| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2023/0201/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/192 |
| Огноо | 2023-11-03 |
| Зүйл хэсэг | 24.6.2.2., |
| Улсын яллагч | А.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/192
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ахлах прокурор А.Д-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.С-,
Шүүгдэгч Т.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт Т-ий А-т холбогдох эрүүгийн 2313003140218 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1965 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн А- суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, суурь боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, .......... ажилтай, ам бүл-6, эх, эхнэр, 4 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн А- сумын ............ дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Н овогт Т-ий А-, регистрийн дугаар БА65011510,
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.А- нь 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 30-ны өдрүүдийн хооронд Баян-Өлгий аймгийн А- сумын 1 дүгээр /Х-н/ багийн нутаг дэвсгэрт орших улсын тусгай хамгаалалттай Ё- сав газрын “Ш-г”, “Ц-г” гэх газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүй 4,2979м3 /64 ширхэг/ шинэс мод бэлтгэн, улмаар Д.П-ы 2--8 БӨҮ улсын дугаартай, ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслээр тус сумын төв хүртэл тээвэрлэж ойн санд 4,411,316 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагч А.Д-ээс шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Т.А- нь 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 30-ны өдрүүдийн хооронд Баян-Өлгий аймгийн А- сумын 1 дүгээр /Х-н/ багийн утаг дэвсгэрт орших улсын тусгай хамгаалалттай Ё- сав газрын “Ш-г”, “Ц-г” гэх газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүй 4,2979м3 /64 ширхэг/ шинэс мод бэлтгэн, улмаар Д.П-ы 2--8 БӨҮ улсын дугаартай, ЗИЛ-131 аркийн тээврийн хэрэгслээр тус сумын төв хүртэл тээвэрлэж ойн санд 4,411,316 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Т.А- хашааны дээвэр хийх зориулалтаар мод бэлтгэсэн, ойн цэвэрлэгээ хийх журмаар мод бэлтгээгүй. Тухайн модыг зөвшөөрсөн талбай буюу Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-д “түлшний болон ахуйн хэрэглээнд шаардагдах мод бэлтгэх хүсэлтээ ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/-д гаргаж, ойн мэргэжлийн байгууллага, албан тушаалтны хяналт, зааварчилгааны дагуу гүйцэтгэх” гэж заасны дагуу мод бэлтгэх ёстой. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан мод бэлтгэхээр тухайн “Ш-г”, “Ц-г” гэх газарт олгогдсон газраас өөр газарт очиж мод бэлтгэсэн. Хавтаст хэргийн 104-114 дүгээр хуудсанд мод бэлтгэх гэрээ, Өлгий сумын сум дундын ойн ангийн албан бичиг, хавсралт, координатын зураг мөн гэрч М.Н-ы мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. Ийм учраас шүүгдэгч Т.А-ыг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэж байгаа учраас түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох санА- байна. Улсын байцаагчийн дүгнэлтээр хууль бусаар мод бэлтгэсэн хэмжээ нь 4,411,316 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн учраас Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн хохирлыг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 13.233.946 төгрөгийг шүүгдэгч Т.А-оос гаргуулах санА- байна” гэв.
2. Шүүгдэгч Т.А- мэдүүлэхдээ: “Би гэмшиж байна. Би өөрөө зөвшөөрөл аваагүй, миний зөвшөөрлийн бичиг биш байсан. Миний худын зөвшөөрлийн бичгээр авсан. Тухайн үед би өөр хүний зөвшөөрлөөр авч болохгүй гэдгийг мэдээгүй. Мөн тухайн зөвшөөрлийн бичиг нь арилчихсан, бичиг нь танигдахгүй болсон байсан. Даатгалын байцаагчид 8 модны хураамжийг хураалгая гэхэд, надаас модны хураамжийг хурааж авсан. Ойн байцаагчид зөвшөөрлийг аваачиж үзүүлэхэд, Ё- сав газрыг хаасан Засаг даргын захирамж гарсан байгаа, та явж болохгүй, зөвшөөрлийн хугацаа дууссан байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “... Засаг даргатай уулзаад зөвшөөрөл авбал явж болох уу” гэж асуухад, “.... Засаг дарга зөвшөөрлийг сунгаж өгвөл болно” гэж надад тэгж хэлсэн. Тэгээд би Засаг даргад очиж худын зөвшөөрлөөр модонд явах гэсэн чинь хугацаа нь дууссан гэж байна. Эртхэн явж чадаагүй байсан гэхэд, Бахытбектэй уулзаж байгаад 1 машин мод юм байна, зөвшөөрлийн сунгаад өгье гэж хоёулаа тохиролцож байгаад намайг явуулсан. Ү.Б- надаас та модыг хаанаас авах уу гэж асуухад, би Ш-гээс авъя гэж хэлсэн. Ш-гээс мод авч болохгүй гэж надад юм хэлээгүй. Би босоо модоос тариагүй. Унасан моднуудаас авсан. Ё-оос сүүлийн 50 жилд мод авах боломж байхгүй. Бартаад замтай болохоор мод авч байгаагүй. Би санаатай хууль зөрчье гэж бодоогүй. Тухайн хөрөөдсөн гэх модыг бид буулгаагүй, биднээс өмнө хөрөөдсөн бид очиход унаж байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, мэдээгүйгээс болж ийм хэрэгт холбогдсон. Тухайн бичгийг Шынасыл прокурорт өгнө гэж авчхаад өгөөгүй байна. Гарсан хохирлыг төлж өгнө. Иймд хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна” гэв.
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч А.С- шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, Баян-Өлгий аймгийн А- сумын сав газрын Ш-г, Ц-г гэх газарт 2022 онд үер бууж байсан. Яллагдагч Т.А-ын мод бэлтгэсэн гэх цаг хугацааны хувьд 2022 оны 9 дүгээр сарын 27-оос 30-ны өдрүүдэд их хэмжээний цас орсон болох нь тогтоогдсон. Шүүгдэгч Т.А- ургаа модыг шууд санаатай шунахай сэдэлтээр халдаж хөрөөдөөгүй, таслаагүй, цагаалаагүй зэрэг огтлох үйлдэл хийгээгүй. Гагцхүү тухайн газарт унасан байсан модыг 2 метрийн хэмжээгээр тайрч бэлтгэсэн, тээвэрлэсэн гэх нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнээс харахад, миний үйлчлүүлэгч ойн санд хохирол учруулаагүй гэж дүгнэж байна. Тэнд байгалийн жамаар унасан юм уу, хэн нэгний унагаасан огтолсон модыг 2 метрээр тастаж авсан. Хохирол учирсан гэдгийг тайлбар толь болон хууль зүйн ойлголтоос харахад, ургаж байгаа модны амийг нь тастах, газраас нь сугалж авах, хөрөөдөж авсан тохиолдолд хохирол учирсан гэж үзэж болно. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хохирол учраагүй. Харин хууль бусаар орлого олсон буюу мод авсан үйлдэл харагдаж байна. Хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хураах боломжтой. Эдгээр моднуудыг мөрдөгчийн тогтоолоор битүүмжилсэн. Миний үйлчлүүлэгч хэдийгээр унасан модоо авсан ч хууль бус юм байна. Үнэгүй юм гэж байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан Засаг дарга А.А-ийн мэдүүлгээс харахад, Т.А-т та мод авч болно гэж хэлээд захирамж гаргасан байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Харин хохирол учраагүй гэж дүгнэж байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2313003140218 дугаартай хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:
4. Хэргийн газарт буюу “Ш-г”, “Ц-г” гэх газруудад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 10-29 дүгээр хуудас/,
5. Модонд буюу иргэн Т.А-н хашаанд хураасан байсан модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 30-36 дугаар хуудас/,
6. Хэргийн газрын үзлэгээр огтолж авсан модыг иргэн Т.А-оос хураан авсан модтой харьцуулан үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 37-46 дугаар хуудас/,
7. Эд мөрийн баримтаар хураан авсан 64 ширхэг модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 48-67 дугаар хуудас/,
8. Эд мөрийн баримтаар хураан авсан хөрөө, сүхэнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 70-73 дугаар хуудас/,
9. Баян-Өлгий аймгийн А- сумын Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/156 дугаартай захирамж, мод бэлтгэх 22-003040 дугаартай эрхийн бичиг /1 дэх хавтаст хэргийн 76-78 дугаар хуудас/,
10. 2022 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар батлах тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн А/217 дугаартай тушаал, Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 63 дугаартай тогтоол, тус аймгийн А- сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 40 дугаартай тогтоол, түүний хавсралтууд /1 дэх хавтаст хэргийн 93-102 дугаар хуудас/,
11. Мод бэлтгэх талбай тусгаарлах тухай гэрээ /1 дэх хавтаст хэргийн 104-110 дугаар хуудас/,
12. Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаартай албан бичиг, хавсралт координатын зураг /1 дэх хавтаст хэргийн 112-113 дугаар хуудас/,
13. Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 30/5301 дугаартай албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 118-119 дүгээр хуудас/,
14. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.С-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 129-130 дугаар хуудас/,
15. Гэрч Ү.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 132-133, 135 дугаар хуудас/,
16. Гэрч С.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 138 дугаар хуудас/,
17. Гэрч Т.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 140 дүгээр хуудас/,
18. Гэрч Д.П-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 149-150 дугаар хуудас/,
19. Гэрч Д.Е-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 153 дугаар хуудас/,
20. Гэрч А.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 155-156 дугаар хуудас/,
21. Гэрч М.Н-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 166, 168 дугаар хуудас/,
22. Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 178-181 дүгээр хуудас/,
23. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн БӨА-23-0163 дугаартай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 191-196 дугаар хуудас/,
24. Яллагдагч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 219-220 дугаар хуудас/ зэргийг,
25. Шүүгдэгчийн өмгөөлөгч А.С-аас: Хавтаст хэрэгт авагдсан 1 дүгээр хавтаст хэргийн 16 дугаар талд авагдсан фото зураг, хэргийн газрын үзлэг, 255 дугаар талд авагдсан фото зураг, 76 дугаар талд А- сумын Засаг даргын захирамж, А-ийн мэдүүлэг, 132 дугаар талд гэрч Ү.Б-ийн мэдүүлэг, гэрч С.А-ын мэдүүлэг, гэрч Т.Б-гийн мэдүүлэг, гэрч Д.П-ы мэдүүлэг, гэрч Д.Е-н мэдүүлэг, 219 дүгээр хуудсанд яллагдагчийн мэдүүлэг, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, 221 дүгээр хуудсанд эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, 1 дүгээр хавтаст хэргийн 224 талаас 2 дугаар хавтаст хэргийн 13 дугаар хуудас хүртэлх авагдсан нотлох баримтууд зэрэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.
