг үндэслэлгүйгээр төрийн албанаас бүр мөсөн хууль бусаар чөлөөлсөн акт хэмээн үзэж дүгнэлт хийсэн.

Ингэж дүгнэлт хийхдээ нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүссэн захиргааны эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хэргийн оролцогч нарын тайлбар мэдүүлгүүд болон гэрчийн мэдүүлгүүдийн харилцан уялдаа холбоог огт үнэлээгүй, мөн захиргааны актуудын хүчин төгөлдөр үйлчлэл, харилцан хамааралд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй учраас шүүх хуулийг буруу тайлбарлаж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч болон гэрчийн мэдүүлэг тайлбарын тухайд, шүүх хариуцагч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж өөр ажилд шилжүүлэхдээ нэхэмжлэгчтэй тохиролцоогүй, түүний зөвшөөрлийг авсан нь баримтаар тогтоогдоогүй гэж үзэхдээ нэхэмжлэгчийн шүүх хуралдаан дээр гаргасан “2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хариуцагчтай уулзсан, ажлаас чөлөөлөгдөж Гадаад харилцааны яаманд ажиллах болсноо мэдсэн, харин ямар ажил албан тушаалд шилжүүлэн ажиллуулах тухайгаа ярилцаагүй, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Гадаад хэргийн сайдтай уулзахдаа тусгай үүрэгт элчин сайдын ажил үүрэгт томилуулах санал тавьсан боловч сайд хүлээж аваагүй, санал болгосон “Далайд гарцгүй орнуудын олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг эхлүүлэх төслийн” зөвлөхийн ажил нь төрийн жинхэнэ алба биш байсан тул саналыг хүлээж аваагүй” гэх тайлбар, мөн Гадаад харилцааны яамны сайдын “2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Ц.Н-тай уулзсан, Гадаад харилцааны хэлтсийн даргын болон төслийн зөвлөхийн ажил үүргийн талаар ярилцсан, тодорхой хариу өгөөгүй гараад явсан” гэх мэдүүлэг зэргийг огт үнэлээгүй.

Нэхэмжлэгч нь “Гадаад харилцааны яамны зүгээс санал болгосон ажлын томилгоо түүнд таалагдаагүй, өөр ажил албан тушаалд томилсон нь түүний эрх ашгийг нь зөрчиж байна” хэмээн үзсэн учраас 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Шүүх нь Улсын Их Хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 75, А/50 дугаартай хамтарсан шийдвэрээр батлагдсан “Улсын Их Хурлын Тамгын газар болон Гадаад харилцааны яамны албан хаагчдыг сэлгэн ажиллуулах журам”-ыг захиргааны байгууллага хоорондын ажил хэргийн тогтсон дүрэм, журмын хувьд үнэлж, энэхүү хэрэг маргаантай хамааруулан хэрэглэх эрх зүйн хүчин төгөлдөр акт гэж үзээгүй нь захиргааны актуудын хүчин төгөлдөр үйлчлэлийг үгүйсгэж, захиргааны актуудын харилцан хамаарал, ажил хэргийн тогтсон практик, зан үйлд бодит дүгнэлт хийгээгүй.

Тус журмын дагуу Улсын Их Хурлын Тамгын газрын хувьд сэлгэн ажиллуулах санал гаргах эрх бүхий этгээд нь ерөнхий нарийн бичгийн дарга байх бөгөөд тухайн маргаанд ерөнхий нарийн бичгийн дарга сэлгүүлэн ажиллуулах санал гаргасан тухайд нэхэмжлэгч маргаагүй бөгөөд энэхүү журмаар ажилтнуудын сэлгэн ажиллах хугацаа, цалин хөлсний хэмжээ, эрхлэх ажил албан тушаал, төрийн албан хаагчийн зэрэг дэв зэргийг дордуулахгүй сэлгэн ажиллуулах тухай нарийн тодорхой зааж өгсөн зохицуулалттай байх бөгөөд ажлаас чөлөөлсөн захиргааны актад энэхүү журмыг баримтлаагүй нь журмын үйлчлэлийг хязгаарлаж байгаа хэрэг огт биш юм. Түүнээс гадна энэхүү журмын зохицуулалт нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасантай нийцэж байгаа болно.

Захиргааны актын алдааны тухайд дурдвал, шүүх актын алдааг “илэрхий ноцтой, залруулж болохгүй” тохиолдол мэтээр дүгнэж болсон үйл явдал, бодит нөхцөл байдал, хүчин төгөлдөр захиргааны актын үйлчлэлийг өөрийн санаачилгаар хязгаарлаж тооцон, төрийн албан хаагч гагцхүү өөрийн санаачилгаар бичгэн хэлбэртэй зөвшөөрлийн дагуу шилжүүлэн ажиллуулах ёстой, ажлын зайлшгүй шаардлага үүсээгүй хэмээн тайлбарласан нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын хоорондох эрх зүйн харилцааг буруу тодорхойлж хэрэг маргааныг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн тухайд дурдвал, нэхэмжлэгч нь гомдлоо анх Төрийн албаны зөвлөлд хандан гаргасан байх бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн албан бичгээр Төрийн албаны зөвлөл гомдлыг хянаад талуудад хариу хүргүүлэхдээ “Ц.Н-ийг өөр ажилд томилсон тухай хариу мэдэгдэхийг шаардсан бөгөөд ерөнхий нарийн бичгийн дарга, Гадаад харилцааны яамны сайдад хаягласан албан тоот болон Ц.Н-ийг ажилд томилсон Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн. Төрийн албаны зөвлөл Ц.Н-ийн гомдлыг эцэслэн шийдээгүй байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл Төрийн албаны зөвлөл маргаан бүхий асуудлыг өөрийн эрх хэмжээний хүрээнд холбогдох дүрэм журмын дагуу мэдэгдэл, шаардлага хүргүүлэх замаар асуудлыг шийдэх бүрэн боломжтой байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ жинхэнэ хариуцагчид холбогдуулан гаргах эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 Хянавал:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан  нэхэмжлэлийг бүхэлд нь  хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсныг буруутгах үндэслэлгүй байна.

Улсын их хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 652 дугаар захирамжаар Монгол Улсын их хурлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 41 дүгээр зүйлийн 41.1.4, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг үндэслэн Ц.Нийг “өөр албан тушаалд шилжин ажиллах болсон” гэж дурдаж Гадаад харилцааны хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн, нэхэмжлэгч  нь “...надад өөр ажилд шилжүүлэх санал тавиагүй, би өөр ажилд шилжиж ажиллаагүй, ...илт хууль бус акт гаргасан” гэж, хариуцагч нь “...Ц.Н-тай тохиролцсоноор Гадаад харилцааны яаманд зохих ажилд ажиллахыг зөвшөөрсөн,... зохих ажилд томилон ажиллуулах хүсэлтийг... сайдад хүргүүлсэн, ...ажилд томилогдсон байна” гэж маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Улсын их хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 650 дугаар захирамжаар “Тамгын газрын зохион байгуулалтын бүтэц, чиг үүрэг”-ийг, мөн өдрийн 651 дүгээр захирамжаар “Тамгын газрын орон тоо”-г тус тус шинэчлэн баталсан, эдгээр актуудад тусгаснаар Гадаад харилцааны хэлтэс, даргын орон тоо хэвээр байгаа үйл баримт тогтоогдсон, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй, хариуцагч 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 14/513 дугаартай албан бичгээр “Ц.Н-ийг Гадаад харилцааны яаманд зохих ажилд томилон ажиллуулах”-ыг хүсэж Гадаад харилцааны сайдад хандсан, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн б/116 дугаар тушаалаар Ц.Н-ийг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийн үйл  ажиллагааг эхлүүлэх төслийн зөвлөхөөр хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр ажиллуулахаар томилсон байна.

Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно” гэж зааснаас үзэхэд шилжүүлэн ажиллуулах нөхцөл нь албан ажлын зайлшгүй шаардлага бий болсон тохиолдолд, шилжин ажиллах алба хаагчтай урьдчилан тохиролцсоны үндсэн хангагдахаар зохицуулжээ.

Гэтэл хуулийн уг зүйл заалтыг хэрэгжүүлэх нөхцөл хангагдаагүй буюу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй байхад хариуцагч нь “ажлаас чөлөөлөх” захиргааны акт гаргасан нь илт хууль бус байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх “Ц.Н-ийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалын үндэслэлд эрх зүйн дүгнэлт бүрэн хийсэн, маргааны үйл баримтад холбогдох нотлох баримтуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасны дагуу үнэлсэн, маргаантай харилцааг зохицуулсан хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2 дахь заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулсан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...маргаан бүхий акт нь ...шилжүүлэн томилж, сэлгэн ажиллуулах зорилгоор ажлаас чөлөөлсөн акт, ...Төрийн албаны тухай хуулийн 22.2-т заасныг баримтлах байтал 22.1-д заасныг баримталж гаргасан нь алдаатай боловч алдааг залруулж болохгүй мэтээр буруу дүгнэсэн,... хамтарсан шийдвэрээр батлагдсан сэлгэн ажиллуулах журмыг хэрэглээгүй, ...захиргааны актуудын үйлчлэл, харилцан хамааралд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй учраас хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн, урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн нэхэмжлэлийг хүлээн авсан нь буруу” гэсэн агуулгатай гомдол гаргасныг хяналтын шатны шүүх хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно...” гэж, Улсын их хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 75, А/15 дугаартай хамтарсан шийдвэрээр тус хоёр байгууллагын албан хаагчдыг хооронд нь сэлгэж ажиллуулах журмыг тогтоосон, уг журамд “албан тушаалыг бууруулахгүй”-гээр, “сэлгэн ажиллуулах удирдлагын саналыг ажилтан өөрөө зөвшөөрсөн”-өөр, “сэлгэж ажиллуулах  шийдвэртээ сэлгэн ажиллуулах хугацаа, эрхлэх албан тушаал зэргийг бүрэн тусгах”-аар заажээ.

Харин Улсын их хурлын Тамгын газар, Гадаад харилцааны яамны удирдлагууд нь Ц.Н-ийг Гадаад харилцааны яаманд сэлгэн ажиллуулах ажил, албан тушаалыг урьдчилан тохиролцоогүй учир “сэлгэн ажиллахыг зөвшөөрсөн” гэх хариуцагчийн тайлбар, гомдол үндэслэлгүй, бодит нөхцөлд байдалд Ц.Н-ийг төрийн албанаас чөлөөлсөн ба хариуцагч нь өөрөө “журам”-аа зөрчсөн шийдвэр гаргасан болохыг хоёр шатны шүүх холбогдох нотлох баримтуудад тулгуурлан зөв дүгнэжээ.

Түүнчлэн төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулахтай холбогдож гаргасан маргааныг хянан шийдвэрлэх эрх, үүрэг /эрх хэмжээ/ Төрийн албаны төв байгууллагад Төрийн албаны тухай хуулиар олгоогүй тул Ц.Н-ийн гомдлыг Төрийн албаны Зөвлөл эцэслэн шийдвэрлээгүй байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хангасан нь буруу гэх хариуцагчийн гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Дээрх байдалд үндэслэн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/0378 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Х.БАТСҮРЭН

ШҮҮГЧ                                                                 Ч.ТУНГАЛАГ