Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2019/0213

 

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2019/0213

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч.А, Х.А нар.

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Газрын алба.

Гуравдагч этгээд: У.Т , Д.Э, Г.Б, С.М.

Нэхэмжлэлийн шаардлага: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн газар албадан чөлөөлөх тухай А/338 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгч Х.Аын Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Хустайн ******* тоотын газар эзэмших гэрчилгээ хүчинтэй байхад уг газрыг газрын мэдээллийн сангаас хассан нь хууль бус болохыг тогтоож, эзэмшиж буй газрыг кадастрын мэдээллийн санд оруулахыг тус дүүргийн Газрын албанд даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга дарга Б.Б, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.И хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, гуравдагч этгээд У.Т, Г.Б, гуравдагч этгээд С.М итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х, гуравдагч этгээд Д.Э-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: Ч.А нь СХД-ийн 24-р хороо Хустайн тоотод байрлах 700 ам дөрвөлжин метр талбай бүхий газрыг эзэмших эрхийг 2011 оны 12 сарын 02-ны өдөр 021******* дугаартай газар эзэмших гэрчилгээтэй В.Н гэдэг хүнтэй газрын эрх шилжүүлэх гэрээ хийж улмаар СХД-ийн засаг даргын 2012 оны 07 сарын 10-ны өдрийн 228 тоот шийдвэрийг үндэслэн нэгж талбарын дугаар 18******* дугаар бүхий 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн /0004******* дугаартай/ гэрчилгээг авч гэр бүлийнхээ хамт уг газар дээрээ байшин, хашаа барьж өнөөг хүртэл амьдарч байгаа болно.

Ч.Аийн хувьд Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар газар эзэмших эрх нь дуусгавар болоогүй, мөн хуулийн , 40 дүгээр зүйлд зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хүчингүй болоогүй, нэгж талбарын дугаар хэн нэгнийхтэй давцаагүй, гэрчилгээ нь хүчинтэй байхад СХД-ийн засаг дарга 2014 оны 04 сарын 18-ны өдөр А/338 дугаартай газар албадан чөлөөлөхөөр Хустайн 2- 18 тоотод иргэний ахуйн зориулалттай газрын газар эзэмших эрхийг зөрчин зохих зөвшөөрөлгүй объект барьсныг албадан буулгаж газрыг чөлөөлөх захирамж гаргасан нь Газрын тухай хуульд заасан өөрийн бүрэн эрхийг зөрчих байдлаар захирамж гаргаж Ч.Аийн Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрхийг нь зөрчиж, гэр бүлийн нь газар эзэмших зрх ашиг хөндөгдөж байна. СХД- ийн засаг дарга Газрын тухай хуулийн 27.2, 27.3-д заасныг зөрчиж мөн хуулийн 35.1-д заасан газар ззэмшигчийн /Ч.Аийн/ газар эзэмших эрхийг /өөрийн эзэмшиж амьдарч байгаа газартаа хашаа, байшин барьж амьдарч байгаа болохоос зөвшөөрөлгүй ямар нэгэн обеъкт бусдын газар дээр бариагүй байхад/ зөрчсөн илт хууль бус захирамж гаргасан байна гэж үзэж байна.

СХД-ийн засаг даргын дээрхи захирамжийг гарсан талаар Ч.Ад огт мэдээгүй бөгөөд С.М гэгч иргэн /СХД-ийн 24-р хороо, Хустайн 2-18 тоотын, 2012 оноос уг газраа эзэмшээгүй/ миний газартай А газар давхцаж байна гэж СХД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд газар чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаснаар шүүхээс түүнийг дуудаж нэхэмжлэлийг гардуулжээ. С.М нэхэмжлэлд Газрын албанаас түүнд өгсөн 14/119 тоот албан бичигт дүүргийн засаг даргын 2014 оны 4 сарын 18-ны өдрийн А/338 тоот газар албадан чөлөөлөх захирамж гарсан байна гэж бичиж захирамжийн хуулбарыг хавсаргасан байснаас СХД-ийн засаг даргын А/338 дугаартай захирамж гарчээ гэдгийг Ч.А олж мэдсэн байдаг.

Ч.А нь хуулийн дагуу газар эзэмших гэрчилгээтэй, гэрчилгээний хугацаа дуусаагүй, газар эзэмших эрх хүчинтэй хэвээр байхад газар албадан чөлөөлөх үндэслэлгүй гэж үзэж СХД-ийн засаг даргад гомдол гаргасан боловч 2018.05.15-ны өдөр 04/1317 дугаартай албан тоотоор Ч.Аийн гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай 18******* нэгж талбарын дугаартай 0004******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 700 мкв газрыг нийслэлийн газрын кадастрын зургийн мэдээллийн нэгдсэн санд шүүлт хийж үзэхэд одоогийн эзэмшиж буй газраас зөрүүтэй нь тогтоогдсон, дүүргийн газрын албанаас газар албадан чөлөөлөх захирамжийн талаар удаа дараа мэдэгдсэн байна. Иймд дүүргийн засаг даргын 2014 оны А/338 дугаартай захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэсэн хариу өгсөн байна.

Ч.Аийн уг газрыг хуулийн дагуу эзэмшиж 6 жилийн турш гэр бүлийнхээ хамт оршин сууж эзэмшил газартаа банкнаас зээл авч байшин барьж амьдарч байгаа болно. Түүний амьдарч байгаа Хустайн 2 дугаар гудамжны айлуудын газрыг Газрын албанаас олгогдсон газрын хэмжээ заагийг зөв тэмдэгжүүлж өгөөгүйгээс анх хашаа барихдаа айлууд нэг нэгнийхээ газар руу шахаж бууж хашаагаа хатгаснаас замбараагүй байдал үүссэн байдаг. Энэ асуудлаар зарим нэг газар эзэмшигч тухайлбал Хустайн тоотод оршин суух Ч.А У.Т нарын хооронд газрын маргаан үүсэж энэ асуудлаа шүүхээр шийдвэрлүүлж 3 шатны шүүхийн шийдвэр гарч эцэслэсэн байна. Ийм байдал үүсгэхэд СХД-ийн газрын алба Газрын тухай хуулийн 23.4.3-т заасан эзэмшил ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэглүүлж, координатжууах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх , мөн хуулийн 23.4.4-д газрын мэдээллийн санг эрхлэх зэрэг бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй буруутай үйл ажиллагаатай шууд холбоотой бөгөөд иргэдийн хооронд олон жил газрын маргаан үүсэж шийдвэрлэхгүй чирэгдүүлж байсан байдаг. Эдгээр айлуудын газартай холбоотой асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн УДШ-ийн 2016.04,21-ний өдрийн 001/ХТ2016/00406 тоот тогтоолд заахдаа... СХД- ийн 24-р хороо Хустайн , *******, , тоот хаягт бүртгэлтэй айлуудын газар бүгд кадастрын зурагт тодорхойлогдсон цэгт байрлаагүй ч хоорондоо давхцаагүй нь тогтоогдсон, байна гэж дүгнэж шийдвэрлэсэн байдаг.

Гэтэл дээрхи хаягт оршин байгаа 4-5 айлуудын газар кадастрын зурагт тодорхойлогдсон цэгт байрлаагүй боловч хоорондоо давхцаагүй байхад яагаад зөвхөн Ч.Аийн газрыг албадан чөлөөлөх болсон нь ойлгомжгүй байна. Эдгээр айлуудыг бүгд кадастрын зурагт тодорхойлогдсон цэгт байрлаагүй гэж газрыг чөлөөлөх боломжгүй бөгөөд айлуудын газар хоорондоо давхцаагүй гэдэг үйл баримт УДШ-ийн тогтоолоор нэгэнт тогтоогдсон байдаг юм. Иймд СХД-ийн засаг даргын 2014 оны 04 сарын 18-ны өдрийн Газар албадан чөлөөлөх тухай А/338 дугаартай захирамж нь Ч.Аийн гэр бүлээрээ амьдарч буй эзэмшил газрыг 2-18 тоот айлын / айл огт буугаагүй/ газартай давхцаж объект барсан гэсэн үндэслэлээр газрыг албадан чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хууль болон шудрага ёсонд нийцэхгүй бөгөөд энэ Ч.А болон тэдний гэр бүлийн амьдарч буй газар эзэмших эрхийг нь зөрчиж хохирооход хүргээд байгаа тул энэ захирамжийг илт хууль бусд тооцох үндэстэй гэж үзэж байна. 2-18 тоот газарт С.М гэгч өнөөдрийг хүртэл 6 жилийн турш уг газартаа бууж хашаа хатгаагүй байсаар байхад Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрхтэй иргэн уг газартаа хашаа байшин барьж 6 жил амьдарч байгаа Ч.Аийн газрыг албадан чөлөөлөх захирамж гаргаж байгааг илт хууль бус гэж үзэхээс өөрөөр юу гэж үзэх вэ.

Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д захиргааны актыг хаягласан этгээд болон эрх ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна гэж заасан байхад СХД-ийн засаг даргын А/338 дугаартай захирамж гарсан талаар Ч.Ад огт мэдэгдээгүй байдаг. СХД-ийн Засаг даргын 2014 оны 04 сарын 18-ны өдрийн А/338 дугаартай газар албадан чөлөөлөх тухай захирамж гарсан гэдгийг зөвхөн 2018.03.15-ны өдөр С.М гэгч Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд газар чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргаж хариуцагчаар Ч.Аийг татсан тул шүүхээс түүнийг дуудсан мэдэгдэх хуудсыг авч шүүхээс нэхэмжлэлийг гардан авч А/338 дугаартай захирамжийг хавсаргасан байсантай танилцаж мэдсэн байна.

Сонгинохайрхан дүүргийн засаг даргын 2018.05.15-ны өдрийн 04/1317 дугаартай албан бичгээр дүүргийн засаг даргын 2014 оны А/338 дугаартай газар албадан чөлөөлөх захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэсэн хариуг Ч.Ад өгсөн бөгөөд үүнийг эс зөвшөөрч Нийслэлийн засаг даргад хандаж 2018.06.05-ны өдөр гомдол гаргасан бөгөөд өнөөдрийг хүртэл энэ гомдлыг шийдвэрлэж хариуг өгөөгүй байна.

Иймд СХД-ийн Засаг даргын 2014 оны 04 сарын 18-ны А/338 дугаартай Газар чөлөөлөх тухай захирамж нь Газрын тухай хуулийн 27.1, 27.3, 35.1-д заасныг зөрчиж газар эзэмшигч Ч.Аийн газар эзэмших эрхийг зөрчин хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байхгүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6, Газрын тухай хуулийн 61.1, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.2-т зааснаар А/338 дугаартай захирамжийг илт хууль бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Ингэснээрээ Ч.Аийн Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрхээ эдлэхэд нь саад учруулахгүй байх боломжтой болж зөрчигдсөн эрх нь сэргээгдэх болно.

Нэхэмжлэгч Х.Аын тухайд СХД-ийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хустайн ******* тоотын газар ззэмших гэрчилгээ хүчинтэй байхад түүний эзэмшиж байгаа газрыг газрын кадастрын мэдээллийн сангаас хассан нь хууль бус болохыг тогтоож түүний эзэмшиж буй газрыг кадастрын мэдээллийн санд оруулахыг СХД-ийн Газрын албанд даалгуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч X.А нь СХД-ийн 24-р хороо, ******* тоотод оршин суудаг бөгөөд СХД-ийн засаг даргын 2012 оны 07 сарын 10-ны өдрийн 228 тоот шийдвэрийг үндэслэн 18******* дугаар бүхий 700 кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 0004******* дугаартай гэрчилгээ авч уг газраа эзэмшиж байгаа юм. Гэтэл 22 тоот айл кадастрын зургийн дагуу буулгүй 21 тоот айлын газар руу орж блокон хашаа бариад өнөөдрийг хүртэл уг хашаа барьсан эзэн нь олдоггүй байснаас уг газар дээр буух Т******* гэгч манай газар руу шахаж бууснаас 2-р гудамжны 3 айл кадастрын зургийн дагуу бууж чадахгүй болж СХД-ийн газрын албанд удаа дараа шийдвэрлүүлэхээр өргөдөл гомдол өгсөн боловч шийдвэрлэж чадахгүй шүүхэд ханд гэсэн учраас шүүхэд хандаж 3 шатны шүүхийн шийдвэр гарсан юм. УДШ-ийн 2016 оны 04 сарын 21-ны өдрийн 001/ХТ2016/00406 дугаартай тогтоолоор эцэслэн шийдвэрлэж СХД-ийн 24-р хороо Хустайн , *******, , тоот хаягт бүртгэлтэй айлуудын газар бүгд кадастрын зурагт тодорхойлогдсон цэгт байрлаагүй ч хоорондоо давхцаагүй тогтоогдсон гэж дүгнэсэн. Шүүхийн энэ шийдвэрээр Хустайн ******* тоотод бүртгэлтэй А эзэмшиж буй газар бусдын эзэмшил газартай давхцалгүй болохыг тогтоосон байдаг.

Гэтэл СХД-ийн Газрын алба нь УДШ-ийн тогтоол гарч газрын асуудлыг нэгэнт шийдвэрлэсэн хэдий ч Газар эзэмшигч Х.Аын хувьд Газрын тухай хуулийн 27.1-д заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, гэрчилгээний хугацаа дуусаагүй, газар эзэмших эрх дуусгавар болоогүй, эзэмшиж буй газар нь бусдын газартай давхцаагүй байхад кадастрын мэдээллийн сангаас түүний эзэмшил газрыг ямар нэгэн үндэслэлгүйгээр хассан байдаг. Дүүргийн Газрын алба Газрын тухай хуулийн 23.4.3-д эзэмшил ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж газрын улсын бүртгэлд бүртгэх, мөн хуулийн 23.4.4-д ...газрын мэдээллийн санг эрхлэх эрх үүрэгтэй. Гэтэл СХД-ийн газрын алба хуульд заасан энэ үүргээ биелүүлэхгүй кадастрын мэдээллийн сангаас Х.Аын эзэмшиж буй газрыг хассан нь хууль бус болохыг тогтоох үндэстэй гэж үзэж байна. Энэ бүхнээс болж газар эзэмшигч Х.Аын эрх ашиг хохирч Газрын тухай хуулийн 35.1-д заасан эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болоод байна.

Ч.А нь Сонгинохайрхан дүүргийн газрын албанд 2018.05.05-нд
хандаж түүний эзэмшил газрын кадастрыг мэдээллийн сангаас хассанд гомдол
гаргаж 2012 оноос одоо хүртэл эзэмшиж байгаа газрыг нь газрын кадастрын
мэдээллийн санд оруулж улсын бүртгэлд бүртгэж баталгаажуулахыг хүсэж
өргөдөл гаргасан боловч шийдвэрлэх боломжгүй гэж амаар хариу өгсөн тул дээд
шатны байгууллага болох Нийслэлийн газрын албанд хандаж 2018.06.14-ны өдөр
гомдол гаргасан. Гэтэл Нийслэлийн газрын алба мөн л хариу өгсөнгүй өнөөдрийг
хүрч байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д ...иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах, хууль заасан үндэслэл байгаагүй бол захиргааны акт илт хууль бус байна гэж заасан. Иргэн Ч.А эзэмшиж буй газрыг газрын кадастрын мэдээллийн сангаас хасаж, түүний газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байхгүй байх тул түүний эзэмшил газрыг кадастрын мэдээллийн сангаас хассан СХД-ийн Газрын албаны үйлдэл нь илт хууль бус үйлдэл юм.

Иймд Х.Аын СХД-ийн 24 дугээр хорооны нутаг дэвсгэр хустайн *******
тоотын газар эзэмших гэрчилгээ хүчинтэй байхад түүний эзэмшиж байгаа газрыг
газрын кадастрын мэдээллийн сангаас хассан нь хууль бус болохыг тогтоож түүний эзэмшиж буй газрыг кадастрын мэдээллийн санд оруулахыг СХД-ийн газрын албанд даалгуулахаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4-д зааснаар Х.Аын одоо эзэмшиж буй газрыг кадастрын мэдээллийн санд оруулж баталгаажуулахыг СХД-ийн газрын албанд даалгаж шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: ...Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Хустайн 2 дугаар гудамж, 19 тоотод байрлах 700 м2 газрыг иргэн Ч.А нь 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 021******* дугаартай гэрчилгээтэй байсан иргэн В.Н газрын эрх шилжүүлэх гэрээ байгуулан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 228 тоот шийдвэрээр 18******* нэгж талбарын дугаар бүхий газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн 0004******* тоот гэрчилгээ авч, уг газар дээрээ гэр бүлийн хамт хашаа байшин барьж өнөөдрийг хүртэл амьдарч байна. Газрын тухай хуулийн 39, 40 дүгээр зүйлд зааснаар иргэн Ч.Аийн газар эзэмших эрх дуусаагүй, газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болоогүй. Гэтэл 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр А/338 дугаартай Газар албадан чөлөөлөх тухай Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамж гарсан. Уг захирамж нь Ч.Аийн газар эзэмших эрхийг зөрчсөн. Учир нь А/338 тоот захирамжид зохих зөвшөөрөлгүй байшин барьсныг албадан буулгаж, газрыг чөлөөлөх гэсэн байдаг.

Нэхэмжлэгч уг газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар хуульд заасны дагуу эзэмшиж байсан. Зохих зөвшөөрөлгүйгээр байшин бариагүй, бусдын эрхийг хөндөөгүй гэж хэлмээр байна. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга А/338 тоот захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т Газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгоно, 27.3-т Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар Ч.Аийн газар эзэмших эрхийг зөрчсөн акт юм. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна гэж заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ч.А мэдэгдээгүй.

Харин Ч.А яаж мэдэж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэвэл 2018 онд иргэн С.М Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Энэ нэхэмжлэлдээ А/338 тоот захирамжийн хуулбарыг хавсаргаж өгсөн. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Ч.Аийг хариуцагчаар татаж нэхэмжлэлийн хувийг гардуулсан. Ингэж анх нэхэмжлэгч нь энэхүү актын талаар олж мэдсэн байдаг. Хариуцагч байгууллагаас А/338 дугаартай захирамжийг мэдэгдсэн гэдгээ нотолж чадаагүй. Хэрэгт нотлох баримт байхгүй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна гэж заасныг зөрчсөн.

Энэ хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно гэж заасан. А/338 дугаар захирамжийн үндэслэх хэсэгт Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно, 56 дугаар зүйлийн 56.5-д Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй, 57.5-д Энэ хуулийн 57.4-т зааснаар газрыг чөлөөлөөгүй бол уг барилга, байгууламжийг шаардлагатай гэж үзвэл төрийн өмчлөлд үнэ төлбөргүй шилжүүлнэ гэж заасныг тус тус баримталсан нь огт үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, газар эзэмших хугацаа нь дуусаагүй байгаа.

Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно гэж заасан бөгөөд А/338 дугаар захирамжийг Ч.Ад мэдэгдээгүй тул хүчин төгөлдөр бус юм. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж заасны дагуу маргаан бүхий А/338 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Х.Аын хувьд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Хустайн 2 дугаар гудамжны 20 тоотод оршин суудаг. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 228 тоот шийдвэрээр 18******* дугаартай 700 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 0004******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон. Энэ эрхийнхээ дагуу уг газар дээрээ хашаа, байшин барьж өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. Гэтэл Хустайн 22 тоот айл нь кадастрын зургийн дагуу буулгүй 21 тоот айлын газартай давхцан бууж хашаа барин өнөөдрийг хүртэл амьдарч байгаа.

Энэ хашааны эзэн маргаан гарах үед байгаагүй тул иргэн н.Т нь Х.Аын газар руу шахаж бууснаас 3 айлын газар дээрээ бууж чадахгүйд хүрсэн. Дээрх нөхцөл байдлыг Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд удаа дараа шийдвэрлүүлэхээр өргөдөл өгч байсан боловч шийдвэрлээгүй. Ингээд 21, 22 тоотод амьдардаг иргэдийн хооронд маргаан үүссэн учир шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Ингээд 3 шатны шүүхээр энэ маргааныг эцэслэн шийдвэрлэсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх Х.Аын нэхэмжлэлийн шаардлагыг хангасан бол Монгол Улсын Дээд Шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 001/ХТ2016/00406 тоот тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Хустайн 2 дугаар гудамжны 19, 20, 21, 22 тоотод бүртгэлтэй айлуудын газар нь бүгд кадастрын зурагт тодорхойлогдсон цэгт байрлаагүй ч, хоорондоо давхцаагүй гэж дүгнэсэн байдаг. Харин шүүхийн шийдвэрээр иргэн Х.Аын эзэмшлийн газар бусдын эзэмшлийн газартай давхцаагүй болохыг тогтоосон.

Монгол Улсын Дээд Шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 001/ХТ2016/00406 тоот тогтоол гарч газрын асуудлыг шийдвэрлэсэн байхад Сонгинохайрхан дүүргийн Газрын албанаас Х.Аын газрыг Газрын тухай хуулийн 27 дүгээр зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, гэрчилгээний хугацаа дуусаагүй, газар эзэмших эрх дуусгавар болоогүй, бусдын газартай давхцаагүй, кадастрын мэдээллийн сангаас хасах эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй байхад мэдээллийн сангаас үндэслэлгүйгээр хассан. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-т эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх, 23.4.4-т газрын мэдээллийн санг эрхлэх гэсэн үүргийг Газрын албанд олгосон. Гэтэл дүүргийн Газрын алба хуульд заасан дээрх үүргээ биелүүлэлгүй кадастрын мэдээллийн сангаас Х.Аын эзэмшлийн газрыг хууль зөрчиж хассан нь хууль бус юм.

Үүнээс болж Х.Аын эрх, ашиг хохирч Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасан эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон. Хустайн гудамжны 19, 20, 21, 22 тоот айлуудын газар нь хэн нэгний газартай давхцаагүй гэдгийг шүүх тогтоосон байдаг. Нэхэмжлэгч нь энэ талаарх гомдол Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд гаргаж байсан, мөн Газрын харилцаа, геодези зураг зүйн газарт хандаж байсан боловч шийдвэрлэж өгөөгүй. Х.Аын газрыг кадастрын мэдээллийн сангаас хассан нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж заасан. Гэтэл дүүргийн Газрын алба нь дээрх зохицуулалттай нийцэхгүй шийдвэр гаргаж хууль зөрчсөн. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж заасныг зөрчсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... гэв.

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ба шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Ч.Аийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Ч.А нь одоо амьдарч байгаа хашааныхаа дагуу кадастрын зургаа хийлгээгүй улмаас мэдээллийн санд зөрүүтэй бүртгэгдэж иргэн С.Мгийн амьдарч буй газартай давхацсан байна.

Нэхэмжлэгч Ч.Аийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 18******* нэгж талбарын дугаартай 0004******* газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 700мкв газрыг нийслэлийн кадастрын зургийн мэдээллийн санд шүүлт хийж үзэхэд одоогийн амьдарч буй газраас зөрүүтэй болох нь тогтоогдсон, дүүргийн Газрын албанаас газар албадан чөлөөлөх захирамжийн талаар удаа дараа мэдэгдсэн байна. Иймд дүүргийн Засаг даргын 2014 оны А/338 дугаартай газар албадан чөлөөлөх захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

Дүүргийн Засаг дарга нь газрын тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхгүй эс үйлдэхүй гаргасан зүйлгүй болно. Дүүргийн Засаг даргын А/228, А/338 дугаар захирамж, иргэн Ч.Аийн газрыг хувийн хэргийг хүргүүлэв гэжээ.

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2014 оны А/338 дугаартай акт нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй. Захиргааны ерөнхий хууль нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар Ч.А нь бусдын эзэмшлийн газар дээр зохих зөвшөөрөлгүйгээр байшин барьсан байдаг. Тухайн газрыг албадан чөлөөлүүлэхээр дүүргийн Засаг дарга захирамж гаргасан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасан ямар нэг эс үйлдэхүй тогтоогдохгүй байна. Нэгэнт эс үйлдэхүй байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Тухайн газар нь Ч.Аийн эзэмшлийнх биш. Өөрөөр хэлбэл түүний нэр дээр эзэмших эрх нээгдээгүй С.Мгийн газар юм. Бусдын эзэмшлийн газар дээр байшин барьсан. Харин тухайн газрыг С.М эзэмших эрх нээгдсэн байгаа. Эдгээрийг үндэслэж А/338 дугаар захирамжийг гаргасан. Захирамжийг Ч.Ад мэдэгдсэн энэ нь гуравдагч этгээд С.Мгийн хариу тайлбараар нотлогддог.

Газрын тухай хуульд газар эзэмшигчийн эрх үүргийг тодорхой дурдсан. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-д бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх гэж заасан. Иргэн, аж ахуй нэгж тухайн газрыг эзэмших эрх нээгдсэн тохиолдолд мэдээллийн санд кадастрын зургаа оруулж уг зургийнхаа дагуу л хашаа барих ёстой. Захиргааны байгууллага очиж айлын хашаа барина гэж байхгүй.

Шүүхээс захиргааны байгууллага өөрсдийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх боломжтой гэсэн учир уг актыг гаргасан. Мөн гуравдагч этгээдийн зүгээс хүсэлт гаргаж байсан. Иргэн С.Мгийн мэдээллийн санд байгаа зургаас харахад түүний эзэмшлийн газар дээр Ч.А байшин барьсан байдаг. Ингээд энэ байшингаа буулга гэсэн үндэслэлээр уг захирамж гарсан.

Иргэдийн өөрсдийнх нь буруутай үйл ажиллагаанаас болж энэ маргаан үүссэн. Газар эзэмших эрхийг нь нээгээд мэдээллийн санд бүртгэсэн зургийн цэгийн дагуу хашаагаа бариагүй. Эрхээ хамгаалуулахаар хүсэлт гаргасан иргэний эрх, ашгийг сэргээхээр захиргааны байгууллага ажиллаж байгаа. Гэтэл захиргааны байгууллагаас хашааг нь буулгаагүй гэх асуудал гарч ирсэн. Иргэд өөрсдөө кадастрын зургаа алдаатай, буруу хийлгэснээс болж мэдээллийн санд өөрөөр бүртгэгддэг. Өөрөөр хэлбэл бусдын газартай давхцаагүй байсан учраас мэдээллийн санд бүртгэгдсэн. Мөн газар дээрээ хөндлөн буудаг. Хэрэгт авагдсан нотлох баримтаар ч гэсэн энэ үйл баримт тогтоогддог.

Ч.А бусдын эзэмшлийн газар дээр байшин барьсан. Эргэлтийн цэгийн дагуу эзэмших эрх үүссэн С.М  газрыг чөлөөл гэсэн шаардлага тавьсан байдаг. Уг актыг тухайн үед Ч.А хүлээн зөвшөөрөөд эргэлтийн цэгээ тогтоолгосон бол дараа дараагийн айлуудын хашааг бага 300-400 метр шилжүүлэхэд боломж байсан.

Манай зүгээс дахин тэмдэгжүүлж, координатжуулаад үл хөдлөх хөрөнгийг нь үлдээж хамар хашааг нь шилжүүлж зай гаргая гэсэн. Барьсан үл хөдлөх хөрөнгийн асуудлыг хөндөхгүй. Зөвхөн хашааг л бага зэрэг шилжүүлнэ.

Маргаан бүхий актыг хууль бус гэдэг нь тогтоогдоогүй. Тухайн актын улмаас нэхэмжлэгчийн ямар эрх ашиг хөндөгдөж байгаа нь тодорхойгүй байна. Бусдын эрх ашгийг хөндөж байшин барьсан тул өөрийн эзэмшлийн газар дээрээ буу л гэсэн шаардлага тавьсан. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэл байхгүй гэж хэлмээр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн С.Н өөрийн эзэмшиж байсан газраа 2011 оны 12 дугаар сарын 02-нны өдрийн гэрээгээр Х.А, иргэн Б.Н өөрийн эзэмшлийн газраа 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн гэрээгээр Ц-д шилжүүлж, Х.А 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 0004******* тоот. Ц 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 0004 тоот эзэмших эрхийн гэрчилгээ авсан байна.

Иргэн Д.Ц нь өөрийн эзэмшлийн газраа 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр иргэн У.Тд 1,700,000 төгрөгийн төлбөртэйгөөр шилжүүлсэн учир У.Т нь Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Хустайн тоот газрын эзэмшигчээр бүртгэгдэж, 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр эзэмших эрхийн гэрчилгээ авч, мэдээллийн санд 18 нэгж талбарын дугаартайгаар бүртгэгдсэн байна.

Нэхэмжлэгч Х.А нь маргаан бүхий дүүргийн 24 дүгээр хороо Хустайн ******* тоот газраас иргэн Т-г нүүлгэх нэхэмжлэл гаргасныг Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХГ2016/00406 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрэлсэн байна гэжээ.

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-т эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх гэж заасан байдаг. Харин кадастрын зургийг тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгжээр хийлгэнэ гэж Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 2008 оны 83 дугаар тогтоолд заасан. Харин хуульд тусгайлан кадастрын зураг хийх компанийн нэрийг заагаагүй байгаа. Х.Аын газрын зургийг яагаад мэдээллийн сангаас устгасан гэвэл Монгол Улсын Дээд Шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 001/ХТ2016/00406 тоот тогтоолоор давхцалгүй гэсэн. Иргэн У.Т нь шүүхийн шийдвэрийг биелүүлнэ үү гэх шаардлагыг дүүргийн Газрын албанд гаргасан учраас түүний газрыг давхцалгүй хэсэгт нь бүртгэсэн. Харин Х.А, Ч.А нарын газрын кадастрын зургийг засах гэхээр маргаантай байгаа тул одоогийн байдлаар боломжгүй болчихсон. Сонгинохайрхан дүүргийн Газрын албанаас ямар нэг акт гаргаагүй 001/ХТ2016/00406 тогтоолыг л үндэслэж энэ шийдвэрийг гаргасан юм.

Манай зүгээс эвлэрэх санал тавьсан боловч иргэд хоорондоо эвлэрэхгүй байгаа. Дүүргийн Газрын албанаас очиж У.Тд шаардлага тавьж байсан боловч биелүүлдэггүй. Блокон хашаан дотор орж буу гэхэд хүний газар буухгүй гэдэг. С.М газрын эргэлтийн цэгээ тогтоолгоод Ч.Ад шаардлага тавихад хүлээж авдаггүй. Дүүргийн Газрын албанаас ч гэсэн зохицуулалт хийх гээд чадаагүй.

Захиргааны байгууллагаас шийдвэр гаргахаар иргэд эсэргүүцдэг Газрын гэрчилгээнүүд нь бүгд иргэдэд өөрсдөд нь байгаа. Захиргааны байгууллагаас, шүүхээс иргэдэд эвлэрэх санал тавиад гуравдагч этгээдүүд хүлээж аваагүй. Одоо эдгээр айлуудын үл хөдлөх хөрөнгийг оруулахгүйгээр хэмжээг хэмжээд дахин шинэ акт гаргах боломжтой байгаа. Эдгээр иргэд хүлээн зөвшөөрвөл манай байгууллагаас энэ шийдвэрийг гаргах боломжтой.

Гуравдагч этгээд С.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ч.А нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга-д холбогдох хэрэгт Гуравдагч этгээдээр оролцогч  С.М миний бие СХД-ийн Засаг даргын 2012.02.14-ний өдрийн 33 дугаар захирамжаар тус дүүргийн 24-р хороо Хустайн 2-18 тоот хаягтай 18******* нэгж талбарын дугаар бүхий газар эзэмшлийн 000000 тоот гэрчилгээг 2012.05.22-ны өдөр гардаж авсан. 2012 оны 6 дугаар сард эзэмшил газар дээрээ хашаа барихаар очтол Ч.А гэж айл буусан байсан. Би өөрийнхөө газар эзэмших гэрчилгээг үзүүлж энэ миний эзэмшлийн газар гэтэл бөөн маргаан болсон. Ч.Аийг газар эзэмших гэрчилгээгээ үзүүл гэтэл түүнд газар эзэмших гэрчилгээ байгаагүй. Улмаар хэл амаар доромжилж байшингийн суурь ухаж эхэлсэн. Ингээд 24-р хороо хариуцсан байцаагч /Одоо СХД-ийн Газрын албаны дарга/ н.А очиж уулзтал Ч.А болон С.М миний биеийг кадастрын зураглалын дагуу эргэлтийн цэгээ тогтоолгож ир гэсэн. 2012.07.09-ний өдөр Э ХХК-аар миний бие 80.000 төгрөг төлж эргэлтийн цэгээ тогтоолготол тэдний эзэмшиж буй газартай давхцаж байсан. Энэ үед Ч.Ад газар эзэмших гэрчилгээ байгаагүй бөгөөд нэхэмжлэлд дурдаад байгаа 20, 21 тоотод оршин сууж буй Т, А нарынх буугаагүй хоосон газар байсан.

Ингээд түүний эхнэрийг дагуулан хороо хариуцсан зохион байгуулагч дээр очтол газар зохион байгуулагч н.А танайх С.М газар дээр буусан байна. Эзэмшлийн гэрчилгээний нэгж талбайн дугаарын дагуу бууж хашаагаа барь гэсэн боловч Ч.Аийнх үл тоон байшингийнхаа суурийг ухаж байшингаа барьж эхэлсэн.

Улмаар 2012-08-26-нд газар зохион байгуулагч н.А газар дээр нь очиж чөлөөлөх шаардлага тавьсан боловч биелүүлэхгүйгээр үл барам хэл амаар доромжилж улмаар зодоон гаргах дөхсөн. Хариуцагч Ч.А би энэ газрыг цагдаагийн нэр бүхий хунээс худалдаж авсан та нарын ажил амьдралтай чинь ярина шүү хэмээн сүрдүүлсэн. Ч.Атэй ойлголцох ямарч боломжгүй тэр хүнд Төрийн байгууллага. эрх бүхий албан тушаалтан, монгол улсын хууль ч хамаагүй бөгөөд өөрийн муйхар мугуйд зангаар хэтэрхий дур зоргоороо авирлаж манай гэр бүлийг 2012 оны 06 сараас өнөөг хүртэл 6 жил хохироож байна.

Би энэ хугацаанд хуулийн дагуу өөрийн газар эзэмших эрхээ хамгаалуулахаар СХД- ийн газрын албанд 2012.12.07-ны өдөр өргөдөл гаргасан боловч хариуцсан газар зохион байгуулагч н.А өөр тийшээ шилжиж өөр зохион байгуулагч ирж ажлаа аваад удаагүй байна, нийслэлээс нэг захирамж гарна хүлээж бай гэх мэтийн шалтаг тоочсоор намайг дахин дахин явуулж чирэгдүүлсээр байсан. Улмаар СХД-ийн Газрын Албаны дарга Э.Б 2014.02.19-ны өдрийн 98 тоот албан бичгээр шүүхийн байгууллагаар асуудлаа шийдвэрлүүл гэсний дагуу 2014.03.03 өдөр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2014.05.21 -ны өдрийн Дугаар 7272 тоот захирамж гарч:

Газрын тухай хуулийн 60-р зүйлийн 60.1.2 дахь хэсэгт зааснаар газар эзэмших, ашиглах талаар иргэн аж ахуйн нэгж байгууллагын хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга шийдвэрлэнэ. Мөн хуулийн 60-р зүйлийн 60.2-т иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1, 60.1.2, 60.1.3- т заасан байгууллага албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага эсвэл шүүхээр шийдвэрлүүлнэ гэжээ.

Хэдийгээр СХД-ын Газрын алба нь Газрын тухай хуулийн 35-р зүйлийн 35.3.5 дахь хэсэгт заасан манай алба бусдын газар эзэмших эрхийг зөрчсөн ямар нэг шийдвэр гаргаагүй, мөн хуулийн 57-р зүйлийн 57.3-т зааснаар газар чөлөөлөх хугацаатай мэдэгдэл өгсөн боловч чөлөөлөөгүй гэсэн тайлбарыг гаргасан нь хуульд заасан дээрх шаардлагад нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл СХД-ын Газрын алба дээрх байдлаа нотлох баримтаар нотлоогүй байна.

Иймд нэхэмжлэгч С.М нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65-р зүйлийн 65.1.3 дахь журмыг зөрчсөн байх ба энэ журмыг хэрэглэх боломжтой байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ гэсэн Б.М шүүгчийн захирамж гарсан билээ

Миний бие энэ захирамжийг хавсарган СХД-ын засаг даргад өргөдөл гаргасан билээ. Үүний дагуу 2014-09-18-ны өдрийн А/388 тоот газар албадан чөлөөлөх захирамж гарч СХД- ын газрын албаны 24-р хороо хариуцсан газар зохион байгуулагч н.Э 3 удаа шаардах хуудас өгсөн боловч шаардлагыг биелүүлэхгүйгээр үл барам Ч.А нь газар зохион байгуулагчийг шаардлага тавихаар очиход дуудаад гарч ирэхгүй улмаар машиндаа сууж зугтах зэрэг зохисгүй үйлдлүүдийг удаа дараа гаргасан билээ.

Миний бие 2016-12-14-нд дахин СХД-ын газрын албанд өргөдөл гаргаж 2017-02-03 №14/119 тоот албан тоотын дагуу СХД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Одоогийн байдлаар Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас шинжээч томилуулахаар шүүгчийн захирамж гарч шинжилгээ хийлгэсэн боловч шинжээчийн ажил, үйлчилгээний хөлс 430.000 төгрөг төлөх асуудлаас болж дүгнэлтээ авч

чадахгүйд хүрээд байна. Иймд энэ дүгнэлтийн ажил, үйлчилгээний хөлсийг Ч.Ад гаргуулж хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсаргана уу.

Ч.Аийн СХД-ийн 24-р хороо хустайн тоот газрын эзэмших эрхийн гэрчилгээ нь 2013.07.10-ны өдөр гарсан байдаг. Тэрээр газрын тухай хуулийн 27 дугаар зүйл 27.4. Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно. гэсэн хуулийн заалтыг зөрчиж эзэмших эрхийн гэрчилгээ гараагүй байхад хууль зөрчин хүний эзэмшил газарт хашаа барьж, улмаар тус хуулийн 35.3.5. бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх; зэрэг заалтуудыг ноцтойгоор зөрчин нэхэмжлэгчийн эргэлтийн цэг тогтоолгосон /2012.07.09/ хууль ёсны баримтыг үл тоон олон жил сараар хохироож байна. Иймд дээрх асуудлыг зохих хуулийн дагуу шийдвэрлэж намайг болон миний гэр бүлийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд С.Мгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х шүүхэд гаргасан тайлбартаа: Энэ маргаан 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс эхэлж үргэлжилж байна. Иргэн С.М өөрийн эзэмшлийн газартаа 6 жилийн хугацаанд амьдраагүй гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа хэллээ. Өөрөөр хэлбэл С.М 6 жил газраа эзэмших боломжоор Ч.А нь хангаагүй. 24 дүгээр хороо хариуцсан зохион байгуулагч нь 3-4 удаа шаардлага тавьж, газрын эргэлтийн цэгээ тогтоолго гэсэн юм. Гэтэл хэл ам хийгээд чадаагүй. Ингээд газрын эргэлтийн цэгийг тогтоолгоход Ч.Аийн газрын 80-90 хувь нь С.М газартай давхцаж байсан. Үүний дараа хорооны зохион байгуулагч нь Ч.Ад танайх газрыг нь чөлөөлж өг гэж удаа дараа шаардсан боловч биелүүлээгүй юм. Бид эрхээ хамгаалуулахаар дүүргийн Иргэнийн хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ маргаан иргэн өөрийн үүргийг биелүүлээгүй, иргэний журмаар шийдвэрлэгдэх ёстой юм. Иргэний хэргийн шийдвэр гарахад Ч.А нь Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл хугацаа хожиж гэсэн зорилготой гэж хэлмээр байна.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх боломжтой гэсэн шийдвэр гарсан. Ингээд дүүргийн Засаг дарга А/338 дугаар захирамжийг гаргасан байгаа. Тухайн үед н.О гэх байцаагч байсан ба Ч.Ад өөрийн биеэр захирамжийг гардуулж өгсөн. Ерөөсөө шийдвэр биелүүлдэггүй. Дараа жил нь мөн н.Э байцаагч захирамжаа гардуулж өгөх гэхэд зугтаад явчихдаг. Мэдэгдлийг хашаан дээр нь наагаад, зургийг нь авч баталгаажуулсан. Байцаагч н.Э тайланд тусгагдсан байх гэж бодож байна. Дараа нь Цагдаагийн 2 дугаар хэлтсээс очиж шаардлага тавьж захирамжийг танилцуулсан. Гэтэл Ч.А нь А/338 дугаар захирамжийг гардаж аваагүй, мэдээгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Эргэлтийн цэгээс харахад өөр газар буусан гэдэг нь тогтоогдсон. Хэрвээ А/338 дугаар захирамжийг хүчингүй болговол Иргэний хэргийн шүүхэд дахиад нэхэмжлэл гаргана. Иргэн газаргүй болж үлдэнэ гэж байхгүй. Одоо иргэд хохирч эхэлсэн. Зөрүүтэй нэгж талбарын дугаар дээрх барилга, байшингийн бүртгэл гарахгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ч.А, иргэн У.Т нарын байшингийн бүртгэл гарахгүй. Өөрсдөө хохирсоор байж шийдвэрлэхгүй удсаар байгаад өнөөдрийг хүрсэн.

Сонсгох ажиллагаа хийгээгүй гэж байгаа бол А/338 дугаар захирамжийг хүчингүй болговол дахиад Засаг дарга захирамж гаргаж Газрын албанаас дээрх айлуудад нь мэдэгдэх байх. Хамгийн их хохирч байгаа хүн бол иргэн С.М гэж хэлмээр байна. Ямар ч газаргүй, эрхээ эдэлж чадахгүйд хүрсэн. Хуульд захирагдаж амьдрах ёстой байтал Ч.А нь Засаг даргын захирамжийг огт тоодоггүй. Газар зохион байгуулагч гэрт нь очиход зүй бус авирладаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Д.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Э миний бие Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо Хустайн тоот газрыг ахуйн зориулалтаар 0272838 дугаартай, 18634318301835 нэгж талбартай 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн 2009 оны 12 сарын 31- нд гаргасан гэрчилгээтэйгээр СХД-ийн газрын албанаас хуулийн дагуу авч эзэмшиж байна. Тус газрыг зуслангийн зориулалтаар ашиглаж байгаа бөгөед сураггүй алга болсон зүйлгүй болно.

2009 онд уг газрыг авч 2010 оны 6 сард хашаагаа барихаар хувийн геодезийн компаниар хэмжүүлж, цэг тавиулж, суурийн бетон цутгаж эхлэх үед 21 тоотын гэх айл /одоо нэрийг нь санахгүй байна/ манай газарлуу оруулж барилаа гэж хэл ам хийсэн тул СХД-ийн газрын албанд очиж тухайн үед манай хороог хариуцсан мэргэжилтэн байсан Загдсамбар гэдэг хүнд асуудлыг хэлж газар дээр нь дагуулан очиж улаан шугам тавиулсны үндсэн дээр тухайн айлруу 1 м гаруй хэмжээгээр урагш хэтрүүлсэн байсан тул хойш татаж дахин бетон суурь цутгаж хашаагаа барьж байсан. Манайхыг хашаагаа барих үед 21 тоот газар дээрээ цэг тавьж хар дугуйны хаймар зоож газраа тэмдэглэсэн байсан.

Иймд газрын албаны мэргэжилтний газар дээр нь зааж өгсний дагуу, геодезийн компаниар хэмжүүлж хашаагаа барьсан тул өөр айлын газартай давхцах үндэслэлгүй гэж үзэж байна.

2009оноос хойш одоог хүртэл тус гудамжны айлуудаас гомдол санал гаргасан гэсэн асуудал дүүргийн газрын албанаас болон айлуудын зүгээс надад мэдэгдэж байгаагүй бөгөөд өөрсдийн газраа хэмжүүлж, улаан шугам тавиулж хашаагаа барин газраа эзэмшиж байгаа гэж найдаж байна.

Гуравдагч этгээд Д.Эгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Э нь маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтийг Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд 2008 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гаргасан боловч шийдвэрлээгүй. Ингээд 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдөр кадастрын зураг хийлгэсэн. Уг зураг хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Ингээд 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдөр газар эзэмших хүсэлтийг дүүргийн Газрын албанд гаргасан. Ингээд 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 402 дугаартай захирамжаар газар эзэмших эрхтэй болсон. Уг захирамжийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Хустайн 2 дугаар гудамжны 22 тоотод байрлах газрыг 15 жилийн хугацаатай эзэмшихээр болсон. Маргаан бүхий газарт 2010 онд блокон хашаа барьсан. Энэ үед дүүргийн Газрын албаны мэргэжилтэн Д.Э газар дээр нь ирээд таны барьсан хашаа 1 метр илүү байгаа тул буцааж тат гэж хэлсэн. Ингээд хэлснийх нь дагуу 1 метр хойшлуулж барьсан байгаа. Газрын координатыг Газрын албанаас зааж өгч цэглээд эзэмших газрыг нь тогтоож өгсөн.

Өөрөөр хэлбэл зааж өгсөн газар нь иргэн Д.Э хашаа барьсан юм. иргэн Д.Э нь өөрийн сайн дураар, хүсэл зоригийн хүрээнд дур мэдэж тухайн хашааг бариагүй. Харин кадастрын зураг дээр зөрүүтэй байгаа нь дүүргийн Газрын албаны буруутай үйлдэл гэж хэлмээр байна. Газрын тухай хуульд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тухайн газар эдээр жил болгон хяналт тавьж байх ёстой. Энэ бол хуулиар олгогдсон үүрэг нь юм. Энэ алдаагаа тухай бүрт нь засч байсан бол өнөөдөр ийм байдалд хүрэхгүй байсан. Нэхэмжлэгч Ч.Аийн газрыг чөлөөлснөөр хэний эрх ашиг сэргэх вэ гэдгийг хариуцагч тодорхойлох ёстой. Мөн А/338 дугаар захирамжийг хүчингүй болгосноор нэхэмжлэгч нарын ямар эрх ашиг сэргэх, гуравдагч этгээд нарын ямар эрх ашиг хөндөгдөх вэ гэдгийг тодорхойлох шаардлагатай. Х.Аын газрын зургийг кадастрын мэдээллийн сангаас хассан нь Д.Эгийн буруутай үйлдлээс болсон гэж тайлбарладаг.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 464 тоот шүүгчийн захирамж хэргийн материалд авагдсан. Энэ хэрэгт гуравдагч этгээдээр н.Ц, нэхэмжлэгчээр У.Т оролцсон байдаг. Иргэн У.Тгийн газар нь бусад этгээдийн газартай давхцаагүй, харин н.Ц газартай давхцалтай байсан. Эдгээр иргэд хоорондоо тохиролцоод газрыг шилжүүлсэн үйл баримт бий. У.Т нь 21 тоотод амьдардаг ба өөрийн оноосон газарт байрладаг. Үүнээс үзвэл 22 тоотыг ч гэсэн хууль зөрчсөн гэх үндэслэл байхгүй юм. Монгол Улсын Дээд Шүүхийн 2016 оны 001/ХТ2016/00406 тоот тогтоолд давхцалгүй гэсэн. Нэгэнт давхцалгүй байгаа тул 19 тоот газрыг чөлөөлөх үндэслэлтэй эсэхийг тогтоох ёстой гэв.

Гуравдагч этгээд У.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 20 тоотын А яагаад миний газар дээр буух гээд байгаа юм бэ? Дээд шүүхэд зарга гаргаж тухайн үедээ шийдүүлээд би газраа авсан. Одоо болтол хашаагаа бариагүй М бүхэл бүтэн нэг гудамжны айлуудыг хөдөлгөх хөөх гээд байгаа юм бэ? Би зөвшөөрөхгүй. Ер нь хашаагаа бариагүй өдий болсон юм газраа хураалгах ёстой биз дээ гэжээ.

Гуравдагч этгээд У.Т шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Миний эзэмшлийн газрыг эрх бүхий байгууллагаас бусдын газартай давхцаагүй байна гэж надад хэлж байсан. Ингээд гэрчилгээ авсан. Гэтэл нэг өдөр би газаргүй болсон байсан л даа. Одоо юу болж байгааг сайн мэдэхгүй байна. Эдгээр хүмүүсийн үгийг сонсохгүй болохоор надад хэлэх зүйл байхгүй байна.

Анх Б.Ариунболдын эзэмшлийн газар гэж байгаагүй. Би энэ газрыг анх н.Ц гэдэг хүнээс худалдаж авсан. Ядарсан иргэний газрыг авах гэж байгаад харамсаж байна. Би хуульд заасны дагуу л газраа авсан. гэр бүлийн хүмүүст олгож байсан газар дээр Х.Аын нэр гарч ирсэнд гайхаж байна. Би Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад Х.А гэх хүн байгаагүй, харин н.Ц гэдэг хүн байж таарсан гэв.

Гуравдагч этгээд Г.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г овогтой миний бие Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо хустай 2-17 тоотод 7 жил оршин сууж байна. Анх 2012 онд энэ газраа өөрийн өвөө болох Ж.С нэр дээр авч байсан бөгөөд 2014 онд өөрийн нэрлүүгээ шилжүүлэн авсан. Хашаа барихдаа далай барьсны улмаас ахиж газарлуу жаахан орсон байгаа тул хашаагаа татаж авахад бэлэн байна. Мөн газрын үл хөдлөхөө авах гэхээр маргаантай гээд гаргаж өгөхгүй байгаа үүднээс өөрийн 700 м.кв газраа 626 м.кв болгон хасуулж байж өмчлөхийнхөө гэрчилгээг аваад байна. Иймд та бүхэн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо хустай 2-17 тоотын энэхүү хэрэгт үл хамааралтайгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Г.Б шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Би шүүхэд гаргасан хариу тайлбартаа бүх зүйлийг тодорхой дурдсан. Энэ газарт анх 2012 онд ирж амьдарч эхэлсэн. Миний хувьд шүүх хуралдаанд оролцож байгаагүй тул сайн мэдэхгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

Нэхэмжлэгч Ч.А, Х.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.И Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн газар албадан чөлөөлөх тухай А/338 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгч Х.Аын Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Хустайн ******* тоотын газар эзэмших гэрчилгээ хүчинтэй байхад уг газрыг газрын мэдээллийн сангаас хассан нь хууль бус болохыг тогтоож, эзэмшиж буй газрыг кадастрын мэдээллийн санд оруулахыг тус дүүргийн Газрын албанд даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх дараахь үндэслэлээр хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэж маргаан бүхий А/338 дугаар захирамж болон нэхэмжлэгч Х.Аын эзэмшлийн газрыг кадастрын мэдээллийн сангаас хассан үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг түдгэлзүүлэв.

Нэхэмжлэгч Ч.А, Х.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.И нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хустайн 2 дугаар гудамж 2-17, , *******, , тоотуудад амьдарч байгаа иргэдийн газар эзэмших эрх зөрчигдөж болзошгүй үндэслэлээр энэ хэрэгт гуравдагч этгээдээр татан оролцуулж хэлэлцэн шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснээр энэ хэргийн гуравдагч этгээдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ямар нэг байдлаар зөрчигдөж болзошгүй, харин нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосноор тус гудамжны 2-18 тоотод газар эзэмших эрхтэй боловч газар нь одоогоор бодитой байхгүй болсон гэх гуравдагч этгээд М эрх бүхэлдээ сэргэх эсэх нь эргэлзээтэйн дээр бусад газар эзэмшигч нарын эрх зөрчилтэй байгаа бодит нөхцөл байдлыг тус тус харгалзан захиргааны байгууллагыг энэ асуудлаар дахин шинэ акт гаргах байдлаар маргааныг шийдвэрлэх шаардлагатай гэж дүгнэв.

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д .....дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна., 23.4.3-д эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх;, 23.4.4-д Газрын мэдээллийн санг эрхлэх; гэжээ.

Хуулийн дээр зохицуулалтаас үзэхэд газар эзэмших эрхтэй хэдий ч тус дүүргийн Хустайн 2 дугаар гудамжны айл өрхүүд өөрсдийн газрын кадастрын зурагт тодорхойлсон цэгт байрлаагүйгээс зэргэлдээ орших өөр этгээдийн эзэмшил газартай давхцаж хашаагаа барьж байршсанаас үүссэн уг маргааныг дүүргийн газрын алба хуулиар хүлээсэн эрх хэмжээний хүрээнд хянан шийдвэрлэх үүрэгтэй байна.

Бодит нөхцөл байдал дээр тус гудамжны тоотын газар рүү, тоотын газар ******* руу, ******* тоотын газар рүү, тоотын газар 2-18 руу орж өөрсдийн кадастрын зурагт тусгагдсанаар байршаагүйгээс гуравдагч этгээд 2-18 тоотод газар эзэмших эрхтэй Мгийн газар огт байхгүй болсон байна.

Энэ талаар хэрэгт нотлох баримтаар авсан Х.Аын нэхэмжлэлтэй У.Тд холбогдох газар чөлөөлүүлэх тухай иргэний хэрэгт Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 9251 дүгээр шүүгчийн захирамжаар томилогдсон Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын шинжээчийн дүгнэлтэд[1] Маргаан бүхий газар дээр хийсэн хяналтын хэмжилт болон нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сан дахь өгөгдлүүдийг давхцуулан үзэхэд, иргэн Д.Э/22тоот/-ын эзэмшиж буй газар нэгж талбарын 18******* дугаар бүхий 700 м кв талбайтай иргэн У.Тгийн газартай 498 м кв талбайгаар, иргэн У.Т/21 тоот/-ийн эзэмшиж буй газар нь нэгж талбарын 18******* дугаар бүхий 700 м кв талбайтай иргэн Х.Аын газартай 557 м кв талбайгаар, иргэн Х.А/20 тоот/-ын эзэмшиж буй газар нь нэгж талбарын 18******* дугаар бүхий 700 м кв талбайтай иргэн Ч.Аийн газартай 600 м кв талбайгаар, иргэн Ч.А/19 тоот/-ийн эзэмшиж буй газар нэгж талбарын 18******* дугаар бүхий 700 м кв талбайтай иргэн С.Мгийн газартай 578 м кв талбайгаар тус тус давхцаж байна. гэсэн байх бөгөөд талууд энэ шинжээчийн дүгнэлттэй маргаагүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас маргаан бүхий А/338 дугаар захирамж хууль, журам зөрчөөгүй үндэслэлтэй гарсан гэж тайлбарлаж байгаа хэдий ч захирамжийг хэрэгжүүлснээр бусад гуравдагч этгээдүүдийн газар эзэмших эрхэд халдах, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх эрсдэлтэй байна.

Нөгөө талаар хариуцагч газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч Х.Аын эзэмшиж байгаа газрыг газрын мэдээллийн сангаас хассан үйлдлээ эргэн харж сэргээх боломжтой талаар болон нэхэмжлэгч Ч.Аийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд одоогийн бодит нөхцөл байдалд дүгнэлт хийж тус гудамжны газар эзэмшигч нартай зөвшилцөж газрын байршилд өөрчлөлт оруулах байдлаар маргааныг шийдэх санал дэвшүүлж шүүх хуралдааны явцад тайлбарласан нь шүүхээс уг маргааныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар түдгэлзүүлэх үндэслэл болохыг тэмдэглэж байна.

Шүүх маргаан бүхий газарт газар эзэмших эрхтэй иргэд өөрсдийн кадастрын зурагт тусгагдсан байршилд байршаагүйгээс үүдсэн маргааныг захиргааны байгууллага дахин шинэ акт гаргах байдлаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тул Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн нэхэмжлэгч Ч.Аийн оршин сууж байгаа газрыг албадан чөлөөлөх тухай А/338 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгч Х.Аын Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Хустайн ******* тоотын газар эзэмших гэрчилгээ хүчинтэй байхад уг газрыг газрын мэдээллийн сангаас хассан нь хууль бус болохыг тогтоож, эзэмшиж буй газрыг кадастрын мэдээллийн санд оруулахыг тус дүүргийн Газрын албанд даалгах нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн маргаан бүхий А/338 дугаар захирамжийн огноо хэдэн сар болох нь тодорхойгүй гаргац муутай байсныг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нотлох баримтаар ирүүлсэн ирүүлсэн 2014 оны дотоод товъёог-т 2014 оны 09 дүгээр сарын 18 гэж бичигдсэнээр тодорхойлов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.4.3, 23.4.4-д заасныг баримтлан хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэж Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн газар албадан чөлөөлөх тухай А/338 дугаар захирамж болон нэхэмжлэгч Х.Аын эзэмшлийн газрыг кадастрын мэдээллийн сангаас хассан үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн газар албадан чөлөөлөх тухай А/338 дугаар захирамж болон нэхэмжлэгч Х.Аын эзэмшлийн газрыг кадастрын мэдээллийн сангаас хассан үйл ажиллагаа тус тус хүчингүй болохыг дурдсугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчдийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР