| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2019/01530/И |
| Дугаар | 142/шш2020/00011 |
| Огноо | 2019-12-04 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Тэтгэлэг тогтоолгосон хүүхдийн тоо, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 142/шш2020/00011
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1994 онд төрсөн, 25 настай, эмэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Дэнж баг 1-40 тоотод оршин суух Ш овгийн Ө-ын М /регистрийн дугаар ...../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1992 онд төрсөн, 27 настай, эрэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Яргуйт баг овоот 3-16 тоотод оршин суух, Ш овгийн О-гийн Б /регистрийн дугаар ....../ холбогдох хүүхдийн эцэг болон асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ө.М, хариуцагч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ө.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие О.Б-тэй 2011 оноос хамтран амьдарч 2012 онд Түвшинжаргал, 2019 онд Энх-Эрдэнэ гэх хоёр хүүтэй болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул 2 хүүгээ өөрийн асрамжид байлган ааваас нь тэтгэмж авах хүсэлтэй байгааг минь шийдэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч О.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Ө.М-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Түвшинжаргал, Эрхэм-Эрдэнэ нарт тэтгэмж тогтоолгож өгөхийг зөвшөөрч байна. Хүүхдийн асрамжийг ээжид нь шилжүүлж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ө.М хариуцагч О.Б-т холбогдуулан хүүхдийн эцэг болон асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Ө.М нь хариуцагч О.Б-тэй 2011 оноос хойш хамтран амьдарсан, Ө.М нь 2012 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүү Б.Түвшинжаргалыг, 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүү М.Эрхэм-Эрдэнийг төрүүлсэн, хүү М.Эрхэм-Эрдэнийг эх нь өөрөөрөө овоглон төрсний гэрчилгээ авсан, хүүхдүүд нь одоо эхийн асрамжид эрүүл бойжиж байгаа зэрэг нь хүү Б.Түвшинжаргал, М.Эрхэм-Эрдэнэ нарын төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангасан баримтууд тул шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон болно.
Зохигчид гэрлэлтээ батлуулалгүй хамтран амьдрах хугацаанд 2012 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүү Б.Түвшинжаргал төрж, хүү Б.Түвшинжаргалыг хариуцагч О.Б- өөрөөрөө овоглон төрсний гэрчилгээ авсан нь зохигчдын тайлбар, №36 дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.
Харин 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүү М.Эрхэм-Эрдэнийг төрөхөд эцэг О.Б нь тусдаа амьдарч байсан учраас нэхэмжлэгч Ө.М- хүүхдээ өөрөөрөө овоглон гэрчилгээ авсан гэж тайлбарлаж байгааг хариуцагч үгүйсгээгүй, тэрээр М.Эрхэм-Эрдэнийн эцэг мөн гэдгээ хүлээн зөвшөөрч маргаагүй тул хүү М.Эрхэм-Эрдэнийн эцэг О.Б болохыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч хүү Б.Түвшинжаргал, М.Эрхэм-Эрдэнэ нарыг өөрийн асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулна гэсэн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй, мөн хүү Б.Түвшинжаргал шүүхэд “...ээжтэйгээ хамт амьдарна” гэх санал гаргасан, одоо хүүхдүүд Орхон аймагт сурч, амьдарч байгаа ахуй нөхцөл байдлыг, эцэг, эхийн зүгээс хүүхдэд тавих анхаарал, халамж, хүүхдүүдийн насны байдал зэргийг харгалзан үзэж хүү Б.Түвшинжаргал, М.Эрхэм-Эрдэнэ нарыг эх Ө.М-гийн асрамжид үлдээж шийдвэрлэлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан О.Б-ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн тул хариуцагчийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгийн дүнгээс тэмдэгтийн хураамж тооцож 65 058 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Өөрөөр хэлбэл О.Б нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар хүү Б.Түвшинжаргал, М.Эрхэм-Эрдэнэ нарыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх үүрэгтэй.
Орхон аймагт амьжиргааны доод түвшингийн хэмжээ сард 194 300 төгрөг ба үүний 50% 1 жилээр тооцоход 1 165 800 төгрөг болох тул энэ дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 32 529 төгрөгийг 2 хүүхдээр тооцож хариуцагч О.Б-ээс гаргуулан улсын орлогод оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.-д заасныг баримтлан 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү М.Эрхэм-Эрдэнийн эцэг Ш овгийн О-ийн Б мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан 2012 оны 08 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Б.Түвшинжаргал, 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүү М.Эрхэм-Эрдэнэ нарыг эх Ө.М-гийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Б.Түвшинжаргал, 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү М.Эрхэм-Эрдэнэ нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх тэтгэлгийг сар бүр эцэг О.Б-ээс гаргуулан нэхэмжлэгч Ө.М-д олгосугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч О.Б-ээс 65 058 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.
Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛСАН, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА