Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 142/шш2020/00164

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум согоот баг 6-18-9 тоотод оршин суух, Б б овогтой Н-ын Х /регистрийн дугаар ...../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум согоот баг 6-18-9 тоотод оршин суух, Х овогт С-ийн Г /регистрийн дугаар ....../,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум согоот баг 6-18-9 тоотод оршин суух, Т овогт Д-н А /регистрийн дугаар ....../ нарт холбогдох

Эрх зөрчсөн үйлдийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх болон дахин хууль бусаар эрх зөрчихгүй байхыг хариуцагч нарт даалгах үндсэн нэхэмжлэлтэй,

Х.Нандин-Эрдэнийг асрамжиндаа авахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Х-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.З, Г.О, хариуцагч Д.А, С.Г, гэрч Ё.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие өмнө 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд уг хэрэг маргаан хянан шийдвэрлэгдэж байх үед хариуцагч нараас дахин ийм үйлдэл гаргахгүй хэмээн эвийн журмаар шийдвэрлүүлэхээр надаас хүссэн тул би өөрийн гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр тус шүүхийн шүүгчийн 142/ШЗ2019/04253 дугаар захирамжийг гардан авсан билээ. Гэтэл 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч нар утсаар яриад миний эхнэртэйгээ хамтран үүсгэн байгуулж 5 жилийн турш ажлуулж ирсэн хоолны газарт хамтран ажиллах нэрийдлээр миний зөвшөөрөлгүй үйл ажиллагааг булаан авч хоолны газрын пос-ын мөнгөний машиныг хүртэл сольж, хамтран ажилладаг ажилчдыг минь дур мэдэн халж түрээсийн гэрээг минь хүртэл хууль бусаар шинээр хийлгүүлж авсан.

Мөн 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ надад болон манай гэр бүл рүү хууль бусаар халдаж үг хэл амаар доромжилж, олон нийтийн сүлжээгээр гүжирдэн гүтгэж, заналхийлэх болсон тул бид цагдаагийн байгууллагад хандсан. Энэ үед хариуцагч С.Г нь цагдаагийн байгууллагад хандан дахин ийм зөрчил гаргахгүй хэмээн баталгаа гаргаж өгч байсан боловч хариуцагч нар нь хэлсэн үгэндээ хүрэлгүй дахин олон нийтийн сүлжээгээр болон бусдад манай гэр бүл болон надруу үг хэл амаар доромжилж, гүтгэн гүжирдэх үйлдэл нь одоог хүртэл удаа дараа давтагдсаар байгаа бөгөөд намайг “Алуурчин” мэтээр бусдад ойлголт өгч үр хүүхдийн минь ирээдүйн амьдралд минь маш их хохирол учруулж байгаа тул дахин шүүхэд хандаж байгаа болно.

Нэхэмжлэгч Н овогтой Х миний бие өөрийн хууль ёсны эхнэр Г овогтой О-тай 2006 онд анх танилцаж үерхсэн бөгөөд 2008 оны 10 дугаар сард Одмааг Солонгос Улсад суралцаж байх үед би араас нь очсон. Энэ үеэс эхлэн бид хамтран амьдрах болсон. Бид Солонгос Улсад суралцахынхаа хажуугаар ажил хийж аав, ээж, ах нарынхаа тусламжтайгаар Улаанбаатар хотод 2 өрөө байрыг зээлээр худалдан авч байсан. 2013 онд миний эхнэр бие давхар болсон тул бид эх орондоо эргэн ирсэн. Бидний дундаас охин Х овогтой Нандин-Эрдэнэ 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр мэндэлсэн. Ингээд бид эх орондоо ирээд Солонгос улсаас авчирсан тоног төхөөрөмжөө ашиглан шарсан төмс, печень хийж зарж борлуулахаас гадна эхнэр Солонгос улсад ресторанд ажиллаж хоол хийж сурсан тул хоол хийх сонирхолдоо хөтлөгдөн би хүргэлт хийж хүргэлтийн захиалгын хоолыг хийх гэсэн санааг гаргасан. Бид ярилцаж байгаад найзаасаа бараа болон эргэлтийн мөнгө зээлээд хүргэлтийн солонгос хоолыг хийж борлуулж ирсэн. Бидний хийсэн хоолонд, хүргэлтийн үйлчилгээнд хүмүүс ам сайтай байсан тул бид энэ хоолны бизнестээ эргэлт буцалтгүйгээр орсон. Би өөрийн босгосон блокны үйлдвэрийнхээ блокнуудыг бүгдийг нь зарж борлуулаад тухайн үед 12 сая төгрөгөөр эхнэр бид 2 ажлын байрандаа их засвар оруулан Rose of sharon гэх солонгос хоолны газраа нээсэн. Ингэж бид өөрсдийн бизнесээ нээж 2017 оны 06 дугаар сарын 09-ны өдөр албан ёсоор гэр бүлээ батлуулсан бөгөөд тухайн ондоо хадмынхаа амьдарч байсан байрыг бага багаар мөнгийг нь төлж нийт 85 сая төгрөгөөр худалдан авч байсан юм. Би ханьтайгаа анх танилцаж гэр бүл болсон үеэс эхлэн ертөнцийн мөнх бусыг үзүүлэх хүртэл гэр бүлийнхээ төлөө бид хамтран зүтгэж, үр хүүхдээ хууль ёсоор өсгөн хүмүүжүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлж гэр бүлийн харилцаанд тэгш эрхтэйгээр оролцож ирсэн. Энэ хугацаанд бид хууль ёсоор хөдөлмөрлөж Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Гэр бүлийн тухай хуулиудад заасан үндэслэл журмын дагуу гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч хөрөнгүүдийг шударгаар бий болгож өмчилж, захиран зарцуулж ирсэн.

Гэвч миний хууль ёсны эхнэр Г.Одмаа нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ий өдөр хагалгаанд орох үеэрээ эмч, эмнэлэгийн байгууллагуудын буруутай үйл ажиллагааны улмаас амь насаа алдаж манай гэр бүлийнхэнд хүнд гарз тохиосон болно. Гэтэл хариуцагч нар буюу миний хадам аав, ээжийн зүгээс энэхүү хүнд цаг үеүүдэд надад бүхий л буруутай үйл ажиллагааг хамааруулж намайг буруутай мэтээр асуудалд хандаж миний хуулиар хамгаалагдсан эрх ашиг, сонирхолд хууль бусаар халдаж гэр бүлийн хувийн асуудлууд руу маань хэт оролцсоор байна. Улмаар нийгмийн сүлжээ, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр үндэслэлгүй, хууль бус мэдээ мэдээллүүдийг цацаж эрхийг маань ноцтой зөрчсөөр байна. Тодруулбал: Миний бие махбодь, эрүүл мэндэд бүдүүлгээр, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ халдаж, дарамтлан заналхийж тэр бүү хэл миний бие ханьтайгаа олон жил ажиллаж, хөдөлмөрлөж босгосон гэр бүлийн дундын эд хөронгийг эхнэр нас барснаас хойш бид авна, чи энийг өг, тэрийг нь бид авна гэх зэргээр шударгаар хөдөлмөрлөж бүтээж босгосон, бий болгосон эд хөрөнгөнүүдэд маань хууль бусаар халдаж өмчлөх эрхийг маань бүдүүлгээр зөрчиж байна. Мөн миний охин Х.Нандин-Эрдэнийн овог, нэрийг хүртэл солиул, бидний нэр дээр соль, шилжүүл, чиний асрамжид үлдээхгүй, чи авах эрхгүй энэ охин бидний хүүхэд гэх зэргээр Монгол Улсын хууль тогтоомжуудад заасан үндэслэл журмын дагуу эцэг хүний эрх үүргийг хэрэгжүүлэх, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх эрх үүргээ хэрэгжүүлэхэд маань ноцтой зөрчиж саад учруулсаар байна. Миний хувьд хариуцагч нартай эд хөрөнгө холилдсон зүйл огт байхгүй гэдгийг шүүхэд хариуцлагатайгаар хэлж байгаагийн зэрэгцээ миний бие энэхүү нэхэмжлэлд холбогдох бүхий л баримтуудаа хавсаргаж өгөх болно. Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу шүүхээр өөрийн зөрчигдсөн эрх ашиг сонирхлоо хамгаалуулахаар хандаж байгаагийн зэрэгцээ Үндсэн хууль, Иргэний хууль, Гэр бүлийн тухай хуулиудаар иргэн Н.Х миний эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх болон дахин хууль бусаар эрх зөрчихгүй байхыг хариуцагч нарт даалгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Нэхэмжлэлийг маань Монгол Улсын Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хүлээн авч шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Д.А, С.Г нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “2019 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Н.Х шүүхэд хандсан байсан. Юу нэхэмжлээд, юу хүсээд байгааг нь ч ойлгоогүй, одоо ч ойлгохгүй байна, хүн ер нь ийм хүн чанаргүй байж болдог ч юм уу. Ингээд хавтаст хэрэг нээгдэж, судлагдаж, хэд хэдэн удаа шүүх хурал болох гэж танхимд хуралдаж, эхнэр А- маань уй шаналалдаа ухаан алдаж унаж шүүх танхимаас түргэн хүртэл дуудаж байсан, бид ч хүргэнийхээ мөсийг таньж хувь заяатайгаа эвлэрч өмгөөлөгч хөлслөн авч шүүх хуралд 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр эцэслэн орсон. Энэ хурал дээр бид хоёр хүргэнээсээ уучлал гуйх хэрэг хийгээгүй юм чинь юугаа гуйх юм бэ, гомдол, цөхрөл тээн хурал эхэлсэн, хүргэн эвлэрье гэсэн шүүгч дахин дахин асуусан "эвлэрнэ" гэж хүргэн хэлсээр шүүхийн захирамж гарсан шүү дээ. Эхнэртэйгээ хамтран байгуулсан бол "Роузофшэрон" ХХК-д Х-ын нэр орох байсан. Гэтэл энэ компани ганц хүний компани юмаа. Яагаад ганц өөр дээрээ нээснийг нь бичье. Охиныг минь нялх биетэй байхад нь аяга угаасангүй гэж хадам аав, ээж нь загнаснаас болж худууд бидний дунд 2 дахь удаагаа том маргаан үүсэж, бид ганц охиноо хүнд дээрэлхүүлж амьдруулахгүй гэхэд худ Нармандах нь 6-18-9 тоот манай гэрээс хүүгийнхээ хөрөнгө гэх 2 тортой юмыг сүй тавьсан хадаг "Соёмбо" архитай нь ирж ачин явсан юмаа. Ийм байдлыг албан ёсны эхнэр гэж өнөөдөр үзэх үү? “зээлээр авсан хоолны газрыг булаан авч” гэж юуг яриад байна вэ? 1-р микрод ашиглалтад хүлээн авсан обьектыг хэлээд байгаа юм уу? Тэр лүү бид одоо ч орж үзээгүй. Охин маань маш гоё бэлэн болгочихоод бурханы орон руу явсан даа. Охины минь ярьж байснаар бол 4 сард нээлтээ хийнэ гэж байсан. Өнөөдөр 12 сар болчихоод байхад энэ Х- нээчих чадваргүй л байна шүү дээ.

"хамтран ажиллах нэрийдлээр хоолны газрыг булаан авч'' гэжээ. 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр бид Х-ыг Яргуйтын Хөтлийн 10-1 өөрсдийн хүнсний дэлгүүртээ дуудаж ярилцсан. Ганц охин маань бурхан боллоо, бидэнд өөр хүүхэд алга, та 2-ын бизнесийг дэмжих зорилгоор бид гэр орноо охиныхоо нэр дээр шилжүүлж өгсөн, одоо гэр орон маань банкны барьцаанд байна, бид охиныхоо араас буян хийх, харуусаж гашуудал зарлаж өдийг хүрлээ, энэ хооронд чи биднийг цагдаа шүүх гээд өгөөгүй газар алга, одоо цаашдаа бүгдээрээ яах вэ, охины минь үүсгэн байгуулсан хоолны газрын нэр хүнд унаж, хоолны амт чанар муудаж, чи тогтвортой ажиллахгүй, удирдлагаар хангаж чадахгүй байна, энэ бүхний үр дүнд бизнес нь дампуурах юм бол түрээсийн юм нэг л өдөр хөөгдөж гарна, түрээс татвар банкны зээлээ төлж чадахгүйд хүрч байна хамтарч ажиллая гэж ярилцахад "тиймээ ээж аав аа, зардлуудаа төлж чадахгүйд хүрч байгаа маш хэцүү байна, та 2-ыг ороод ирвэл бүх ажилчид явна гэсэн, маргааш 9 цагт хүрж ирж ажилла" гэсэн аман тохиролцоонд хүрээд маргааш нь хэлсэн цагтаа ирэхэд Х-ын аав Ё.Нармандах нь "138 сая төгрөгийн өр байна, энийг нотариатаар баталгаажуулаад та 2 төлнө гэж гарын үсгээ зур, миний хүү 1-4ийн ресторанаар тохижуулсан шинэ объектыг өг, бусад бүх газар объектууд, үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгийг миний хүүд өг" гэж хашхирч "та нарыг ална гэж бид 2 луу дайрч давшилсан тул бид өмгөөлөгчөө дуудсан. Өмгөөлөгч иргэн Ё.Нармандахад "энэ солонгос хоолны газар Г-гийн нэр дээр түрээсийн гэрээтэй, албан ёсны өв залгамжлагчдын дунд яриа болж байна, танд ямар ч оролцох хуулийн эрхгүй тул та эндээс явна уу" гэж тайлбарласны улмаас явсан. Явахдаа "үр хүүхдүүдгүй та нарт зээ охиныг чинь уулзуулахгүй, миний хүү чи эд нартай хамтарч ажиллана гэж байхгүй. Зээ охиноо та нар өсгөсөн ч хууль та нарт үйлчлэхгүй, албан ёсны аав нь авна пизда" гээд гараад явсан. Н.Х нь "үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх, эрх үүргээ хэрэгжүүлэхэд маань ноцтой зөрчиж саад учруулсаар байна" гэжээ, хуульд заасны дагуу хүүхдээ авна, та нарын өсгөсөн ч түй ч хамаагүй гэж чарлаад байхаар нь бид холбогдох хүүхдийн эрхийн байгууллагууд, нийгмийн ажилтан, багийн засаг дарга нарыг байлцуулах эрүүл мэндийн бүх шинжилгээний хамт эрүүл саруул, бүрэн бүтэн хүүхдийг Х-т хүлээлгэн өгсөн. Эхээ алдаад байгаа хүүхэд өссөн төрсөн эмээ өвөөгөөсөө хол хамгийн их эрх нь зөрчигдөж байгаа шүү дээ. Охиндоо нэгжгүй утас өгдөг, утасны дугаарыг нь өөрт нь хэлдэггүй, бидэнд хэлдэггүй, эмээ өвөөтэйгөө санасан үед нь уулзуулдаггүй ийм л байдалтай байна. Ганцхан жишээ харуулъя: эмэгтэй хүүхдийг ийм бандаштай л явуулж байна, зүрх шимширмээр. Өсөж төрсөн эмээ өвөө дээрээ байвал арай ч ийм байхгүй дээ. Үхсэн хүн босоод ирэхгүйгээр нь далимдуулж хүүхдийг өв залгамжлах барьцааны хэрэгсэл болгох юм даа ...

Эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоох гэжээ энэ Х-ын ямар эрх зөрчигдөөд ямар эрхийг таслан зогсоох гээд байгаа нь тодорхойгүй байна. Өмнөх байдлыг сэргээн тогтоолгох гэсэн шаардлага нь юуг өмнөх байдалд нь сэргээн тогтоолгох гээд байгаа зэрэг нь нэхэмжлэлийн шаардлагад ойлгомжгүй байна. Тиймээс шүүх нэхэмжлэлийн шаардлагыг нь тодруулж өгөх шаардлагатай байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Д.А, С.Г нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Миний охин Г.Одмаагийн охин Нандин-Эрдэнэ 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн. Энэ өдөр Нандин-Эрдэнийн эцэг Н.Х нь охиноо хүлээн авах өөрийн гэсэн гэр оронгүй, хүүхдийнхээ хэрэгцээг ч хангах орлогогүй байсан. Өлгийний ч мөнгөгүй байсан учраас бид 2 орос өлгий авч зээ охин Нандин-Эрдэнээ өлгийдөн 6-18-9 тоот өөрийн гал голомтдоо оруулж ирж асран 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэл эрүүл саруул өсгөлөө. Гал дээр гарсан зээгээ Г-гаар овоглож, Х нь өөрийн гэсэн гал голомтоо бадрааж хуримаа хийж айлын ганц охиныг ёстой төртэй авч, эхнэр хүүхдээ тэжээх чадвартай болсны дараа Х-аар овоглох талаар бид ярилцаж байсан ч яриа бий, гэхдээ бид тэгээгүй юм, өөрийн хүү шиг хайрласан. "Яагаад 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэл өсгөн хүмүүжүүллээ" гэж бичив гэхээр, учир нь: миний цорын ганц охин Г.Одмаа нь 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Тод Ганнам эмнэлэг дээр өөх соруулах мэс засалд ороод эмч нарын буруутай үйлдлээс болж нас барсан билээ. Үнсэх үргүй хатуу хорвоод хүргэнээ түшиж амьдарна даа гэж бодож байтал охины маань нас барсан өдрөөс эхлэн хайртай хүргэний минь үнэн нүүр царай илэрсээр байна. Охиныг минь амьд байхад "ээжээ, ааваа" гээд гүйж байсан хүргэн минь хүнээс гарамгүй доорх зангуудыг гаргаж байна даа:

Талийгаачийг нас барсны 13 дахь өдөр аав Г-г зодлоо (зураг хавсралт №1). Энэ өдөр Х нь зохион байгуулалттайгаар өөрийн гар утсыг усны саван дээр урьдчилан байрлуулж Г-г өдөөд эхэлж зодчихоод өөрөө зодуулж буй мэтээр бичлэгийг засварлаж тастаж баримт болгон авсан байсан. Уй гашууд автаж өдөр хоногийг яая даа гэж өнгөрөөж байгаа бид 2-ыг зодчихоод бичлэг хийж буй энэ үйлдэл нь хүний санаанд яаж багтаж чадаж байна аа? Бид хоёрыг 6-р микрийн цагдаад өглөө. Бид 2-ыг хоёр ч удаа шүүхэд өгч сэтгэл санааны гүн дарамтад орууллаа. А-ийн төрсөн дүүгийн охин Минжин талийгаачийн 49 хоногт манай гэрт байж бидэнтэй орой болгон маань хөгжөөдөг байсан юмаа. Гэтэл тэр охиныг Х- нэг цагдаатай ирж дарамталж "охинтой маань нууцаар уулзуулж бай, би ил уулзмааргүй байна, гэрт хэн хэн ирж юу юу ярьж байгааг надад мэдэгдэж бай" гэж дарамталсан байдаг. Охинтойгоо уулзах хаалга нь нээлттэй байсаар атал өөрийнх нь эрх зөрчигдөж байгаа мэтээр цагдаа шүүхэд "охинтойгоо уулзах эрхийг маань зөрчиж байна" гэж өргөдөл өгдөг байлаа. Гэрт маань хүртэл тагнуул тавьсан даа миний ганц хүргэн. Охиноо төрснөөс хойш биднээр өсгүүлж, охинтойгоо хамт 10 хоног ч байж үзээгүй байж хөрөнгө мөнгөний төлөө эхээсээ өнчрөөд байгаа өөдөсхөн охиныг минь золиос болгон авч үхсэний хагацал дээр амьдын хагацал узүүлж байна даа. Эхнэр нь нас бараад 49 хоноогүй байхад монгол эр хүн элдэв хүүхэнтэй орооцолдохоос тэвчдэг цээрлэдэг Монгол уламжлал байсаар атал харин ч элдэв хүүхнүүдтэй орооцолдож "сэтгэлээ хуваалцдаг хүнтэй болсон" гэж охиноо алдаад байгаа эх хүн рүү тохуурхан мэсэж бичиж байлаа. Ядарсан бид хоёрыг яаж ч дээрэлхэж болноо, гэтэл талийгаач охины минь хамт олны дунд касс хүүхэнтэйгээ 49 хоноогүй байхад нь нуруу бие, хөх дэлэнг нь илж таалж хамт олныг нь доромжилсныг тэд бид 2-т ирж хэлж байлаа.

Охин Нандин-Эрдэнийг минь Х манай гэрээс авч явсан процессыг дэлгэрэнгүй бичье: Охиныхоо 49 хоногийг Алтан хайрцаг дээр нь гарсны дагуу Бурхан шашны ёс үйлийг үйлдэж дууссаны дараа, хүргэний цагдаа шүүхээр дарамталсан дарамтыг давсны дараа бид уйлж суугаад охин минь босоод ирэхгүй юм байнаа, охиныхоо цусаа урсган ясаа заадлан төрүүлсэн Нандин-Эрдэнэ охиныг нь бодоод нулимсаа тэвчин, бүсээ чанга бүслэн бид зүтгэх, түүнийг сайн хүн болгон өсгөх, Охин Одмаагийнхаа ясыг өндөлзүүлэхгүйгээр өр зээлийг нь барагдуулах, босгосон компанийг нь дампууруулахгүй байх, хүсэл мөрөөдлийг нь биелүүлэхээр Rose of Sharon дээр орж ажиллаа. Охиныг нас барсны дараа худ Нармандах "энэ 2-ын амьдралд манай талаас нэг ч төгрөг оруулаагүй ээ, хөрөнгөө яахаа та нар өөрсдөө мэд" гэж байсан, хүргэн Х "ээжээ ирж солонгос хоолоо амтлаач" гэж байсан хүн чинь 2019 оны 9 дүгээр сарын 28-нд хоолны газар дээр ороход бид 2-ыг нохой шиг хөөж, цагдаа дуудаж, 181 хоногт 180 градус өөрчлөгдсөн байсан даа миний ганц хүргэн. Энэ нь биднийг уй гашуудаа автаж байх 181 хоногт дуучин Чимэдцэеэгийн нөхрийн талаар монгол орон даяар шуугсан сенсациар миний хүргэн Х- нь эхнэрийнхээ араас ганц зул асаагаагүй байж би ч гэсэн ингээд баян болчихлоо ш дээ гэж найздаа ярьж байсан юм билээ, бидэн рүү ч утсаар өөрөө хэлж байсан. 9 дүгээр сарын 28-нд бид солонгос хоолоо хийж эхлэхэд "за тэгвэл төрсөн охиноо би авнаа хууль миний талд, та нартаа энэ охиныг чинь дахин хэзээ ч уулзуулахгүй амьдын хагацал үзүүлнэ гэсэн. Бид уйлсан, шаналсан. Х-аа чи талийгаачаас хойш охиноо авч яваад хордлогод оруулчхаад бидэнд авч ирэхдээ "тархи нь хөдлөөд их удсан байна гэнэ" гэчхээд өгч байсан, авлаа гээд авдаг хүний алтан амь бишээ, хүүхдийн байгууллага болоод бүх шатны байгууллагуудын хажууд хүлээлгэж өгье, тэгээд ч чи хүүхэд асрах ямар их ажиллагаатайг өөрийн биеэрээ хэд хоног үз дээ, бид 10 сарын 09-нд хүлээлгэж өгье гэсэн. Ингээд 10 сарын 09 болоход бид: Охиндоо бүх шинжилгээг хийлгэсэн, эрүүл саруул байгааг гэрчүүдэд үзүүлсэн, урьд нь охиныг маань өвчлүүлчхээд биднийг буруутгаж байсан тул бид эрүүл саруул хүүхдийг дараах бүрэлдэхүүнтэй Х-т хүлээлгэж өгсөн. Иймд охин Нандин-Эрдэнийг эхээ алдсан үхсэний зовлон, өсгөлөн эмээ өвөөгөөсөө тусгаарлагдсан амьлын хагацал үзсэнээр элгэнд нь бэтэг ургах эрүүл мэндийн эрсдэл, бичиг үсэг сурах хариуцлагатай насанд нь өмөг түшиг болохоор өссөн орчин, идэж өссөн хоолыг нь өгч түр хугацаагаар халамжлах эрх хүсэж буй хүсэлтийг минь хангаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Н.Х сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: “миний ойлгохгүй, ойлгохыг хүсч байгаа зүйл бол

Яагаад бидний 12 жилийн амьдрал, хань бид хоёрын болгосон аз жаргалтай он жилүүдийг минь үгүйсгэж, намайг огт хүн биш болгож, миний ханьтайгаа хамт хийсэн, бүтээсэн, босгосон амьдралыг минь ор тас үгүй болгож, Х гэдэг хүнийг орчлонд байгаагүй болгож, байхгүй болоосой гэж харааж зүхэж үхээсэй гэж хүснэ вэ?

Хадмууддаа хүргэн нь гэж нэрлэгдэж жаргал зовлонгоо хамт туулж, хөдөлмөрлөж тэмцэж явсан жилүүд, ханьдаа хайрлагдаж хайрлалцаж, эцэг эх болж, "орчлонд байхгүй алт шиг хүргэнтэй, архи тамхи ч хэрэглэхгүй амьдралын төлөө махийтал зүтгэдэг" гэж хадам ээждээ шүтэгдэж явсан намайг яагаад ингэж гэнэтхэн 360 градус эргэсэн мэт зан гарган , адгийн новш, хүчирхийлэгч, банзал, алуурчин болгож сошиалд зарлан доромжлох болов оо?

Яагаад надаас ганц охиныг минь булаах гэж ...уулзуулахгүй учруулахгүй байна гэж... охиныгоо асран тэжээж чадахгүй хүн ... гэж дайрна вэ?

Нас намба, ёс жаяг дэнгэрт байгаа охиноо бодсон ч намайг ингэж гүтгэж, хорсож, дээрэлхэж, өширхөх шалтгаан юу байгаа юм бол? аав ээж минь... Би бүх зүйлийг үгүйсгэхгүй ээ. Миний хадам аав ээж 2 охиныг минь өсгөлцөхөд их хувь нэмэр оруулсан, бидний харилцаа ч үнэхээр сайхан байсан. Ханьтайгаа ажил төрөл бизнесээ босгох гээд завгүй зүтгэж явахад тэд нар минь охиныг харж үнэхээр тус болсон. Яагаад энэ хүнд хэцүү цагт хамтдаа зовлонгоо туулж болохгүй байгаа юм бэ?

Бидний шийдүүлэхийг хүсч байгаа зүйл бол: Охин Нандин-Эрдэнийг яагаад заавал хадам аавын нэр дээр шилжүүлэх ёстой юм?, Эхнэр бид хоёрын үйлээ үзэж зүтгэж босгосон энэ бизнес энэ хоолны газар яагаад тэд нарынх болох ёстой юм?, Энэ олон жил хамтдаа зүтгэсэн миний хөдөлмөр зүтгэл яагаад нэг ч удаа дурдагдахгүй байгаа юм бэ?, Эд хөрөнгө нь яагаад охиных нь, өр шир нь минийх болчихвоо? цагдаа, эмч, нийгмийн ажилтан, засаг даргыг байлцуулан, хурал зарлаж, “албан ёсоор хүлээлгэж өглөө” гээд бичиг баримттай гар хөлийн үсэг зуруулан, хүлээлгэн өгсөн бөгөөд үүдэнд гарахдаа надад заналхийлсэн үг хэлэн,ганц ээлжийн хувцастай өгсөн. Охин минь аавтайгаа хэрүүл уруулгүй, үзэн ядалтгүй, архигүй, амар тайван орчинд амьдарч байгаа.

Одоо охин Нандин -Эрдэнэ ямар нөхцөл байдалд амьдарч байгаа талаар: Охин Нандин -Эрдэнэ маань эрх дураараа,зөрүүд,өглөө бүр хичээлд явахгүй гэж уурлан, уйлж зөрүүдлэн хааяа хичээлдээ явахгүй байх үе байдаг. Бид аргадан учирлаж, тайлбарлан,сургууль багшийг нь сольсноор одоо хичээлдээ явах дур сонирхолтой болж,сайн бичиж уншиж байгаа.Яагаад хадмууд өөрсдөө охиныг маань ийм болгож өсгөчихөөд надаас бурууг хайгаад байгаа юм бэ? Эд нар дээр байхдаа хичээлдээ таслахгүй явж байсан юм уу? -Охины минь шээстэй бандаж,уйлсан зургийг тавьжээ. Нэгдүгээрт: Бид миний охины дотоож мөн эсэхэд эргэлзэж байна. Хоёрдугаарт: Охин маань өдөрт олон удаа шээж, юм идэх бүрдээ баадаг онцлогтой,мөн жоохон хүүхэд өдөржингөө болоход гэдэс дотор эвгүйрхсэн байхыг үгүйсгэхгүй ээ. Бид тийм хэцүү амьдралтай хүмүүс биш ээ. Байранд амьдардаг, халуун устай, бүрэн автомат угаалгын машинтай, ээж минь тэтгэвэрт энэ жил гарсан, хүүхдэд анхаарал халамж тавих чадвартай, эрүүл саруул хүн. Ганц ач охиноо хайр халамжаар дутаахгүй ээ. Охины уйлсан халтар зургийн хувьд хаана авсан зураг вэ? Манайд л лав биш..., Охин маань орондоо шээдэггүй, өвөө эмээтэйгээ уулзъя гэж шалдаггүй, үргэлж уулздаг учраас бэтгэрсэн гэж үзэхгүй байна. Хадмууд маань насанд хүрээгүй охиныг минь "манай аав гэртээ хонодоггүй, шинэ ээжтэй болох гэж байгаа" г.м худал үгийг хэлсэн болгож байгаад харамсаж байна. Нялх охиныг ингэж хов, хэрүүлд ашиглаж болдог юм уу? -Охин минь бидэнтэй байхдаа инээж хөхөрч,хашгичиж сэргэлэн цовоо байж орой болгон аавтайгаа унтахаар хэвтэхдээ цаг гаруй ярьж, хөөрдөгт нь бид тайвширдаг.

-Гар утасны хувьд сургууль орчинд гар утас хэрэглэхгүй байх БСШУС-н сайдын тушаалтай. Би охиноо олон цагаар ТҮ үзэх, утас ухахыг дэмждэггүй. Тиймээс ч охинтойгоо байх цаг гаргаж "Өргөө", “Орших" кинотеатр тоглоомын газруудаар байнга очиж тоглуулдаг.

Миний охин аавтайгаа, эмээ өвөөгийн хайранд өлгийдүүлж, зөв хүн болноо. Би охиноо төрсөн эхийн хайраас бусдаар нь юугаар дутаахгүй өсгөх болно. Би нагац өвөө эмээгий нь хэзээ ч үгүйсгээгүй, уулзахыг нь хэзээ ч хорьж байгаагүй Эцэст нь хэлэхэд хайртай ганц охиныхоо хамгийн хайртай хоёр хүнийг 85 сая төгрөгөөр өөрсдөөс нь худалдаж авсан орон гэрээс нь хөөж, эзэн суучихаад,12 жилийн хугацаанд босгосон бизнесийг нь булааж аван “Гудамжинд гаргачихаад" орлогогүй тэжээх чадваргүй гэж намайг шүүхэд өгч охиныг минь булаах гээд явж байгааг миний хань тэнгэрээс хараад аав, ээждээ ямар их гомдож, уурлаж хилэгнэж байгаа бол?... Харин ч хань минь хадам аав ээжийгээ өвөлдөө дулаан өвөлжиж байг гэж сэтгэл гарган, урьдчилгаа 10 саяыг өгч /миний машиныг ББСБ-н барьцаанд тавьж/ авсан энэ байр байгаагүй бол охин бид хоёр үнэндээ л гудамжинд хаягдсан шүү. “Хамтарч ажиллая” гэж бизнесийг булааж авсан шигээ “49 хоногийг өнгөртөл хамтдаа байцгаая” гэж орон гэрийг минь булааж авсан шигээ “түр хугацаагаар авъя” гэж охиныг минь бүр авахаар санаархаж байгааг нь би мэдэж байна.

Иймээс хууль хяналтын байгууллага энэ бүхнийг судлан үзэж, үнэн зөвөөр шийдэж өгнө гэдэгт итгэж байна” гэжээ.

Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Х хариуцагч С.Г, Д.А нарт холбогдуулан Эрх зөрчсөн үйлдийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх болон дахин хууль бусаар эрх зөрчихгүй байхыг хариуцагч нарт даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...миний эцэг байх, үр хүүхдээ харж хандах эрхийг зөрчиж, эд хөрөнгө, нэр хүнд, эрүүл мэндэд халдаж байгаа үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх болон дахин зөрчихгүй байхыг хариуцагч нарт даалгаж өгнө үү” гэж тайлбарлаж байгаа. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

Нэхэмжлэгч 2019 оны 06 дугаар сард одоо гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлээ татан авсан. Ийнхүү нэхэмжлэлээ татан авснаас хойш хариуцагч нар дахин түүний эрхийг зөрчсөн үйлдлийг гаргасан учраас тэрээр эрхээ хамгаалуулахаар дахин шүүхэд хандсан нь хууль зөрчөөгүй гэж үзлээ.

Н.Х нь хариуцагч С.Г, Д.А нарын охин Г.Одмаатай 2006 онд танилцан үерхэж байгаад 2017 оны 06 дугаар сарын 09-ны өдөр эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн, тэдний дундаас охин Х.Нандин-Эрдэнэ 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, Г.Одмаа 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр зуурдаар нас барсан болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, төрөл садангийн тухай лавлагаа, нас барсны бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Талийгаач Г.Одмааг нас барснаас хойш зохигчдын хооронд үл ойлголцол үүсч, улмаар Н.Х амьдарч байсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот баг 6 дугаар хороолол 18 дугаар байрны 09 тоот байрнаас явж өөрийн эцэг, эхийн гэрт амьдрах болсон, нэхэмжлэгчийн охин Х.Нандин-Эрдэнийг хариуцагч нар 2019 оны 04 дүгээр сараас 2019 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд өөрсдийн асрамжид байлгасан, хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгчийн нэр, хүндийг гутаасан мэдээ, мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл буюу фэсэбүүкээр тараасан, нэхэмжлэгч рүү аяга шидэх, алгадах зэргээр биед нь халдаж байсан, Рүөс оф шарон ХХК-ийн үйл ажиллагааг эрхлэн явуулж, эд хөрөнгөө захиран зарцуулах эрхийг нь зөрчсөн зэрэг үйл баримт болсон нь зохигчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан CD, зурвас, С.Г-гийн Хас банкны дансны хуулга, гэрч Ё. Нармандахын мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдсон.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.-д Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ, 37.2.Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж заасан.

“...хариуцагч нар эрхийг минь зөрчдөг” гэх шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримт буюу дууны бичлэг бүхий CD, компьютер, гар утсанд хадгалагдаж буй гэрэл зураг, зурвас, дууны бичлэгт шүүх хуралдааны явцад үзлэг хийж, тэмдэглэл үйлдсэн, хариуцагч нар нэхэмжлэгчтэй утсаар ярьсан, фэйсбүүкэд зурвас бичсэн, нэхэмжлэгч рүү аяга шидсэн, гар хүрч байсан, Рүөс оф шарон ХХК-ийн үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа гэдгээ хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан.

Иймд зохигчийн тайлбар, CD, компьютер, гар утсанд хадгалагдаж буй гэрэл зураг, зурвас, дууны бичлэг зэргийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.-д заасан нотлох баримт гэж үзэж нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Монгол улсын Үндсэн хуулийн Арван зуравдугаар зүйлд Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ Үүнд эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх, …хүүхэд…..асрах, ….гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй. Гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэнэ. Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална; халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч ....эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч .... хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй гэж заасан.

Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгчийг орон, гэрээс нь хөөх, хүүхэдтэй нь уулзуулахгүй байх, нэр, хүндийг гутаасан мэдээ, мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл буюу фэсэбүүкээр тараах, нэхэмжлэгчийн биед нь халдах, эд хөрөнгөө захиран зарцуулах эрхийг зөрчсөн үйлдэл гаргаж байгаа нь Монгол улсын Үндсэн хуулийн дээрхи заалтыг зөрчиж байна гэж үзэж хариуцагч нарт дээрхи үйлдлээ таслан зогсоож, дахин ийм үйлдэл гаргахгүй байхыг даалгаж шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.

2-рт: Хариуцагч С.Г, Д.А нар нэхэмжлэгч Н.Х-т холбогдуулан зээ охин Х.Нандин-Эрдэнийг асрамжиндаа авахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 26 дугаар зүйлд “хүүхдээ асран хамгаалах”-ыг эцэг эхийн үүрэг гэж тус тус тодорхойлсон байдаг.

Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.-д Хүүхдийг орон сууц, хувцас, хоол ундаар байнга санаатай гачигдуулсан, хөдөлмөрийг нь зүй бусаар ашигласан, гуйлгачлуулсан, орон гэрээсээ дайжуулсан, гадуурхсан хүний эцэг, эх байх эрхийг зургаан сар хүртэл хугацаагаар шүүх хязгаарлаж болно, 30 дугаар зүйлийн 30.1.-д Эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан /хүүхдээ хаях, санаатай төөрүүлэх, тарчлаан зовоох, худалдах, барьцаалах, биеийг нь үнэлэх, шунахай зорилгоор ашиглах, эрх зүйн зөрчилд татан оруулах зэргээр/, хүүхэдтэйгээ удаа дараа хэрцгий харьцсан, бэлгийн харьцаанд оруулахаар завдсан, оруулсан, сэтгэл санааны хүнд дарамтад байлгасан, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг хүний эцэг, эх байх эрхийг шүүх хасаж болно гэж эцэг, эх байх эрхийг хязгаарлах, эцэг, эх байх эрхийг хасах тохиолдлуудыг хуульчилсан.

Эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан хүн уг хүүхдийг биечлэн өсгөн хүмүүжүүлэх, төлөөлөх, хүүхэдтэй холбогдуулан хууль тогтоомжоор олгосон эрхээ алдах, эцэг, эх байх эрхээ хасуулсан хүн уг хүүхдийн эцэг, эхийн хувьд эдлэх эрхээ алдах үр дагавартай байдаг.

Нэхэмжлэгчийн хувьд охин Х.Нандин-Эрдэнийг орон сууц, хувцас, хоол ундаар байнга санаатай гачигдуулсан, хөдөлмөрийг нь зүй бусаар ашигласан, гуйлгачлуулсан, орон гэрээсээ дайжуулсан, гадуурхсан, мөн Эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан /хүүхдээ хаях, санаатай төөрүүлэх, тарчлаан зовоох, худалдах, барьцаалах, биеийг нь үнэлэх, шунахай зорилгоор ашиглах, эрх зүйн зөрчилд татан оруулах зэргээр/, хүүхэдтэйгээ удаа дараа хэрцгий харьцсан, бэлгийн харьцаанд оруулахаар завдсан, оруулсан, сэтгэл санааны хүнд дарамтад байлгасан, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул Х.Нандин-Эрдэнийг эмээ, өвөөгийнх нь буюу хариуцагч С.Г, Д.А нарын асрамжид үлдээж шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэлээ.

Дээрхи үндэслэлүүдээр үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хувиарлав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь : 

1.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зуравдугаар зүйл, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2., Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Х-ын

-нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг аливаа хэлбэр, хэрэгслээр тараахгүй байхыг,

-эцэг байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэжээн, тэтгэх, эрх үүргийг зөрчихгүй байхыг,

-халдашгүй, чөлөөтэй байх эрхийг аливаа хэлбэрээр зөрчихгүй байхыг,

- хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхийг зөрчихгүй байхыг тус тус хариуцагч С.Г, Д.А нарт даалгасугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1., 26 дугаар зүйлд заасныг баримтлан хариуцагч С.Г, Д.А нарын нэхэмжлэгч Н.Х-т холбогдуулан гаргасан Х.Нандин-Эрдэнийг асрамжиндаа авахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70 200 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Х-т олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4.-д заасныг баримтлан хэрэгт баримтаар авагдсан CD-г хэрэгт хавсаргасугай.

5.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Р.ҮҮРИЙНТУЯА