Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2016/0780

 

“Баясах-Атлас” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Болормаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мандахзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнх-Өлзий, хариуцагчийн өмгөөлөгч Д.Бэлгүтэ нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 771 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “Баясах-Атлас” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 771 дүгээр шийдвэрээр: “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1.1, 4.3, 10.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Баясах атлас” ХХК-ийн Гаалийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан, Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараахь шалгалтын Гаалийн улсын байцаагчийн 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 06/14 дүгээр актаар тогтоосон 54,542,772.0 төгрөгийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу өршөөлд хамруулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Баясах-Атлас” ХХК-ийн захирал Г.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “1. Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь хэргийн гол нотлох баримт болох 06/14 дүгээр акт дээрх 54.542.772 төгрөгийг шууд механикаар гаалийн албан татвар гэж хуулийг буруу ойлгон авч үзэн хууль зөрчсөн байна.

Гэтэл уг актад татвар, нөхөн төлбөрийн тухай ойлголт байхгүй бөгөөд Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйл /Гаалийн хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага/-ийн 290.2 /Гаалийн хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дор дурдсан захиргааны шийтгэл ноогдуулна/ хэсгийн 290.2.1 /барааг гаалийн мэдүүлэгт бичээгүй бол тухайн зөрчилд холбогдох барааг хураах буюу үнийг гаргуулж улсын төсөвт төвлөрүүлнэ/ гэсэн заалтаар акт үйлдэгдсэн. Гаалийн тухай хуулийн 290.2.1 нь Гаалийн тухай хуульд шийтгэл гэж заасан тул хууль зөрчсөн этгээдэд Гаалийн байгууллагаас актаар тооцож байгаа хариуцлага буюу шийтгэл юм. Хэрвээ Гаалийн татвар ноогдуулах байсан бол Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн холбогдох заалтын дагуу татварыг хувь хэмжээгээр ноогдуулах байсан юм. Өөрөөр хэлбэл шүүгч нь Гаалийн тухай хуулийн 290.2.1 заалтыг “Гаалийн албан татвар” гэж үзсэн нь түүний шийдвэрийн 6 дугаар хуудсанд “Гаалийн тухай хуулийн 290.2.1-т зааснаар “гаалийн албан татварт 545427727-ийг нөхөн төлүүлэхийг үүрэг болгосон байх тул” гэсэн тайлбараас харагдаж байна.

2. Захиргааны анхан шатны шүүгч нь шийдвэртээ “Гаалийн тухай хуулийн 235.2.2-т заасны дагуу гаалийн байгууллагад мэдүүлээгүй үнэ 54.542.772 төгрөгийн татварыг нөхөн төлүүлэхээр” гэж дурдсан нь актад огт байхгүй заалтыг гаалийн татварын заалт хэмээн буруу хамааруулж авч үзсэн. Энэ 235.2.2 заалт “гаалийн бүрдүүлэлтийн дараахь шалгалт хийх, зөрчлийг арилгуулах эрхтэй” гэж заасан буюу улсын байцаагчийн эрхийн тухай заалт юм. Мөн үнэ, татвар гэдэг нь хуулийн хувьд өөр өөр ухагдахуунууд байсаар атал шууд адилтгаж авч үзэж хуулийг зөрчсөн байна.

Шүүгч нь хуулийн заалтыг үндэслэн хэргийг шийдвэрлэх ёстой байтал Гааль, татварын газрын гаргасан Өршөөл үзүүлэх комиссын журмыг үндэслэн шийдвэрээ харгалзан үзэж гаргасан байна. Жишээ нь: Шийдвэрийн 5 дугаар хуудаст “... Захиргааны зөрчилд зөвхөн алданги, хүү, торгууль зэрэг хамаарна. Татвар төлбөр хураамж зэрэг үндсэн үүрэг чөлөөлөгдөхгүй. Дээрхээс үзвэл хуулийн ...” гэж хуулийн заалтыг баримтлах биш Гааль, татварын газрын гаргасан журмыг дурдсан нь уг журмыг баримталсан нь харагдаж байна.

Иймд хуулийн үндэслэлгүй гаргасан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 771 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах буюу гаалийн улсын байцаагчийн 2014 оны 02 дугаар 04-ний өдрийн 06/14 дүгээр актыг өршөөлийн хуульд хамруулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараахь шалгалтын газрын улсын байцаагчийн 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 06/14 дүгээр актаар “Баясах-Атлас” ХХК 2010-2012 онд гадаадаас худалдан авсан зарим барааг улсын хилээр нэвтрүүлэхдээ гаалийн байгууллагад мэдүүлээгүй зөрчил үйлдсэн болохыг тогтоож, Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.1-д “барааг гаалийн мэдүүлэгт бичээгүй орхих, ... зэрэг аргаар хууль бусаар нэвтрүүлсэн бол ... тухайн зөрчилд холбогдох барааг хураах, эсхүл үнийг гаргуулж улсын төсөвт төвлөрүүлэх”-ээр заасны дагуу тухайн зөрчилд холбогдох барааны үнэ 54.542.772 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэжээ.

Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр баталсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь ... зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4.3-д “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөлд хамруулахаар заажээ.

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 3 дугаар зүйлд “Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр буюу тухайн нутаг дэвсгэрт дагаж мөрдүүлэхээр тогтоосон захиргааны журам санаатай буюу болгоомжгүйгээр зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг захиргааны зөрчил гэж үзнэ” гэж заасан бөгөөд хууль тогтоогчоос захиргааны журам гэдэгт нийтээр дагаж мөрдүүлэхээр тогтоосон зан үйлийн горим, эрх зүйн хэм хэмжээг хамруулан, өргөн утгаар тайлбарлажээ.

Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2-т “Гаалийн хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна” гэж гаалийн хууль тогтоомж зөрчсөн этгээдэд захиргааны шийтгэл ногдуулах талаар тодорхой заасан бөгөөд 290.2.1-д заасан зөрчилд холбогдох барааг хураах эсхүл түүний үнийг гаргуулахаар захиргааны шийтгэл ногдуулахаар хуульчилжээ.

Тиймээс “Баясах-Атлас” ХХК-д ногдуулсан төлбөр нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д заасан захиргааны шийтгэлд хамаарна.

Мөн “Баясах-Атлас” ХХК-ийн гаргасан зөрчил нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнөх үйлдэл тул тухайн хуулийн үйлчлэлд хамрагдахаар байна.

Анхан шатны шүүх дээрх асуудлаар үндэслэлгүй, буруу дүгнэлт хийснээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзэв.

“Баясах-Атлас” ХХК-д Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.1-д зааснаар ногдуулсан захиргааны шийтгэлийг өршөөлийн хуульд хамруулсан нь тухайн компанид Татварын ерөнхий хууль болон Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд заасан журмын дагуу нөхөн татвар ногдуулах зэрэгт хамаарахгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 771 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Баясах-Атлас” ХХК-д Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараахь шалгалтын газрын гаалийн улсын байцаагчийн 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 06/14 дүгээр актаар ногдуулсан Гаалийн байгууллагад мэдүүлээгүй барааны үнийн дүн болох 54.542.772 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн захиргааны шийтгэлээс өршөөн хэлтрүүлсүгэй.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг түүнд буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                              Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                              Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                              Д.БАТБААТАР