| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 161/2023/0167/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/181 |
| Огноо | 2023-10-30 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 2023/ШЦТ/181
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,
улсын яллагч Х.Ө-,
шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б-,
шүүгдэгч И.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.ж ургийн овгийн И-гийн Д-д холбогдох 2213003260186 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Н.ж ургийн овгийн И-гийн Д-, 1958 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Б- суманд төрсөн, 64 настай, эрэгтэй, ам бүл 6, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, тус аймгийн Б сумын .......... ажилтай, Баян-Өлгий аймгийн Б- сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар ЦГ-,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч И.Д- нь Баян-Өлгий аймгийн Б сумын ..........ар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг ашиглаж тус суманд хэрэгжүүлж байгаа услалтын системийг шинэчлэн сайжруулах “Цул улаан дэд төсөл"-ийн барилгын ажлын гүйцэтгээч "Н-к" ХХК-ийн захирал Д.С- болон түүний аав барилгын ажлын удирдагч Э.Д- нартай 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр "Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах гэрээ"-г байгуулж, тус компанид давуу байдал бий болгож, байгаль орчинд 2500862 төгрөг, техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын зардалд 3117758 төгрөг, нийт 5618620 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
1.1. Шүүгдэгч И.Д- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний бие 2021 оны 8 дугаар сараас эхэлж Баян-Өлгий аймгийн Б сумын ..........ар ажиллаж байгаа. 2021 оны 10 дугаар сарын сүүлээр байгаль орчны байцаагч Х-, үүрэг гүйцэтгэгч З- нар услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын ажил “Цул улаан төсөл"-ийн удирдагч Э.Д-г дагуулж орж ирсэн. Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын ажил “Цул улаан төсөл"-ийн ажлыг надад танилцуулж, саналаа хэлсэн. Тухайн үед би манай сумд хайрга олгох газар, компани байхгүй талаар хэлсэн. Хайрга олборлох тусгай зөвшөөрөлтэй компанитай яриарай гэж хэлсэн. Байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагч нарт энэхүү асуудлыг судалж сайн мэдээрэй, би мэдэхгүй байна гэж хэлж байсан. Дараа нь 2022 оны 5 дугаар сард хайрга авах газрыг олсон Байгаль орчны газрын дарга Ш.М- нь зөвшөөрөл олгосон гэж байгаль орчны менежментийн төлөвлөгөөг үзүүлсэн. Байгаль орчны зургийг надад өгсөн. Менежментийн зураг төсөл дээр орон нутагт байгаль орчны болон бусад холбогдох зөвшөөрөл болон 2 дугаар хэсгийн барилгын ажилд шаардагдах хайрга, элс, түгээмэл тархацтай ашигт малтмалыг олборлох зөвшөөрлийг сумын Засаг даргаас авна гэж заасан байна. Тухайн зураг төслийг 2021 онд аймгийн ерөнхий архитектур баталж, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа хот байгуулалтын газрын дарга К.Б-, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Н-, Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.М- болон бусад холбогдох албан тушаалтнууд зөвшилцөж тохиролцож гарын үсэг зурсан байсан. Тус зураг төсөлд сумын Засаг даргатай гэрээ хийж хайрга авахаар тусгасан байна. Э.Д- нь гэрээг боловсруулж байгаль орчин хамгаалагч Ж.Е-ад гарын үсэг зуруулж надад авч ирсэн. Тухайн үед байгаль орчны улсын байцаагч Х-, Засаг даргын Тамгын газрын дарга З- нар байсан. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан тул төрийн ажилд саад учруулах эрх бидэнд байхгүй, та энэхүү ажлыг дэмжиж гарын үсэг зураад өгөөч гэж байгаль орчны улсын байцаагч Х-, Засаг даргын Тамгын газрын дарга З- нар хэлсэн. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажилд саад учруулбал танд хариуцлага тооцно гэж хэлсэн. Тухайн гэрээний төслийг би боловсруулаагүй. Тус гэрээнд гарын үсэг зурсан боловч тамга дараагүй байсан. Гэрээнд гарын үсэг зурснаар би яллагдагчаар татагдсан. Баян-Өлгий аймгийн Б- сумын ард иргэд болон сумын Тамгын газарт ямар нэгэн хохирол учраагүй. “Н-к” ХХК-ийн зүгээс нөхөн сэргээлтийн ажлыг 60 хувийн гүйцэтгэлтэй хийж байна. Мөн татвараа төлж байгаа болно. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан тул гэрээнд гарын үсэг зурсан. Тэрнээс биш миний бие тухайн газраас хайрга аваагүй, хувийн эрх ашгийн төлөө тус гэрээнд гарын үсэг зураагүй болно. Албан тушаалын төлөө бүлэг хүмүүсийн хийж байгаа үйлдэл байх...” гэв.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр эрүүгийн хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Гэрч М.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Баян-Өлгий аймгийн Б- суманд газар тариалангийн усжуулалтын системийг “Н-к” ХХК нь “М-а” гэх газраас их хэмжээний хайрга олборлосон байдаг. Тус компани хайрга олборлохдоо тус сумын засаг дарга И.Д-аас зөвшөөрөл авсан гэдэг...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 25 дахь тал),
