Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 38

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

            нарийн бичгийн даргa Х.Түмэнчимэг,

            улсын яллагч М.Гантулга,

            шүүгдэгч О.Энхнасан,

            шүүгдэгч О.Хөвсгөл,

            шүүгдэгч Ч.Бат-Эрдэнэ,

            шүүгдэгч У.Намуун,

            шүүгдэгч С.Номин-Эрдэнэ,         

            шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Наранбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: 

 

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар Ой мод овогт Оюунцэрэнгийн Энхнасан, 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар Хунтайжийхан овогт Чулуунхүүгийн Бат-Эрдэнэ, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар Олхонууд овогт Ундрахын Намуун, Шавь овогт Сүхбаатарын Номин-Эрдэнэ, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, 230 дугаар зүйлийн 230.1-д зааснаар Ой мод овогт Оюунцэрэнгийн Хөвсгөл нарт тус тус холбогдох 201625022254 тоот хэргийг шүүн хэлэлцэв.

 

            1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 6 дугаар курсын оюутан, хэрэгт холбогдох үедээ “Оюунбилэг” өдөр өнжүүлэх төвд туслах багш ажилтай байсан, ам бүл 4, эх, эгч, дүү нарын хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энэрэлийн 2-19 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: РЭ94110323 /, Ой мод овогт Оюунцэрэнгийн Энхнасан,  

 

            2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, марктенгийн менежер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “ Намуун “ хүнсний дэлгүүрт борлуулагч ажилтай байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Сүхбаатар дүүргийн 9 хороо Алтайн 11 дүгээр гудамж, 3476 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол 69-15 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: УП 91102555/, Хунтайжийнхан овогт Чулуунхүүгийг Бат-Эрдэнэ,  

 

            3. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Намуун “ хүнсний дэлгүүрийн захирал ажилтай байсан, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт, Сүхбаатар дүүргийн 9 хороо Алтайн 11 дүгээр гудамж, 3476 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол 69 дүгээр байр 15 тоотод түр оршин суух,  ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: УШ 95091128/ Олхонууд овогтой Ундрахын Намуун,  

 

            4. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Хөрөнгө оруулалтын газарт барилгын инженер ажилтай, “ Стормтрейд “ ХХК-ний захирал ажилтай байсан, ам бүл 4, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн 05 дугаар хороо, 10 дугаар хороолол Энэрэлийн 2-19 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: РИ 92030507 /, Ой мод овогт Оюунцэрэнгийн Хөвсгөл,

 

5. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, био технологич мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хорооллын Энэрэлийн 3 дугаар байрны 30 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: Н3 93090521 /, Шавь овогт Сүхбаатарын Номин-Эрдэнэ, нар нь: 

1. О.Энхнасан нь 2016 оны 09 дүгээр сарын 06-ны шөнийн 05 цагийн үед Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо ОХУ-ын элчин сайдын яамны урд гудамж тайлбайд дуудлагаар очиж албан үүргээ гүйцэтгэж явсан Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах хэлтсийн эргүүл харуул хамгаалалт хариуцсан ахлах байцаагч цагдаагийн хошууч Т.Нямсайханы хэв журам сахиулах үүргийн дагуу шаардлага тавихад эсэргүүцэж хэл амаар доромжлон улмаар түүний нүүрийг маажиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан,

2. Ч.Бат-Эрдэнэ нь 2016 оны 09 дүгээр сарын 06-ны шөнийн 05 цагийн үед Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо ОХУ-ын элчин сайдын яамны урд гудамж талбайд тус хорооны 31 дүгээр байрны орцны жижүүр ажилтай Т.Одсүрэнг орцонд тамхи татаж бусдын амгалан тайван байдлыг алдагдууллаа гэж тавьсан шаардлагыг нь эсэргүүцэж, үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан, 

3. У.Намуун нь 2016 оны 09 дүгээр сарын 06-ны шөнийн 05 цагийн үед Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо ОХУ-ын элчин сайдын яамны урд гудамж талбайд тус хорооны 31 дүгээр байрны орцны жижүүр ажилтай Ч.Баяржаргалыг С.Номин-Эрдэнэ, О.Хөвсгөл нартай бүлэглэн үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн зодож биед нь нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

4. О.Хөвсгөл нь 2016 оны 09 дүгээр сарын 06-ны шөнийн 05 цагийн үед Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо ОХУ-ын элчин сайдын яамны урд гудамж талбайд тус хорооны 31 дүгээр байрны орцны жижүүр ажилтай Ч.Баяржаргалыг үл ялих зүйлээр шалтаглан У.Намуун, С.Номин-Эрдэнэ, нартай бүлэглэн зодож биед нь хөнгөн зэргийн гзмтэл учруулан догшин авирлаж танхайрсан, мөн дуудлагаар очиж албан үүргээ гүйцэтгэж явсан Тамир-114 чиглэлийн цагдаа цагдаагийн ахлах ахлагч Б.Чулуунбаярын хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж хүч хэрэглэн эсэргүүцэж бэлэг эрхтэн тус газар нь өшиглөж эрх чөлөөнд нь халдсан,

5. С.Номин-Эрдэнэ нь 2016 оны 09 дүгээр сарын 06-ны шөнийн 05 цагийн үед Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо ОХУ-ын элчин сайдын яамны урд талд гудамж талбайд тус хорооны 31 дүгээр байрны орцны жижүүр ажилтай Ч.Баяржаргалыг илтэд үл хүндэтгэн үл ялих зүйлээр шалтаглан У.Намуун, О.Хөвсгөл нартай бүлэглэн зодож, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ч.Баяржаргал мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ... 2016 оны 09 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө 04 цаг өнгөрч байхад гаднаас 3 эмэгтэй, 1 эрэгтэй архи аваад орж байхыг харсан. Тэгээд тэд ууж, идэж шуугиад 05 цаг өнгөрч байх үед 109 тоотоосоо гарч дээшээ гараад 3 дугаар давхрын коридорт тамхи татан орилолдож, шуугилдаад байсан ба 110 тоотын оршин суугч над руу залгаад “ Урд талын айлын хүмүүс шуугилдаад байна. Энэ хүмүүсээ гарга “ гэсэн. Тэгэхээр нь би дээшээ гараад “ Та нар тамхи битгий тат. Энд битгий шуугилдаад бай “ гэж хэлэхэд О.Хөвсгөл “ Та зүгээр дуугүй бай. Нүхэндээ очоод хэвтэж бай. Бид нар хаана шээж, бааж, тамхи татахаа таниар заалгахгүй “ гээд байсан. Тэгээд тэд нар буцаад орчихсон. Тэгэхээр нь би утсаараа цагдаа дуудахад машинтай 2 цагдаа ирээд хаалгыг нь тогшсон боловч хаалгаа тайлж өгөөгүй. Би тэд нарт болсон явдлын талаар хэлсэн чинь “ Үүдээ тайлж өгөхгүй байна. Та ажиглаж байгаад нэг удаа явуулчих. Бүүр болохгүй бол дахиж цагдаа дуудаарай “ гэж хэлсэн. Тэгээд 05 цаг өнгөрөөд 06 цаг болох гэж байхад тэд нар дуугүй байхгүй “ Та нар зиндаа зиндаандаа бай. Хогоо ухаад нүхэндээ хэвтэж бай “ гээд гарсан. Манай хүн тухайн үед модны сүүдэрт зогсож байтал тэд нар харчихаад “ Чи наашаа гараад ир. Цагдаагаа дууд. Тэр цагдаа чинь надад үйлчлэхгүй “ гээд орилоод байсан. Тэгээд бид хоёр зам гараад нөгөө хэд дээр очтол тэнд байсан согтуу залуу манай хүнийг барьж аваад тэр хоёр барьцалдаж аваад зодсон.

Тэгтэл би салгах гээд дундуур нь ортол нөгөө 3 согтуу хүүхэн намайг зодсон. Намайг зодуулж байхад цаанаас нь Т.Одсүрэн цагдаа дагуулж ирээд салгасан. Ахиад алаг машинтай 3 цагдаа ирсэн. Нэг нь халзан толгойтой цагдаа байсан санагдаж байна. Тэгээд машин ирээд зогсоход О.Хөвсгөл намайг өшиглөөд унагаачихсан. Би уйлаад бостол О.Хөвсгөл нүдний шилтэй жижиг биетэй цагдаагийн салтаа хавьцаа өшиглөхөд тэр цагдаа доошоо тонгойгоод уначихсан. Тэгтэл халзан толгойтой цагдаа дөхөж очоод юм ярихад станцыг нь цохиод унагаачихсан. Тэгээд өөрөө зугтаагаад явчихсан. Дараа нь нэг жирэмсэн эмэгтэй явж байсан ба цагдааг ирсний дараа алхаж байгаад л савж унаад байсан. Тэр эмэгтэй гартаа тортой юм барьчихсан, бор шаргал цув өмссөн байсан. Манай нөхрийг тэнд байсан ганц залуу зодсон гэжээ. / хх 14-15 /

 

Хохирогч Т.Одсүрэн мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: 2016 оны 09 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнийн 03-04 цагийн үед гаднаас манай орц руу 3 эмэгтэй 1 эрэгтэй нэлээн согтуу янзтай орж ирсэн. Тэгээд тэд нар 1 давхрын 109 тоот руу орсон. Тэгээд тэнд баахан ууж идсэн ба дээшээ гараад 2, 3 дугаар давхруудаар шүлсээ хаяад хүн амьтан амраахгүй байсан ба эхлээд манай эхнэр гарч очоод шаардлага тавьсан. Тэгээд бид хоёр хамт гараад шаардлага тавиад цагдаа дуудна гэхэд “ Цагдаа бид нарт үйлчлэхгүй. Дуудахгүй юу “ гэхээр нь би цагдаа дуудах гэтэл миний гар утсыг аваад шидчихсэн. Тэгээд эхнэр утсаараа цагдаа дуудсан ба тэд нар цагдаа ирсний дараа бүгд гэр рүүгээ орчихсон байсан.  “ Цагдаа нилээд хаалгыг нь нүдсэн боловч хаалгаа онгойлгож өгөөгүй. Тэгээд тэр 2 цагдаа явсан ба тэдгээр залуучууд буцаад 05 цагийн үед гэрээсээ гараад манай эхнэр бид хоёрыг “ Гөлөг минь. Та нар цагдаагаа дуудсан уу “ гэхээр нь би “ Дуудсан боловч та нар хаалгаа тайлж өгөөгүй “ гэхэд ахиад дууд гэсэн.

Тэгээд тэд нар байрнаас хойшоо зам гараад ОХУ-ын элчин сайдын яамны хойно такси барих гээд зогсож байсан. Би модны сүүдэрт зогсоод би согтуу хүүхнүүдтэй юу ярихав дээ гээд үлдсэн. Гэтэл намайг тэнд байсан залуу “ Гөлөг минь чи нуугдаад байна. Гараад ир “ гэж хэлсэн. Тэгээд би очих гэтэл О.Хөвсгөл манай эхнэрийн нүүр рүү нь цохьсон ба хамт явж байсан 2 эмэгтэй нь бас тал талаас нь нийлж зодсон. Тэнд байсан эрэгтэй намайг боож аваад толгой руу цохиод зодсон. Миний толгой өвдөөд ОХУ-ын элчин сайдын яамны цагдаа дээр гүйж очоод “ Энэ хүмүүсүүдийг нэг тийш болгоод өгөөч. Цагдаа дуудчихсан удахгүй ирнэ. гэхэд тэр цагдаа байрнаасаа гарч ирээд надтай хамт очтол нөгөө гурван эмэгтэй манай эхнэртэй зууралдчихсан байсан. Тэгээд цагдаагийн машин ирсэн чинь нэг эмэгтэй эхнэрийн гэдэс рүү өшиглөчихсөн. Тэгээд цагдаа нар машинаас бууж иртэл машин барьж явсан цагдаагийн бэлэг эрхтэн рүү О.Хөвсгөл өшиглөчихсөн. Тэгтэл тэр цагдаа доошоо тонгойгоод суусан. Тэгээд тэр цагдаа нартай тэр хүмүүс ноцолдож байтал нэг эмэгтэй нь халзан толгойтой цагдаагийн нүүрийг самардсан. Тэгээд цагдаа нар тэднийг машинд суулгаад аваад явсан гэжээ. / хх 20-21 / 

 

Хохирогч Б.Чулуунбаяр мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: 2016 оны 09 дүгээр сарын 05-ны 20 цагаас 09 дүгээр сарын 06-ны өглөө 08 цагийн хооронд би Тамир-114 чиглэлд цагдаагийн ахлах дэслэгч Г.Баттүшигийн хамтаар Сүхбаатар дүүргийн дөрөв, тавдугаар хорооны нутаг дэвсгэрт 20-43 УНҮ улсын дугаартай Киа маркын автомашин албан үүргээ гүйцэтгэсэн. Тамир-10-аас өглөөний 05 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 31 дүгээр байрны 2 дугаар орцны жижүүрийн байран дээр зодоон болоод байна гэх дуудлагыг хүлээн авч шалгахаар явах гэж байхад эргүүл хамгаалалт, хяналт шалгалт хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч Т.Нямсайхан шалгалтаар ирсэн. Бид гурав хамт дуудлагаар очтол 31 дүгээр байрны 2 дугаар орцны урд талд ямар ч хүн байхгүй байсан. Тэгээд Тамир-10-т энд зодоон болсон зүйл алга байна гэж Г.Баттүшиг хэлэхэд удалгүй Тамир-10-аас “ 50 дугаар дэлгүүрийн үүдэнд ОХУ-ын элчин сайдын яамны цагдаа дуудлага өгч байна шалгаарай “ гэсэн. Бид гурвыг очтол эрэгтэй эмэгтэй хоёр хүнийг 4 эмэгтэй 1 эрэгтэй хүмүүс нийлээд зодож байсан ба яг очиход О.Хөвсгөл гэх нэртэй эмэгтэй орцны жижүүрийн хэвлий тус газар нь өшиглөөд унагаасан. Би машинаа байрлуулаад О.Хөвсгөлийг бариад авах гэтэл миний бэлэг эрхтэн рүү буюу төмсөг рүү өшиглөчихсөн. Би тэр доороо эвхрээд бэлэг эрхтэнээ дараад суутал Г.Баттүшиг О.Хөвсгөл гэх эмэгтэйг барьж аваад машинд суулгах гэж байтал хошууч Т.Нямсайханы нүүрнээс маажсан. Тэгээд Т.Нямсайхан маажуулчихаар нь бид нар тэр эмэгтэйг машинд суулгах хооронд О.Хөвсгөл гэх эмэгтэй таксинд суугаад зугтаачихсан. Тэгээд тэр эмэгтэйг болон нэг залуугийн хамтаар энд авчраад эрүүлжүүлэхэд хүлээлгэж өгсөн гэжээ. / хх 25-26 /

 

Хохирогч Т.Нямсайхан мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ:  …Тэгээд хойшоо эргэн ОХУ-ын элчин сайдын яамны баруун урд талд очиход 31 дүгээр байрны орцны жижүүр болох авгай, нөхөр хоёрыг 4 эмэгтэй, 1 залуу бүлэглэн зодож байсан. Тухайн үед эмэгтэй нь газар уначихсан байсан. Тухайн үйлдлийг Г.Баттүшиг, Чулуунбаяр нар таслан зогсоож, тухайн залуучуудыг автомашинд суу гэж шаардлага тавихад “ Бид нар орцны жижүүрүүдтэй хамт явна. Эд нарыгаа авч явсан цагт бид нар араас нь очно “ гээд орцны жижүүр авгай, нөхөр хоёр руу дайраад байсан. Тэгэхээр нь эхлээд шаардлага тавьсан эрэгтэйг Г.Баттүшиг, Чулуунбаяр хоёр машинд суулгах гэж очиход ахлах ахлагч Чулуунбаярыг О.Хөвсгөл гэх эмэгтэй бэлэг эрхтэн тус газар нь өшиглөсөн. “ Машинд  суу,  гэсэн   шаардлага  тавихад О.Хөвсгөл   гэх  эмэгтэй  такси бариад зугтаачихсан. Тэгээд О.Хөвсгөлийг зугтаасны дараа Чулуунбаяр нэг эмэгтэйг машинд суу гэхэд нөгөө эмэгтэй машины хаалганы хооронд хөлөөрөө жийчихээд орохгүй байсан. Яг энэ үед машин дотор сууж байсан залуу гарч ирэх гэхээр нь би тэр залууг буцаагаад түлхэж суулгасан. Энэ үед нөгөө хөлөөрөө жийчихсэн байсан эмэгтэй миний шуу, зүүн талын хацарнаас 2 удаа базаж майжсан. Би хацарнаас базсан гарыг нь татаж шууд тэр чигт машинд суулгасан. Машин руу суулгах үед тэр эмэгтэй миний толгойны дагз хэсэг рүү 2 удаа гараараа цохьсон. Тэгээд тэр хүмүүсииг Тамир-10 дээр авчраад тэнд байсан ганц эрэгтэй мөн нүүр маажсан эмэгтэй нарыг тэмдэглэл үйлдэж саатуулах байранд хийлгэсэн. Тухайн үед тэнд байсан 4 эмэгтэй 1 залуу нилээн согтуу байсан бөгөөд ялангуяа жирэмсэн эмэгтэй хүн болгон руу дайрч орилж байсан гэжээ. / хх 17-18 /

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12421 тоот дүгнэлтэнд:

1. Т.Одсүрэнгийн биед дух, эрүү, хүзүүнд зулгаралт, дух, зүүн чамархайн
хуйханд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 40 /
 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12413 тоот дүгнэлтэнд:

1. Ч.Баяржаргалын биед баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт, баруун нүдний алимны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. / хх 42

/
 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12429 тоот дүгнэлтэнд:

1. Т.Нямсайханы биед зүүн хацар, эрүү, хамар уруулын нугалааст зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. / хх 28-29/
 

Шүүгдэгч О.Энхнасанг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 54-56 /, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 57-59 /

 

Шүүгдэгч Ч.Бат-Эрдэнийг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 60-62 /, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 63-65 /

 

Шүүгдэгч У.Намууныг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 66-68 /, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 69-71 /

Шүүгдэгч О.Хөвсгөлийг 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 72-74 /, 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 75-77 /

 

Шүүгдэгч С.Номин-Эрдэнийг 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 78-80 /, 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 81-83 /

 

Шүүгдэгч нар урьд шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас  / хх 85, 91, 93, 97, 101  / зэрэг болно.

 

Шүүгдэгч О.Энхнасан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр манай найз С.Номин-Эрдэнийн төрсөн өдөр болсон. У.Намуун, О.Хөвсгөл, С.Номин-Эрдэнэ бид дөрөв уулзаж тэмдэглэсэн. У.Намууны нөхөр Ч.Бат-Эрдэнэ ирээд бид нар өдөр өнжүүлэх төв рүү явсан. С.Номин-Эрдэнэ, Ч.Бат-Эрдэнэ нар орцонд тамхи татаад ирье гээд гарсан. Орж ирэхдээ орцны жижүүртэй маргалдсан. Бид хоёрыг орцонд унтдаг гэж хэлээд хэл амаар доромжилсон гэсэн. Цагдаа нар ирээд хаалга тогшиход тайлж өгөөгүй. Манай найзууд гарч яваад би ганцаараа үлдсэн. Нэг нь утсаа үлдээсэн байхаар нь хувцсаа өмсөөд араас нь гарахад цагдаа нар ирсэн байсан.  

Тэр үед жирэмсэн найз охины гэдэс нь өвдөөд байна гээд боржур дээр суусан байсан. Цагдаа Ч.Бат-Эрдэнийг авч явна, машинд суу гэхэд нь Ч.Бат-Эрдэнэ “орцны жижүүрийг бас авч явах ёстой” гэсэн шаардлага тавьсан. Би араас нь найзтайгаа очъё гэхэд 2 цагдаа хоёр талаас өргөөд машин руу оруулах гэхээр нь би хөл, гараараа тэгнээд байж байтал хажууд байсан цагдаа миний гарыг хаалганаас салгах явцад хацрыг нь хумсаараа маажсан. Зүйл ангийг зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ үнэхээр их харамсаж байна. Т.Нямсайхан хошуучид 600.000 төгрөг төлсөн гэв.

 

     Шүүгдэгч Ч.Бат-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: С.Номин-Эрдэнэ бид хоёр орцонд тамхи татаж байхад орцны жижүүр С.Номин-Эрдэнийг “ Орцонд тамхи татлаа. Золбин юм “ гэхээр нь би хамгаалж, орцны жижүүртэй маргалдаад буцаад орсон. Удалгүй хаалга тогшиход бид нар хаалгаа онгойлгоогүй. Тэгээд явахаар такси барих гээд явж байхад орцны жижүүр араас ирээд цагдаа дуудсан гээд явуулахгүй маргалдаад орцны жижүүр намайг эхэлж цохьсон. Эмэгтэй орцны жижүүр намайг үсдэхэд У.Намуунаа намайг салгасан. С.Номин-Эрдэнэ, О.Хөвсгөл хоёр такси барих гээд зогсож байсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Миний буруугаас Т.Одсүрэнд гэмтэл учирсныг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч Ч.Одсүрэнд 140.000 төгрөг төлсөн гэв.

 

     Шүүгдэгч У.Намуун шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 09 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө найз С.Номин-Эрдэнийн төрсөн өдөр болоод бид дөрөв 22 цагийн үед Андууд дээр уулзаж, хүний хоёр хоёр шил пиво уусан. Манай нөхөр Ч.Бат-Эрдэнэ шөнийн 02 цагийн үед ирээд бид нар О.Энхнасангийн өдөр өнжүүлөх рүү явсан. Тэнд хүний нэг, нэг пиво аваад орсон. С.Номин-Эрдэнэ, Ч.Бат-Эрдэнэ хоёр орцонд тамхи татаж байхад нь орцны жижүүр тэднийг золбин, орцонд унтдаг гэж хэлэхээр нь муудалцаад орж ирлээ гэсэн. Орцны жижүүр цагдаа дуудна гэж уурласан гэсэн. Цагдаа ирээд хаалга нүдэхэд нь бид хаалгаа тайлж өгөөгүй. Такси барих гэж байхад орцны жижүүр араас ирээд манай нөхрийг цохьсон. Би нөхрөө салгахад жижүүрийн эхнэр нь ирээд манай нөхрийг үсэдсэн. Би түүнийг нөхрөөсөө салгах гэж л ноцолдсон. Хохирогч Ч.Баяржаргалд 175.000 төгрөг төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Үнэн зөв шийдэж өгнө үү гэв.

           

Шүүгдэгч О.Хөвсгөл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Цагдаа ирэхэд бид айгаад хаалгаа онгойлгож өгөөгүй. Гэрээс гараад явж байхад орцны жижүүр араас ирээд С.Номин-Эрдэнийг түлхэж унагаасан. Ч.Бат-Эрдэнэ өмөөрөөд жирэмсэн гэдгийг нь хэлэхэд хүлээж авахгүй, хэл амаар доромжлоод байсан. Ч.Бат-Эрдэнэ орцны жижүүртэй харилцан боолцоход У.Намуун салгахаар очсон. Тэр үед орцны жижүүрийн эхнэр хүрч ирээд Ч.Бат-Эрдэнийг хойшоо үсдэхэд У.Намуун салгасан. Ингэж байхад О.Энхнасан бид нар дээр ирсэн. Цагдаа нар Ч.Бат-Эрдэнийг эхэлж машинд суулгахад О.Энхнасан “ Би найзуудыгаа аваад явчихъя ” гэж хэлсэн. Сүүл рүүгээ О.Энхнасанг цагдаа авч явна гээд би дүүгээ явуулахгүй гэхэд намайг бас авч явна гэсэн. Тэгээд ноцолдож байгаад цагдаагийн хөл рүү өшиглөсөн. Орцны жижүүр эгчийг өшиглөж унагааснаа санахгүй байна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Бид нарын буруугаас ийм хэрэг гарсан нь үнэн. Хохиролд 175.000 төгрөг төлсөн гэв.

 

     Шүүгдэгч С.Номин-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр миний төрсөн өдөр болоод 22 цагийн үед О.Энхнасан, О.Хөвсгөл, У.Намуун бид дөрөв Андууд дээр уулзсан. Шөнийн 02 цагийн үед Ч.Бат-Эрдэнэ ирээд бид О.Энхнасангийн өдөр өнжүүлэх рүү явсан. Ч.Бат-Эрдэнэ бид хоёр орцонд тамхи татаж байтал орцны жижүүр Т.Одсүрэн гэх хүн бид хоёрыг “ Гэр оронгүй. Орцонд хонодог. Орцонд шээж баадаг “ гээд маргалдсан. Удалгүй О.Энхнасан үлдээд бид дөрөв гарч такси барих гэхэд орцны жижүүр эхнэртэйгээ цуг гарч ирээд цагдаа дуудсан гээд араас ирээд чаргуулдаад байсан. Намайг жирэмсэн байсан тул таксинд суулгасан байсан. Энэ хооронд юу болсныг мэдэхгүй. Хохиролд 120.000 төгрөг төлсөн гэв.

 

Прокуророос шүүгдэгч С.Номин-Эрдэнийг 2016 оны 09 дүгээр сарын 06-ны шөнийн 05 цагийн үед Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо ОХУ-ын элчин сайдын яамны урд талд гудамж талбайд тус хорооны 31 дүгээр байрны орцны жижүүр ажилтай Ч.Баяржаргалыг илтэд үл хүндэтгэн үл ялих зүйлээр шалтаглан У.Намуун, О.Хөвсгөл нартай бүлэглэн зодож, бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдээр  шүүгдэгч С.Номин-Эрдэнэ нь гудамж талбайд танхайрч хохирогч Ч.Баяржаргалыг зодож, бие махбодид нь гэмтэл учруулсан нь эргэлзээтэй байна. Үүнд:

 ... Нэг жирэмсэн эмэгтэй явж байсан. Цагдаа ирсний дараа алхаж байгаад л савж унаад байсан. Тэр эмэгтэй гартаа цагаан тортой юм барьчихсан, бор шаргал цув өмссөн байсан гэж хохирогч Ч.Баяржаргал, …нэг жирэмсэн эмэгтэй хүн болгон руу дайрч орилоод яваад байсан гэж хохирогч Т.Нямсайхан нар тус тус мэдүүлжээ. Эдгээрийн мэдүүлгээс шүүгдэгч С.Номин-Эрдэнэ нь их хэмжээний согтолттой байсан нь нотлогдож байгаагийн гадна бусад шүүгдэгч нарын адил үйлдэл оролцоог  нь гэрч, хохирогч нар тодорхой мэдүүлээгүй байна.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар “ Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрвөл шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ “ гэж заасны дагуу С.Номин-Эрдэнэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

1. Шүүгдэгч О.Энхнасан нь 2016 оны 09 дүгээр сарын 06-ны шөнийн 05 цагийн үед Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо ОХУ-ын элчин сайдын яамны урд гудамж тайлбайд дуудлагаар очиж албан үүргээ гүйцэтгэж явсан Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах хэлтсийн эргүүл харуул хамгаалалт хариуцсан ахлах байцаагч цагдаагийн хошууч Т.Нямсайханы хэв журам сахиулах үүргийн дагуу шаардлага тавихад эсэргүүцэж, хэл амаар доромжлон улмаар түүний нүүрийг маажиж бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан,

2. Шүүгдэгч Ч.Бат-Эрдэнэ нь 2016 оны 09 дүгээр сарын 06-ны шөнийн 05 цагийн үед Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо ОХУ-ын элчин сайдын яамны урд гудамж талбайд тус хорооны 31 дүгээр байрны орцны жижүүр ажилтай Т.Одсүрэнг орцонд тамхи татаж бусдын амгалан тайван байдлыг алдагдууллаа гэж тавьсан шаардлагыг нь эсэргүүцэж үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн зодож, бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан, 

3. Шүүгдэгч У.Намуун нь 2016 оны 09 дүгээр сарын 06-ны шөнийн 05 цагийн үед Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо ОХУ-ын элчин сайдын яамны урд гудамж талбайд тус хорооны 31 дүгээр байрны орцны жижүүр ажилтай Ч.Баяржаргалыг нөхрийгөө үстлээ гэж О.Хөвсгөлтэй бүлэглэн үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн зодож, бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

4. Шүүгдэгч О.Хөвсгөл нь 2016 оны 09 дүгээр сарын 06-ны шөнийн 05 цагийн үед Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо ОХУ-ын элчин сайдын яамны урд гудамж талбайд тус хорооны 31 дүгээр байрны орцны жижүүр ажилтай Ч.Баяржаргалыг үл ялих зүйлээр шалтаглан У.Намуунтай бүлэглэн зодож, бие махбодид хөнгөн  гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

мөн дуудлагаар очиж албан үүргээ гүйцэтгэж явсан Тамир-114 чиглэлийн цагдаа цагдаагийн ахлах ахлагч Б.Чулуунбаярын хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж бэлэг эрхтэн тус газар нь өшиглөж эрх чөлөөнд нь халдсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: …

... 2016 оны 09 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө 04 цаг өнгөрч байхад гаднаас 3 эмэгтэй, 1 эрэгтэй архи авч орсон. Тэд ууж, идэж шуугиад 05 цагийн үед 109 тоотоосоо гарч 3 дугаар давхрын коридорт тамхи татан орилолдож шуугилдаад байсан тул 110 тоотын оршин суугч над руу залгаад шуугилдаад байгаа хүмүүсээ гарга гэхээр нь шаардлага тавихад О.Хөвсгөл “ Та зүгээр дуугүй бай. Нүхэндээ очоод хэвтэж бай. Бид нар хаана шээж, бааж, тамхи татахаа таниар заалгахгүй “ гээд байсан. …Цагдаа дуудчихаад бид 2 нөгөө хэд дээр очтол согтуу залуу манай хүнийг зодсон. Би салгах гэхэд О.Хөвсгөл намайг өшиглөөд унагаачихсан. Нүдний шилтэй цагдаагийн салтаа хавьцаа өшиглөөд халзан толгойтой цагдаагийн станцыг нь цохиж унагаасан гэж хохирогч Ч.Баяржаргалын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг / хх 14-15 /,  ... Эхнэр утсаараа цагдаа дуудсан ба цагдаа ирээд нилээд хаалгыг нь нүдсэн боловч онгойлгож өгөөгүй ээ. Тэгээд тэд такси барих гээд зогсож байснаа залуу нь намайг “ Гөлөг минь чи нуугдалгүй гараад ир гээд зодсон. О.Хөвсгөл эхнэрийн нүүр рүү нь цохьсон. Нэг эмэгтэй эхнэрийн гэдэс рүү өшиглөчихсөн. Тэгээд цагдаа нар машинаас бууж иртэл машин барьж явсан цагдаагийн бэлэг эрхтэн рүү О.Хөвсгөл өшиглөчихсөн. Нэг эмэгтэй нь халзан толгойтой цагдаагийн нүүрийг самардсан гэж мөрдөн байцаалтын явцад өгсөн хохирогч Т.Одсүрэнгийн мэдүүлэг / хх 20-21 /, … Дуудлагын дагуу бид 3 очтол эрэгтэй, эмэгтэй хоёр хүнийг хүмүүс зодож байсан ба О.Хөвсгөл гэгч эмэгтэй орцны жижүүрийн хэвлий тус газар нь өшиглөөд унагаасан. Би бариад авах гэтэл миний бэлэг эрхтэн рүү өшиглөчихсөн. Г.Баттүшиг О.Хөвсгөлийг барьж аваад машинд суулгах гэтэл нэг эмэгтэй О.Хөвсгөлийг тавиулах гээд Т.Нямсайханы нүүрнээс маажсан гэж мөрдөн байцаалтын явцад хохирогч Б.Чулуунбаярын мэдүүлэг / хх 25-26 /,  … 109 тоот хаалгыг цохиод тайлахгүй мөн орцны жижүүртэй нь уулзах гэхэд байхгүй байсан. Тэгээд ОХУ-ын элчин сайдын яамны баруун урд талд очтол орцны жижүүр авгай, нөхөр хоёрыг 4 эмэгтэй, 1 залуу бүлэглэн зодож байсан. Эхлээд эрэгтэйд шаардлага тавьж, машинд суулгах гэтэл Чулуунбаярыг О.Хөвсгөл гэх эмэгтэй бэлэг эрхтэн тус газар нь өшиглөсөн. О.Хөвсгөлийг зугтаасны дараа Чулуунбаяр нэг эмэгтэйг машинд суу гэхэд хөлөөрөө жийгээд миний шуу, зүүн талын хацарнаас 2 удаа базаж майжсан. Би машинд суулгатал тэр эмэгтэй миний толгойны дагз хэсэг рүү 2 удаа гараараа цохьсон. Жирэмсэн эмэгтэй хүн болгон руу дайрч орилж байсан гэж мөрдөн байцаалтын явцад хохирогч Т.Нямсайханы мэдүүлсэн мэдүүлэг / хх 17-18 /,  ... Дуудлагын дагуу очтол орцны жижүүрийг О.Хөвсгөл хэвлийн тус газар нь өшиглөөд унагаасан. Түүнийг Чулуунбаяр бариад автал төмсөг рүү нь өшиглөсөн. О.Хөвсгөлийг нэг эмэгтэй машинаас буулгатал Нямсайхан хошууч бариад авмагц тэр нүүрнээс нь хэд хэдэн удаа самардаж, хацрыг нь маажсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Г.Баттүшигийн мэдүүлэг / хх 035-036 /,  ...Өглөө постон дээрээ байхад нэг ах ирээд “ Замын цаана манай эхнэрийг хэдэн охид, банди нар зодох гээд байна “ гэхээр нь хамт очтол эхнэр нь газар суучихсан байсан. Нэг банди нөгөө ах руу шууд жийгээд дайраад ороод ирэхээр нь салгасан. Нэг эмэгтэй нь цагдааг өшиглөж, нэг нь нэг цагдаагийн нүүрийг маажсан.  Нэг залууг машинд суулгах гэтэл нэг эмэгтэй нь суулгахгүй гээд орилж дайраад байсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Г.Ганболдын мэдүүлэг / хх 32-33 /,  ...Намайг очиход нэг согтуу залуу машинд суулгах гэхэд хашгираад байсан. Нэг      эмэгтэйг цагдаа нар авч явах гээд л ноцолдоод байсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Ч.Бэхчулууны мэдүүлэг / хх 029 /,  ...хохирогч нарын бие махбодид хөнгөн гэмтэл учирсан талаарх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12421, 12413, 12429 тоот дүгнэлтүүд  / хх 38, 40, 42 / зэрэг болно.  

 

Шүүхээс шүүгдэгч О.Энхнасанг төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж, бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан, шүүгдэгч Ч.Бат-Эрдэнийг бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан танхайрсан, У.Намуун, О.Хөвсгөл нарыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан танхайрсан, О.Хөвсгөлийг төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна.   

 

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж, чин санаанаас гэмшсэн, хохирогч нарт учирсан эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан тэдгээрт оногдуулсан хорих ялуудыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

           

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.2, 283, 286, 294, 297, 298, 301 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                       

ТОГТООХ нь: 

 

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-д заасныг баримтлан Сүхбаатарын Номинсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Ой мод овогт Оюунцэрэнгийн Энхнасанг төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж, бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Хунтайжийхан овогт Чулуунхүүгийн Бат-Эрдэнийг бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн,  Олхонууд овогт Ундрахын Намуун, Ой мод овогт Оюунцэрэнгийн Хөвсгөл нарыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн, Ой мод овогт Оюунцэрэнгийн Хөвсгөлийг төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Ой мод овогт Оюунцэрэнгийн Энхнасанг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих, Чулуунхүүгийн Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих,  Ундрахын Намуун, Оюунцэрэнгийн Хөвсгөл нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар тус бүр 3 жил 1 сарын хугацаагаар хорих, Оюунцэрэнгийн Хөвсгөлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар О.Хөвсгөлд оногдуулсан хөнгөн ялыг хүндэд багтааж, биечлэн эдлэх ялыг 3 жил 1 сарын хугацаагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Ч.Бат-Эрдэний эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид,  О.Энхнасан, У.Намуун, О.Хөвсгөл нарын эдлэх ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ч.Бат-Эрдэнэ, О.Энхнасан, У.Намуун, О.Хөвсгөл нар нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар Ч.Бат-Эрдэнэд оногдуулсан 3 жил 1 сарын хорих, О.Энхнасанд оногдуулсан 1 жилийн хорих, У.Намуун, О.Хөвсгөл нарт тус бүр оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялуудыг тус тус тэнсэж, тус бүрийг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, О.Энхнасан, У.Намуун, О.Хөвсгөл нарын засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст, Ч.Бат-Эрдэнийн засрал хүмүүжилд хяналт тавихыг Сүхбаатарын дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст тус тус даалгасугай.

 

            8. С.Номин-Эрдэнэд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, О.Энхнасан, О.Хөвсгөл, У.Намуун, Ч.Бат-Эрдэнэ нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

10. Шийтгэх  тогтоолыг  ялтан,  хохирогч,  өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             С.ОЮУНЧИМЭГ