Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2

 

индекс 

       

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй, 

Шүүх хуралдаанд:

Прокурор                                          М.Сайнзаяа

Шүүгдэгч                                          А.А, А.И, Д.М

Өсвөр насны шүүгдэгч                     З.Т түүний хууль ёсны төлөөлөгч

                                                      М.Н

Шүүгдэгч нарын өмгөөлөгч         М.Найдан, Э.Цэнгүүн, Ж.Шинэжаргал       

Нарийн бичгийн дарга                 С.Гончигбал нарыг оролцуулан

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 201 дугаар шийтгэх тогтоолтой А.А, А.И, Д.М, З.Т нарт холбогдох 1915001940126 дугаартай эрүүгийн хэргийг прокурор М.Сайнзаяагийн эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Д.М.

Монгол Улсын иргэн, А.И.

Монгол Улсын иргэн, А.А

Монгол Улсын иргэн, З.Т

А.А, А.И, Д.М, З.Т нар нь 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн нутаг “Ингэтийн голын адаг” гэх газраас “Делта 9 тетрагидроканнабинол” нэртэй сэтгэцэд нөлөөлөх бодис агуулсан ургамал түүж бэлтгэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 201 дугаар шийтгэх тогтоолоор

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8 дах хэсэгт зааснаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч З.Т-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж,

2. Шүүгдэгч А.А, А.И, Д.М нарыг сэтгэцэд нөлөөлөх бодис агуулсан ургамал түүж бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А, А.И, Д.М нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүрийг 1 жил 6 сарын хугацаагаар тус тус тэнсэж,

4. Шүүгдэгч А.А, А.И, Д.М нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар “Оршин суугаа газар, сургуулиа өөрчлөх, өөр газар зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэж байх, мөн эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан “мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэхийг хориглох, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тэнссэн тодорхой хугацаанд хэрэглэж, тэдгээрт хяналт тавих үүрийг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулж,

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг гялгар ууттай 0.075 гр өвсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Булган аймгийн Цагдаагийн газарт, усны сав 1 ширхэг, шинжилгээний дээж 3 ширхэг тестийг устахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст тус тус даалгаж,

          7. Шүүгдэгч А.А, А.И, Д.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,

          8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосоноор хүчинтэй болохыг дурьдаж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж,

          9. Шүүгдэгч А.А-д авсан хилийн хориг тогтоох, өсвөр насны шүүгдэгч З.Т-д авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож,

          10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

         11. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэн шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

           Прокурор М.Сайнзаяа эсэргүүцэлдээ: “... Шүүх хуралдаанд өсвөр насны шүүгдэгч З.Т-н өмгөөлөгч Э.Алтан-Уяагаас гаргасан хүсэлтэнд 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн гэрчээр З.Т-н өгсөн мэдүүлгийг нотлох баримтаас хасаж өгнө үү гэх хүсэлтийг гаргажээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 13-т “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд  мэдэгдэнэ. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэсэн байх тул түүний хууль ёсны төлөөлөгчид мэдэгдэлгүй мэдүүлэг авсан нотлох шаардлага хангасан болон үнэн зөв гэж үзэхэд эргэлзээтэй байна. Иймд хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Учир нь шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч З.Т-н “.... Булган Сэлэнгэ сумын Ингэт рүү явсан. Замдаа явж байгаад голын эрэг дээр хальт зогссон. Машинаас А, М хоёр түрүүлж буугаад тэр байшингаас юм асуугаад ирье гээд явсан... И ах бид хоёр сүүлд буугаад юм яриад сууж байсан. Тэгээд нээх удалгүй тэр хоёр хүрээд ирсэн. Ингээд сууж байтал цагдаа хүрээд ирсэн гэх, Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.О-н “...бид нарыг голын эрэгт яваад очиход А.И, З.Т, Д.М нар голын эрэгт модны доор тойроод суусан байдалтай байсан. Намайг машинаас буугаад очих гэхэд нэг нь цагаан ууттай зүйлийг зайлуулж шидсэн гэж мэдүүлж байгаа хэдий ч тухайн үед өсвөр насны шүүгдэгч З.Т-с цагаан ууттай зүйл биеэс нь гарсан гэдэг нь бусад нотлох баримтаар нотлогдохгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

          Шүүгдэгч З.Т-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь үндэслэлгүй байна. Учир нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудаар А А.А, А.И, Д.М, З.Т нар нь 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн нутаг “Ингэтийн голын адаг” гэх газраас “Делта 9 тетрагидроканнабинол” нэртэй сэтгэцэд нөлөөт бодис агуулсан ургамал түүж “бэлтгэсэн” болох нь нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл хангалттай тогтоогдсон гэж үзэж байна. Үүнд: гэрч Г.Б-н "... Ингэтийн гол гэх газар очиход иргэн Ц.Г-н өвөлжөөний дэргэд автомашинтай 4 залуу өвс түүгээд байх шиг болохоор нь хэсгийн төлөөлөгч ахлах дэслэгч Л.О-т утсаар мэдэгдсэн. Биднийг очиход **-** ОРХ Хонда пит машинтай 4 залуу байсан, дээрх залуусын биеэс хар тамхины төрлийн өвс ургамал гарч ирсэн ингээд сумын төв рүү авчрах үед дээрх нөхдүүдийн хоёр нь Хонда Пит машинтай зугатсан....” гэх мэдүүлэг,/хх-н 24-25-р хуудас/ гэрч П.Б-н "...тухайн газар очиход горхины цаана 4 залуу модны хажууд сууцгааж байгаад цагдаа харангуут цагаан өнгийн гялгар торнуудыг газар руу шидэж байсан. Тэгээд тэр 4 залуугаас хурааж авсан 2 ширхэг цагаан тортой зүйлийг нээж үзэхэд ногоон өнгийн нунтаг ургамал байсан... Мөн хажуугийн модны ёроол болон горхи дотроос тухайн 2 ширхэг цагаан өнгийн гялгар тортой ургамлыг олж авсан. Тэд нар бид нарыг очиход дээрх зүйлсийг биеэсээ зайлуулж шидэж байхыг харсан юм” гэх мэдүүлэг, /хх-н 26-р хуудас/ гэрч Б.Г-н ”би тухайн өдөр сумын төвд байрлах гэртээ байж байтал Ингэтийн голоос Ганжаа над руу утастаж танай өвөлжөөг 4 залуу ухаад дээр нь гараад өвсийг чинь буулгаад байна гэсэн... Манай хэсгийн төлөөлөгч О ганцаараа ирээд нөгөө 4 залуутай уулзаж байсан би холоос харж байгаад хэсэг хугацааны дараа очиход 2 ширхэг цагаан гялгар тортой нунтаг өвс байсан. Мөн усны сав 1 ширхэгийг нөгөө залуучуудаас авсан байдалтай зураг авч байсан. ...Манай өвөлжөөний хашаан дээрээс голын эрэгт очсон гэж Одхүү ярьж байсан. Намайг очиход голын эрэгт сууцгааж байсан... Би яг түүхийг нь хараагүй гэхдээ манай үхрийн хашааны саравч дээр байсан өвс овоолсон шовгор байсан чинь тараагаад дэлгэчихсэн байсан. Тэр хүмүүс манай малд өгөхөөр 2018 оны намар өвөлжөөний хашааныхаа орчимоос хадсан өвснөөс түүсэн гэж бодож байна. Өөр мансууруулах үйлчилгээ бүхий ургамал түүх газар байхгүй гэх мэдүүлэг. /хх-н 27, 30-32-р хуудас/ гэрч Б.Г-н ”...2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр үдээс хойш 1 цагаан машинтай хүмүүс Хадхүү ахын өвөлжөөний баруун талд голын захад машинаа орхиод өвөлжөө рүү алхаад очсон. ...Үхрийн саравч дээр гараад овоолсон байсан өвсийг буулгаад ухаад байсан манай өвөлжөө ойрхон байдаг учир тэр хүмүүс рүү орилсон чинь огт тоохгүй байсан. Ямар ч байсан 4 залуу хашаа руу очоод 1 нь өвсний хажууд суугаад удсан. Нөгөө 3 нь харагдахгүй байсан. Тэд нарыг явахгүй болохоор нь утсаар Ганбаатарт хэлсэн. Дараа нь тэр хашаан дээр очиж өвс авахад овоолж тавьсан байсан өвсийг малын саравчин дээр нь тараачихсан байсан, тийм болохоор өвсөн дотроос юм хайсан гэж бодож байна... Тэр 4 залуу ойролцоогоор 40-50 минут болсон байх, /хх-н 39-42-р хуудас/ Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 3-5 дугаар хуудас/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №2961 дугаартай химийн шинжилгээний дүгнэлт /хх-н 116-117-р хуудас/, 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 06- 07-р хуудас/, 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-н 12-13-р хуудас/, гэрч Л.О-н “...бид нарыг голын эрэгт яваад очиход А А.А, А.И, Д.М, З.Т нар голын эрэгт модны доор тойроод суусан байдалтай байсан, намайг машинаас буугаад очих гэхэд нэг нь цагаан ууттай зүйл биеэсээ зайлуулж шидсэн, тэрийг нь би хараад очиж шалгасан чинь нэг ууттай ургамал нь хажуугийн гол дотор хөвсөн байдалтай, огт урсаагүй, нөгөө нь хажуугийнх нь модны ёроолд, усны сав нь мөн модны ёроолд байсан. Тэр мод нь хол биш, яг сууж байсан газрынх нь хажуугийн мод байсан, усанд хөвж байсан гялгар ууттай нь огт нороогүй, дөнгөж ус руу хаясан байдалтай байсан учир тэд нарынх гэдэг нь тодорхой” гэх мэдүүлэг, /хх-н 209-211/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул өсвөр насны яллагдагч З.Т-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь үндэслэлгүй байна. Шүүхээс А.А, А.И, Д.М нарт ял шийтгэл оногдуулахдаа "тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн"-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас” гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 3-д зааснаар Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэм хэмжээ, гэм буруугийн хэлбэр, сэдэл хандлага зэргийг эрүүгийн хариуцлага оногдуулахдаа харгалзаж үзээгүй нь Эрүүгийн хуулийн зорилго, хууль ёсны зарчимд нийцээгүй байна. Учир нь шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг болно. Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ. үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон” байхаар, мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “..нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохиролд тооцохоор.." тус тус заасан байхад гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хор уршиг гэмт хэрэг үйлдсэн санаа зорилго, гэмт хэргийн шинжийг харгалзан үзэлгүйгээр хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчил нь Монгол Улсын үндэсний эрх ашиг, тэр дундаа залуу үе, нийгмийн ухамсар, хүн амын эрүүл, аюулгүй байдалд хор хохирол үр дагавар нь үүсч байдаг тул тухайн төрлийн гэмт хэргийн хохирол, хор уршиг, үр дагаврыг нийтлэг эрх ашигт аюул учруулж болох нөхцөл байдлаар үнэлж дүгнэх учиртай. Нөгөөтэйгүүр Мансууруулах бодисын нийгэмд учруулж буй хор хохирлыг шүүх эрх мэдлийн байгууллагаас ял, хариуцлагыг адил тэнцүү, нэг мөр сонгож хэрэглэснээр төрийн бодлогын агуулга тодорхойлогдоно. Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг шийтгэх тогтоолд өөр өөрөөр тайлбарлаж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг бэлтгэх, хадгалах, худалдах төрлийн гэмт хэргийг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим, мөн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд үл нийцнэ. Иймд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлээр Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 201 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ...” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос А.А, А.И, Д.М, З.Т нарыг  2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн нутаг “Ингэтийн голын адаг” гэх газраас “Делта 9 тетрагидроканнабинол” нэртэй сэтгэцэд нөлөөлөх бодис агуулсан ургамал түүж бэлтгэсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч З.Т-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, З.Т-г цагаатгасныг болон А.А, А.И, Д.М нарт ял шийтгэл оногдуулахдаа хорих ял оногдуулахгүйгээр тэнссэнийг эс зөвшөөрч прокурор М.Сайнзаяа прокурорын эсэргүүцэл бичсэн байна.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор М.Сайнзаяагийн эсэргүүцэлийг хүлээн авч тухайн хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзвэл

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь ойлгомжтой, тодорхой түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлага хангаагүй, нотлох баримт зөрүүтэй байхад аль нэгийг нь үндэслэлтэй гэж үзэхдээ бусад нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэлээ зааж өгөөгүйгээс гадна шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.3, 39.9 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2. д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 201 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Прокурор М.Сайнзаяагийн эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авсугай.

3. Анхан шатны шүүхэд хэргийг очтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.                        

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.ХҮРЭЛБААТАР

                                       ШҮҮГЧИД                                    С.ЦЭЦЭГМАА                               

                                                                                            Ё.БЯМБАЦЭРЭН