2.2. Иргэн М.А-оос гаргасан “Баян-Өлгий аймгийн Б сумын .......... нь хайрга олборлох тухай зөвшөөрөл олгож эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 23 дахь тал),
2.3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн "...Тус компани манай сумын удирдлагуудтай гэрээ хийж, тус ажлыг 2022 оны 06 дугаар сараас эхлэн хийж байгаа юм. “Н-к” ХХК нь ажилд шаардагдах хайргыг тухайн газраас авч байгаа. Экологи эдийн засгийн үнэлгээг гарсны дараа хохирлыг нэхэмжлэх болно..." гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 39-40 дэх тал),
2.4. Гэрч Х.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тус сумын 2 дугаар багт хийгдэж байгаа Цул-Улаан услалтын системийн хайрга олборлолтын ажил нь 2022 оны 6 дугаар сараас эхлэн хийгдэж байгаа. Тус “Н-к” ХХК-ийн эрх бүхий хүмүүс нь манай сумын Засаг дарга И.Д-тай гэрээ хийж үйл ажиллагаагаа эхэлсэн. Тус гэрээний дагуу тухайн газраас хайрга авсан...", гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 42-43 дахь тал),
2.5. Гэрч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манай “Н-к” ХХК нь Б- сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 160 га газарт “усжуулалтын систем” буюу далан барих ажил хийж байгаа. Манай “Н-к” ХХК-ийн ерөнхий захирал Д.С- нь тус сумын Засаг дарга И- овогтой Д- гэх хүнтэй 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр түгээмэл тархацтай ашигт малтмал олборлохтой холбоотой гэрээ хийж байсан... ...Уг гэрээнд зааснаар бол нөхөн сэргээлт хийх ёстой. Манай ажил одоогоор 30 хувьтай явж байгаа. Манай тухайн услалтын систем барьж байгаа газрын ойролцоо хажуу талаас нь хайргыг авч байгаа. Ажилд шаардагдах хайргыг олборлох газрыг тус сумын эрх бүхий албан тушаалтнууд зааж өгсөн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 45-46 дахь тал),
2.6. Гэрч Э.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний бие “Н-к” ХХК-ийн төслийн удирдагчаар ажилладаг бөгөөд манай компани 2022 оны 6 дугаар сараас эхлэн Баян-Өлгий аймгийн Б- суманд 160 га газарт услалтын системийн далан босгох ажил хийж байна. Манай компани Б сумын ..........тай хайрга ашиглах талаар гэрээ хийж тухайн гэрээний дагуу хайрга ашиглаж байгаа одоо гэрээний хугацаа дуусахаар хайрга олборлосон газраас нөхөн сэргээж сум орон нутгийн татварын дансанд түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр төлөх болно. Б- сумын 160 га услалтын системийн ажлын зураг төсөл байгаа. Тухайн зураг төсөлд хайрга Хаас ашиглах талаар тодорхой тусгасан зүйл байхгүй. Ер нь хайрга ашиглахад тухайн сум орон нутгаас гэрээгээр зөвшөөрөл авсны үндсэн дээр ашигладаг юм.
...Би гэрээг харлаа. Уг гэрээг миний бие тус сумын Засаг дарга И.Д-тай уулзаж бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа талаараа танилцуулан, төслийн ажилд хэрэглэгдэх хайргыг тус сумын нутгаас авч хэрэглэх талаар гэрээг байгуулж байсан. Гэрээний дагуу тус сумын төсөвт 3 сая төгрөгийг төвлөрүүлэхээр болсон. Гэрээг байгуулах талаар миний бие тус сумын удирдлагуудтай уулзсан. Миний хүүхэд энэ талаар уулзсан удаа байхгүй. Харин гэрээг цахимаар явуулж хүү Д.С- батлан явуулж байсан. Гэрээг байгуулахдаа ямар хуулийг үндэслэсэн талаар мэдэхгүй байна. Тэгэхдээ тус сумын Засаг даргатай хоорондоо ярилцаж байгаад таны надад үзүүлсэн гэрээг байгуулж байсан. Сумын Засаг дарга тус сумын нутгаас хайрга олборлохыг зөвшөөрсөн тул гэрээг байгуулж байсан. Гэрээ байгуулсны дараа бид тус сумын нутаг М-а гэх газраас хайрга олборлосон. Түүнээс биш гэрээг байгуулахгүйгээр хайрга олборлосон удаа байхгүй. Бидэнд тус сумын Засаг дарга зөвшөөрч гэрээ байгуулсан тул хайргыг олборлосон. Гэрээний дагуу тус суманд 3000000 төгрөг өгөхөөс 1500000 төгрөгийг төлсөн байгаа. Бусдын төлж амжаагүй байгаа. Үлдсэн төлбөрийг нөхөн сэргээлт хийж газрыг хүлээлгэн өгсний дараа төлөх гэж байгаа.