26. Шүүгдэгч Т.А-оос хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
27.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
28. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Т.А-т холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Хэргийн үйл баримт:
29. Шүүгдэгч Т.А- нь 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 30-ны өдрүүдийн хооронд Баян-Өлгий аймгийн А- сумын 1 дүгээр /Х-н/ багийн нутаг дэвсгэрт орших улсын тусгай хамгаалалттай Ё- сав газрын “Ш-г”, “Ц-г” гэх газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүй 4,2979м3 /64 ширхэг/ шинэс мод бэлтгэн, улмаар Д.П-ы 2--8 БӨҮ улсын дугаартай, ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслээр тус сумын төв хүртэл тээвэрлэж ойн санд 4,411,316 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
30. Хэргийн газарт буюу “Ш-г”, “Ц-г” гэх газруудад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 10-29 дүгээр хуудас/,
31. Модонд буюу иргэн Т.А-ын хашаанд хураасан байсан модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 30-36 дугаар хуудас/,
32. Хэргийн газрын үзлэгээр огтолж авсан модыг иргэн Т.А-оос хураан авсан модтой харьцуулан үзлэг хийсэн “1), Ш-г гэх газраас модноос огтолж авсан 1 гэсэн тоог тавьсан модны хэмжээ 24х22 см болох бөгөөд Т.А-оос хурааж авсан моднуудыг харьцуулахад 29, 31, 36, 40, 53-р моднуудын бүдүүн үзүүр нь 24 см байв. Эдгээр моднуудыг харьцуулж үзэхэд Т.А-оос хураан авсан 53-р модтой голын бөөрөнхий хэсэг болон жишиг яраар яг таарч байв. 2), Ш-г гэх газарт хэргийн газрын үзлэгийн үеэр ургаа модны хошуунаас огтолж авсан модны бөөрөнхий хэсэг нь 27х23 см хэмжээтэй болох бөгөөд Т.А-оос хураан авсан моднууд дундаас 32-р модтой модны зах хэсэгт 6 х3 см хэмжээтэй бөөрөнхий яртай хэсэг гол хэсгийн бөөрөнхий хэсгээр мөн 27 х23 см хэмжээгээр яг таарч байна. 3), “Ц-г” гэх газарт үзлэг хийх үеэр 6-р дугаарласан модноос огтолж авсан модны хэсгийн 4 гэсэн улбар шаар өнгийн тодруулагчаар тодруулсан бөгөөд Т.А-оос хураан авсан моднууд дунд 43-р модтой диаметр хэмжээгээр таарч байгаа боловч шинж тэмдгээр таарахгүй байв. Модны диаметр 26 см байв. Мөн 4 тоогоор тэмдэглэсэн модны диаметр 33 см болох бөгөөд Т.А-оос хураан авсан 46-р модны хэмжээтэй диаметрээр таарч байв. Мөн 3 тоогоор тэмдэглэсэн хэргийн газарт байсан мод нь 16 см диаметртэй бөгөөд Т.А-оос хураан авсан моднууд дунд хэмжээгээр 62-р мод, 1-р модтой адилхан байв. Эдгээр моднуудын диаметр хэмжээ нь 16 см байна” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 37-46 дугаар хуудас/,
33. Эд мөрийн баримтаар хураан авсан 64 ширхэг модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 48-67 дугаар хуудас/,
34. Эд мөрийн баримтаар хураан авсан хөрөө, сүхэнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 70-73 дугаар хуудас/,
35. Баян-Өлгий аймгийн А- сумын Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/156 дугаартай захирамж, мод бэлтгэх 22-003040 дугаартай эрхийн бичиг /1 дэх хавтаст хэргийн 76-78 дугаар хуудас/,
36. 2022 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар батлах тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн А/217 дугаартай тушаал, Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 63 дугаартай тогтоол, тус аймгийн А- сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 40 дугаартай тогтоол, түүний хавсралтууд /1 дэх хавтаст хэргийн 93-102 дугаар хуудас/,
37. Мод бэлтгэх талбай тусгаарлах тухай гэрээ /1 дэх хавтаст хэргийн 104-110 дугаар хуудас/,
38. Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаартай албан бичиг, хавсралт координатын зураг /1 дэх хавтаст хэргийн 112-113 дугаар хуудас/,
39. Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 30/5301 дугаартай “...3ил-131 загварын тээврийн хэрэгсэл нь БА............. регистрийн дугаартай Д.П-ы нэр дээр бүртгэлтэй байна...” гэх албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 118-119 дүгээр хуудас/,
40. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.С-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ...Т.А- гэх хүн зөвшөөрөлгүй мод бэлдсэн нь хууль зөрчсөн үйлдэл байсан гэдгийг өөрөө сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна. Тэр хүн эхэндээ зөвшөөрлийн бичигтэй байсан гэж явж байсан. Гэтэл тухайн бичиг баримтын хугацаа нь дууссан, хүчингүй бичиг баримт байсан байна. Т.А- бид нартай ирж уулзсан, тэгээд учирсан хохирлыг бүрэн төлж өгөхөө илэрхийлсэн.., ...шинжээчийн дүгнэлтээр 4,411,316 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн болохоор тухайн дүгнэлтийн дагуу нэхэмжлэх болно....” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 129-130 дугаар хуудас/,
41. Гэрч Ү.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би А- сумын иргэн Т.А-т өөрт нь мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгсөн асуудал байхгүй. Харин Т.А- иргэн М.М-, Х.С-, М.Ж- нарын нэр дээр бичигдсэн мод бэлтгэх эрхийн бичгээр мод бэлтгэнэ гэж надад 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн орой ирсэн..., ...Тэр үед би Т.А-т нэгдүгээрт одоо мод бэлтгэх хугацаа дууссан байгаа, мод бэлтгэх захирамжид хугацааг 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл гэж заасан, хоёрдугаарт таны гарт байгаа мод бэлтгэх эрхийн бичгийн мод бэлтгэх, тээвэрлэх хугацаа нь мөн дууссан байна. Таны гарт байгаа Х.С-, М.М-, М.Ж- нарын нэр дээр бичигдсэн мод бэлтгэх эрхийн бичигт мод бэлтгэх хугацааг 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд 8 хоног, тээвэрлэх хугацаа нь 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд 2 хоног гэж заасан байна. Өнөөдөр 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр болж байна. Таны эрхийн бичиг дэх хугацаа дууссан тул та Ё-оос мод бэлтгэж болохгүй, таны гарт байгаа мод бэлтгэх эрхийн бичиг хүчингүйд тооцогдсон, хугацаа сунгаж болохгүй гэсэн үг, дээрээс нь таны гарт байгаа мод бэлтгэх эрхийн бичгээр хожуул, гишүү, мөчир зэрэг мод бэлтгэгдэх ёстой, таны зориулалтанд бол таарахгүй гэж хэлсэн..., ...Харин Т.А- нь хожуул, гишүү, мөчир, үзүүр, ёзоор бэлтгэхгүйгээр 2 метрийн харгай модыг материалын зорилгоор бэлтгэсэн байна. Т.А- мод бэлтгэх хугацаа дууссаны дараа очиж мод бэлтгэх эрхийн бичигт заагдсанаас өөр зориулалтын мод бэлтгэж ирсэн...”, “...Ё- сав газрын зарим хэсэг нь тусгай хамгаалалтын онцгой бүс, зарим хэсэг нь аялал жуулчлалын бүст ордог. Ё- сав газар нь улсын тусгай хамгаалалттай газарт 1996 онд орсон. Улсын Их Хурлын №43 дугаар тогтоолоор тусгай хамгаалалттай газарт авагдсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 132-133, 135 дугаар хуудас/,
42. Гэрч С.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Т.А- гэдэг хүний хамт Ё- сав газрын “Ш-г” гэдэг газраас мод бэлтгэсэн. Анх Т.А- надад Ё-оос очоод мод бэлтгээд ирмээр байна, чи туслаад өгөөч гэж хэлсэн. Би хөлсөндөө мөнгө авна гэж тохирсон. Надаас гадна Д.Е-, Х- гэдэг хүмүүс мод бэлтгэсний хөлсөнд мод авахаар болж тохирч байсан. Ачиж ирэх машин болох ЗИЛ-131 маркийн машины жолооч Д.П- гэдэг залуу байсан. Ё-оос мод бэлтгэх хугацаа дууссан тул Засаг дарга А.А-, байгаль хамгаалагч Ү.Б- нарт хэллээ мод бэлтгэх хугацааг сунгахаар болсон, Засаг дарга А.А-, байгаль хамгаалагч Ү.Б- нар аймаг руу ярьсан мод бэлтгэх хугацааг сунгахаар болсон гэж бид нарт Т.А- хэлсэн. Тэгээд бид нар 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр билүү 28-ны өдөр билүү яг өдрийг нь тодорхой санахгүй байна, Д.П-ы ЗИЛ-131 маркийн машинаар Ё- руу Т.А-ын мод бэлтгэх ажлаар иргэн Х-, Д.Е-, Т.А-, Д.П- бид тав явсан-. Ё- Шар хээр гэдэг газарт очиж2 хонож мод бэлтгэсэн..., ...Бид нар хоёр хоногийн хугацаанд 60 хэдэн ширхэг мод бэлтгэсэн. Тэгээд буцаж ирсэн. Бид нар буцаж ирсэн өдөр сумын төвд оршин суудаг иргэн Кадирбек гэдэг хүн нас бар тэр хүнийг оршуулсан өдөр буюу 2022 оны 9 дүгээр сарын 31-ний өдөр сумын төвд ирсэн...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 138 дугаар хуудас/,
43. Гэрч Т.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Т.А- гэдэг хүний хамт Ё- сав газрын “Ш-г” гэдэг газраас мод бэлтгэсэн. Анх надад Т.А- ах надад нэг мод бэлтгэх эрхийн бичиг байна, туслах хүн байхгүй байна, чи ахдаа туслаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би Т.А- ахад туслахаар болсон. Ажлын хөлсөнд 5 ширхэг мод авахаар тохиролцсон. Тухайн үед бид нар Ё- руу С.А-, Т.А-, Д.Е-, жолооч Д.П- бид тав явсан. Бид нар 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр билүү 28-ны өдөр билүү явсан. Ё- Ш-г гэдэг газарт очиход цас орж байсан. Маргааш нь босч аваад Ш-гийн эх гэдэг газраас нийтдээ жаран хэдэн ширхэг мод бэлтгэсэн..., ...Бид нар бэлтгэсэн модоо 2 метр, 20 сантиметрээр хэмжиж тайрсан..., ...уг моднуудыг Т.А- өөрөө мужаан хүн учраас ямар нэгэн зүйл хийж урлахаар авсан байх, яг түлээний мод болгохоор авсан мод биш...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 140 дүгээр хуудас/,
44. Гэрч Д.П-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Т.А- нь бид нар явахаас өмнө хоёр хоногийн урьд манай гэрт очиж надад мод бэлтгэх зөвшөөрөл байгаа юм, бензинийг чинь хийж өгье гэж хэлсэн. Тэгээд 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр орой ирж Т.А-ын бензинийг хийж авсан. Тэгээд Т.А-т би таны бичиг баримт чинь яг бүрэн биз, дараа нь асуудал болох вий дээ гэж хэлэхэд Т.А- надад гарт нь байсан зөвшөөрлийн бичгээ харуулсан. Тэр үед би уг зөвшөөрлийн бичгийн хугацаа хэтэрснийг нь анзаараагүй байна. Харин би дахин Т.А-т наад мод чинь асуудал болох вий дээ, би ер нь явахгүй юм байна гэж машинаа асаагаад голын цаана байдаг гэр лүүгээ явчихсан. Тэгтэл маргааш нь өглөө буюу 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр өглөө над руу Т.А- утсаар залгаж миний хажууд засаг дарга А.А- сууж байна, захирамжийг сунгаж өгөхөөр боллоо, байгаль хамгаалагч Бахытбект бас хэлсэн байгаа, засаг дарга А.А- зөвшөөрөл өгсөн гэж хэлсэн. Засаг дарга зөвшөөрч захирамжийн хугацааг сунгахаар боллоо гэж хэлэхээр нь би Т.А-ын модыг хүргэж өгөхөөр болсон. 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр үд дөхөөд иргэн Т.А-, Х-, Д.Е-, С.А- нарын хамт Ё- руу явсан. Ё- руу даваад очтол цас ихээр орж байсан. Бид нар Ё- сав газрын шууд “Шар хээр” гэдэг газарт очоод хоносон. Тэгээд маргааш нь өглөө босоход цас их орсон байсан. Өглөө босож аваад уг шар хээр гэдэг газраас мод бэлтгэх гэсэн боловч машинд мод ачиж буух нь аюултай бөгөөд мод ачсан машин буух ямар ч боломжгүй байсан. Тэгээд би Т.А-т эндээс мод бэлтгэвэл машинаар бууж чадахгүй юм байна, аваар осол гарна, энэ өөрөө зөөлөн цас байна, машин их халтирч байна гэж хэлсэн. Тэр үед Т.А- надад ядаж хэдэн мод авъя гэж хэлсэн. Тэр үед Т.А- хажуудаа Х-, Д.Е-, С.А- нарыг дагуулаад ой модны дотор орж хэд хэдэн мод авч ирж машинд хийсэн. Тухайн үед би ой мод руу ороогүй машины хажууд байсан. Тухайн үед тэр хүмүүс ямар модыг, яаж бэлдэж ирснийг мэдэхгүй байна. Тэд нар гартаа хоёр хүний хөрөө, сүх бариад явж байсан. Хэд хэдэн модыг ачсаны дараа би Т.А-т одоо хаанаас мод авах вэ гэж асуухад Т.А- би нэгэнт бензин хийгээд ирлээ доошилж буугаад гүүрийн тийшээ очиж бэлтгэе гэж хэлсэн. Тэгээд “Шар хээр”-ээс машинаар буугаад гүүр тийшээ доошилж явсан. Гүүрээс гараад доошилж явж мод бэлтгэж тэнд бас нэг хоносон..., ...Мод бэлтгэсэн асуудалд би оролцоогүй. Харин Т.А-ын бэлтгэсэн модыг Ё-оос сумын төв хүртэл өөрийн эзэмшлийн ЗИЛ-131 маркийн машинаар хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 149-150 дугаар хуудас/,
45. Гэрч Д.Е-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Надад Т.А- гэдэг хүн 2022 оны 9 дүгээр сарын сүүлээр Ё-оос мод авч ирнэ чи туслаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би Т.А-тай сайн харилцаатай хүн байсан учир зөвшөөрсөн. Т.А- надад хөлсөнд мөнгө өгөхөөр болсон. Би одоо хүртэл мөнгө аваагүй. 2022 оны 9 дүгээр сарын сүүлээр иргэн Д.П-ы ЗИЛ-131 маркийн машинаар иргэн С.А-, Х-, Т.А- нарын хамт А- сумын газраас мод бэлтгэхээр явсан. Бид нар очсон өдөр Ё-од хоносон. Тэр өдөр хэдэн ширхэг модыг “Шар хээр” гэдэг газраас бэлдсэн. Тухайн үед цастай байсан учир тэр газраас сайн мод гарахгүй байхаар нь маргааш өглөө нь гүүрнээс доош явж хоёр гаталга гэдэг газраас очиж бэлдсэн. Тэр өдөр өдөржингөө мод бэлтгээд тэндээ дахин хоносон. Тухайн үед цас их орсон тул мод бэлтгэхэд хүндрэлтэй байсан. Тухайн үед бид нар нээх их мод бэлтгээгүй ба тавин хэдэн мод л бэлтгэж тэр өдөр орой буцсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 153 дугаар хуудас/,
46. Гэрч А.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Т.А- өөрөө хувиараа мужаан хийдэг...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 155-156 дугаар хуудас/,
47. Гэрч М.Н-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн хоёр байршил хоёулаа мод бэлтгэхээр зөвшөөрөгдсөн буюу тусгаарлагдсан талбайд орохгүй байна...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 166, 168 дугаар хуудас/,
48. Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай “...А- сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Ш-г гэх газар нь улсын тусгай хамгаалалтын газар нутагт хамаарна: Тус бэлтгэсэн мод нь шинэс буюу шилмүүст мод байна. Тухайн бэлтгэсэн мод нь байгалийн жамаар хатаж хуурайшаагүй, ургах чадвартай, шинэс модыг зориуд хөрөөгөөр тайрч бэлтгэсэн байна. Стандарт Хэмжил Зүйн Үндэсний Зөвлөлийн 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор батлагдсан стандартын дагуу тооцоход 4,2979м3 эзлэхүүнтэй байна. Бэлтгэсэн шинэс мод нь ургах чадвартай нойтон байна. Баян-Өлгий аймгийн А- сумын 4 дүгээр багийн иргэн Т.А-ын хууль бусаар бэлтгэсэн моднуудын экологи эдийн засгийн үнэлгээ нь 4.2979м3х570,216x1.8=4,411,316 төгрөг...” гэх дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 178-181 дүгээр хуудас/,
49. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн БӨА-23-0163 дугаартай “...Оросын холбооны улсад 1989 онд үйлдвэрлэсэн, Зил 131 загварын тээврийн хэрэгсэл 12,000,000 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 191-196 дугаар хуудас/,
50. Яллагдагч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 219-220 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Эрх зүйн дүгнэлт:
51. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүхээс үнэллээ
52. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заажээ.
53. Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг гэдэг нь байгаль орчин, ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, эзэмших, ашиглахтай холбоотой харилцаанд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6-д хуульчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл юм.
54. Уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг. Тодруулбал зохих зөвшөөрөлгүйгээр, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр Эрүүгийн хуульд заажээ.
55. Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ авсан байхыг хуулиар мод бэлтгэх гэж байгаа иргэн, хуулийн этгээдэд үүрэг болгосон байна.
56. Шүүгдэгч Т.А- нь “байгалийн жамаар унасан модыг бэлтгэсэн” гэх тайлбарыг гаргасан ба Ойн тухай хуулийн дээрх холбогдох заалтаас үзэхэд ургаа мод унанги мод эсэхээс үл хамааран иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь ойгоос мод, ойн дагалт баялгийг ашиглахдаа зохих төлбөр хураамж төлсний үндсэн дээр эрх бүхий этгээдээс олгосон мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээний үндсэн дээр бэлтгэж тээвэрлэхээр байна.
57. Гэтэл шүүгдэгч Т.А- нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж, 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 30-ны өдрүүдийн хооронд, тус аймгийн А- сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Ц-г” гэх газраас 4.2979 м3 эзлэхүүнтэй, байгалийн жамаар хатаж хуурайшаагүй, ургах чадвартай, шинэс модыг зориуд хөрөө, сүх ашиглан тайрч бэлтгэж, иргэн Д.П-ы эзэмшлийн 2--8 БӨҮ дугаартай, ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэглээний зориулалтаар мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг эрх бүхий албан тушаалтнаас аваагүй, мөн Баян-Өлгий аймгийн А- сумын Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/156 дугаартай захирамж болон М.М-, Х.С, М.Ж- нарт олгосон түлш мод бэлтгэх 22-003040 дугаартай эрхийн бичигт заасан хугацаа дууссан, мөн тухайн захирамж, эрхийн бичигт зааснаас өөр зориулалтаар буюу хэрэглээний модыг, цэвэрлэгээний бус аргаар бэлтгэсэн байна.
58. Түүнчлэн Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.15 дахь заалтад “ойн цэвэрлэгээ” гэж ойн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн, хүчтэй салхи, их цасанд өртөн амьдрах чадваргүй болж үхжиж унасан хуурай мод, гишүү, мөчир, мод бэлтгэлийн талбайн үлдэгдлийг цэвэрлэх замаар ойг хамгаалах, ойн төлөв байдлыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг” хэлнэ гэж заасан байхад дээрх ойлголтод хамаарахгүй, өөрөөр хэлбэл амьдрах чадваргүй болж үхжиж унаагүй, хатаж, хуурайшаагүй, ургах чадвартай шинэс модыг зориуд хөрөө, сүх ашиглан тайрч бэлтгэн, тухайн газраас буюу А- сумын 1 дүгээр /Х-н/ багаас 4 дүгээр /Чихэртэй/ баг хүртэл тээвэрлэсэн үйлдэл нь “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.
59. Шүүгдэгч Т.А-ын хууль бусаар мод бэлтгэсэн гэх Ё- сав газар нь Монгол Улсын Их Хурлын 1996 оны 43 дугаар тогтоолоор Алтай Таванбогдын байгалийн цогцолборт газарт хамрагдсан улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг нь тогтоогдож байна.
60. Ийм байдлаар шүүгдэгч Т.А-ын хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 9 дахь хэсгийн 2.3-д заасан “улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд” гэх хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байх ба шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж байсан боловч түүнийг хүсч үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
61. Иймд шүүгдэгч Т.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2.3-д заасан “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод модон материалыг бэлтгэж, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
62. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Т.А-ын хууль эрх зүйн мэдлэг дутмаг, тухайн харьяалах сум, багийн засаг дарга, түүний тамгын газар, байгаль хамгаалагч нарын зүгээс иргэдэд хуулийг сурталчлах, таниулах, мэдээлэх ажиллагаа хангалтгүй зэрэг шалтгаан нөхцөл нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
63. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцдог.
64. Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай дүгнэлтээр Т.А-ын Баян-Өлгий аймгийн А- сумын 1 дүгээр /Х-н/ багийн нутаг дэвсгэрт орших улсын тусгай хамгаалалттай Ё- сав газрын “Ш-г”, “Ц-г” гэх газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн 4,2979м3 /64 ширхэг/ моднуудын экологи, эдийн засгийн үнэлгээ нь 4.2979м3х570,216x1.8=4,411,316 төгрөг бөгөөд үүнийг Байгаль хамгаалах тухай хуулийн 49-р зүйлийн 4.1-д зааснаар 3 дахин нэмэгдүүлэхэд 13.233.948 төгрөгийн бодит хохирлыг учруулсан нь тогтоогджээ.
65. Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.1.2-д: “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага хууль бусаар мод бэлтгэсэн үйл ажиллагаа явуулснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан бол учирсан шууд хохирлыг нөхөн төлнө”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 3-д “Энэ хуулийн 42.1.3-д ойн дагалт баялгийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтооно” гэж заасан ба шүүгдэгч Т.А-ын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр 4.411.316 төгрөгөөр тогтоосон байх тул уг гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хохирол нь 4.411.316 төгрөг гэж үзнэ.
66. Харин Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна”, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “Ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус заасан тул ойн санд учирсан хохирол, хор уршгийг экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 13.233.948 төгрөгөөр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нийцнэ гэж шүүх дүгнэв.
67. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нь модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлж 13.233.948 төгрөгөөр тогтоогдсон бөгөөд үүнээс шүүгдэгч Т.А-оос 13.233.948 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
68. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч Т.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах” дүгнэлтийг,
69. Шүүгдэгчийн өмгөөлөгч А.С-аас: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.А-т 1 жилийн хугацаатай зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,
70. Шүүгдэгч Т.А-оос “хуулийн хөнгөлөлтийг үзүүлж өгөх” хүсэлтийг тус тус гаргасан болно.
71. Шүүгдэгч Т.А- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
72. Шүүгдэгч Т.А-ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна.
73. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
74. Шүүгдэгч Т.А- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
75. Шүүхээс шүүгдэгч Т.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугаа ойлгож гэмшсэн, ойн санд учруулсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон болон хувийн байдлыг нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Т.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн гэр бүлийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх бодит үр нөлөөтэй гэж үзэв.
76. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа:
Эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох;
Эрх бүхий байгууллагын хяналтад тодорхой газар очихыг хориглох;
Эрх бүхий байгууллагын хяналтад шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих;
Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх;
Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих гэсэн үүргүүдээс нэгийг, эсхүл хэд хэдийг сонгож хүлээлгэхээр хуульчилжээ.
77. Шүүгдэгч Т.А-т оногдуулсан 1 жил 2 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн А- сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр тогтов.
Тодруулбал, шүүгдэгч Т.А- нь зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлснээс хойш 1 жил 2 сарын хугацаанд Баян-Өлгий аймгийн А- суманд оршин суух газраа өөрчлөх бол, мөн хаа нэгтээ зорчих бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналт тавьж буй албанаас заавал зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд хэрэв ажил хөдөлмөр эрхлэхээр болсон тохиолдолд ажил гэр хоорондын зорчих хөдөлгөөний зөвшөөрлийг авсан байх үүргийг хүлээнэ.
78. Хэрэв шүүгдэгч Т.А- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулах нь зүйтэй.
79. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг албадан гаргуулна”, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2, 3-д “ Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно, хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан.
80. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 5 дахь хэсэгт зааснаар иргэн Д.П-ы эзэмшлийн мод тээвэрлэхэд ашигласан “ЗИЛ-131” маркийн 2--8 БӨҮ улсын дугаартай, 12.000.000 төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь буцааж, уг тээврийн хэрэгслийн үнэ болох 12.000.000 төгрөгийг шүүгдэгч Т.А-оос гаргуулж улсын орлого болгохыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
81. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.А-ын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого буюу хууль бусаар бэлтгэсэн 4.411.316 төгрөгийн албан ёсны үнэлгээ бүхий, 4.2979 м3 эзлэхүүнтэй, 64 ширхэг шинэс модыг хурааж улсын орлого болгож, хохирол төлөхөд зарцуулахыг Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хөрөө 1 ширхэг, сүх 1 ширхэг, модны тайрдас 3 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын шүүхийн эд мөрийн баримт устгах комисст тус тус даалгаж, СД диск 1 ширхгийг хэргийн хамт хадгалах нь зүйтэй.
82. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хууль бусаар бэлтгэсэн, Баян-Өлгий аймгийн А- сумын цагдаагийн кабонд хадгалагдаж буй 64 ширхэг шинэс модыг битүүмжилсэн шийдвэрийг хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэв.
83. Шүүгдэгч Т.А- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлийн 1, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н овогт Т-ий А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр, гарал үүслийн гэрчилгээгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Т.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.А-т оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн А- сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулсугай.
5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.4.1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заасныг тус тус баримтлан шүүгдэгч Т.А-оос ойн санд учруулсан хохиролд 13.233.948 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 5 дахь хэсэгт зааснаар иргэн Д.П-ы эзэмшлийн мод тээвэрлэхэд ашигласан “ЗИЛ-131” маркийн 2--8 БӨҮ улсын дугаартай, 12.000.000 төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь буцааж, уг тээврийн хэрэгслийн үнэ болох 12.000.000 төгрөгийг шүүгдэгч Т.А-оос гаргуулж улсын орлого болгохыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.А-ын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого буюу хууль бусаар бэлтгэсэн 4.411.316 төгрөгийн албан ёсны үнэлгээ бүхий, 4.2979 м3 эзлэхүүнтэй, 64 ширхэг шинэс модыг хурааж, хохирол төлөхөд зарцуулахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хөрөө 1 ширхэг, сүх 1 ширхэг, модны тайрдас 3 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын Газрын Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст тус тус даалгаж, СД диск 1 ширхгийг хэргийн хамт хадгалсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хууль бусаар бэлтгэсэн, Баян-Өлгий аймгийн А- сумын цагдаагийн кабонд хадгалагдаж буй 64 ширхэг шинэс модыг битүүмжилсэн шийдвэрийг хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.
9. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хувийн бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК