Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 237

 

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Т овогт О-ны М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Б овогт Б-ийн Цэцэнхүүд холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.М, хариуцагч Б.Ц, нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие О.М 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Б.Цтэй гэр бүл болсон. Гэр бүл болоод 2 хүүхэдтэй болсон. Эхнэр Б.Ц хэд хэдэн удаа өөр хүнтэй гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж байсан мөн хүүхдүүдээ орхиод гараад архидаад явчихдаг бөгөөд би хүүхдүүдээ бодоод уучилдаг байсан. Гэтэл 2019 оны 7 дугаар сард манай авга нас барж би ажил явдалд нь оролцоод 2019 оны 7 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 01 цагийн үед гэртээ ирэхэд манай эхнэр Б.Ц найзуудаа авч ирж гэрт архидаад хоёр хүүхдээ нэг найзтайгаа хамт орхиод өөрөө гараад явчихсан байсан. 2019 оны 7 дугаар сарын 31-ний өглөө 08 цагийн үед согтуу гэртээ ирсэн. Би ажилдаа яваад орой гэрт ирэхэд Б.Ц гэртээ байхгүй байсан. Хоёр хоногийн дараа гэртээ ирсэн. Тэгээд бид хоёр маргалдаад Б.Ц гэрээсээ гараад явсан. Бид хоёр 2019 оны 7 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа ба түүнээс хойш Б.Ц нь гэртээ эргэж ирээгүй. Бид хоёр ярилцаад том хүү М.Чингүүнийг би, бага хүү М.Санчирыг эхнэр асрамжиндаа аваад салахаар болсон бөгөөд хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй байхаар тохиролцсон. Мөн бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ миний бие архи уудаг нь үнэн боловч гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж байгаагүй. Том хүү М.Чингүүнийг аавынх нь асрамжид, бага хүү М.Санчирыг өөрийн асрамжиндаа авна. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.М нь хариуцагч Б.Цд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Гэрлэгчид нь 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэр бүл болж, 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтээ батлуулан, тэдний дундаас 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүү М.Чингүүн, 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүү М.Санчир нар төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн болон төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас 2019 оны 7 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санаачилга гаргаагүй байх тул О.М, Б.Ц нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч О.М нь том хүү М.Чингүүнийг өөрийн, бага хүү М.Санчирыг эхийнх нь асрамжид үлдээнэ, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Ц зөвшөөрсөн тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж зааснаар хүү М.Чингүүнийг эцэг О.Мийн, хүү М.Санчирыг эх Б.Цгийн асрамжид үлдээж шийдвэрлэв.

Гэрлэгчид нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болно.

Шүүх хүү М.Чингүүнийг эцэг О.Мийн, хүү М.Санчирыг эх Б.Цгийн асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа хэдий ч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж заасныг дурдах нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч О.Мийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Цгээс төгрөг 140.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Мд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Тайж овогт Ольвооны Мөнцэнгэл, Борлууд овогт Батцэнгэлийн Цэцэнхүү нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүү М.Чингүүнийг эцэг О.Мийн, 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүү М.Санчирыг эх Б.Цгийн асрамжид үлдээсүгэй.

3. Зохигчдын хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг ажлын гурван өдрийн дотор Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баясгаланд даалгасугай.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч О.Мийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Цгээс 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Мд олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