Би нэг зүйл хэлмээр байна. М-а гэх газраас хайрга олборлосон үйлдэлд Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн гэх залуу манай компанид Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авсан. Хайрга олборлох гэрээг байгуулсан Б сумын .......... болон өөр ямар нэгэн албан тушаалтнаас шан харамж авсан, шаардсан удаа байхгүй. Манай компаниас Цул улаан төслийн хүрээнд хийгдэж байгаа услалтын системийг шинэчлэх сайжруулах ажлын төсөлд тендерийн материал илгээхдээ хайрга олборлолтыг орон нутгаас гэж оруулсан байгаа...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 52-53, 76-77 дахь тал),
2.7. Баян-Өлгий аймгийн Б- сумын “Цул улаан услалтын систем” төслийн танилцуулга (1 дэх хавтаст хэргийн 57-72 дахь тал),
2.8. Гэрч Х.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн "... Б- сумын 2 дугаар багийн нутагт хуучин услалтын систем байсан юм. Тухайн систем нь тариалангийн чиглэлээр ашиглагдаж байсан. Манай Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 7 аймгийн 19 суманд дээрх төслийг хэрэгжүүлэхээр болсон. Үүний нэг нь манай аймгийн Б- болон С- суманд хэрэгжиж байгаа юм. Б- сумын услалтын системийн ажлыг таны асууж байгаа "Н-к" ХХК хийж байгаа. Тухайн төслийн компаниас санхүүжилтийг Азийн хөгжлийн банк гаргаж байгаа. Төслийн гүйцэтгэгч манай газарт ямар нэгэн байдлаар энэ төслийн дагуу хийгдэх ажлын зураг болон төсөл, төсөвтэй холбоотой мэдээлэл өгөхгүй байгаа. Бид Б- суманд төслийн дагуу 165 га газарт усалгааны системийг хийх, нөхөн сэргээх, сайжруулах ажил хийгдэх ёстой гэсэн ерөнхий мэдээлэлтэй байгаа. Төсөл хэрэгжүүлэгч компаниас төсөлтэй холбоотой материал өгөх талаар 2 удаа амаар шаардсан ба тус компани өгнө гэж хэлээд одоог хүртэл өгөхгүй байгаа. Ямар шалтгааны улмаас өгөхгүй байгааг мэдэхгүй байна. Тэгэхдээ уг газарт очиж газар дээр нь танилцаж байхад зураг төсөл гэх зүйлийг нээж үзүүлж байсан. Тухайн ажлыг нь Азийн хөгжлийн банкны төслийн нэгжийн хүмүүс хийж гүйцэтгэдэг юм шиг байна лээ..." гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 74 дэх тал),
2.9. Байгаль орчны зөвлөх “Н” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 1/16 дугаартай “...1)Тухайн газар нь КЗРТ-02505 дугаартай, Уушгины улаан гэх нэртэй 2017 онд орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан Байгалийн нөөц газарт хамаарч байна. Ойн сан, усан сан бүхий газарт хамаарахгүй байна. 2) Тус газраас олборлосон ашигт малтмал нь голын хайрга байна. 3) Шинжилгээ хийсэн талбайд 1100 м2 болон 472,65 м2 талбай бүхий 2 ухаш нүх байна. 4) Тухайн газарт урьд өмнө нь буюу 2022 оны 6 дугаар сараас өмнө элс, хайрга олборлох үйл ажиллагаа явагдаж байгаагүй, эрүүл газар байсан байна. 5) Тус газарт ашигт малтмалын болон хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдоогүй бөгөөд ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй газар байна. 6) Эвдэгдсэн нэгдүгээр талбайгаас байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ 1,750,428 төгрөг, хоёрдугаар талбайгаас байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ 750,344 төгрөг, нийт хохирлын үнэлгээ 2,500,862 төгрөг болж байна. 7) тус талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажил хийгдээгүй байх бөгөөд нөхөн сэргээлт хийх ажлын зардал нь 1-р талбайд 2,144,054 төгрөг, 2-р талбайд 973,704 төгрөг, нийт нөхөн сэргээлт хийх ажлын зардлын хэмжээ нь 3,117,758 төгрөг болж байна..." гэх дүгнэлт, байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлтийн зардлын тооцооны баримтууд (1 дэх хавтаст хэргийн 100-131 дэх тал),
2.10. Хэргийн газрын үзлэг хийсэн талаарх “Хэрэг учрал болсон гэх газар нь Баян-Өлгий аймгийн Б- сумын 2-р багийн нутаг дэвсгэр “Хөтөлийн замын ам” гэх газар буюу сумын төвөөс 3,5 км-ийн зайд орших газар байв. ... Тухайн газар нь их хэмжээний хайрга олборлосон цэг бүхий газартай байв...” гэсэн тэмдэглэл, үзлэгийн явцын бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 135-140 дэх тал),
2.11. Хайрга олборлоход ашигласан гэх тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 141-144 дэх тал),
2.12. Эрх бүхий албан тушаалтан, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Геологи уул уурхайн хяналт, газрын тос, хийн хяналтын улсын байцаагчийн шалгасан “Н-к” ХХК-нд холбогдох зөрчлийн ГУУ-01 дугаартай материалд үзлэг хийсэн тэмдэглэл, хуулбарлаж авсан холбогдох баримтууд (1 дэх хавтаст хэргийн 147-157 дахь тал),
2.13. Баян-Өлгий аймгийн Б сумын .........., Н-к ХХК-ийн захирал нарын 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан “Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тухай” 22/01 дугаартай гэрээ (1 дэх хавтаст хэргийн 160-161 дэх тал),
2.14. Баян-Өлгий аймгийн Б- сумын Цул-Улаан услалтын системийн ажлын зураг төсөл, ажлын материалын техникийн тодорхойлолт (1 дэх хавтаст хэргийн 171-182 дахь тал),
2.15. Яллагдагч И.Д-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэх зорилгоор гэрээг байгуулсан. Би гэрээ байгуулсанд буруутгаж байгааг ойлгож хүлээн зөвшөөрч байна...
...Би сумын Засаг даргаар 2021 оны 7 дугаар сард томилогдсоны дараа услалтын системийг судалж үзээд тухайн бус нутгаас 5 км зайд услалтын систем татах ажлыг судлах үүргийг байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагч нарт өгсөн. Ингээд тухайн ажлын хүрээнд ашиглагдаж хайрганы компанийн захирал Д.Д- манай суманд 2021 оны хавар ирсэн. Тэр уг газраас хайрга авч ашиглан услалтын системийн ажлыг дуусгасан. Одоо бол нөхөн сэргээлтийг бүрэн хийж гүйцэтгэсэн байгаа. Би эхлээд байгаль хамгаалагч, байгаль орчны улсын байцаагч нартаа итгээд болох юм байна гэж ойлгоод гэрээнд гарын үсэг зурсан. Би хуулийн холбогдох заалтыг мэдээгүй, надад ийм заалт байдаг талаар хэн ч хэлээгүй. Тухайн ажлыг дэмжиж өгөөрэй гэдэг даалгаврыг аймгийн Хөдөө, аж ахуйн газар болон аймгаас санал хэлсэн. Би ажил хийлсэн Н-к ХХК-ийн захирал Д.Д-д “та манай сумаас хайрга олборлож болохгүй манайд зөвшөөрөлтэй газар байхгүй” гэж хэлэхэд “120 км газраас буюу аймгаас хайрга татах үнэхээр хүндрэлтэй байна. Та өөрөө зөвшөөрөл гаргаад өгчих” гэхээр нь би зөвшөөрөл гаргаад өгсөн. Ингэхдээ байгаль орчны байцаагч, хамгаалагч нарт судлаад хариу өгөөрэй гэж хэлсэн. Тэгэхэд тэд нар надад болохгүй гэж хэлээгүй учраас би Д.Д-тай гэрээг байгуулсан. Ингэхдээ Д.Д- нь бүх гэрээний маягтыг хийгээд зөвхөн дээд талд нь миний гарын үсэг зурж батлах зай үлдээгээд ирснийг би баталж өгсөн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 243-244 дэх тал),
2.16. Н-к ХХК-ийн татвар тушаасан гэх баримт (2 дахь хавтаст хэргийн 3-4 дэх тал),
2.17. Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 01/2218 дугаартай албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн “Цул улаан” дэд төслийн тендерийн үнэлгээний хорооны хурын тэмдэглэл, Азийн хөгжлийн банкнаас гэрээ байгуулах эрх олгосон зөвшөөрөл (2 дахь хавтаст хэргийн 6-57 дах тал) зэрэг болон бусад нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.
2.18. Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:
- Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх тухай лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 214 дэх тал),
-Иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 217 дахь тал),
-Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 218 дахь тал),
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 250 дахь тал),
-Гэрч О.Х-ийн өгсөн “...И.Д- нь ажилсаг, хөдөлмөрч, бусадтай зөв боловсрон харьцаатай, шударга зантай, архи тамхи хэрэглэдэггүй, сумандаа нэр хүндтэй, ажилдаа хариуцлагатай хүн...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 197 дахь тал),
-шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн И.Д-ы Х банкны 51.............. тоот дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтууд болно.
2.19. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар
3.1. Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
3.2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Д-аас “Төслийн баримт бичигт хайргыг тухайн орон нутгийн байгууллагатай гэрээ байгуулж татан авалт хийнэ гэж заасан учраас би гэрээг баталсан” гэж мэдүүлж, түүний өмгөөлөгч Х.Б-ээс “төслийн баримт бичигт хайрга, элсийг орон нутгаас авна гэж заасан нь гэрээ байгуулахад нөлөөлсөн, шүүхээс гэрээ байгуулсан нөхцөл байдлыг харгалзан үзэх хэрэгтэй” гэсэн агуулгатай дүгнэлтийг гаргаж, улсын яллагчтай мэтгэлцсэн болно.
3.3. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоохын тулд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн,
- Гэрч М.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Баян-Өлгий аймгийн Б- суманд газар тариалангийн усжуулалтын системийг “Н-к” ХХК нь “М-а” гэх газраас их хэмжээний хайрга олборлосон байдаг. Тус компани хайрга олборлохдоо тус сумын засаг дарга И.Д-аас зөвшөөрөл авсан гэдэг ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 25 дахь тал),
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тус компани манай сумын удирдлагуудтай гэрээ хийж, тус ажлыг 2022 оны 06 дугаар сараас эхлэн хийж байгаа юм. “Н-к” ХХК нь ажилд шаардагдах хайргыг тухайн газраас авч байгаа. Экологи эдийн засгийн үнэлгээг гарсны дараа хохирлыг нэхэмжлэх болно..." гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 39-40 дэх тал),
- Гэрч Х.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тус сумын 2 дугаар багт хийгдэж байгаа Цул-Улаан услалтын системийн хайрга олборлолтын ажил нь 2022 оны 6 дугаар сараас эхлэн хийгдэж байгаа. Тус “Н-к” ХХК-ийн эрх бүхий хүмүүс нь манай сумын Засаг дарга И.Д-тай гэрээ хийж үйл ажиллагаагаа эхэлсэн...." гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 42-43 дахь тал),
- Гэрч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манай “Н-к” ХХК-ийн ерөнхий захирал Д.С- нь тус сумын Засаг дарга И- овогтой И.Д- гэх хүнтэй 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр түгээмэл тархацтай ашигт малтмал олборлохтой холбоотой гэрээ хийж байсан... Манай тухайн услалтын систем барьж байгаа газрын ойролцоо хажуу талаас нь хайргыг авч байгаа....” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 45-46 дахь тал),
- Гэрч Э.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манай компани Б сумын ..........тай хайрга ашиглах талаар гэрээ хийж тухайн гэрээний дагуу хайрга ашиглаж байгаа. ...Тухайн зураг төсөлд хайрга Хаас ашиглах талаар тодорхой тусгасан зүйл байхгүй. Ер нь хайрга ашиглахад тухайн сум орон нутгаас гэрээгээр зөвшөөрөл авсны үндсэн дээр ашигладаг юм....” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 52-53, 76-77 дахь тал),
- Баян-Өлгий аймгийн Б- сумын “Цул улаан услалтын систем” төслийн танилцуулга (1 дэх хавтаст хэргийн 57-72 дахь тал),
- Гэрч Х.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн "...Үүний нэг нь манай аймгийн Б- болон С- суманд хэрэгжиж байгаа юм. Б- сумын услалтын системийн ажлыг таны асууж байгаа "Н-к" ХХК хийж байгаа...." гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 74 дэх тал),
- “Н” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 1/16 дугаартай “...1)Тухайн газар нь КЗРТ-02505 дугаартай, Уушгины улаан гэх нэртэй 2017 онд орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан Байгалийн нөөц газарт хамаарч байна. Ойн сан, усан сан бүхий газарт хамаарахгүй байна. 2) Тус газраас олборлосон ашигт малтмал нь голын хайрга байна. 3) Шинжилгээ хийсэн талбайд 1100 м2 болон 472,65 м2 талбай бүхий 2 ухаш нүх байна. 4) Тухайн газарт урьд өмнө нь буюу 2022 оны 6 дугаар сараас өмнө элс, хайрга олборлох үйл ажиллагаа явагдаж байгаагүй, эрүүл газар байсан байна. 5) Тус газарт ашигт малтмалын болон хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдоогүй бөгөөд ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй газар байна. 6) Эвдэгдсэн нэгдүгээр талбайгаас байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ 1,750,428 төгрөг, хоёрдугаар талбайгаас байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ 750,344 төгрөг, нийт хохирлын үнэлгээ 2,500,862 төгрөг болж байна. 7) тус талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажил хийгдээгүй байх бөгөөд нөхөн сэргээлт хийх ажлын зардал нь 1-р талбайд 2,144,054 төгрөг, 2-р талбайд 973,704 төгрөг, нийт нөхөн сэргээлт хийх ажлын зардлын хэмжээ нь 3,117,758 төгрөг болж байна..." гэх дүгнэлт, байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлтийн зардлын тооцооны баримтууд (1 дэх хавтаст хэргийн 100-131 дэх тал),
- Хэргийн газрын үзлэг хийсэн талаарх тэмдэглэл, үзлэгийн явцын бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 135-140 дэх тал),
- Хайрга олборлоход ашигласан гэх тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 141-144 дэх тал),
- Эрх бүхий албан тушаалтан, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Геологи уул уурхайн хяналт, газрын тос хийн хяналтын улсын байцаагчийн шалгасан “Н-к” ХХК-нд холбогдох зөрчлийн ГУУ-01 дугаартай материалд үзлэг хийсэн тэмдэглэл, хуулбарлаж авсан холбогдох баримтууд (1 дэх хавтаст хэргийн 147-157 дахь тал),
- Баян-Өлгий аймгийн Б сумын .........., Н-к ХХК-ийн захирал нарын 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан “Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тухай” 22/01 дугаартай гэрээ (1 дэх хавтаст хэргийн 160-161 дэх тал),
- Баян-Өлгий аймгийн Б- сумын Цул-Улаан услалтын системийн ажлын зураг төсөл, ажлын материалын техникийн тодорхойлолт (1 дэх хавтаст хэргийн 171-182 дахь тал),
- Яллагдагч И.Д-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Ажил хийлсэн Н-к ХХК-ийн захирал Д.Д- “та манай сумаас хайрга олборлож болохгүй манайд зөвшөөрөлтэй газар байхгүй” гэж хэлэхэд “120 км газраас буюу аймгаас хайрга татах үнэхээр хүндрэлтэй байна. Та өөрөө зөвшөөрөл гаргаад өгчих” гэхээр нь би зөвшөөрөл гаргаад өгсөн. Ингэхдээ байгаль орчны байцаагч, хамгаалагч нарт судлаад хариу өгөөрэй гэж хэлсэн. Тэгэхэд тэд нар надад болохгүй гэж хэлээгүй учраас би Д.Д-тай гэрээг байгуулсан. Ингэхдээ Д.Д- нь бүх гэрээний маягт бүгдийг хийгээд зөвхөн дээд талд нь миний гарын үсэг зурж батлах зай үлдээгээд ирснийг би баталж өгсөн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 243-244 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдож байна.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж байгаа тус аймгийн Б- сумын “Цул-Улаан” дэд төслийн услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын ажлын гүйцэтгэгчээр “Н-к” ХХК нь шалгарсан байна.
2022 оны 06 дугаар сараас эхлэн Н-к ХХК нь услалтын системийн барилгын ажлыг гүйцэтгэхдээ тухайн компанийн “Цул-Улаан” дэд төслийн удирдагч Э.Д- нь Баян-Өлгий аймгийн Б сумын .......... И.Д-тай 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр “Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тухай” 22/01 дугаартай гэрээ байгуулж, улмаар тус аймгийн Б- сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Ховд голын эргээс 367 метр, 268 метрийн зайд 1100 м.кв, 472,65 м.кв талбай бүхий 2 ухаш нүх ухаж, голын хайрга олборлож далангийн ажилд хэрэглэсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна. (1 дэх хавтаст хэргийн 160-161 дэх тал),
4. Эрх зүйн дүгнэлт
4.1. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан 1 дэх хэсэгт “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол” гэж хуульчилсан.
4.2. Нийтийн албан тушаалтны “албан үүрэг, бүрэн эрх” гэдэг нь тухайн албан тушаалтанд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүрэг хамаарах бол “албан тушаалын байдал” гэж албан тушаалтны хэрэгжүүлж байгаа эрх, үүрэгт хамааралгүй боловч тухайн албан тушаалтай холбоотой нэр хүнд, нөлөө зэргийг хамааруулдаг байна.
4.3. “Албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэдгийг Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” гэж тус тус хуульчилжээ.
4.4. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “Нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” хамаарна гэж хуульчилжээ.
4.5. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараах албан тушаал хамаарна: 11.1.9-д бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч” хамаарна гэж заажээ.
4.6. Шүүгдэгч И.Д- нь 2021 оноос тус аймгийн Б сумын ..........ар томилогдож ажиллаж байгаа нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
4.7. Дээрх хууль, тогтоомжоос үзэхэд шүүгдэгч И.Д-ы эрхэлж байгаа сумын Засаг даргын албан тушаал нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан улс төрийн албаны удирдах албан тушаалд хамаарч байх тул түүнийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтан буюу мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан нийтийн албан тушаалтан гэж үзнэ.
4.8. Нийтийн албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг онцлогтой.
Тодруулбал, Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах, сумын Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн төлөөлөгчийн хувьд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасан болон бусад хууль, тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийг хэрэгжүүлэх юм.
4.10. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д "түгээмэл тархацтай ашигт малтмал" гэж зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайрганы зориулалттай барилгын чулууны хуримтлалыг” гэж, мөн зүйлийн 4.1.3-д "түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах" гэж түгээмэл тархацтай ашигт малтмалын орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу газрын гадаргуу, хэвлийгээс ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг;” гэж зааж, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5 дахь заалтад харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох бүрэн эрхийг аймаг, нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлэхээр хуульчилжээ.
4.11. Гэтэл Б сумын ..........ар ажиллаж байсан шүүгдэгч И.Д- нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох бүрэн эрхийг аймгийн Засаг даргад олгосон байхад өөртөө олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж, “Цул-Улаан” услалтын системийн барилгын ажлыг гүйцэтгэгч Н-к ХХК-тай 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр “Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тухай” 22/01 дугаартай гэрээ байгуулснаар барилгын ажлыг гүйцэтгэгч Н-к ХХК-ийн ажилчид тус аймгийн Б- сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Ховд голын эргээс 367 метр, 268 метрийн зайд 2 ухаш нүх ухаж, түгээмэл тархацтай ашигт малтмалд хамаарах голын хайрга олборлож, байгаль орчинд хохирол учруулсан нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг нийтийн албан тушаалтны хувьд дээрх хууль, тогтоомжийг зөрчиж, өөртөө олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж сумын Засаг даргын албан тушаалын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж “Н-к” ХХК-нд эдийн засгийн ашигтай, давуу байдал бий болгосон гэж дүгнэлээ.
4.12. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг хангасан, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, шүүгдэгчийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.
4.13. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал сумын ард иргэдэд ашиг тустай төсөл нэрийдлээр гэрээ байгуулсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
4.14. Иймд шүүгдэгч И.Д-ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
5.1. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11/ дэх заалтад "байгаль орчинд учруулсан хохирол" гэж байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, эсхүл байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг” гэж хуульчилж, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт иргэн аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлбөр төлөхөөр заажээ.
5.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад томилогдсон Байгаль орчны зөвлөх Н ХХК-ийн шинжээч А.Ц-А- нь 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн №16 дугаартай дүгнэлтдээ эвдэгдсэн 2 талбайгаас газрын хэвлийд буюу байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн үнэлгээг нийт 2500862 төгрөг, тухайн эвдэгдсэн газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийхэд 3117758 төгрөг шаардлагатай гэж байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн үнэлгээг гаргажээ. (1 дэх хавтаст хэргийн 100-131 дэх тал),
5.3. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон газрын хэвлийд буюу байгаль орчинд учирсан экологи-эдийн засгийн үнэлгээ нийт 2500862 төгрөг, нөхөн сэргээлт хийхэд шаардагдах 3117758 төгрөгийг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцон гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчээс гаргуулах нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
5.4. Иймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6, 7 дахь заалтад заасан хохирлыг байгаль орчны болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тогтоосон хэмжээг үндэслэн дор дурдсан хэмжээгээр тогтооно: 1/газрын хэвлийд учирсан хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” гэснийг баримтлан байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн үнэлгээ нийт 2500862 төгрөгийг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний 5001724 төгрөгийн байгаль орчинд учруулсан хохирол болон нөхөн сэргээлт хийхэд шаардагдах 3117758 төгрөг, нийт байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрт 8119482 төгрөгийг шүүгдэгч И.Д-аас гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд олгож шийдвэрлэлээ.
5.5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1, 2 дахь заалтад заасан хохирлыг шүүх шинжилгээний байгууллагаар, эсхүл байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний эрх авсан мэргэжлийн байгууллагаар хөлсийг төлж тооцуулна.” гэж, мөн зүйлийн 7 дахь хэсэгт “хохирол тооцсон ажлын зардлыг нөхөн төлбөрт нэмж тооцно.” гэж байгаль орчинд учирсан хохирлыг тооцож, үнэлгээ гаргахад гарсан ажлын зардлыг байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрт нэмж тооцохоор хуульчилжээ.
5.6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад томилогдсон Байгаль орчны зөвлөх Н ХХК-ийн шинжээчид ажлын хөлс төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй тул шүүгдэгчээс гаргуулах нөхөн төлбөрт нэмж тооцоогүй бөгөөд эрх бүхий байгууллага нь тухайн ажлын хөлсийг нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
5.7. Шүүх хуралдааны явцад шүүгдэгч Х.И.Д-ы өмгөөлөгч Х.Б-ээс гаргасан “хохирлыг төлөх ажлын 5 хоногийн хугацаа олгож өгөх”-ийн хүссэн саналыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хүлээн авч, ажлын 5 хоногийн хугацаагаар шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч нь дээрх шүүхээс тогтоосон хохирлыг 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Байгаль орчин, уур амьсгалын санд төлсөн нь шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн Төрийн банкны орлогын мэдүүлгээр нотлогдож байна.
5.8. Иймд шүүгдэгчийн гэмт хэргийн хохирол, хор уршгийг төлж барагдуулсан, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар
2.1. Шүүгдэгч И.Д-ыг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй.
2.2. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
2.4. Шүүгдэгч И.Д-ы үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзээгүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг түүний хувийн байдалд нь хамааруулан үзэв.
2.5. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2.6. Гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч И.Д- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон учраас шүүгдэгчийг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5618620 төгрөгийн хохирлыг гаргуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай” гэсэн агуулгатай,
шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Төслийн зураг төслийг боловсруулж эрх бүхий байгууллагаар хянагдах ёстой. Энэхүү гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь бичиг баримтыг бүрдүүлэхдээ холбогдох хууль журмыг мөрдөөгүй тул энэхүү нөхцөл байдал үүссэн болох нь нотлох баримтуудаар нотлогдож байна. Техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын зардалд 3117758 төгрөгийг шүүгдэгч Х.И.Д-аас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй ба байгаль орчинд 2500862 төгрөгийн хохирол гаргуулахад татгалзах зүйлгүй.
...Зарим холбогдох баримт бичгүүдийг боловсруулахдаа сумын Засаг даргаас зөвшөөрөл авахаар тусгагдсан нь гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн. Шүүгдэгч тухайн гэмт хэргийг өөрийн санаачилгаар үйлдээгүй. Шүүгдэгчийн 64 настай ба дараа жилээс өндөр насны тэтгэвэрт гарахаар төлөвлөж байгаа хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний 5400000 төгрөгийн торгох ял оногдуулж, 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн агуулгатай дүгнэлтийг тус тус гаргасан болно.
2.7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж хуульчилжээ.
2.8. 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт өөрчлөлт оруулж, ялын төрлөөс торгох ялыг хасаж хуульчилжээ.
2.9. Шүүгдэгч И.Д-ы гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа нь 2022 оны 06 дугаар сар учраас түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
2.10. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон шүүгдэгч И.Д-ы урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 64 настай гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын шинж, чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, гэмт хэрэг үйлдэх үед нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн ялын төрлөөс торгох ялыг сонгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэв.
2.11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг хуульчилсан байна.
2.12. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Д-ы нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
2.13. Шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт заасныг баримтлан түүнд оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг түүнд сануулж шийдвэрлэлээ.
2.14. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Д-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор тогтоов.
Гурав. Бусад асуудлын талаар
3.1. Шүүгдэгч И.Д- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
3.2. Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, байгаль орчинд учруулсан хохирлыг төлж барагдуулсан, энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, эрх бүхий байгууллага нь шинжээчид төлсөн ажлын хөлсийг нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.ж ургийн овгийн И-гийн Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И-гийн И.Д-ы нийтийн албанд томилогдох эрхийг 4 (дөрвөн) жилийн хугацаагаар хасаж, 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 (арван таван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Д-д оногдуулсан 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 (арван таван сая) төгрөгөөр торгох ялыг 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч И.Д-д сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Д-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 4 (дөрвөн) жилийн хугацаагаар хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч И.Д- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. 2213003260186 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрт 8119482 төгрөг төлсөн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эрх бүхий байгууллага нь шинжээчид төлсөн ажлын хөлсийг нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК