Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 142/ШШ2020/00163

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг 11 хороолол, 8 байрны 7 тоотод оршин суух Ч овогт П-ийн Т / регистрийн дугаар ...../-д холбогдох 2 070 832 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х, хариуцагч П.Т-, прокурор Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа нар оролцов.  

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Даатгуулагч П.Т нь тус хэлтэст хандан ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж авч байх хугацаандаа ажпаасаа хууль бусаар үндэслэлгүй халагдсан Шүүхийн шийдвэрээр цалингаа нөхөн шийдвэрлүүлж эгүүлэн тогтоогдож, ажилгүй байсан хугацааны шимтгэлийг нөхөн төлүүлэх болсон юм. Иймд “Илүү авсан ажилгүйдлийн тэтгэмжийг төлүүлэх тухай” 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 104 дугаартай улсын байцаагчийн акт үйлдэн П.Т-д танилцуулахад “зөвшөөрөхгүй” гэж татгалзсан боловч хуульд заасан хугацаандаа шүүхэд гомдол гаргаагүй. Улсын байцаагчаас П.Т-тай удаа дараа утсаар холбогдож, уулзалт хийж актыг танилцуулсан боловч “гарын үсэг зурахгүй” гэсэн хэвээр байсан. Ингээд 2018 оны 06 сарын 08-ны өдөр улсын байцаагчаас “тайлбар” үйлдэн уг актыг баталгаажуулах тухай хүсэлтээ шүүхэд хүргүүлэхэд “төлбөр төлөгчид мэдэгдсэн талаар хангалттай нотлогдохгүй байна” гэсэн үндэслэлээр буцаагдсан тул 2018 оны 06 сарын 11-ний өдөр хариуцагч П.Т-ын ажлын газар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-н ҮЭ-ийн Холбоонд албан бичиг хүргүүлэн, удаа дараа шаардсан боловч одоог хүртэл хариу ирүүлээгүй байна. Мөн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр дахин шүүхэд хандахад мөн үндэслэлээр буцаасан байна. Иймд хариуцагч П.Т-аас ажилгүйдлийн тэтгэмжид авсан 2070832 /хоёр сая далан мянга найман зуун гучин хоёр/ төгрөгийг гаргуулж Нийгмийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч П.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Би ийм төлбөр төлөх учиргүй, тус байгууллагын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 104 тоот акт үндэслэлгүй юм. Миний бие Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр төрийн албан хаагчаар ажиллаж байгаад тус байгууллагын даргаар ирсэн Х.Эрдэнэбатын улс төрийн шалтгаанаар ажлаас 2016 оны 10 дугаар сарын 24-ний Б/88 дугаар тушаалаар халагдсан. Үүнийг үндэслэлгүй гэж үзэж шүүхэд гомдлоо гаргасан ба Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр дээр дурдсан Б/88 дугаар тушаалыг хүчингүй болгон намайг хуучин эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон. Энэ шийдвэрээр надад 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацааны цалин, хөлс 1 885 032 төгрөгийг гаргуулан олгохыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт даалгасан. Тус газрын дарга Х.Эрдэнэбат шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсаар 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр намайг ажилд буцаан томилоод 7 хоноод дахин халсан ба би шүүхэд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс ажилд томилсон 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүртэл цалингаа нэхэмжилсэн. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн  142/ШЗ2017/00689 дүгээр шийдвэрээр надад энэ хугацааны цалин хөлсөнд 1 741 596 төгрөгийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас гаргуулан олгохоор шийдвэрлэсэн. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар энэ 1 741 596 төгрөгийг надад олгож 2017 оны 1, 2, 3 дугаар сард тус бүр 580 532 төгрөгөөр миний Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийсэн. Би анх 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр халагдаад ажилгүйдлийн даатгалд бүртгүүлсэн ба ажилгүйдлийн тэтгэмж авсан. Харин Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр тогтоолгосон 1 885 032 төгрөгийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний гаүзар надад олгоогүй, би ажилгүйдлын тэтгэмж авсан учир шүүхийн шийдвэр гүйцэтгэлд хандаагүй өнгөрсөн болно. Иймд би Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, даатгалын сангаас цалин, тэтгэвэр давхар аваагүй учир хариуцах төлбөр байхгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс П.Т-д холбогдуулан ажилгүйдлийн тэтгэмжид олгосон 2 070 832 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/88 дугаар тушаалаар тус газрын Хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн П.Т-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх бөгөөд хариуцагч П.Т уг тушаалыг эс зөвшөөрч Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдуулан нэхэмжлэл гаргажээ.

Тус шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр П.Т-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/88 дугаар тушаалыг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан Хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх 3 сарын цалин хөлс 1 885 032 төгрөгийг гаргуулан татвар суутгал, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч байгууллагын нягтлан бодогчид даалгаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч П.Т нь дээрх Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны Б/88 дугаар тушаал гарсаны дараа Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 22 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам”-д заасны дагуу ажилгүйдлийн тэтгэмж 2 070 832 төгрөгийг авсан байх бөгөөд уг үйл баримт болон мөнгөн дүнтэй хэргийн зохигч нар маргаагүй.

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/18 дугаар тушаалаар хариуцагч П.Т-ыг урьд эрхэлж байсан албан тушаалд нь томилсон байх ба хариуцагч шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс ажилд эгүүлэн томилсон тушаал гарсан 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 1 925 493 төгрөг гаргуулахаар тус аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2017/00689 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Орхон аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас 1 741 596 төгрөгийг гаргуулан П.Т-д олгохоор шийдвэрлэсэн байна.

Хариуцагч П.Т дээрх ажилгүйдлийн тэтгэмжид авсан 2 070 832 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан бөгөөд маргаж буй үндэслэлээ “Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр олгосон ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1 885 032 төгрөгийг хариуцагч болох Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар надад өгөөгүй тул би ажилгүйдлийн тэтгэмж болох 2 070 832 төгрөгийг төлөх учиргүй” гэж тайлбарласан.

Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.-т “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журмыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл батална”, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 22 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж болгох журам”-ын 4.6-д “Даатгуулагчийн хууль бусаар ажлаас халагдсаныг шүүхээс тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож, ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч нь нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, зохих санд төлсөн тохиолдолд тухайн даатгуулагчийн ажилгүй байх хугацаанд авсан ажилгүйдлийн тэтгэмжийг санд буцаан төлүүлж, тооцоо хийнэ” гэж заасан байна.

П.Т-ын ажлаас халагдсаныг захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинг хоёр шүүхээс нөхөн олгохоор шийдвэрлэж, ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн газар Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэсд төлсөн байх тул хариуцагч П.Т-ыг ажилгүйдлийн тэтгэмж 2 070 832 төгрөгийг санд буцаан төлөх үндэслэлгүй гэж үзэх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс биелүүлээгүй тохиолдолд хариуцагч нь уг шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх хүсэлт гаргаж, тухайн шийдвэрээр олгосон ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан авах эрхтэй бөгөөд уг эрхээ хэрэгжүүлээгүй хариуцагчийн үйлдлийг зөвтгөж, Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна.

Иймд Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч П.Т-аас 2 070 832 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч П.Т-аас нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн 2 070 832 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 48 083 төгрөг гаргуулж төрийн санд оруулах нь зүйтэй гэж үзлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.-т заасныг баримтлан хариуцагч П.Т-аас ажилгүйдлийн тэтгэмж  2 070 832 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4.-т зааснаар нэхэмжлэгч Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д зааснаар хариуцагч П.Т-аас 48 083 төгрөг гаргуулан Төрийн санд оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Р.ҮҮРИЙНТУЯА