| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2023/0131/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/135 |
| Огноо | 2023-10-31 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнх-Эрдэнэ |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 2023/ШЦТ/135
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул,
Улсын яллагч Ц.*******,
Шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.*******д холбогдох 2323000630124 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1977 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, ******* боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын багийн ******* тоотод оршин суух хаягтай, урьд 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, ******* овогт *******н *******, регистрийн дугаар *******.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.*******эс шүүгдэгч Н.*******ыг хохирогч У.тай үл ялих зүйлээс болж маргалдаж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 20-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Улиастай сумын багийн нутаг дэвсгэрт хохирогч У.тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүр рүү өшиглөх, дэвсэх зэргээр зодож түүний эрүүл мэндэд эрүү ясны их бие, хоёр талын үений сэртэнгийн хугарал, баруун, зүүн нүд, баруун эрүү, өвчүүний хэсэгт цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Хохирогч У.йн “...Тухайн өдөр буюу 2023 оны 04 дүгээр сарын 20- ны өдөр 17-18 цагийн хооронд намайг гэртээ байж байх үед манай төрсөн эгчийн хүүхэд Ж., мөн манай нутгийн дүү Т. нар манайд надтай золгохоор орж ирсэн. Тухайн үед Ж. архи уучихсан байсан. Харин Т. архи уугаагүй байсан. Тэр хоёр манай гэрт ирэх үедээ 0.5 литрийн цэнхэр шилтэй нэг шил архи авчирсан. Тэгээд би тэр хоёрт цай хийж өгөөд сууж байтал гаднаас ахиад , *******, нар гурвуулаа манай гэрт орж ирсэн. Тухайн үед *******, нар архи уучихсан харин архи уугаагүй байсан. Тэгээд гал түлээд хоол хийх үү гэж хэлэхэд яах юм гэж хэлцгээсэн. Тэгээд би надад архи байхгүй байсан учир өөрийнх нь авчирсан нэг шил 0.5 литрийн цэнхэр шилтэй архийг задалсан. Тухайн архийг Т., хоёр уугаагүй. *******, , Ж. бид 4 тухайн архийг хувааж уусан. Ууж дуусаад би “ах нь ганцаараа одоо та нар явчих, ах нь хоол ундаа хийж идмээр байна” гэж хэлсэн. Тэгсэн яг хэн хоёр дэлгүүр явсныг би сайн санахгүй байна. Хоёр нь гараад ахиад нэг шил 0.5 литрийн ерөөл нэртэй архи авчирсан. Тухайн үед цаг 19 цаг өнгөрч байсан байх. Тэгээд тухайн архийг мөн *******, , Ж. бид 4 хувааж уусан. Тухайн архийг ууж дуусаад байж байтал *******, нар хоорондоо маргалдаад байсан. Би та нар одоо гар гэр гэрлүүгээ яв би одоо амармаар байна гэж хэлсэн. Тэгээд тэд нар манай гэрээс гараад явцгаасан. Тэд нарыг манай гэрээс гараад явцгаахад 20 цаг өнгөрч байсан. Би гал түлээд хоол хийх гээд сууж байсан. Тэгсэн 22 цагийн үед ******* нэг шил архи барьчихсан манайд ирсэн. Тэгэхээр нь би уухгүй гэж хэлсэн. Тэгээд ******* сууж байсан. Тэгээд би тухайн архинаас хэд хэдэн удаа уусан. Тэгээд юм ярьж байгаад ******* намайг чи г өмөөрдөг юу юм бэ? би та нарыг бодвол шорон оронд ороод гараад ирсэн хүн гэж хэлээд маргалдсан. Тэгсэн намайг орон дээрээ сууж байх үед миний цээж рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд би хойшоогоо ор руугаа унасан. Тэгсэн чинь ******* миний нүүр, цээж, эрүү мөн нүдний хэсгүүдэд хэд хэдэн удаа дэвсээд миний хоолойг гараараа боосон. Тэгээд би ноцолдож байж нэг юм салсан. Тэгээд би босож ирээд “чи хөгшин хүнийг яаж байгаа юм” гэж хэлсэн чинь “та намайг ёстой уучлаарай ёстой муухай юм болчихлоо” гэж хэлээд манайхаас гараад явчихсан. Тухайн үед ******* намайг цээж хэсэгт нэг удаа өшиглөсөн, нүүр дээр 1 удаа дэвссэн, миний хоолойг гараараа боосон. Өөрөөр ямар нэгэн цохиж зодсон асуудал байхгүй. Тухайн үед би , ******* нарыг маргалдах үед нь 2 удаа *******ыг чи одоо ингэж болохгүй чи залуу хүүхдийг яах гэсэн юм, чи чинь бид нарыг бодвол юм үзсэн хүн намбатай архи уу гэж хэлсэн. Тэрнээс болоод намайг г өмөөрсөн гэж л маргалдсан байх. ...******* бид хоёрын дунд ямар нэгэн өр авлага өш хонзонгийн асуудал байхгүй. ******* бид 2 архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тухайн үед миний 2 нүд хавдсан, баруун талын хацар хөхөрч хавдсан, хоолой хавдсан, цээж хэсгээр зулгарч хөхөрч цээжний гол хэсэгт цөмөрсөн байдалтай хонхойсон хөндүүртэй байгаа. Одоо миний биед илэрч байгаа зовуурь толгой өвдөх, эрүү өвдөх, цээж хэсгээр хөндүүрлэн, ам нээгдэхгүй байгаа зэрэг зовууриуд илэрч байна. Би цааш Улаанбаатар хотод очиж нарийн мэргэжлийн эмчид үзүүлж эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Яг намайг цохиж зодох үед Н.******* бид хоёр л хамт байсан. Тухайн асуудал нь 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 23 цаг өнгөрч байх үед Завхан аймгийн Улиастай сумын баг тоотод байх манай гэрт болсон. Тухайн үед манай гэр гэрэлтэй байсан. Намайг зүгээр байж байх үед аав шигээ хүнийг цохиж зодож заналхийлж биед хүнд гэмтэл учруулсанд их гомдолтой байна. Би дээрх хүнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэмээр байна.” гэх мэдүүлэг /х.х-ийн 12-14-р дугаар хуудас/,
- Гэрч Д.гийн “...Маргааш нь буюу 2023 оны 04 дүгээр сарын 21- ний өдөр ******* над руу өөрийн дугаарын утсаар миний дугаар руу залгаад би ахыг зодчихсон байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /х.х-ийн 16-17-р хуудас/, - Завхан аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч, Цагдаагийн ахмад Т.ын 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 000000147 дугаартай “...1. У.йн биед баруун, зүүн нүд, баруун эрүү, өвчүүний хэсэгт цус хуралт, зүүн талын духны хөндийн гадна ялтас духны хөндий рүү цөмөрсөн хугарал, зүүн нүдний гадна ханын хугарал, зүүн хацар ясны хугарал, эрүүний яс баруун талдаа зөрүүтэй хугарал гэмтлүүд учирсан байна.
2. У.йн биед учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ.
3. У.йн биед учирсан гэмтэл нь 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр үүссэн байх боломжтой.
4. Учирсан гэмтлүүд нь хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.
5. У.йн биед баруун, зүүн нүд, баруун эрүү, өвчүүний хэсэгт цус хуралт, зүүн талын духны хөндийн гадна ялтас духны хөндий рүү цөмөрсөн хугарал, зүүн нүдний гадна ханын хугарал, зүүн хацар ясны хугарал, эрүүний яс баруун талдаа зөрүүтэй хугарал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1- д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /х.х-ийн 20-21-р хуудас/
- У.йн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн баримтууд, амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /х.х-ийн 22-29-р хуудас/
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч, цагдаагийн ахмад Б., шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч О., шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Б. нарын 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 628 дугаартай “...
1. Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.ын 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 000000147 дугаартай дүгнэлтийн 2, 3, 4, 5 дугаар хариулттай санал нэг байна.
2. У.йн биед эрүү ясны их бие, хоёр талын үений сэртэнгийн хугарал, баруун, зүүн нүд, баруун эрүү, өвчүүний хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна.
4. Дээрх эрүү ясны их бие, хоёр талын үений сэртэнгийн хугарал, баруун, зүүн нүд, баруун эрүү, өвчүүний хэсэгт цус хуралт гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. У.йн биед учирсан зүүн талын духны хөндийн гадна ялтас духны хөндий рүү цөмөрсөн хугаралтай, зүүн нүдний гадна ханын хугарал, зүүн хацар ясны хугарал гэмтлүүд хуучин гэмтэл байна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
6. Дээрх эрүү ясны хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Бусад хэсгийн цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэх дүгнэлт /хх-ийн 40-42-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалган тогтоосон, нотлох баримт бүрдүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан, хангаагүй зөрчил илрээгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан байна. Шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээчид өөрсдийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хүний эрүүл мэнд халдашгүй байх талаар Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан бөгөөд уг эрхийг зөрчиж хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.
Шүүгдэгч Н.*******ы дээрх гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.*******ы бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч У.йн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.
Иймд шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. Шүүгдэгч өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй, уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэнд хохирч болохыг мэдсээр байж хүсч үйлдэж хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, архи согтууруулах ундааны зүй бус хэрэглээ, нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
- Хохирлын талаар:
Хохирогч У. мөрдөн байцаалтын шатанд эмчилгээ хийлгэсэн эм тариа болон бусад зардалд нийт 488,700 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн байх бөгөөд шүүгдэгч Н.******* нь шүүхийн шатанд 400,000 төгрөгийн хохирол төлсөн үлдсэн 88,700 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлэв. Иймд шүүгдэгч Н.*******аас 88,7000 төгрөгийг гаргуулж хохирогч У.д олгуулахаар шийдвэрлэлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Н.*******ы үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзлээ.
Хувийн байдал гэдэгт тухайн хүний төлөвшил, зан байдал, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, өөрийн үлдсэн гэмт хэрэгтээ хийж буй дүгнэлт, гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдал, бусад баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Н.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Н.******* урьд нь Завхан аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн албадан ажил хийлгэх ялаар, Завхан аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” болон шийтгэх тогтоолуудын хуулбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 99-106-р хуудас/
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялаас сонгож оногдуулахаар хуульчилсан бөгөөд улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч Н.*******д 8 сарын хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлах ялаар шийтгэх дүгнэлт гаргав.
Шүүгдэгч Н.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон бөгөөд улсын яллагчийн ялын дүгнэлтийн талаар санал зөрөөгүй, дүгнэлттэй холбоотой ямар нэгэн хэлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчид зорчих эрхийг нь хязгаарлах ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Иймд шүүх шүүгдэгч Н.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар Завхан аймгийн Улиастай сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.*******ы хууль бус үйлдлийн улмаас хохирогч У. нь Завхан аймгийн нэгдсэн эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг болон уламжлалт эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлсэн байх бөгөөд эрүүл мэндийн даатгалын сангаас түүний эмчилгээнд 3,321,000 /гурван сая гурван зуун хорин нэгэн мянга/ төгрөг зарцуулсан болох нь баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 95-р хуудас/
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.******* нь дээрх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгчээс гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******н *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ыг Завхан аймгийн Улиастай сумын нутаг дэвсгэрээс 8 сарын хугацаагаар гарахыг хязгаарлаж зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол, шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарласугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Н.*******ы зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч Н.*******аас 88,700 /наян найман мянга долоон зуу/ төгрөг гаргуулж хохирогч У.д олгосугай.
6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Н.*******аас 3,321,000 /гурван сая гурван зуун хорин нэгэн мянга/ төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
7. Шүүгдэгч Н.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Н.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай. 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