Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 184/ШШ20/01780

 

 

 

 

 

 

 

 

 

     2020           05             27

                                  184/ШШ2020/01780

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, - тоот хаягт оршин суух, Б- овогт Б-гийн Э- /РД:-/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, - тоот хаягт оршин суух, А- овогт Н-ийн А- /РД:-/-д холбогдох,

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э-, хариуцагч Н.А-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Б.Э- нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.А- нь миний ээжтэй хамт ажилладаг байхдаа манайхаар орж гардаг байсан. Би 2008 оноос түүнтэй дотно харилцаатай болж бидний дундаас 2010 оны --ны өдөр охин Э.Ц- маань төрсөн. Бид ерөөсөө хамт амьдарч байгаагүй. Хааяа уулздаг байсан. Н.А- нь тухайн үед гэр бүлтэй байсан учраас охин Э.Ц- нь надаар овоглодог. Тухайн үед Н.А- нь гадаад руу явсан. Миний охин Э.Ц- төрснөөсөө хойш одоог хүртэл миний асрамжид өсөн торниж байна. Би хөлөө хугалж, хагалгаанд орж байсан учраас охиныгоо асарч сувилах, хөдөлмөр эрхлэх чадвар муудаж байгаа. Охин маань одоо Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 76 дугаар сургуулийн 4 дүгээр ангид суралцдаг. Охиныхоо ирээдүйг бодож хуульд заасны дагуу эцэг Н.А-гээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлттэй байгаа” гэв.

 

Хариуцагч Н.А- нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Би Б.Э-тай 2009 онд танилцаж, ээжтэй нь хамт ажилладаг байсан учраас хааяа нэг уулзаж учирч байсан нь үнэн. Тухайн үед Б.Э- нь өөр нөхөртэй байсан. 2010 онд охин төрсөн. Би тэр үед гадаад руу явсан байсан. Б.Э- бид хоёр тус тусдаа амьдарч байсан хэдий ч хүүхэд төрсөн нь үнэн. Нэгэнт миний хүүхэд мөн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон учраас би хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

 

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Э-, Н.А- нар нь 2009 онд танилцаж, улмаар дотно харилцаа үүсгэж гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч тэдний дундаас 2010 оны --ны өдөр охин Э.Ц- төрсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар,  зэрэг баримтуудаар нотлогдов.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх” талаар заасан. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т заасан хүүхдийн эрхийг хангах талаар эцэг эх адил үүрэг хүлээнэ, 10.2-т “эцэг, эх тусдаа амьдрах нь тэднийг хуулийн 10.1-т заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” талаар тус тус заасан. 

 

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь охин Э.Ц-ийг төрсөн цагаас тус тусдаа амьдарч байсан ба насанд хүрээгүй хүүхэд Э.Ц- нь эхийн асрамжид байгаа тул эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Охин Э.Ц- эх Б.Э-гаар овоглосон бөгөөд Н.А- нь өөрийн хүүхэд мөн эсэхэд эргэлзэж байгаа үндэслэлээр шинжээч томилуулан шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон болно. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 сарын 14-ний өдрийн 2553 дугаар шинжээчийн дүгнэлтээр “...Н.А- нь Э.Ц-ийн биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99,99%-ийн магадлалтай байна” гэжээ.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан охин Э.Ц-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн тавин хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг Н.А-гээр тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар нэхэмжлэгч Б.Э- нь хариуцагч Н.А-г эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг дурдав.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.А-гээс 37,030 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон             

 

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан охин Э.Ц- /РД:-/-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн тавин хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг А- овогт Н-ийн А- /РД:-/-ээр  тэжээн тэтгүүлсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар нэхэмжлэгч Б.Э- нь хариуцагч Н.А-г эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.А-гээс 37,030 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.УРАНЗУЛ