| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2020/00149/И |
| Дугаар | 149 |
| Огноо | 2020-06-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 149
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Худалдаа хөгжлийн банкны хүсэлттэй хариуцагч Х.Бат-Эрдэнийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямбасүрэн нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Худалдаа хөгжлийн банк шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Иргэн Х.Бат-Эрдэнэ, А.Ариунтуяа нар нь 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр тус банктай №ЗГ-RCC2014062718-1 тоот Орон сууцны зээлийн гэрээ-г байгуулан 50.000.000 /тавин сая/ төгрөгийн зээлийг, жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч Х.Бат-Эрдэнэ, А.Ариунтуяа нар нь зээлийн гэрээний хавсралтаар харилцан тохиролцож баталсан зээлийн эргэн төлөх хуваарийг удаа дараа зөрчиж зээлийн төлбөрийг цаг хугацаанд нь төлж барагдуулаагүй бөгөөд төлбөрийг төлүүлэхээр зээлдэгчийн зээл авах үеийн хаягаар /Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 1 дүгээр баг, 12 дугаар байрны 10 тоот/ удаа дараа очсон боловч зээлдэгч нь тус хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй буюу амьдардаггүй болох нь Сэлэнгэ аймгийн Сайхан сайхан сумын дүгээр багийн засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон байна. Иймд иргэн Х.Бат-Эрдэнийн оршин суугаа хаяг нь тогтоогдохгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасны дагуу эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоож өгнө үү... гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямбасүрэн шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа: ...Худалдаа хөгжлийн банкны харилцагч иргэн Х.Бат-Эрдэнэ нь 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр тус банктай гэрээ байгуулан 50.000.000 /тавин сая/ төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай зээлж авсан. Тус зээлийг авахдаа Хөтөлийн Цемент шохой ХК-д ажиллаж байсан. Тэгээд ажлаас гарсан. Хамтран зээлдэгч эхнэр А.Ариунтуяа нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Улсын тэргүүний 3-р цэцэрлэгт багшаар ажилладаг. Зээлдэгч нь тухайн үед гэрээнд заагдсан гэрийн хаяг дээрээ оршин суудаггүй гэсэн багийн Засаг даргын тодорхойлолтод үндэслэж эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байгаа. Ер нь Х.Бат-Эрдэнэ өөрөө зээл төлөх сонирхолгүй. Эхнэрээсээ салсан гэдэг байр сууринаас зээлээ төлөхгүй байгаа. Удаа дараа асуудал гаргасан. Иймд иргэн Х.Бат-Эрдэнийн оршин суугаа хаяг нь тогтоогдохгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү. ...Бид нарын зүгээс хэд хэдэн удаа гэрт нь очиж шаардлага тавьсан. Х.Бат-Эрдэнэ эхнэр, хүүхдээ хаяад ор сураггүй алга болсон. Хааяа утсаар ярьдаг гэсэн. Бид нарын зүгээс өөртөө нь 2-3 удаа таарсан. Гэхдээ хүнээр дамжуулж харсан. Согтуу явж байна гэсэн. ...Зээл авах үедээ Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р багийн 12 дугаар байрны 10 тоотод байсан. ...Одоо энэ хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн багийн Засаг даргын тодорхойлолт байгаа. Одоо худалдаж авсан байр нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р багийн 9 дүгээр байрны 18 тоотод байдаг. Одоо энэ байрандаа эхнэр нь амьдарч байгаа. ...Эхнэртэй нь уулзахад Х.Бат-Эрдэнэ одоо утасгүй байгаа. Холбоо барьж чадахгүй байгаа. Сая 06 дугаар сарын 01-ний өдөр хүүхэдтэйгээ уулзах гэж ирсэн. Гэхдээ согтуу ирсэн гэсэн... гэв.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх Худалдаа хөгжлийн банкны хүсэлттэй хариуцагч Х.Бат-Эрдэнийг эрэн сурвалжлах тухай хүсэлтийг хангах үндэстэй гэж үзэв.
Х.Бат-Эрдэнэ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь Худалдаа хөгжлийн банк, Х.Бат-Эрдэнэ, А.Ариунтуяа нарын хооронд 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан ЗГ-RCC2014062718-1 тоот Орон сууцны зээлийн гэрээ болон БГ- RCC2014062718-2 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-ээр тус тус тогтоогдож байна.
Мөн Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Х.Бат-Эрдэнэ нь Сэлэнгэ аймаг, Сайхан сум, Хөтөл 1 дүгээр багийн 12-р байрны 10 тоотод оршин суудаггүй болох нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл 1 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 380 тоот тодорхойлолт, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Худалдаа хөгжлийн банкны гаргасан хүсэлтийн дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.Бат-Эрдэнийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй, хаана байгаа нь тодорхойгүй байх тул түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангаж, түүнийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3, 155.4 дэх хэсэгт зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Боржигон овогт Хишиг-Очирын Бат-Эрдэнэ РД/НТ87122713/-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Худалдаа хөгжлийн банкны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч, этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА